2017 онд ҮЛДЭЭЧИХ юм сан...

2017-12-31 12:11
П.УНДРАА

энтертаймэнт, монгол ахуй, нийгэм

    Улиран одож буй 2017 онд нь үлдээчихмээр байсан ч ҮЛДЭХГҮЙ хэдэн зүйл, хотынхон бидэнд байна аа. 



 

 УТАА

 

     Жил ирэх тусам утааны манан илүүтэй өтгөрсөөр, Толгойт, Баянхошуу, Зурагт, Амгалан, Дэнжийн 1000 хавиар бол өглөө оройдоо  “гэрээ олж” харихад хэцүүхэн болсон. Энд агаарын бохирдлын заалт /агаарын чанарын индекс/ аль хэдийнэ 3000 даваад талийчихсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс харахад, агаарын бохирдлын хэмжүүр 501-ээс дээш болоод ирэнгүүт түгшүүр зарлах ёстой гэнэ. Гэтэл манайд юун 501, одоо 6 дахин нугалаад 3034 болчихсон байхад бид “амьдарсаар”л . 

 

        Үнэндээ нийслэлчүүдийн толгойны өвчин болсон энэ агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд аюул дагуулаад зогсохгүй эдийн засагт ч төвөг болсоор удала. Зөвхөн 2011-2015 онд гэхэд л хорт утаанд 132.5 тэрбум төгрөг “залгиулсан”. Ямар ч үр дүн гарсангүй.  Харин 2016 онд агаарын бохирдолд зарцуулсан хөрөнгө үр дүнгээ өгөхгүй байна гэж үзсэн учир улсын төсвөөс нэг ч төгрөг тусгаагүй бөгөөд 2017 онд таван тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн. Дээрх таван тэрбум төгрөгийн 3.5 тэрбумыг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг  зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаа гэсэн дөрвөн чиглэлд зарцуулахаар тусгасан байдаг. Мөн энэ оны нийслэлийн төсвийн тодотголд  агаарын бохирдлыг бууруулахад 4.6 тэрбум төгрөг нэмж суулгахаар болсон ч байдал ямар байгааг дурдах илүүц болох биз ээ.

 

Утаа ба УТАА...

 

Д.Баяраа: Агаарын бохирдолтой холбоотойгоор ШҮЛСНИЙ НАЙРЛАГА өөрчлөгдсөн

 

ТОМУУ

 

       Томуу нь вирүсээр үүсгэгддэг хүнд халдвар бөгөөд түүнд эрэгтэй, эмэгтэй, бүх насны хүүхдүүд болон үндэстнүүд өртөнө. Томуу үхлийг дагуулдаг, ялангуяа бага насны хүүхэд, ахмад настнуудын нас баралт өндөр байдаг. Жил бүр хүйтний улиралд томуугийн тахалт тархалт тохиолддог бөгөөд дэлхийн бөмбөрцөгийн хүн амын 15% хүртэл өртдөг байна.Томуутай ойролцоо шинж тэмдгээр илэрдэг олон олон төрлийн бусад вирүсээр үүсэх халдвар мөн байх тул тэдгээрийг томуу-төст өвчин (ТТӨ), эсвэл амьсгалын замын цочмог халдвар (АЗЦХ) гэдэг. Томуу, томуу-төст өвчин нь үечлэн давтагдаж, бид ойролцоогоор амьдралынхаа нэг бүтэн жилийг энэ өвчнөөр өвчилж өнгөрөөдөг гэж судлаачид тооцоолсон байдаг.

         Өнөө жилийн хувьд яг өдийд томуугийн дэгдэлт “хүчээ” аваад байгаа юм. Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагуудаас урьдчилан сэргийлэлт болоод эмчилгээний зөвлөмжийг мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан өгсөөр байна.

 

Л.Бямбасүрэн: Энэ жил 5-6 төрлийн томуугийн вирус давхар эргэлттэйгээр өвчлүүлж байна

 

Ө. Батжаргал: Ханиад томууны үед НЭГ ХҮҮХДЭД багадаа 35 мянган төгрөгийн эмчилгээ хэрэгтэй болдог

 

 ЗАМЫН түгжрэл

 

       Түгжрэл гэж юу вэ. Үүнийг мэргэжлийн хэллэгээр авто замын түгжрэл буюу замын хөдөлгөөний саатал гэж нэрлэдэг байна. Тодорхойлолт нь “автомашины хөдөлгөөний хурд нь дундаж хэмжээнээс эрс багассаны улмаас замын тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсэхийг хэлдэг ба тухайн зорчих хэсгийн нэвтрүүлэн өнгөрөх чадвар 20 дахин болон түүнээс дээш хувиар  буурсан тохиолдлыг хэлдэг” байна.

 

       Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан бөгөөд хотын хүн амын даац дээд тал нь 400,000 –500,000 байхаар тооцоолсон байдаг. Гэтэл дэлхийн 415 дахь том хот гэгдэн Улаанбаатар хот  олон улсын жагсаалтад аль хэдийн оржээ. Замын цагдаагийн газраас гаргасан тоо баримтаар 2016 оны байдлаар  нийслэлийн хэмжээнд 458 262 автомашин байгаа юм.

 

      Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр 1000 хүнд ноогдох автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсэх, 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг юм байна.

 

       Ер нь авто замын түгжрэлийн асуудал ярьж байгаа дэлхийн томоохон хотуудын хувьд 1000 хүнд ногдох суудлын автомашин нь 120-оос дээш байгаа бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд энэ үзүүлэлт 239 байгаа аж.

 

      Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулж, автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж, 2013-2014 оны хичээлийн жилд 7 дүүргийн 45 сургуулийн 122 автобусаар 4880 сурагчийг тээвэрлэж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд шинээр 80.16 км авто зам барьж, 144.74 км зам өргөтгөн шинэчилж, 89 гудамж замд 61180 метр квадрат нөхөөс хийж, орон сууцны хороолол доторх 9 байршилд байгалийн чулуун хучилттай 1.84 км авто замыг барилаа. Гэвч бид замын түгжрэлд өдөр бүр хамгийн багадаа хоёр цагийг зарцуулсаар л.

 

 

УСАНД АВТДАГ УЛААНБААТАР

 

     Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд нийтдээ 73 километр орчим замд ус зайлуулах шугам, сүлжээг ашигладаг. Өөрөөр хэлбэл таван дүүргийн хэмжээнд гадаргуугийн ус зайлуулах, далд инженерийн шугам сүлжээ байдаг юм. Гэвч зундаа  бороо орлоо л бол хотын гудамж талбайд ус ихээр  хуримтлагдаж бухимдал үүсгэхийг яана.

 

ХҮЧИРХИЙЛЭЛ

 

       Энийг ч бас ард үлдмээр байна.  Аливаа нэг субьект өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх аргыг хэрэглэхийг хүчирхийлэл гэж байгаа юм.

 

       Энд зарим нэгэн тоо баримт дурьдахад, монгол эмэгтэйчүүдийн 86 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл буюу эр нөхрийнхөө дарамт шахалтыг бусдаас нуудаг. Харин үлдсэн 14 хувь нь энэ тухайгаа найз нөхөд, ойр дотны хэн нэгэндээ ярьдаг байна.

 

      Статистикийн баримтаар эмэгтэйчүүдийн 17 хувь, эрэгтэйчүүдийн 12 хувь нь хүүхэд байхдаа өөрийн насны хүүхэд юм уу, эсвэл томчуудтай бэлгийн хавьталд орсон байдаг байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь цөөнгүй тохиолддог бөгөөд ихэвчлэн охид өртдөг. Гэтэл ийм хэргийн ихэнх нь мэдэгдэхгүй өнгөрдөг. Нэгэн судалгаагаар хохирогчдын 22 орчим хувь нь хүчинд автсанаа мэдээллэж, бусад нь нуун дарагдуулдаг байна. Хүүхдийг хүчирхийлсэн хүмүүсийн 94 хувь нь эрэгтэйчүүд байдаг гээд олон тоо баримтыг дурдаж болно.

 

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-1

 

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-2

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.