Он дамнан үзэгчдийг уруу татсан "СОЛИОТ ЭХ" нээлтээ хийлээ

2018-01-07 17:33

КОРПОРАЙТ тийш “уруу татагдахын” учир

     

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нөөс хойш:
 
1.    “Х Түц”-ийн тайзны болоод дэлгэцийн бүтээл төрөх бүрт шүүмжлэгчид олширдог гэж байгаа. Тухайлбал, “...Хятадын зохиолч Ван Хэн Жигийн “Ижил нэрт” өгүүллэгээс сэдэвлэн “Х Түц” продакшны бүтээсэн “Солиот эх” уран сайхны кино бол урлагт шинэ өнгө утга нэмсэн дэлгэцийн сайн бүтээл болжээ..."  Ийм пост, нийтлэл, бас шүүмж олонтаа хөвөрч байна.


2.     Уран бүтээлчид ингэж өгүүлэв. Тухайлбал, жүжигчин Г.Нарансолонго: “Одноо эгч маань энэ цаг үеийн number нэг жүжигчин юм аа. "Солиот эх" агуу бүтээл болжээ. “Х ТҮЦ” супер баяр хүргэе”.  Жүжигчин Г.Ундармаа: “Зохиол бол алдартай. Үүн дээр “Х-ТҮЦ” ажилласан гэхээр эргэлзэхгүй сайн кино болсон байж таараа. Дээр нь Монголын эмэгтэй жүжигчдийн бахархал болсон Одноо эгч өөрөө гол дүрд тоглосон гэхээр сэтгэл хангалуун байна. Одоо орж үзнэ дээ..” . Мэдээж  үүн дээр тэдэнд хаягласан цахим хуудсаар дамжуулан баяр хүргэсэн постууд урт үргэлжилнэ.


3.    Үзэгчид: “Зөндөө уйлсаар гарч ирлээ. Одноо үнэхээр мундаг юм аа. Үзэх бүсгүйчүүд маке-ап-гүй очсон нь дээр шүү. Бас нулимс арчих салфетка, алчуураа  базаагаарай” гэж өөр хоорондоо зөвлөнө.


4.    Киноны трейлер: “Солиот эх”-ийн хүү Бороо охины хамт төрж өссөн нутагтаа ирж үхэр тэргээр багадаа тоглодог байсан ГАНЦ модон дээр очно.... Зураглалын араас Зэрэмийн эх “Хаа очиж царай зүс нь гайгүй юм. Энэ хүүхнийг бие давхар болгочихсон байхад чи бид хоёртой хэн ч заргалдахгүй”....

 

 

Энэ бүхний эцэст үйл явдлыг гадарлаж байсан ч үзэгчийн сониуч зандаа хөтлөгдсөн. Очоод үзсэн, тэгээд уйлсан, ээжийгээ илүү ихээр хайрлахсан гэж бодсон, хайрлах цаг байгаад БАЯРЛАСАН.  

 

 

   Бусдын мэдэхгүй байж мэдэх тайлбар: “Х ТҮЦ” гэдэг нь инээдмээр түргэн үйлчлэх цэг гэсэн утгатай бол Х нь мандаж  ч мэднэ, сөнөж ч мэднэ. Бас алж ч мэднэ, аварч ч мэднэ гэдгийг илэрхийлдэг гэнэ. Энэ тухай хамтлагийг үүсгэн байгуулагч, МУ-ын УГЗ найруулагч  Ч.Найдандорж тайлбарласан удаатай юм.

 


ЭХЛЭЛ


НЭГДҮГЭЭР САРЫН 05 буюу БААСАН гарагийн 18:30 минут. КОРПОРАЙТ зочид буудалд “Солиот эх” киноны нээлт болоход нэгэнт бэлэн болжээ. Урсдаг шатаар дээш өгсөн гарвал Солиот эх, Зэрэм хоёрын зураг бүхий томоос том постер. Түүний өмнө зургаа авахуулах хүмүүс. Цаахна талд нь ганц нэг вино шимэнгээ хөгжим сонсож, он гарсаар тааралдаагүй нөхдүүд шинэ оны мэнд мэдэлцэнэ.

 

 

 

 

       Яг биднийг ороход бэлдэж зассан тайзыг жүжигчин Т.Бархүү эзэгнэжээ. Тэрээр хэзээний танил нэгэн дууг дуулсны дараа “Яг түүн шиг шоу”-нд ялалт авчирсан “Никитон”-ы Бачкагийн “Чи минийх” дууг  дууллаа.

 


... Чи хэнийх ч бай
Чиний зүрх хаашаа ч бай
Ямар ч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй ОДНОО минийх
Ямар ч үнээр хамаагүй ээ  өө өө
 Чи минийх чи – ии- ии  минийх ...

 

    Харин хажуугийн дэлгэц дээр кино бүтсэн түүх явах бөгөөд Т.Бархүү: “Миний сэтгэл их хэцүү байна. Яагаад гэхээр тэнд миний эхнэр чонотой зургаа авахуулж байна. Тийм учраас би бэлэн байдалд байхгүй бол болохгүй”,

СТА жүжигчин Б.Түвшинжаргал: “Кинондоо тоглож байхдаа нулимс цийлэгнэх үе зөндөө байсан”,

И.Одончимэг: “Энэ кинонд тоглож байхдаа дандаа л ээжийгээ бодож байлаа” хэмээн ярих үгс үе үехэн чихэнд сонстоно. Харин энэ үдшийн ГОЛ ДҮР Одноо ярилцлага өгөх, үзэгчидтэйгээ зургаа татуулах гээд тун ч завгүй байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

 

И.ОДОНЧИМЭГ: “Аянгын бороо”, “Сэрүүн асар”-ын дараа маш олон шүүмжлэгчид гарч ирсэн

 

Гэхдээ сахилгагүй бодол бий. Дахиад өөрөөр монтажлаад, ямар ч үггүй, хөгжимгүйгээр “амилуулна”.

 

ESA: Ямар сайхан харагдаж байна вэ?


       -Баярлалаа. Энэ үдшийн хувцаслалтын нөхөр маань сонгосон юм. Тэрнээс би чинь их энгийн хүн шүү дээ. Ямар сайндаа л Д.Онон “Одноо чи хэтэрхий энгийн шүү. Өнөөдөр тэгээд ороод ирэв” гэж урьдчилан анхааруулж байхав. Гэхдээ энгийн л даашинз байгаа биз дээ. \инээв\

 


ESA: “Солиот эх” гарсан дэлгэцэнд гарсан цагаасаа  магтаалын үгсийг дагуулж байна. Та бялуурч байна уу? Эсвэл айж байна уу?


      -Аливаа юм хоёр талтай шүү дээ. Бид их сургуульд гурав, дөрвөн жил номын дуу сонсож, гайхалтай багш нарын гараар “чанагдаж” урлагийн тогоонд орсон улс. Миний хамгийн хайртай багш нарын нэг АЖ Цэрэндагва: “Магтаал зэмлэл хоёрыг даах чадвартай бай” гэж сургасан. Энэ бол миний байнга бодож явдаг үгнүүдийн нэг байгаа юм. Уран бүтээлч хүн магтаалд хянамгай, шүүмжлэлд анхааралтай хандах ёстой.

 

        Дорнын ард түмэн бол эцэг эхийн элбэрэл, үр хүүхдийн шүтэлцээтэй ард түмэн. Тэр  утгаараа хүмүүст илүүтэй хүрч байгаа юм болов уу.  Мэдээж айдас байлгүй яахав. Олон шүүмж явж байна. Гэхдээ урлагийг шүүмжилж буй хүмүүс өөрөө маш их мэдлэгтэй. Бас маш их мэдрэмжтэй байх ёстой юм. Тэрнээс өөрөө мэдрэмжгүй, мэдлэггүй байж хүн шүүмжилнэ гэдэг ямар аймаар хэрэг байх уу. Хүний маш олон сарын хүч хөдөлмөрийг нулимах шиг амархан юм байхгүй. Гэхдээ би өдий жил урлагийн тогоонд чанагдсаных шүүмжлэлийг үнэрлэж мэдрэхтэйгээ болсон хүн. Үнэхээр зөв бол хүлээн зөвшөөрнө. Энэ чинь л шүүмжлэлд анхааралтай бай гэсэн үг юм. Үнэндээ гоо зүйн ямар ч мэдрэмж хөгжөөгүй хүн тэнэгээр шүүмжилдэг. Тухайлбал, “Аянгын бороо”, “Сэрүүн асар”-ын дараа маш олон шүүмжлэгчид гарсан. Энийг би “Х ТҮЦ” амьд байгаа юм байна. “Х ТҮЦ” бол хөдөлмөрлөж байгаа юм байна. “Х ТҮЦ” урлагт хайртай байгаа юм байна гэдгийн тод жишээ гэж харж байгаа.

 

     Энэ удаад ч “Солиот эх”-ийг дагаж олон юм гарч ирнэ. Түүнийг мэдэж байна. Зарим киночид бид алчихлаа гээд ярьдаг даа. Мэдээж хүн өөрийгөө магтах үедээ магтах ёстой. Энэ чинь бас мэдрэмж. Бас өөртөө хяналттай ярих хэрэгтэй. Гэхдээ цаг хугацаа гэж айхтар шалгуур бий. Хэдэн жилийн дараа бидний том, том яриад байгаа бүтээл байхгүй болчихсон байхыг үгүйсгэхгүй. Хэд нь “амьд” байгаад үеийн үед үзэгч түмэндээ үнэтэй хэвээр оршихыг одоо хэлж мэдэхгүй.


      Анх би зохиолоо уншаад артхаус  чиглэлээр хийхсэн гэж бодсон. Тэгсэн бол зэвүүн гэдэг дээ. Тийм кино болох байлаа. Гэхдээ олон хүнтэй санал солилцоод өнөөдрийн сонголтыг хийсэн. Магадгүй зарим хүмүүст янз бүрийн изм-ууд, эсвэл арт урсгалаар хийх байсан мэт санагдах байх. Гэхдээ миний хувьд тэр чиглэлээр хийхэд хайран санагдсан учраас зориуд маш энгийн,  маш тодорхой, ази хүний сэтгэлд ойр буухаар хийсэн. Гэхдээ сахилгагүй бодол бий. Дахиад өөрөөр монтажлаад, ямар ч үггүй, хөгжимгүйгээр “амилуулна”.

 


ESA: Та өмнө “Солиотой эх”-ийг “таньдаг” байв уу?


      -Энэ кино бол солиотой эхийн тухай. Гэхдээ солиотой гэдэг бол галзуу гэсэн үг биш. Би олон  солиотой хүнийг мэднэ. Тэд бүгд эх хүмүүс байлаа. Хүүхэд насны дурсамжид хамгийн тод үлдсэн нь манай Чингэлтэйн гудамжны нэг эгч байна. Орой болгон үнээгээ сааж, гэр орны ажлаа базаана. Тэгээд тухайн үед хүүхэд байсан бидэнтэй тоглож, бас чихэр хувааж иднэ. Бас гудамжны хүүхдүүдэд хөөгдөөд уйлна. Заримдаа яг л эрүүл хүн шиг харж, эрүүл хүн шиг уйлж, бас зовж шанална бас гомдоно. Хүүхдүүд чулуугаар нүүлгээд хөөхөд ямар их гомдсоноо ярихад нь бид “Ухаан орчихлоо” гэж баярлахтай зэрэгцээд жигтэй инээхэд нь “Биш байна” гэж ойлгоод  урам хугардаг байлаа. Хүмүүс солиотой гэхээр нүд ам нь эрээлжлээд аймаар байх юм шиг төсөөлдөг. Үгүй л дээ. Энэ бол том төөрөгдөл. Заримдаа өвчин нь хөдөлдөг ч заримдаа яг л эрүүл хүн шиг байдаг юм.


        Энэ амьдрал чинь энгийн шүү дээ. Бид дэргэдээ байгаа үнэ цэнэтэй зүйлээ мэдэрдэггүй. Тэгээд бүх юм ард хоцроход амаа барина гэдэг аймшигтай.

 


ESA: Бяцхан Сүүний охин ээжийнхээ шинэ дүрд ямар дүн өгч байна вэ?


           -Намайг хар мантажаа үзэж суухад хажуунаас үзсэн юм. Тэгээд аймшигтайгаар уйлсан. Бүүр  Бараа цээжиндээ тэврээд  “Энэ чинь зүгээр л кино “ гэж тайтгаруулсан ч уйлсаар л байсан. Одоо ч бид хоёр “Кино шүү” гэж хэлээд оруулж байна.

 

 


ESA: Өөрөө ерөнхий найруулагчаар нь  ажиллаад, гол дүрд нь тоглоно гэдэг хэцүү юу?


      - Энэ маш хэцүү. Гэхдээ би ч “Х ТҮЦ”-ийнхээ юмыг найруулаад, өөрөө туслах дүрд нь тоглоод л явчихдаг юм. “Танхайн тээгч”-ийн хувьд өөрөө найруулаад, өөрөө тоглосон. Уг нь өөр жүжигчин хайгаагүй биш хайсан ч  бас л киноны уран бүтээлчдийн шаардлагаар өөрөө тоглосон.  Их характерный дүр учраас киногоо алахгүйн тулд заримдаа өөрөө ханцуй шамлаад л ордог.  “Солиот эх”-ийн хувьд тоглохгүй гэж бодсон ч Онон “Хэрвээ чи тоглохгүй бол энэ киног хийхгүй” гэж тулгасан. Одоо ингээд бодсон тоглосондоо харамсах юм алга аа. Уран бүтээлч хүн сэтгэл дотроо байнга л ачаа тээж явдаг улс. Сэтгэлийн мухарт ээждээ зориулж кино хийхсэн гэж бодоод л явдаг юм. Магадгүй  энэ бодлоос маань хөнгөллөө. Гэхдээ хэзээ төрөхийг нь мэдэхгүй ч дахиад ээжийн тухай кино хийнэ ээ.

 


ESA: Ван Хэн Жид энэ зохиолоор кино хийх хүсэлт олон ирсэн гэдэг байх аа? Нууц биш бол ямар үнээр зохиолыг нь авсан бэ?  


       -Энэ хүнтэй холбогдоно гэдэг үнэхээр амаргүй байлаа. Н.Онон тулдаа л энэ ажлын ард гарсан. Ер нь Н.Онон байгаагүй бол киногоо хийхгүй байсан байх аа. Би чинь айхтар хөөцөлдөлгөөтэй мундаг хүн биш. Оногдсон ажлаа  л хийгээд явдаг.


        Зохиолч Ван Хэн Жи нь Хятадын нэг хотод амьдардаг багш хүн юм билээ. Бүх Хятадын уралдаанаас Гран-при авсан энэ зохиолоор нь Хятад төдийгүй олон орны уран бүтээлчид кино хийх хүсэлтээ тавьж байсан гэдэг. Бидний хувьд чамгүй олон сая төгрөгөөр худалдаж авсан. Мэдээж анхандаа тэнгэрт хадсан үнэ хэлсэн ч тохиролцож чадсан. Өнөөдрийн нөхцөлд Монголд ийм хэмжээний ханшаар кино зохиол худалдаж авсан уран бүтээлчид байхгүй л болов уу. Гэхдээ энд үнийн дүн нь чухал биш юм.

 

ESA: Киногоо үзэгчидтэй хамт суугаад үзэх гэж байна. Догдолж байна уу?


       -Энэ хамгийн хэцүү үе. Нуруу руу юм гүйгээд л явчихдаг юм. Ер нь киногоо маш зовж байж дуусгадаг. Гэхдээ бидний үүрэг учраас бултах аргагүй юм даа.

 

 

ESA: Маргааш та юу хийх үү. Амрах уу?


       - Яалаа гэж. Ажилласаар л байна. Бид ирэх гуравдугаар сард “Алтан өндөг” инээдмийн киноны нээлтээ хийнэ. Уг нь гурван жилийн өмнө техникийн шинэ  дэвшлийг харуулах санаатай Өвөрмонголд  зураг авалтаа хийж байлаа. Энд бас Өвөрмонголын жүжигчид тоглосон. Бээжингийн Цэгэн кино үйлдвэрийн дууны операторууд, гэрэлтүүлгийг ашигласан. Ер нь их өндөр өртгөөр бүтсэн кино. Мэргэжлийн түвшинд олон улсын хэмжээнд дуугаралт, гэрлийг ашигласан юм. Даанч "Солиот эх"-ийн дараа гаргахаар цаг хугацаа таарчихлаа.

 

 

Х-ТҮЦ продакшны захирал Н.ОНОН: Ямар ч тэнэг юм бэ.  Бодсон чинь айчихлаа

 

 

ESA: Баяр хүргэе. Сэтгэл өндөр байна уу?


       -Тэгэлгүй яах вэ, сэтгэл маш их догдолж байна. Өнөөдөр энд бидний хамгийн ойр дотны хүмүүс ирсэн. Зовж хийсэн бүтээл маань хүнд хүрэхийн цагт бид баярладаг. Үзэгчид таашаана гэдэг бол том шагнал. Тэднээс ирж байгаа баяр хүргэсэн урмын үгс маргааш яаж илүүг хийх вэ гэсэн урам зоригийг өгч байна. Үүнийгээ давсан бүтээл хийхсэн гээд толгойгоо гашилгаад эхэлсээн. Одоогоор ганц нэг юм орж гараад л явна.  /инээв/

 


ESA: Хятад зохиолчийг олж уулзана гэдэг амаргүй байсан болов уу?


        - Тэр тийм шүү. Өөрөө хэл усгүй ч хэлэх үү. Бүтэн зургаан сар хөөцөлдсөн. Энэ хугацаанд юу эсийг үзэх вэ. Хятадын ЭСЯ, Гадаад хэргийн яам руу хандаж үзлээ. Энэ дипломат ёс, төрийн ёс гэдэг ямар нарийн зүйл болохыг илүү ойлголоо. Ямартаа ч "Явсан нохой яс зууна" гэдэгчлэн явсны эцэст зохиолчоо олж, гэрээгээ үзэглэж амжсан л юм даа.

 


ESA:Хятад зохиолыг Монголын хөрсөнд буулгах хэцүү юу?  


       - Амархан юм шиг хэрнээ логик талаас нь бодоод үзэхээр их өөр байлаа. Бид зохиол дээрээ гурван сар суусан. Зохиогчийн эрхээ аваагүй байж л киногоо эхлүүлсэн улс даа. “Яана аа эрхийг авч чадахгүй бол дэмий цаг үрсэн болно доо” гэж ярьсан хэрнээ цээжинд нэг мэдрэмж төрөөд байна гээд л хийгээд байсан. Ингээд зохиолоо бичиж дуусаад эрхээ авсан. Бүүр зураг авалтандаа бэлдээд, уран бүтээлчидтэйгээ гэрээгээ хийгээд эхэлчихсэн байсан гээд бод доо. Одоо эргээд бодсон ямар  зориг вэ. Ямар ч тэнэг юм бэ. Бодсон чинь айчихлаа.


        Зохиол дээрээ сууж байхдаа уйлж, орилж босож ирж, заримдаа хоорондоо муудалцана. Кинон дээр гарах үйл явдлыг биеэрээ үзүүлээд, бас маргана. Болохгүй бол тэр өдөртөө хаяад, маргааш нь үргэлжлүүлнэ. Уран бүтээлчийн амьдрал ярихад амархан юм шиг хэрнээ хөшигний ард ямар ширүүн үйл явдал өрнөдөг гэж санана.

 


ESA: Зохиолч нь киногоо үзэх үү?


        -Гэрээ ёсоор кино гараад дууссаны дараа нэг хувийг нь албан ёсоор хүлээлгэн өгнө.

 

 

СТА, жүжигчин Т. БАРХҮҮ: Зураг авалтын үеэр миний хань арай л хатуу мэргэжил эзэмшиж дээ гэж бодоод эмзэглэсэн

 

 


ESA:  Та хэд дэх дэлгэцийн бүтээлдээ тоглож байна вэ?


         - Дэлгэцийн бүтээл гэсэн, тийм ээ. За тоолъё. “Надтай гэрлээч”, “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Худалч залуу”, “Танхай тээгч”, “Гэрлэн дохио”, “Шуугиан таригч”, “Дэлхийд дурласан сар”, “Солиот эх” гээд ес болж байгаа юм байна. Би чинь их азтай хүн. “Х ТҮЦ”-ийнхэнтэйгээ ажил амьдралаа холбосноор тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлд ажиллалаа. Бас сайхан ханьтайгаа учирлаа.

 


ESA:  Хайртай хүний биш жүжигчний хувиар “Солиот эх” Одноод ямар дүн тавьж байгаа вэ?  

 

        -Эхнэрээ магтсан  хэрэг болох байх даа. Гэхдээ жүжигчний хувиар гэж байгаа шүү дээ. “Солиот эх”-ийг Одноогоос өөр хүнээр төсөөлөхгүй байна. Кино зураг авалтын үеэр миний хань арай л хатуу мэргэжил эзэмшсэн  юм даа гэж өөрийн эрхгүй бодож эмзэглэсэн, бас илүү ихээр хайрласан.


ESA:  Таны дүрийн тухай асуумаар байвч ингээд орхиё. Дэлгэцнээс харахаар шийдлээ.

 

 

ОРГИЛ ҮЕ

 

Цаг 19:30. Заалан дахь үзэгчдийг “Кинондоо орох”-ыг урьж байна. Хүсэн хүлээсэн мөч энэ байсан учраас урьтан орж суудлаа эзэллээ. Хажуу талд “Эмоци”-ийн Төөтөө, ард Нарансолонго,Тэмка, жүжигчин Батаа эхнэрийн хамт суужээ.

 

         ...Алдарт Хоргын тогоо, эртний галт уулын лаваас тогтсон хүрмэн чулууд, Тэрхийн цагаан нуурын сав, Чулуутын хавцалд 47 хоногийн зураг авалтыг  хийсэн бол кинонд нийт 200 гаруй уран бүтээлч оролцжээ. 

 

Продюссер Н.Онон: “Архангайн Тариатад очоод зургаа эхлэхдээ л “Х-ТҮЦ”-ийн 22 жилийн түүхэнд ахин нэг амжилтыг авчирна гэж хамт олондоо хэлсэн” хэмээсэн бол Зэрэмийн ээжид тоглосон МУГЖ Цэрэндарьзав: ”Энэ сайхан залуучуудтайгаа хамтарч, эднийхээ хормойноос зүүгдэж нэг уран бүтээлийн ард гарлаа. Миний энэ дүр үзэгчдийн жихүүцэл, зэвүүцлийг төрүүлж мэднэ. Бас зарим нь өрөвдөж  ч мэдэх юм. Үнэндээ тэтгэвэртээ гараад уран бүтээлээсээ нэлээд холдсон болохоор хэцүү үе гарч байлаа. Гэхдээ хичээгээд, өөрийнхөө чадлын хэрээр дүрээ “босголоо”. Үзэгчид яаж хүлээж авахыг мэдэхгүй ч эдэнтэйгээ нэгэн тайзан дээр зогсож байгаадаа баяртай байна. БАЯРЛАЛАА” гэлээ.

 

 

Харин киноны найруулагч Ч. Ганзориг: “Эхэлсэн нэг өдөр байхад дуусдаг нэг өдөр байдаг. Жил шахуу үргэлжилсэн киноны ажил өнөөдөр дуусч, гайхалтай жүжигчин, найруулагч И.Одончимэг маань хийсэн ажлаа тайлагнаж байна. “Х –ТҮЦ” гэдэг энэ том айл уран бүтээлийн сан арвинтай улс. Би азаар энэ хамтлагтай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж байгаа азтай хүн. Энэ удаад ч хамтран ажиллах боломж олгосонд баяртай байна”  гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

       Энэ маягаар албаны үгс хөврөх бол, зрительд суугаа үзэгчид “Солиот эх”-эд хэдийнэ ховсдуулсан бололтой. Нэг л нам гүмхэн агаад томоотой байх аж. Үүнийг анзаарсан Бараа “Яагаад ийм унжгар байна. Би анх удаа шагай ил гарсан хослол өмссөн болохоор бие бариастай байна. Харин та нар яагаа вэ. Онон ах аа!  Шинэ хослолынхоо оноогоо задлаагүй байна шүү” гэвэл Н.Онон “Би костюм өмсөж сураагүй хүн. Тарган хүний зовлон болохоор чөлөөт хувцас л сонгодог юм. Ерөөсөө миний амьдрал тэр чигээрээ үзэгчдийн өмнө ил байдаг хойно ямар хамаа байх вэ. Үнэнийг хэлэхэд таван жилийн өмнө авсан хослолоо өнөөдөр өмсөх гэсэн багадчихаж. Яг робот шиг яваад байхаар нь шинийг авсан юм. Тэгсэн манайхан шинэ уран бүтээл төрөхөөр баяр хүргэдэг шиг костюм авсанд баяр хүргэж байна” хэмээн хошигноод костюмийн оноогоо задаллаа. Энэ хошигнолыг эс тооцвол нээрээ л нам гүм хэдийнэ нөмөрсөн байлаа.

 

 

 

“СОЛИОТ ЭХ”


          ....Хүрээ суурингийн худалдаачид, хөдөөний ядуу өрхийн навсархай оромж, тарвага туулайхнаар бор хоног залгуулах ядуу тарчиг амьдрал…кино эхлэхэд  л харагдана. 

 

      Үйл явдал өрнөсөөр “Солиот эх” хүүгээ тэврэн нялх үрээ авч зугтан зах хязгааргүй хүрмэн чулуун дундуур хөл нүцгэн туучна. Үүний өмнө борооноос хоргодон хадан хоног төөрүүлэхээр ирэхэд өлсгөлөн чоно айсуй. Хөөрхий эх чонын өөдөөс тэмцэх хийгээд өнөөх нь олонтаа ээрч хоргоолгүй буцах нь түүнийг өрөвдсөн мэт.  Дараа нь аргагүйн эрхэнд хүүгээ аавд нь “алдах” ч цусандаа хатсан үсээ сэгсийлгэн, нүцгэн хөлөө чирсээр Зэрэмийн гэрт ирэхэд хэдийнэ нутаг сэлгэн нүүжээ. Хоосон буурин дээр  цурхиран уйлах “Солиот эх”-ийг камер томоор харуулах ч яваандаа эргэлдэн эргэлдсээр тэртээ доор үлдээж орхилоо. Яг тэр агшинд хүн бүр энэ хорвоод хувь тавилангаа үүрч ирдэг, тэгээд бас үүрээд буцдагийг өөрийн эрхгүй нэхэн саналаа.

   

   Бас түүний хүү Бороогийн очдог МОД. Талд ганцаар дүнхийх энэ аварга том мод он жил өнгөрсөөр  байх ч ТҮҮХ-ийн гэрч болон оршсоор....


Киноны үйл явдлын нэг бүрчлэн тоочиж болох ч БҮДҮҮЛЭГ хэрэг учраас ингээд орхилоо.

 


КИНО ТӨГСӨВ


      Киноны төгсгөл ойртоход Н.Онон, Т.Бархүү нар хэдийнэ суудлаасаа босчихсон танхимд хана налан зогсоно. Бодвол тэвчээрийн тулах цэг нурсан бололтой дог. Кино дуусч, гэрэл асахад үзэгчид алга нижигнүүлэн ташиж, суудлаасаа босож хүндэтгэл үзүүллээ. Энэ удаад гол дүрийн жүжигчид тайзнаа гарч мэхийн ёсоллоо. Хэзэээний л уяхан Одноо хоолой зангируулан “Энэ бол маш энгийн кино. Бид янз бүрээр бодсоны эцэст энгийн маш ойлгомжтой киног  хийе гэж бодсон юм. Магадгүй урлагаар гүнзгийрсэн ч юм уу, философилог хүмүүст хэтэрхий энгийн санагдаж мэднэ.  

 

 

    Тийм ээ,  амьдрал үргэлжилсээр байна. Бид мэддэг хэрнээ мэддэггүй ч юм шиг, их энгийн ойлгомжтой хэрнээ санадаггүй ч  юм шиг ийм нэгэн хайрыг энд өгүүлсэн юм. Эцэст нь бүгдээрээ амаа барьж харамсахгүйн төлөө яг дэргэдээ байгаа ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАЙРЛААРАЙ гэж хүслээ.

       

       Бүтээл хэдэн наслахыг бүү мэд. Ямар ч  байсан энэ гайхалтай сэдэв бол уран бүтээлч хүн бүрийн сэтгэл зүрхэнд байдаг байх аа. Цаашдаа ч “Х-ТҮЦ” продакшныхан кино хийнэ. Урлагийн тэнгэр дандаа бид бүхнийг ивээж байх болтугай. Та бүхэн  минь дандаа биднийг тойрон хүрээлж хамтдаа өнө удаан амьдраасай. Кинонд маань сэтгэл зүрхээ өгч хамтран ажилласан уран бүтээлчид, арын албаныхандаа баярлалаа. Бидний уран бүтээлийг шимтэн үзэж, сэтгэл зүрхээрээ  дэмждэг мянга мянган үзэгчдэдээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Харин ард нь  "Увертюра" хамтлаг, МУАЖ Ш.Чимэдцэеэ нарын хамтран дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” эгшиглэсээр

 

.... Тээж төрүүлсэн ачийг нь ээ
Тэтгэж хариулах завгүй яв аа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө өршөө
 Дуулимд ганцхан ээжий минь
Дуучин хүүгээ өршөө
Тэнгэр ээж минь өршөөгөөрэй...
Үзэгчид цувран танхимаас гарав. Мэдээж бүгд ХАЙРТАЙ хүмүүсийнхээ зүг яарсан биз ээ.

 

 

"СОНИУЧ ҮЗЭГЧ"-ИЙН ҮГ


     Одноо гавьяатын хэлсэнчлэн “Урлагийг шүүмжилж буй хүмүүс өөрөө маш их мэдлэгтэй бас мэдрэмжтэй байх ёстой” гэснийг нэхэн саналаа. Би жирийн л үзэгч учраас дүгнэлт бичиж, шүүмж хэлэхгүй. Зүгээр  л энэ удаад Одноог “би таниагүй”. Тэр тэс өөр байсан. Кино таалагдсан.

 


     Гэртээ харих хүртэл “Тэнгэр ээж минь өршөө” зүрхэнд эгшиглэсээр байсан агаад тэр шөнө би жил уулзаагүй эмээтэйгээ /бурхан болсон/ уулзсан юм.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /103.10.22.46/

2018-01-12 12:31

ингэж бичихгүй ээ хэ хэ

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.