Буйдан ньюс: Хоёр Солонгос олимпийн нээлтийн ёслол дээр нэгдсэн тугийн доор жагсахаар хэлэлцэж буй

2018-01-13 14:16


Ёооо. Он удаан жилийн дараа буйдан дээрээ Буйдан Ньюс бичихээр заларлаа. Өмнөх тохиолдлуудад нэг бол юутай, эсвэл нойртой суугаад унтчихаад байлаа. 


- Цэнгэлийн манлай өвлийн олимпийн наадам эхлэхэд 26-хан хоног үлдлээ. Олимп эхлэх хүртэл олон шуугиан, дуулиан, сенсаци, шуум гарч спорт сонирхогч бидний уйдаахгүй байна. ОХУ-ын допингоос эхэлсэн томоохон дуулиан үргэлжилсээр энэ долоо хоногийн хамгийн том асуудал нь хоёр Солонгосын асуудал байлаа. Хойд Солонгосын Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ өвлийн олимпийн наадамд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, улмаар хоёр тал харилцан ярилцсанаар нааштай хариу гарч байна. Ямар ч атугай Хойдуудын эмэгтэй хоккейн баг оролцохоор болж. Харин хамгийн гол асуудал болох хоёр улс олимпийн нээлтийн ёслол дээр нэгдсэн тугийн доор жагсах нь хэлэлцээрийн шатанд явсаар буй. Хойд Солонгосууд албаны хүмүүс, тамирчид, соёлын төлөөлөгчид гээд томоохон баг илгээхээр төлөвлөөд байгаа. Хэрвээ хоёр улс олимпийн наадмын нээлтэнд нэгэн тугийн доор жагсаж чадваас жинхэнэ утгаараа олимпизм ялсан хэрэг болох билээ. Өмнө нь 2000, 2004 оны зуны олимп, 2006 оны өвлийн олимпийн наадамд нэгэн тугийн доор жагсаж байсан ч сүүлийн хэдэн оролдлогууд тогтмол бүтэлгүйтэж байгаа юм. 


- Он гараад Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд эхлээд "бужигнаж" байна. Хүндийг өргөлтийн төрөл шанг нь татсан бол жюүжицү залгаж, өнөөдөр чөлөөт бөхийнх Эрдэнэт хотод, самбо бөхийнх Буянт Ухаа спортын ордонд хөшгөө нээлээ. Мөн туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын УАШТ маргааш, нөгөөдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.


 - Монголын спортын ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиов. Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Монголын боксын спортын агуу баялаг Д.Банди багш бурхны оронд одлоо. Тэрбээр Монголын боксын алт, мөнгө, бүхий л үеийг бэлдэлцсэн эрхэм хүмүүн билээ. Тэрбээр сайн багш, сайн дасгалжуулагч, сайн сэтгэл зүйч хүн байсныг нь мэдэх юм. Хошин шогийн их мэдрэмжтэй, математикч, тооцоолол хийхдээ гаргууд нэгэн байсан билээ. 


- ОХУ-ын хакерийн Fancy Bear гээд бүлгэм байдаг билээ. Энэхүү бүлгэм Олон улсын допингийн эсрэг агентлагийн нууц мэдээллүүдийг задалдаг. Өмнөх давалгааны тухай дурдаж байсан. Харин тэд удахгүй ноцтой баримтуудыг зарлахаа мэдэгдсэн байна.


- 2018 он гарснаас хойш анхны #БуйданНьюс тул энэ онд болох гол тэмцээн уралдаануудыг дурдах гэж хичээе. Мэдээж Өвлийн олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ, "Буэнос Аирэс 2018" залуучуудын олимпийн наадам, "Жакарта 2018" Азийн наадам гээд мега тэмцээнүүдтэй. Харин зарим төрлийн олимпийн эрхийн оноонууд олгогдож эхэлнэ. 


За тэгээд жүдогийн ДАШТ Азербайжаны Бакуд, чөлөөт бөхийнх Унгарын Будапештэд, буудлагынх БНСУ-ын Чанвонд, туялзуур сэлэмнийх БНХАУ-ын Үши хотноо болноо. Мөн Монгол хүн олимпийн наадмаас медаль авсны 50 жилийн, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиох билээ. 


Ойрд буйдан дээр сууж юм бичээгүй төсөөрөх янзтай болж. Бага багаар сайжирнаа. Сүүлийн үед дуулсан хэдхэн л мэдээ бичлээ. Уучилж ажаамуу.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.