Монгол улс УЦС-аас татгалзахаар болсон уу? 

2018-02-03 12:47


  Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан цахилгаан станц барихаар төлөвлөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа ч хөрөнгө мөнгө, хөрш орны эсэргүүцэл зэрэг олон саад бэрхшээлийг туулж чадалгүй өнөөг хүрсэн юм.


 


  Сүүлийн жилүүдэд Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөн дээр  Шүрэнгийн УЦС баригдснаар нуурын  эко системд нөхөж болшгүй хор хохирол учруулна гэж үзсэн Оросын зарим экологчид, төрийн бус байгууллагууд Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох энэхүү төслийг хүчтэй эсэргүүцсээр байна. Тиймдээ ч Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын УЦС-тай холбоотой мэдээллүүд ар араасаа гарсаар байгаагийн дээр Оросын талаас манай талыг энэ төслөөс татгалзуулахын тулд олон санал тавьж байгаа. 


Тэдгээрийн нэг нь ОХУ-аас хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх явдал. 


  Энэ талаар өнгөрсөн оноос эхлэн Оросын хэвлэл мэдээллээр гарч, Монгол хямд эрчим хүч авахаар “шантаж” хийж байгаа гэх мэтээр бичиж, хүссэнээ авчихвал монголчууд УЦС барих төслөө татгалзана гэх байр суурь оросуудын дунд байсан нь нууц биш. 


  Тиймдээ ч Оросын албан ёсны байр суурь, тэр дундаа эрчим хүч нийлүүлэх асуудлаарх ОХУ-ын Эрчим хүчний яам болон Байгаль орчны яамных нь байр суурь ч хэвлэлээр тасралтгүй гарсаар байгаа юм.

 
  Хачирхалтай нь ийнхүү Оросын талынхны байр суурь хэвлэлээр дамжин олон нийтэд ил болчихоод байхад манай талаас “төсөл зогсоогүй”, “судалгаа явж байна” гэсэн бүрхэг хариултаар сэтгүүлчийн амыг хаасаар. Үнэн хэрэгтээ энэ асуудлыг Засгийн газрын түвшинд хариуцаад, мэдээлэл, байр суурь өгчих хүн үнэндээ байхгүй, Монголдоо том төсөл хэрэгжүүлж, УЦС барьчих юмсан гэсэн цөөн хэдхэн мэргэжилтэн л “шийдэгдээгүй, судлагдаад явж байна” гэж өөрсдийн горьдлого тээсэн ойлголттойгоор сэтгүүлчдэд хариулж суухад, олон нийтийн сүлжээнд хүмүүс хэлдэгчлэн өнөөгийн эрх баригчид энэ том төслийг Оростой нүүр тулан шийдчих зориг нь ч чадал нь ч хүрэхгүй байгааг илтгэсэн нэгэн мэдээлэл олж уншив. 

 


  ТАСС агентлаг “Орос, Монгол улс гуравдугаар сард болох Засгийн газар хоорондын комиссын хурлаар цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн мэдээ дамжуулжээ. Гарчгаас нь эхлээд харахад “нийлүүлэх боломжийг судлана” биш харин “нийлүүлэх асуудлыг судлана” гэж. Тэгэхээр, 2017 онд Путин Буриадад айлчлахдаа Монгол руу хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх боломжийг олон талаар судлах үүргийг Буриадын эрх баригчдад өгсөн, “Байкал” форум дээр Буриад улс нуураа хамгаалахын тулд илүүдэл эрчим хүчээ манай улс руу нийлүүлнэ гэсэн мэдэгдэл биеллээ олж, хөрсөн дээр бууж байгаа бололтой. 

 

 

  Саяхан Буриадын тэргүүн Алексей Цыденов Монгол улсад айлчилсныхаа дараа айлчлалын үр дүнгийн талаар албан ёсны цахим хуудсандаа нийтлэхдээ хоёр орны харилцааг бэхжүүлэхийн дээр эрчим хүчний асуудал дээр хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна билээ. 

 


  Харин манай тал “Цыденовыг алтан гадсаар шагнав”, “хоёр орон харилцаагаа бэхжүүлнэ” гэсэн “протоколын мэдээ”-ний хэдэн өгүүлбэр л амнаасаа унагасан гэхээс улс орны хөгжилтэй холбоотой, том төсөл гэж олон жил цээжээ дэлдэж буй УЦС-ын хувь заяаг “хямд цахилгаан эрчим хүчээр тулахаар болсон” талаараа ам нээгээгүй юмдаг. 

 


  ТАСС-ын мэдээг цааш уншвал, “Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс Байгал нуурын цутгал Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулахгүйгээр эрчим хүчний асуудлыг шийдэх үндсэн хувилбар болох Оросоос цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской мэдэгдлээ” гэжээ. 

 


  Орос эх сурвалжийн мэдээлснээр энэ хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

 
  Мөн Буриадын тэргүүн Алексей Цыденов “энэ хувилбарын давуу талын талаар \эрчим хүч нийлүүлэхийг хэлж байна\ Монголын талтай ойлголцолд хүрсэн” гэж мэдэгджээ. Эндээс харахад Цыденовын айлчлалын үеэр бараг л бүх зүйл шийдэгдчихэж. “Хувилбарын давуу талын талаар ойлголцолд хүрсэн” гэжээ. Оросоос ноён Цыденов асуудлыг ойлгуулахаар ирж, манай эрх баригчид ч ярьсныг нь сайтар ойлгосон бололтойдог. 

 


  Цыденов ТАСС-д өгсөн мэдээлэлдээ цаашлан “Монгол улс руу цахилгаан эрчим хүч нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ-ын Эрчим хүчний яам хэдийнэ бэлтгэчихсэн. Хөрш орон руу эрчим хүч нийлүүлэх хувилбаруудыг УЦС байгуулахаар Монгол улс төлөвлөж байгаа талаар мэдсний дараа л 2017 онд боловсруулж эхлэсэн” гэжээ. 

 


  Тэгэхээр, асууудал хэдийнэ шийдэгдсэн бололтой, эрчим хүч нийлүүлэх боломжийг судлах биш хэдийнэ судлачихаж. Эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийг ч хэдийнэ бэлдчихэж. Цагаан сар, Валентин, эмэгтэйчүүдийн баяр гээд биднийг сайхан найрлаж, олон нийт байтугай сэтгүүлчид ч сонирхож амжихгүй байх зуур УЦС-ын төсөл “умахум болж” мэдэх нь. 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

Зочин /202.21.106.165/

2018-02-05 14:00

УЦС-аа барих нь зөвөө. Мөн гол горхи болгоныхоо дагуу усан сан баривал аялал жуулчлал хөгжих, орчны уур амьсгалд эерэгээр нөлөөлөх тул аймаг сум суурин газар болгон үүнийг ажил хэрэг болгомоор байгаа юм.

Хариулах 0 0
Зочин /183.105.57.84/

2018-02-03 15:45

Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь МОНГОЛ улсын энэ тэргүүний зорилт шүү

Хариулах 0 0
т1 /202.179.26.254/

2018-02-03 13:31

ЭГИЙН ГОЛЫН УЦС ИЙН ТАЛААР ОРС ЭРДЭМТДИЙН ЭХНИЙ ШАТНЫ ДҮГНЭЛТ ГАРЧИХСАН. УСНЫ АЖ АХУЙД МЭДЭГДЭХҮЙЦ ХОР НӨЛӨӨГҮЙ ГЭСЭН БАЙНА ЛЭЭ. ЗАГАС ҮРЖИЛД ХОР НӨЛӨӨТӨЙ ГЭСЭН БАЙСАН. ОРОСУУД ШАХАЛТАА БАГАСГАЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ, ЮУ ДЭМИЙРЭЭД БИЧЭЭД БАЙГАА ШААР ВЭ

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.