“Энэ бол зөвхөн эхлэл” буюу загварын ертөнцийн ШИНЭ ХАНДЛАГА

2018-01-23 10:47
69 настай Мейе Маск


  Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хижээл, өтөл насанд очсон ч биеэ гайхалтай авч яваа, загварын ертөнцөд шуугиулсан эрчүүд, эмэгтэйчүүдийн зураг ихээхэн тархаж, хүмүүс тэднээр ч бахархах болсон.

  Энэ чиг хандлага сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байгаа бөгөөд Фэшн Спот олон улсын форумын мэдээлснээр “Хавар 2018” загварын ертөнцийн бүхий л түүхэн дэх шоунуудаас ахимаг насныхан хамгийн их оролцсноороо анхаарал татжээ.

 Тодруулбал Нью-Йорк, Милан, Парис, Лондонгийн загварын долоо хоногийн тайзнаа 50 болон түүнээс дээш насны 27 загвар өмөгч үзэгчдийн өмнүүр загварын шинэ чиг хандлагыг толилуулсан байна. 



  Алдартай зохион бүтээгч, бизнесмен, Paypal компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийг дэлхий дахинаа мэдэхгүй хүн ховор. Харин түүний ээж 69 настай Мейе Маск хүүгээсээ ч дутахгүй алдартай нэгэн. Өсвөр наснаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан түүнтэй “хөгшчүүл”-ийн тухай уламжлалт ойлголтыг хэрхэн эвдсэн талаар нь Би Би Си агентлаг ярилцжээ. 


АМЖИЛТЫН НУУЦ- БУУРАЛ ҮС 

 


  “Сүүлийн жилүүдэд амьдралынхаа бүхий л цаг хугацаанд хөдөлмөрлөснөөс илүү ихээр ажилласан” хэмээн 69 настай Мейе Маск ярьжээ.


  Илон Маскийн ээж Мейе 15 настайдаа Өмнөд Африкаас загвар өмсөгчийн гараагаа эхлэсэн ч сүүлийн жилүүдэд ихээхэн алдаршсан байна. Түүний зураг New York Magazine болон Elle Canada сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэж, тэрбээр Clinique гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болсны дээр дэлхийн тэргүүлэгч загварын агентлагуудын нэг  IMG Models-той гэрээ хийжээ.

 
  Ахимаг насандаа амжилтанд хүрсний гол шалтгаануудын нэг нь огт будахаа больсон “буурал үс” гэж Мейе үздэг гэнэ. Гэхдээ загварын ертөнцөд залуустай хөл зэрэгцэн алхахын тулд ахимаг насны эмэгтэйгээс гарсан цорын ганц золиос нь энэ биш. 


 “Бие галбираа хэвэнд нь барихын тулд өдөр бүр хоолондоо анхаардаг. Ингэхгүй л бол би маш хурдан жин нэмдэг юм. Би Европ размераар 42 өмсдөг, тийм ч туранхай биш” хэмээн тэрбээр ярьжээ. 


“70 НАС ХҮРНЭ ГЭХЭЭС АЙХГҮЙ”

 


 

  Мейе Маск зураг авалтын үеэр авахуулсан гэрэл зургуудаа Инстаграмд байнга нийтлэдэг, инстаграмын дагагчийн тоо нь 90 мянга хол давжээ. 


  “Ахимаг насны загвар өмсөгчдийн хувьд өрсөлдөгч болон ажил тун цөөн. Гэрэл зургуудаа байнга нийтлээд байвал дагагчдын тоо нэмэгдэхийн дээр ямар нэг шалгуургүйгээр ажил олох боломжтой байдаг” хэмээн  өнгөрсөн онд Cover Girl  гоо сайхны брэндийн хамгийн ахимаг нүүр царай болсон Мейе ярьсан байна. 


  Мейе Маскийн инстаграм дахь хуудас фэн клуб шиг болсон бөгөөд түүний гэрэл зураг бүрийн дор хэдэн мянган сэтгэгдэл хөврөнө.  “Далан нас хүрнэ гэхээс айхаа болилоо”, “Эмэгтэй хүн аль ч насандаа идэвхитэй, гоо үзэсгэлэнтэй байж чаддагийн жишээ болж байгаад маш их баярлалаа” гэсэн сэтгэгдлүүд өдөр бүр түүний зурган дор бичигдэнэ. 


ӨӨР НЭГЭН ЖИШЭЭ 

 

Москвагийн "Олдушка" загварын агентлагийн загвар өмсөгч эмэгтэй 

 

  “Наснаасаа болж өөрөөсөө ичиж, өөрийгөө хөгжүүлэхгүй, биедээ анхаарал тавихгүй байдаг үе хэдийнэ өнгөрсөн. Загварын ертөнц ч энэ чиглэлд ихээхэн хөгжиж байна” хэмээн 50-иас дээш насныханд зориулсан, Москвагийн “Олдушка” загварын агентлагийн захирал Игорь Гавар ярьжээ. 


  “Олдушка” төсөл анх гудамжны загвар, Оросын тэтгэврийн насныхны хэв маягийг харуулсан блог байдлаар үүсч улмаар Игорь Гавараас гэрэл зурагчид, сэтгүүлийнхэн, брэндийн эзэд тохиромжтой, ахимаг насны загвар өмсөгч олж өгөх хүсэлт тавих болсноор загварын агентлаг болон хөгжсөн байна.
Одоо энэ агентлагт 46-82 насны 20 загвар өмсөгч ажилладаг. Тэд Москва хотод зохион байгуулагддаг загварын шоунуудад оролцон, Оросын дуучдын клипэнд тоглодог гэнэ. 


  “Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэхээр л залуу настай заавал уяж ойлгодог. Бид энэ ойлголтыг өөрчилж, залуу хөгшнөөс үл хамааран гоо үзэсгэлэн хэзээд оршдог гэдгийг харуулахыг хичээж байна” хэмээн “Олдушка” агентлагийн захирал ярьжээ. 


ЭНЭ БҮХНИЙ ЭХЛЭЛ НЬ ...

 

Зохиолч, сэтгүүлч Жоан Дидион 

 

  Буурал үстэй гоо бүсгүйчүүд анхлан олны өмнө гарсан үе нь 2015 он гэж зарим хүмүүс үздэг. Тухайн үед уран бүтээл эрхэлсэн захирал Фиби Фало Францын дээд зэрэглэлийн Celine брэндийн нүүр царай болох саналыг 83 настай зохиолч, сэтгүүлч Жоан Дидионд тавьж байжээ. 


  Харин 2017 онд 73 настай Лорен Хаттон Calvin Klein брэндийн дотуур хувцасны сурталчилгаанд тоглож, Bottega Veneta брэндийн шоун дээр 22 настай топ модель Жижи Хадидтай мөр зэрэгцэн загварын тайзнаа алхсан юм. 


ЗАГВАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ 


  Цюрихийн их сургуулийн харилцааны профессор, Швейцарын Metro Models агентлагийн захирал Дэвид Ратмокогийн үзэж байгаагаар нэгэнтээ Наоми Кэмпбеллийн ачаар арьс өнгөөр ялгаварлах саадыг давсан загварын үйлдвэрлэл либералчлагдах урт хугацааны явцын бас нэгэн өөрчлөлт нь ахимаг насны загвар өмсөгчид гэнэ.  


  Мөн худалдан авах чадвар өндөртэй ахимаг насныхан хүн амын ихээхэн хувийг эзлэж байгаа нь загварын үйлдвэрлэлийнхэн ахимаг насныхныг сонгох болсон нэг шалтгаан гэж тэрбээр үзэж байна. 


  “Маркетингийн салбарынхан 35-аас дээш насны худалдан авагчдын анхаарлыг татахаар хичээж байна. Залуухан, үзэсгэлэнтэй загвар өмсөгчдөөр бүтээгдэхүүнээ сурталчилвал дундаас дээш насныхны анхаарлыг тэр бүр татахгүй. Харин дундаас дээш, ахимаг, хижээл насныхны загвар өмсөгчдөөр дамжуулан бүтээгдэхүүнээ танилцуулснаар худалдан авагчид тэндээс өөрийн эрхгүй өөрийгөө олж харан, сонирхоно” хэмээн Дэвид Ратмоко ярьсан байна. 


  Түүний энэ үгс Швейцар болон Британийн хувьд ихээхэн тохирч байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 онд гаргасан судалгаагаар дээрх хоёр улс хүмүүс нь хамгийн урт насладаг улс орнуудын жагсаалтанд хоёр ба 20 дугаар байранд орсон бөгөөд Швейцарын дундаж үзүүлэлт 83 харин Британийнх 81 нас гэж гарчээ. 


  Түүнчлэн Британийн даатгалын компани болон Эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс 2015 онд хийсэн судалгаагаар Британийн нийт худалдан авалтын 47 хувийг 50 наснаас дээш насныхан хийдэг бөгөөд энэ нь жилд нийтдээ 445 тэрбум ам.доллар болдог байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.