“300 хүүхэд”-ийн эцэг Тото Кутуньо

2017-07-07 18:35
“300 хүүхэд”-ийн эцэг Тото Кутуньо


Өнөөдөр Италийн дуу хөгжмийн хаан гэгддэг Тото Кутуньо 74 насыг зооглож байна. Нэгэнтээ дэлхий даяар бүсгүйчүүдийг өөртөө дурлуулж явсан тэрбээр олон бүсгүйтэй учир ургуулсан ч гэрлэлтээ хадгалж үлдсэн нэгэн. 

 

Бага нас 


Кутуньо хөгжимд дуртай гэр бүлд төржээ. Эцэг нь бүрээ үлээдэг, үүнийгээ ч хүүдээ зааж өгсөн бол хүү өөрөө төгөлдөр хуур, даралтат хөгжим бие даан сурж, 13 насандаа тайзнаа гарахаар шийдсэн байна. Залуу авьяастнуудын тэмцээнд оролцсон Кутуноьо гуравдугаар байранд орсон мөчөөс хойш хамтлагуудад даралтат хөгжим тоглодог болжээ. 


18 насандаа жаз хөгжмөөр хичээллэж эхлэсэн байна. Ингээд ердөө жилийн дараа Гуидо Манузардигийн хамтаар анхны хилийн чанад дахь тогтлолтоо хийхээр явжээ.  Эцэг эх нь түүнийг эдийн засагч болгохыг хүсч байсан ч Тото Кутуньо чухамхүү өөрийнх нь замнал нь хөгжим гэдгийг ухаарч, гадаадаас аялан тоглолтоосоо эргэн ирснийхээ дараа “Тото ба Тати” нэртэй хамтлагаа байгуулав. 
 

Найрагч бас хөгжмийн зохиолч 


Хамтлагийнх нь нэгэн тоглолтын үеэр авьяаслаг залуу хүүг дуун үг зохиогч, яруу найрагч Вито Паллавичини олж харжээ. Тото түүнд аялгуугаа тоглож өгөхөд Вито түүнийг ирээдүйтэй хөгжимчин  болно гэдэгт итгэсэн гэдэг. 


Удалгүй тэд хамтран ажиллаж, хит болсон Salut , Et si tu n`éxistais pas зэрэг дуунуудыг зохиосон бол удалгүй Тотогийн дууг Мирей Матье, Адриано Челентано нарын одууд дуулж эхэлжээ. 

 


Эстрадад хөл тавьсан нь 


Дууны уран бүтээл нь амжилттай байгаад урам орсон Тото Кутуньо 1976 онд өөрийнхөө дууг өөрөө дуулж тайзнаа гарахаар шийдэв. Тэрбээр Альбатрос нэртэй хамтлаг байгуулсан ч ердөө жилийн дараа тарж, Кутуньо ганцаарчилсан замналаа эхлүүлжээ. Улмаар 1980 онд Solo noi дуугаа дуулж Сан-Ремогийн хөгжмийн наадамд түрүүлэв. Удалгүй энэ дууг Итали даяараа дуулж эхэллээ. Ердөө гуравхан жилийн дараа  гэхэд Тото зөвхөн эх орондоо төдийгүй хилийн чанадад L’italiano дуугаараа алдаршжээ. 


1990 онд “Eurovision” уралдаанд ялалт байгуулснаар алдрын оргилд гарсан юм. 

 

“Агуу эмэгтэй” 


Тото эхнэр Карлагаа “Агуу эмэгтэй” гэж нэрлэдэг. Үнэхээр л , байнга шүтэн бишрэгч бүсгүйчүүдээр хүрээлүүлэн амьдардаг алдартай хүнтэй амьдралаа өнгөрөөнө гэдэг бараг л гавьяа. Тэр дундаа Тото бүсгүйчүүдийн дурлалаас буцаж байгаагүй нэгэн. Карлад байнга үнэнч яваагүй гэдгээ тэр өөрөө ч зөвшөөрдөг. Түүнийг онгоцны үйлчлэгч, үзэсгэлэнт Кристинатай учир ургуулж байсныг дэлхий даяараа л шуугиж байлаа.  Тэд хоёр жил амрагласан бол Тотогийн хууль ёсны эхнэр нь энэ талаар нөхрөөсөө өөрөөс нь сонсжээ. Тэдний гэрлэлт аз жаргалаар дүүрэн байсан ч гагцхүү үр хүүхэд заяасангүй. Гэлээ ч Тото өөрийгөө “сайн эцэг”, “300 уран бүтээл өлгийдөн авсан” гэж ярьдаг байсан юм. Харин түүний амраг Кристина 1989 онд Тотод Нико хэмээх хүү төрүүлж өгчээ. Хүүгээ хүлээн зөвшөөрөх нь гэр бүлээс гадуурх харилцаагаа дэлхий даяар тунхаглахтай агаар нэг байв. Тиймээс Тото эхлээд бүх үнэнээ эхнэртээ ярихаар шийджээ. Хожим нь энэ талаар тэрбээр ярихдаа “Карлад энэ мэдээ маш хүнд цохилт болсон, гэлээ ч намайг уучилж, хүүг зөвшөөрөх асар их сэтгэлийн тэнхээ гаргасан юм” гэж ярьж байв. 


“Миний амьдралд олон эмэгтэй байсан, гэлээ ч зүрхийг минь эзэгнэсэн цорын ганц хатагтай нь Карла” гэж Тото Кутуньо хууль ёсны эхнэрийнхээ талаар ярьдаг юм.  Одоо Тото дор хаяж таван ачтай болохыг мөрөөддөг. Гэхдээ гэр бүлийн баярын үеэр түүнд маш хүндрэлтэй байдаг гэнэ. Хүүтэйгээ ч байх хэрэгтэй, мөн Карлатай ч хамт байх ёстой, биеэ хуваалтай биш...


 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.