Сансрын хаягдлын улмаас хиймэл дагуул хөөргөх боломжгүй болох үе ойрхон байна

2018-01-08 15:34

  Японы Jaxa агаар сансрын агентлаг 10 сантиметрээс дээш хэмжээтэй жижиг сансрын хаягдлыг илрүүлэх радар зохион бүтээж байгаа талаар “Иомиури” сонин мэдээллээ. 


  Эх сурвалжийн мэдээлснээр Окаямад байршуулсан Jaxa радар нь гагцхүү 1,5 метрээс дээш хэмжээтэй томоохон хаягдлыг илрүүлэх чадвартай байсан гэнэ. 


  Харин 2023 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй шинэ төхөөрөмж нь хог хаягдал илрүүлэх чадвар нь 200 дахин нэмэгдсэн байна гэж агентлаг мэдэгджээ. 


  Ийнхүү тоног төхөөрөмжөө сайжруулахаар ажиллах болсон нь сүүлийн жилүүдэд улам хурцадмал болж буй сансрын хаягдлын асуудлаас үүдэлтэй юм. 


  Сансрын хог хаягдлын асуудал дэлхийгээс анхны хиймэл дагуулууд хөөрсөн хорьдугаар зууны дунд үеэс эхлэн үүссэн бөгөөд тэр үеэс хойш энэ асуудал улам ноцтой болж байгаа юм. 


  Дэлхийн улс орнууд шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хэдэн арван жилийн дараа сансрыг эзэмших талаар ярих ч хэрэггүй болно, учирг нь сансар огторгуй хог хаягдлаар дүүрнэ гэж эрдэмтэд сануулдаг. 


Сансрын хог хаягдал гэж юу вэ? 


  Хүн төрөлхтөн сансарт хөөргөсөн хиймэл дагуулуудын хэлтэрхий болон ашиглах боломжгүй болсон төхөөрөмжүүд, дэлхийн агаар мандалд шатаагүй үлдсэн төрөл бүрийн хаягдлуудыг сансрын хаягдал гэдэг. Сансрын хаягдал асар хурдтайгаар эргэлддэг тул ихээхэн аюултай гэж үздэг юм. 


САНСРЫН ХАЯГДАЛТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД 


   АНУ-ын Агаарын цэргийн хүчин сансрын хаягдлыг ажигладаг. Бүхий л хаягдлуудыг биш харин олон арван сантиметрээс дээш хэмжээний диаметртэй хаягдлуудыг 1980-аад оноос эхлэн ажиглажээ. Одоогоор 10 сантиметрээс дээш хэмжээтэй 20 мянга гаруй объект, 10 сантиметрээс бага хэмжээтэй 500 мянга гаруй объектыг хянаж байгаа гэнэ. Эдгээр хаягдлууд 28 мянган км/цагийн хурдтайгаар Дэлхийг тойрон эргэлдэж байгаа юм байна. Энэ хэмжээний хурдтай эргэлдэж байгаа будагны хатсан хэлтэрхий ч станцыг гэмтээж эсвэл сансрын нисгэгчийг үхэлд хүргэх аюултай гэнэ. 


   Сансрын хаягдлаас болж Олон улсын сансрын станц 2014 онд гурвантаа байршлаа сольжээ. Багахан зайн өөрчлөлт хийхэд л хэдэн өдөр шаардлагатай байдаг гэнэ. Сансрын хог хаягдал сансар дахь хамгийн ноцтой аюулуудын нэг тул  дэлхийгээс төдийгүй олон улсын сансрын станцаас хог хаягдлыг ажигладаг юм байна. Сансрын хаягдлын талаарх сэрэмжлүүлэг мэдээ хоцорч очвол сансрын станц байршлаа сэлгэж амжилгүй, мөргөлдөх аюултай байдаг гэнэ. 


  Сансрын хаягдал хиймэл дагуулд ноцтой аюултай. Сансрын хаягдал хиймэл дагуултай мөргөлдвөл хиймэл дагуулыг гэмтээх, мөн бүрэн устгах аюултай гэнэ. Энэ явдал хэдэнтээ давтагдвал дэлхийд ч нөлөө үзүүлэх бөгөөд  GPS, гар утасны сүлжээ, интернэт тасалдах аюултай юм байна. 


  Олон улсын сансрын станцын сансрын нисгэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд онцгой робот бүтээж байна. Энэ робот нь сансрын нисгэгчдийн өмнөөс  задгай сансарт гарч сансрын хаягдлын хэлтэрхийтэй мөргөлдөн амиа алдах эрсдлийг арилгах гэнэ. Ийнхүү сансрын нисгэгчдийн амь насыг хамгаалах төслийг Европын сансрын агентлаг боловсруулж байгаа юм. 

 

   Сансрын хаягдлыг цэвэрлэх нь асар өндөр зардалтай.  Мөн сансрын хаягдлаас салах найдвартай арга олж чадахгүй бол бид дэлхийдээ “түгжигдэнэ” гэж эрдэмтэд сануулсаар байна. Учир нь сансрын хог хаягдалтай мөргөлдөж осол ихээр гарах тул хиймэл дагуул, пуужин хөөргөх боломжгүй болохын дээр дэлхий рүү унах сансрын хаягдлын тоо ч эрс нэмэгдэх аюултай гэнэ. 

 

  Сансраас унасан хог хаягдалд оногдох магадлал 20 тэрбумд 1 байдаг гэнэ. 1997 онд АНУ-ын Оклахомагийн оршин суугч  Лотти Вильямс  сансрын хаягдалд оногджээ. Тодруулбал, Дельта-2 пуужин тээгчийн шатны хэлтэрхий болох 10х13 см хэмжээтэй хаягдал энэ эмэгтэйн баруун мөрөн дээр унасан байна. Тэрбээр огтхон ч бэртэж гэмтээгүйн дээр "хэвлэлийн баатар" болж "Азтай эмэгтэй" гэсэн нэр авчээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /122.201.22.39/

2018-01-09 09:14

Амeрикууд худлаа..тэр хогоо яг хянаж харагдаач.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.