УИХ-ын гишүүдэд ЁС ЗҮЙН гэж дүрэм байдаг

2018-01-31 12:29
УИХ-ын гишүүд ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой

      Монгол улсын төрийн алба бүгд ёсзүйн дүрэмтэй. Багшийн ёс зүйн дүрэм, эмчийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн нийтлэг ёсзүйн дүрэм гэх мэтээр олон дүрмийг дурдаж болох юм.




          Ёс зүйн дүрэм бүрт “төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах болон ашиг сонирхлын зөрчил, ажлын алдаа, түүнийг шийтгэх хариуцлагын тогтолцоо”-г тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм нь тухайн төрийн албан хаагчийг юу хийж болох, болохгүйг заасан хэм хэмжээ гэж хэлж болно.


        Тэгвэл төрийн албан хаагчдын адилаар УИХ-ын гишүүдэд ч гэсэн ёс зүйн дүрэм бий. УИХ-ын гишүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд хамгийн ихээр ёс зүйн тухай ярьдаг ч өөрсдөө ёс зүйн дүрмээ хэр баримталдаг бол...


         Жил гаруй хугацаанд МАН-ын хэд хэдэн гишүүн ЁС ЗҮЙгүй гэж хэлж болохоор үйлдэл гаргаж, олон нийтийн бухимдлыг төрүүлэв. Тухайлбал Бандааш хочит Д.Гантулгын хүчин үйлдсэн эсэх хэрэг, Д.Мурат гишүүний бэлэг эрхтэний зураг, мөн Ц.Нядоржийн LX570 автомашин, түүний ширээн дээр гишгисэн зураг, Н.Амарзаяа гишүүний тойргийн сонгогчдоо загнаж буй бичлэг олн нийтэд тархаж, тэднийг зүхсэн хүмүүс сошиалаар дүүрэн байна. Эдгээр үйлдлүүдээс олон нийт УИХ-ын гишүүдийг ЁСЗҮЙ-гүй гэж дүгнэж байгаа.
Ёс зүйн дүрмийг УИХ-ын 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг дүрэм нь Монгол Улсын Их Хурлын гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд 7 хэсэг асуудлыг тусган оруулсан байдаг юм байна.


УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээс олон нийт, ашиг сонирхлын хэм хэмжээг зохицуулсан онцлох заалтыг танилцуулья.


Албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ


 2.1.1. бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах;

 
 2.1.2. хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх;


2.1.3.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүлээн авсан нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг  баримтлах;


2.1.4.төрийн байгууллагын албан хаагчаар зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлж байх;


2.1.5.Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх;


2.1.6.хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;


2.1.7. ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх.

      
     Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ


3.1.2. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зохих  зөвшөөрөлгүйгээр Монгол Улстай холбоотой аливаа асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгөхгүй байх;


3.1.3. албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх;


3.1.4. албан тушаалын үүрэг хариуцлагатай нь харшилсан санхүү, худалдааны болон бусад ижил төстэй ямар ч хэлбэрийн хэлэлцээрт оролцохгүй байх;
 
3.2.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг  ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах,  давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх; 


3.2.2.бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэх болон хууль ёсны шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлөх;


3.2.3. албан тушаалын хувьд ижил зэрэг зиндааны болон өөрт нь захирагддаг, эсхүл үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг албан тушаалтанд хууль бусаар нөлөөлөхийг оролдох;


3.2.4.албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бус орлого, ашиг хонжоо, давуу тал олох зорилготой бусад үйлдэл хийх.


 
Сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр баримтлах ёс зүйн хэм хэмжээ 


6.1. Гишүүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон ажлын байр, санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг сонгуулийн сурталчилгааны ажилд ашиглахыг хориглоно. 


Долоо. Бусад 


7.1.Энэ дүрмийн биелэлтэд Ёс зүйн дэд хороо хяналт тавин ажиллах бөгөөд уг дэд хорооны ажиллах журмыг тусгай дүрмээр тогтооно гэж заажээ.


 
          Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд нь ёсзүйн хэм хэмжээг сахин биелүүлэх олон нийтийн үлгэр дуурайлал байх ёстой юм. Гэтэл ёсзүйгээ уландаа гишгиж, олон нийтийг талцуулж, хэрүүл маргаанд уруу татагч болсон УИХ-ын гишүүдээс олон нийт ямар дуурайлал авах вэ?


    Ямартай ч УИХ-ын гишүүд төрийн албаны ажил гүйцэтгэж байгаа учир ёс зүйн дүрмээ биелүүлэх учиртай. 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.