О.МАГНАЙ, Ж.БАТЗАНДАН нар “Ажлын байр”-ндаа эргэн ирсэн ӨНӨӨДӨР

2018-02-01 17:34
Ө.Үлэмжтөгс

фельтон, улстөр, хөрөг


     Өнөөдөр МАН-ын нэрлэдгээр Сүхбаатарын талбайд, АН-ын нэрийддэгээр Чингис хааны талбайд сөрөг хүчнээс зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал үзэж харах зүйл ихтэй, үзэгч олныг уйдаахааргүй өндөр зохион байгуулалттай болж өнгөрлөө. 



 

     “ТЕАТРЧИЛСАН” цуглаан хэмээх тодотголтойгоор лавтайяа эл жагсаал Монголын жагсаал цуглааны түүхэнд АЛТАН ҮСГЭЭР тэмдэглэгдэн үлдэх нь дамжиггүй. 


    Таван ес хэдий нь гарсан ч тачигнасан хүйтэнд өрнөсөн уг жагсаал цугласан олонд харин ч дааруулах сөхөө өгсөнгүй. Тэр ч бүү хэл, дэлгэцийнхээ цаана хэрэгт дурлан үзэж суусан сошиалийн мангасуудын магнайг тэнийтэл баясгаж, нэг хэсэгтээ бичих, хэрэлдэх сэдэвтэй болгоод авав. 


    “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” тодотголтой уг найруулсан жүжигт нийслэлийн 30 мянган иргэн,  21 аймгийн нэгтгэсэн тоогоор 30 орчим мянган иргэн, нийтдээ орон даяар 60 мянган иргэн жагссан гэж Ардчилсан намаас мэдээлжээ. Үнэн хэрэгтээ Ардчилсан намын идэвхтэн гишүүд, намын үүр хорооны дарга нар, дүүрэг, хотын намын хорооны ажилчид, дарга даамал нийлсэн Ардчилсан намын 30 мянган гишүүн дээрх жагсаалд “дайчлагдсан” билээ. 


    Тэрнээс биш “НӨАТ-ын буцаан олголтоо авчихсан шинэ цагийн монгол баячууд хар өвлийн хүйтэнд ҮХСЭН АЦАА хийж жагсаалд очих вэ дээ, зах л орно шүү дээ” гэж нэгэн кино найруулагчийн хэлсэн хоржоонтой үг үнэний ортой. 


    Хар өвлийн хүйтэнд хайрга чулуун талбайд хар бул чулуу үүрч жагссан /уучлаарай уншигчид аа, Ж.МӨНХБАТ даргыг дуурайгаад эрхгүй шүлэглэчихлээ/ Ардчилсан намын идэвхтэн гишүүд гэхдээ бас хоосон хоцрохгүй ээ. Жагссаныхаа төлөө 30 мянган төгрөг болон намын дарга С.Эрдэнийн Хандгайт дахь “Гурван тамир” амралтад гурван өдөр амрах эрхийн бичгээр шагнуулсан гэж байгаа. Дээр нь бас НӨАТ-ын буцаан олголтоо авна.


    Энэ жагсаалын хамгийн сайхан нь театрчилсан үзүүлбэрээс нь илүүтэй биднийг хуучны сайхан цаг үе рүү буцааж О.Магнай, Ж.Батзандан нарыг “үндсэн ажлын байр”-нд нь эргэн авч ирсэнд гүнээ талархмаар... 


     Энд нэг л хүн дутуу байсан нь өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөх хүртлээ дэвшсэн Г.Уянга. Хэдий биеэр морилж тулгын гурван чулуу болоогүй ч МАХН-ыг хамтран оролцуулах арын найруулга дээр амжилттай ажилласан гэж байгаа.  

   

    Жагсаалаас анзаарсан эхний дүгнэлт: МАН ЖАГСААЛ хийнэ гэж ГУРИЛДДАГ байж. 

 


    Хоёрдугаар дүгнэлт: АН ЗАСАГЛАЖ биш ЖАГСАЖ сурсан НАМ аж.  20 гаран жилийн туршлага гэж өөр юм аа!

 


    Гуравдугаар дүгнэлт:  О.МАГНАЙ, Ж.БАТЗАНДАН нарт Төрийн ордонд биш талбай дээр л орилж байх нь илүү зохидог юм байна.

 


   Дөрөвдүгээр дүгнэлт: Ирэх зуны наадмын нээлтийн концертын найруулагчаар О.МАГНАЙГ ажиллуулъя.

 


    Тавдугаар дүгнэлт: Ж.МӨНХБАТ АА, Та хэзээ ч жагсаалын ажилд МАГНАЙГ БАРАХГҮЙ ШҮҮ!!!   /”МАНжийн 9 эрүү, МАН-ын 9 татвар” сүүл холбож шүлэг бичээд ч амжихгүй шүү/.

 

 

 

 

 



 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Ац юм аа /43.242.243.207/

2018-02-03 14:32

Ац юм аа

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.