Д.Эрдэнэбат: Нэмэгдсэн татварт суутгуулах илүүдээ гарсан мөнгө алга

2018-01-11 11:29

Нэгдүгээр  сарын нэгнээс  хэрэгжиж эхэлсэн татварын шинэчилсэн тогтолцоог эсэргүүцэх иргэдийн тэмцэл эрчимжиж байна.Татварын нэмэгдэлд Монгол Улсын хөдөлгөгч хүч болсон уул уурхай, эрчим хүч, төмөр зам, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа иргэд илүүтэй өртөж байгаа юм. Тиймдээ ч  эрүүл мэнд, гэр бүл, амь насаа  эрсдэлд оруулан байж  өнөөгийн нийгэмд өндөрт тооцогдож буй 1,5 сая төгрөг болон түүнээс дээш цалин авч байгаа иргэд татварын шинэчлэлтийг эсэргүүцэн, үйлдвэрчний эвлэлүүдээрээ дамжуулан дуу хоолойгоо хүргэснийг бид өмнө нь мэдээлж байсан.



 

       Татвар нэмэгдсэнээр иргэдийн нуруун дээрх ачаа хэрхэн нэмэгдэхийг Эх сурвалж агентлаг цуврал сурвалжлага болгон хүргэж байна.   
 

 

Б.Баяраа: Төмөр замд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь өрх толгойлсон ээжүүд

 

 

     Энэ удаад бид олны дунд өндөр цалинтай гэж яригддаг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилчдын төлөөлөл болгон  Улаанбаатар зүтгүүрийн депогийн машинист Д.Эрдэнэбатын ажил, амьдралыг сурвалжиллаа. Өндөр цалинтай гэгдэх түүний амьдралд ТАТВАРЫН нэмэгдэл хэрхэн нөлөөлөх бол...

 

 

 

 

    ESA: Улаанбаатар зүтгүүрийн депод 1500 машинч ажиллаж байгаагийн нэг нь Д.Эрдэнэбат. Тэрээр гурван үеийн машинч бөгөөд 2003 оноос хойш Улаанбаатар зүтгүүрийн депод ажиллаж байна. Д.Эрдэнэбат ачааны галт тэрэг жолоодож, сарын 20 хоногийг  аян замд өнгөрүүлдэг гэнэ.  Түүний ажил, амьдрал мэргэжлээсээ хамаарч дөрөв хоногийн мөчлөгөөр эргэлддэг. Нэг өдөр 08 цагаас 20 цаг хүртэл, дараа өдөр нь 20 цагаас маргааш өглөөний 8 цаг хүртэл ажиллаж үлдсэн хугацаандаа унтаж өнгөрүүлдэг тухайгаа ярилаа.

 


ESA: Шөнийн цагаар ажиллахад ямар хүндрэл гардаг вэ?


      Д.Эрдэнэбат: Гал тэрэгний машинч бол тусгай мэргэжил учраас алдаа гаргах эрхгүй. Алдаа гаргаж аливаа эрсдэлд хүрэх юм бол Улаанбаатар төмөр замд сөрөг үр дагавартай. Хүн гэдэг чинь байгалийн амьтан болохоор шөнийн цагаар нойр хүрнэ, өдөр ажилласнаас их ядардаг. Зарим үед  шөнө ажиллаад маргааш өглөө нь авто машин жолоодож чадахгүй, осол гаргачих гээд байдаг юм. Энэ нь галт тэрэгний машинч хүний тархи 12 цагт яаж, хэрхэн ядардаг гэдгийг харуулж байгаа юм. Их ядардаг учраас орой 20 цагт ажилдаа гарахаас өмнө 3-4 цаг заавал унтаж байж ажилд гардаг.

 


ESA: Машинч хүмүүс хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг. Та хөдөлмөрийн нөхцөл байдлаа танилцуулаач ?

 


      

      Д.Эрдэнэбат:  Машинчийн ард 2200 кВт-ын цахилгаан гаргах хүчин чадалтай дизель хөдөлгүүр ажиллаж байна. Энэ хөдөлгүүрээр нэг сумыг эрчим хүчээр хангах боломжтой. Үүнээс их хэмжээний соронзон ялгарч байдаг. Мөн байнгын чичиргээ, дуу чимээтэй ажилладаг. Зарим тохиолдолд хөдөлгүүрийн халалтаас болж машинчийн бүхээг 50-60 градус хүртэл халдаг. Машинч хүн 3 цаг ажиллаад 15 минут, дахин 3 цаг ажиллаад 30 минут дахиад 3 цаг ажилласан бол бүтэн өдөр амрах ёстой. Даанч төмөр замын машинчдын тоо, ачаа тээврийн урсгал, цагийн тулгуу байдлаас болоод энэ амралтаа эдэлж чаддаггүй. Мөн шөнийн цагаар явахад хоол ундны дэглэм алдагдана, түүнээсээ болоод дотор эрхтэн өвчилнө гэх мэтээр ажлын нөхцөл байдлаас хамаарч машинч хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө гардаг. Энэ бүх нөхцөл байдлыг үнэлээд машинчийн ажлын байр нь хөдөлмөрийн ХОРТОЙ нөхцөлд тооцогддог болсон.

 


ESA: Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? Төмөр зам “ өндөр цалинтай, сайхан ажил” гэж ярих хүн бишгүй л олон байгаа даа?


       Д.Эрдэнэбат: Төмөр замчдын ажил сайхан. Гэхдээ бид оюуны бус хөдөлмөр, хөлс хүч, ар гэр, амьдралаа үрэн байж энэ ажлыг хийж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Миний үндсэн цалин сая төгрөг орчим. Тэгээд урамшуулалт цалин болон бусад нэмэгдэл нэмсэгдэж байж 2,5 сая руу дөхдөг юм. Үүнээсээ татвараа төлбөрөө төлөөд 1,9 сая орчим төгрөгийг гар дээрээ авдаг. Ажилдаа алдаа гаргавал шагналт, урамшуулал цалингууд хасагдана шүү дээ. Яах вэ, 1,9 сая орчим төгрөгийн цалин бага орлоготой иргэдийн хувьд өндөр санагдах байх. Гэхдээ энэ мөнгийг чинь бид хөлс хүч, ар гэр, амьдралаараа дэнчин тавьж байж олж байгаа ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС юм.

 


ESA: Д.Эрдэнэбат нь гэргий н.Мөнхцэрэн, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр  одоогоор ажил хийддэггүй учраас Д.Эрдэнэбатын цалингаар амьдралаа залгуулдаг байна. Цаг наргүй ажилладаг, “гэрийн бараа хардаггүй” хүмүүсийн хувьд гэр бүлийн хүн нь ажил эрхлэх боломж тун хомс, арын албыг дааж, амьдралаа залгуулж яваа хүнээ арагш санаа зовуулахгүй байхын тулд үр хүүхэддээ санаа тавих мөн л цаг наргүй ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлвэл өндөр цалинтайд тооцогддог иргэдийн ард хоёроос дээш тооны гэр бүлийн гишүүн байх бөгөөд нойр хоолоо хомслон авсан сая гаруй төгрөгөөр өрхийн хэрэгцээ, хүүхдүүдийн зардлыг болгоно. Ганцхан хүн ажилладаг өрхий орлого зарлагыг тооцон үзвэл татварын нэмэгдэлд “хэлмэгдэж” буй иргэдийн цалин “хариугүй” мөнгө. Улс төрчдийн нэрлэснээр “1,5 сая төгрөгөөс дээш цалинтай тансаг хэрэглээтэй”  гэгдэх Монголын дундаж нэг өрхийн сар бүрийн цалингийн зарцуулалт ямар байгааг Д.Эрдэнэбатын гэр бүлийн жишээгээр харуулбал....

 

 

  • Байрны мөнгөнд 100-150 мянган төгрөг
  • 3 өрөө байрны лизингэд 700 мянгөн төгрөг
  • Хэрэглээний болон цалингийн зээлд 1 сая төгрөг
  • Зөвхөн аян замын хүнсний хэрэглээнд 200-250 мянган төгрөг
  • Утасны хэрэглээ, гэр ахуй, хүнсний хэрэглээнд 400 мянган төгрөгийг зарцуулж байна. Энэ бол зөвхөн нэг өрхийн сарын зайлшгүй хэрэглээний зардал гэдгийг онцлох хэрэгтэй.

 

“Ингээд тооцохоор нөгөө тансаг хэрэглээнээс 200-300 мянган төгрөг үлдэнэ. Энэ мөнгөөрөө ар гэрийнхээ бусад зардалыг нөхдөг. Хурааж хуримтлуулсан мөнгөгүй, сар тутамдаа банкинд “шулуулж”, хүнээс дор орчихгүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө ар гэрээ тэжээж байна даа” хэмээн Д.Эрдэнэбат ярьсан юм.

 


Д.Эрдэнэбат: ЦАГ ТУЛСАН ҮЕД 65 МЯНГАН ТӨГРӨГ ИХ МӨНГӨ ШҮҮ

 

 


    ESA: Одоо татварын нэмэгдэлд хэдэн төгрөг нэмж өгөх вэ. Энэ тухай тооцоо хийж үзсэн үү?

 

          Д.Эрдэнэбат:  Одоо миний авч байгаа цалингаас 500 мянган төгрөгийн татварыг төр авч байна. Хангалттай биз дээ. Үүнээс илүү өгөх мөнгө надад алга. Шинэ татварын хуулийн дагуу цалин хэрхэн өөрчлөгдөж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ миний тооцоолсноор 65 мянган төгрөг нэмж төлөгдөх гээд байгаа юм. Цагаа тулбал 65 мянган төгрөг их мөнгө шүү. Мөн ээлжийн амралтын мөнгө, 13 дахь сарын цалингаас татвар өгөхөд 1,5 сая төгрөгийг татварт өгөх гээд байгаа юм. Ер нь татварын нэмэгдэлд бус биднийг хуурч мэхэлдэг, ОУВС-гийн шаардлагад нийцүүлж хууль баталдаг, хөдөлмөр хийж улс орноо хөгжүүлж байгаа хүмүүсийг ядуу давхарга руу унагахыг оролдож байгаа төрд бухимдаж байна.

 


    ESA:Та хэдэн төрлийн зээлтэй вэ?


      Д.Эрдэнэбат: Би цалингийн зээлтэй. Эхнэрийн нэр дээр хэрэглээний зээл байгаа. Нилээд 1 сая орчим төгрөгийг зээлд төлдөг. Ер нь татварт өгөх гээд 65 мянган төгрөг чинь цагаа тулвал их мөнгө шүү дээ. Зээлээ төлөх гэтэл 60 мянган төгрөг дутвал яах вэ? Бас л багагүй асуудал үүснэ дээ. Миний авч байгаа цалин дийлэнх нь зээлд төлөхөд зарцуулж байна. Уг нь төмөр замын удирдлагууд, үйлдвэрчний эвлэлтэй хөдөлмөрийн хэлэлцээр хийгээд цалин нэмэх тухай яригдаж байсан. Одоо татвар нэмэхээр цалин нэмэх ч боломжгүй боллоо. Нэмсэн ч миний авах цалинд өөрчлөлт орохгүй. Цалин нэмсэн 10, 20 хувь нь татвартаа явчихна шүү дээ.

 


    ESA: Төмөр замын ажил хариуцлага дээр тогтдог тухай ярьдаг. Хариуцлагын ямар тогтолцоо төмөр замд хэрэгжиж байна?


         Машинч хүн маш их хариуцлагыг үүрч ажилладаг. Хөдөлгөөн удирддаг холбогч, найруулагч алдаа гаргахад тухайн алдааг машинч залруулах ёстой. Хэрэв чадахгүй бол машинч хариуцлага хүлээнэ. Нэг жишээ хэлэхэд даваа, мягмар гаригт төмөр замчдын хурал болдог. Тэр хурлыг нэг удаа таслахад шагналт цалингийн 10 хувь буюу 50 мянган төгрөг хасагддаг. Мөн ажлаасаа хоцорвол түүнээс гарах үр дагавар маш өндөр. Тухайн галт тэрэг явж чадахгүй болж, ачаа тээвэр саатвал хэдэн тэрбум төгрөгийн төлбөрт унана. Тиймээс ажил таславал нөхцөл байдлаас хамаарч үндсэн цалинг 3 сар 20 хувь хасна, шагналт цалин бүгд хасагдана, эсвэл ажлаас халагдана гэх мэтээр хариуцлага маш өндөр тооцогддог.


       Үүнээс гадна машинч хүнтэй хамт дөрвөн мэргэжилтэн хамт ажилладаг. Би алдаа гаргавал тэр хүмүүсийн амьдралыг үгүй хийж мэднэ. Тиймээс төмөр замын ажилчид алдаа гаргахаас айж амьдардаг юм шүү дээ.

 

 

    ESA: Таны бодлоор улс төрчид хариуцлагатай ажиллаж чадаж байна уу?


        Улс төрчид дандаа л иргэдийг хуурдаг гэдэг нь татварын нэмэгдлээр харагдаж байна. Улс орны эдийн засаг муудвал гол буруутан нь улс төрчид шүү дээ. Харин ч иргэд улс орныхоо төлөө ажиллаж, татвараа төлж байхад дахиж татвараар дарамталж байгаа нь дундаж давхаргын иргэдээ ядууруулах гэсэн бодлого гэж би хардаг. Тиймээс улс орныг доройтуулсан, ОУВС-гийн эрхшээлд орж иргэдийнхээ халаасыг ухаж байгаа Засгийн газар, УИХ-д хариуцлага тооцох ёстой. Ер нь УИХ-ын гишүүд тахиад тавьсан бурхан биш хариуцлага тооцдог л байх хэрэгтэй.

 


ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЗАЛУУ ХҮНИЙ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ

 

 


ESA: Татварын нэмэгдэлтэй зэрэгцээд тэтвгэврийн нас нэмэгдсэн. Тодруулбал 2017 оныг хүртэл жил бүр 6 сараар тэтгэврийн насыг нэмж, эрчүүд 65 настайдаа, эмэгтэйчүүд 60 настайдаа тэтгэвэрт гарахаар болоод байгаа юм. Энэ өөрчлөлтийг ч төмөр замчид эсэргүүцэж байгаа.


        Улаанбаатар зүтгүүрийн депогийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2015 онд тэтвгэвэрт гарсан ахмад ажилчдын судалгаа  хийжээ. Энэ судалгаанд,  2010 онд тэтгэвэрт гарсан 15 машинчийн 9 машинч нь 2015 онд нас барсан гэсэн харамсалтай үзүүлэлт тусгагдсан байна. Өөрөөр хэлвэл,  төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс хүнд, хортой нөхцөлд ажилласны улмаас тэтгэвэртээ гарсны дараа удаан насалж чаддагүйг  харуулж байна гэж Төмөр замын үйлдвэрчний эвлэлээс онцолж байлаа.  


         Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн даргын 2014 оны тавдугаар сарын 13-ны тушаалаар Улаанбаатар зүтгүүрийн депогийн таван төрлийн мэргэжлийн албан хаагч нь ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ нөхцөлд ажилладаг юм байна гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Үүнд галт тэрэгний машинчийн ажил багтаж байгаа бөгөөд Улаанбаатар зүтгүүрийн депогийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэтгэврийн насыг 50 болгох саналыг удаа дараалан УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байжээ. Гэтэл төмөр замчдын тэтгэврийн нас наашлуулах нь бүү хэл уртасгаж байгаа нь “ажилчид тэтгэвэрт гарах ёсгүй, тэтгэвэр авалгүй үх гэж байгаатай адил зүйл боллоо” хэмээн бухимдангүй өгүүлж байлаа.

 

Улаанбаатар зүтгүүрийн депогийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Наранхүү


Энэ талаар Улаанбаатар зүтгүүрийн депогийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Наранхүү: “Галт тэрэгний зүтгүүр 144 тонн байдаг. Гэтэл 65 нас хүрсэн эр ийм том хэмжээний галт тэргийг аюулгүй жолоодож чадах уу. Бас оройн цагаар нойргүй ажиллаж чадах уу гэх мэт олон зүйлийг ярьж болно. Тиймээс галт тэрэгний машинчийн ажлыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулахгүйгээр өнөөг хүрсэн бөгөөд одоо бидний өргөдөл, гомдлыг мэддэг хариуцдаг хүн яаманд алга байна. Уг нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэвэрийн насыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог. Гэтэл улс төрчид дур зоргоороо тэтгэврийн насыг уртасгаж байгаа нь төмөр замчдыг ажлын байран дээрээ үх гэсэн л үг шүү дээ” гэв.


 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.