Монголоос анхны эмэгтэй найруулагч Холливудад очиж шагналаа авна

2018-01-08 11:55

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Холливудын Олон улсын баримтат кино наадамд Шилдэг оюутны бүтээлээр шалгарч түрүүлжээ. Мөн  "Шилдэг эмэгтэй кино найруулагч" төрөлд хагас шигшээ шатанд, мөн Канадын “AltFF Alternative Film Festival” кино наадмын сүүлийн шатанд шалгарсан байна.



 


       “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кинонд нүүдэлчин ард түмэндээ эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй хүргэж тэднийхээ эрүүл мэндийн манаанд чин сэтгэлээрээ зогсож байгаа эгэл жирийн энэрэнгүй сэтгэлт нүүдэлчин эмч бүсгүйн ажил амьдралыг харуулна. Тодруулбал, цаг агаарын ямар ч нөхцөлд, өдөрт 10-100 км зам туулан, өдөр шөнө, өглөө орой, өвөл зуныг үл анзааран машин эсвэл морь, тэмээ унаад хөдөөний алслагдсан нүүдэлчин малчдад эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй хүргэдэг “Ард түмний гавьяат”  хэмээн нутгийнхныхаа дунд өргөмжлөгдсөн Дундговь аймгийн Өндөршил сумын их эмч Д.Эрдэнэчулууны тухай үзүүлжээ.

        

           Киноны зураг авалтыг өнгөрсөн хавар /2017 он/ Өндөршил суманд авсан байна.

 

 

 

 

 


Бид Өндөршил сумын их эмч Д.ЭРДЭНЭЧУЛУУН-тай холбогдож,  цөөн хором ярилцсан юм.

 

 

Д.ЭРДЭНЭЧУЛУУН: Энэ өдрүүдэд баяр хүргэсэн утасны дуудлага олон ирж байна

 

ESA: Эрүүл мэндийн манаанд зогсоо таны “хил” тайван уу?


       -Тайваан. Манай Өндөршилийн эрүүл мэндийн төвд 19 хүн ажиллаж байна. Үүнээс хоёр их эмч, /сүүлийн хоёр жил нэг их эмч иржээ/, дөрвөн сувилагч, дөрвөн галч дээр тогооч, үйлчлэгч, жолооч  ажилладаг.


       Яг өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдсэн. Тэр хэрээр дуудлага тасралтгүй ирж байна. Ханиад хүндрээд эмч хандаж байгаа тохиолдол олон байна. Манай сум нь 1400 хүн амтай. Үүнээс 520 орчим нь 0-15 насныхан эзэлдэг юм.

 

 

ESA: Өвөлжилт хэр байна вэ?


    -Цас харьцангуй бага орж байгаа ч хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байна. Энэ жилийн тухайд өмнөх өвлөөсөө арай хүйтэн байна.

 

 

ESA: Таны тухай “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино дэлхийд “данстай” болжээ. Та киногоо үзэж амжсан уу?


     -Киногоо үзэж амжаагүй л байна. Ямартаа ч олон улсын уралдаанд шалгарсаныг дуулаад үнэхээр их баярласан. Энэ өдрүүдэд баяр хүргэсэн утасны таньдаг, таньдаггүй дуудлага олон ирж байна.

 

ESA: Яагаад таныг сонгон кино хийх болсон юм бэ? Эрүүл мэндийн салбарт хэчнээн жил ажиллаж байгаа вэ?


      -Би эрүүл мэндийн салбарт 34 жил ажиллаж байна. Хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой. Өндөршил сумандаа 17 жил ажилласнаас 15 жил нь хүүхдийн эндэгдэлгүй ажиллалаа.  Магадгүй энэ нь намайг сонгон баримтат кино хийхэд нөлөөлсөн юм болов уу.

      1984 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсөөд, төрсөн нутаг Дундговь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хуваарь авч, ажлын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хэдэн жилийн дараа Эрүүл мэндийн яамнаас сонгон шалгаруулалтаар эмч нарыг хөдөө орон нутаг руу явуулсан юм. Үүний дагуу 2001 онд Өндөршил сумандаа ирж ажиллах болсоор 17 жил өнгөрчээ. Уг таван жилийн хугацаатай ирсэн ч энэ ажил амьдралдаа нэгэнт дасал болжээ

 

 

ESA:   Сумын эмчийн хамгийн жаргалтай  мөч хэзээ вэ?


        -Мэдээж амаргүй ажил. Сумын эмчид өдөр шөнийн ялгаа,  ажил амралтын цаг гэж байдаггүй юм. Байнга л цаг нартай уралдаж явна. Энэ хугацаанд  юу эсэхийг үзэх вэ. Төв газар ажиллаж байгаад ирснийг ч хэлэх үү. Шантрах үе бишгүй олон таарсан.  Гэсэн ч маш хүнд өвчтөн маань өдөр өдрөөр наашлан, эрүүлжиж байгааг харах үнэхээр урамтай. Тухайлбал, цус алдсан өвчтнийхөө цусыг тогтоочихоод, шөнийн гурав, дөрвөн цагт эмнэлгээсээ гараад явж байхад хэчнээн сайхан гээч.  Амьдрал л болсон хойно эсрэгээрээ арга хүч мөхөсдөн харамсах үе  ч байна. Манай сум чинь аймгаасаа 186 км хол зайтай  шүү дээ.

 

 

ESA:  Бүтэн нойртой хоносон шөнө байдаг уу?


      -Маш цөөхөн. Бүтэн нойртой хонож үзэхсэн гэж хүссээр олон жилийг өнгөрөөлөө. Аймаг руу хоёр хоног семинарт яваад  ирэхэд сайхан амраад авсан мэт санагдана гээч.  Гэхдээ утас бол амрахгүй л дээ. Араас байнга залгаатай.

 

ESA:  Дуудлагандаа машинтай гарах уу?


       -Сүүлийн үед мотоцикльтой болсон. Ер нь машин эвдэрсэн эсвэл байхгүй байж таарвал ердийн хөсгөөр ч  гарна.

 

ESA:  Шөнө дуудлагаар  явна гэдэг эмэгтэй  хүнд хэцүү байх даа?


      -Хөдөө орон нутаг тайван болохоор эмээх зүйлгүй л хүрэх газартаа очсоор нэгэнт сурчээ

 

ESA:  Ар гэртээ сайн ээж байж чаддаг уу?


     -Үнэндээ ар гэртээ анхаарал тавьж чадахгүй. Өдөр шөнөгүй л ажилтай явдаг болохоор орхисон. Би хоёр хүүхэдтэй. Тэд маань хар нялхаасаа л биеэ дааж өслөө. Хоолтой, хоолгүй тэднийгээ орхичихоод дуудлаганд гарахдаа өр өвдөж байсан ч өргөсөн тангараг гэдэг хүчтэй. Эрүүл саруул байхад болно гэж өөртөө хэлээд л явна. Дуудлага хэдэн цагт ч ирнэ.  Энд би хүүхдийн эмч гээд хойш суух аргагүй. Хэрэгтэй цагт дотор, төрөх эмэгтэйчүүд, жижиг мэс ажилбаруудыг хийх үе гарна.
 

ESA:  Биднийг ийн ярилцах хооронд дуудлага ирж, эмч гарахаар болсноо дуулгасан юм. Үг дуу цөөтэй,  нэг асуултанд нэг л үгээр хариулах СУМЫН ЭМЧ-ийн ярианаас энэ ажил амаргүй болох нь төвөггүй мэдрэгдэх ч бас шантарлаа гээд хойш сууж байгаагүй нь тодхон харагдана.

 

 

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагч  нь Их Британийн Хертфордшир их сургуулийг төгсчээ

 

Найруулагч Бирагийн Март

   

     “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг  Кино телевизийн урлагаар мастерын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажилласан бол зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.

     

     Уран бүтээлчид Монголын түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх, мөн нөгөөтэйгүүр Монгол нүүдэлчин эмчийн мэргэжлийн онцлог, ур чадвар, нүүдэлчин ахуй, соёлоо хадгалж үлдсэн үзэсгэлэнт монгол улсаа олон улсад сурталчлахыг гол зорилгоо болгож киногоо бүтээжээ.

      

     Дашрамд сонирхуулахад, найруулагч Б.Март, продюссер Т.Адъшаажав нар ирэх гуравдугаар сарын сүүлээр Холливудад очиж киноныхоо шагналыг гардан авна.

 

 Энд  Б.Март найруулагчийн  өөр нэгэн бүтээлээс сонирхуулбал:

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

potter henry /105.112.25.143/

2018-02-15 07:51

Dr.Harry Poter    Би эрхтэний мэс засал хийдэг мэргэжилтэн бөгөөд бид Бөөрний худалдаа хийхийг сонирхож байгаа, эсвэл биеийнхээ аль ч хэсгийг худалдаалахыг хүсч байгаа хүнээс худалдан авдаг. Бидэнд илүү их мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. И-мэйлээр бидэнд хандаарай: clinichealth2014@hotmail.com

Хариулах 0 0
Зочин /202.179.31.43/

2018-01-08 22:14

Эрдэнэчулуун эмчдээ баяр хүргэе хөдөө суманд ажиллаж байсныг маань санагдуулчихлаа. Үнэхээр л сумын эмч нойр хоолгүй цаг наргүй ажилладаг. Өвлийн хүйтэн шөнө мотоцикльтой дуудлаганд явах амаргүй ч очих газраа хүрч тусламж үйлчилгээгээ үзүүлдэг байлаа. Дулаан гэртээ дулаан хөнжилдөө бүтэн нойртой хонож буй хүмүүст атаархаж явснаа нуух юун

Хариулах 0 2

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.