100 жилийн өмнөх УХУУЛГА буюу эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ТЭМЦЭЛ 

2018-02-05 12:53
"Хоригдлууд, сэтгэцийн өвчинтэй хүмүүс болон эмэгтэйчүүд парламентын сонгуульд санал өгөх эрхгүй ”


     Кембрижийн их сургуулийн архиваас эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байсан үеийг харуулсан, 100 жилийн өмнөх суртал ухуулгын хуудсууд олджээ. Эдгээр зурагт хуудсууд дээр эмэгтэйчүүд тэгш эрхийн төлөө хэрхэн тэмцэж байсан, үүний тулд ямар саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай болж байсныг тод томруунаар дүрсэлсэн байна. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэе.  



  Кембрижийн их сургуулийн номын сангаас нэгэн хуйлаастай илгээмж олджээ. Бор өнгийн цаасан дээр илгээгчийн нэр байхгүй бөгөөд гагцхүү “Номын санчид” гэсэн бичиг байсан гэнэ. Энэ илгээмжийг 1910 он хавьцаа илгээсэн ч илгээмжийг нээж хараагүй, түүн доторх зургуудыг хэн ч олж хараагүй 100 гаруй жил болсон байна. 

 


  Ингээд, 2016 онд илгээмжийг олсон бөгөөд ХХ зууны эхэн үеийн, эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхийн төлөөх тэмцлийг илэрхийлсэн зурагт хуудаснуудын цуглуулга олноо ил болсон байна. Энэ зурагт хуудсуудыг тухайн үеийн, эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхийн төлөөх тэмцлийн хөдөлгөөний тэргүүн, хожим нь 1929 онд Лейборист намаас Британийн парламентад сонгогдсон Мерион Филлипс гэх эмэгтэй илгээсэн байжээ. Харин Филлипс юуны учир зурагт хуудсуудыг илгээсэн нь тодорхойгүй байна. 

 

 

  “Эдгээр зурагт хуудсуудыг цаг агаарын үзэгдэл, эсвэл улс төрийн сөргөлдөгчид урж тасдахаар хананд өлгөхөд зориулагдсан. Тиймээс эдгээр материалууд бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь үнэхээр ховор тохиолдол” гэж Кембрижийн их сургуулийн номын санч Крис Бегесс өгүүлжээ. 


  Зурагт хуудсуудаар гарагсан үзэсгэлэн 30 нас хүрсэн эмэгтэйчүүдийг санал өгөх эрхтэй болгосон Ардын төлөөллийн актыг Их Британид батласны 100 жилийн ойд зориулагдсан байна. 

 


  Кембрижийн их сургуулийн нэр хүнд өндөр тул эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх тэмцлийн зурагт хуудсууд дээр эмэгтэйчүүдийг эрдмийн цол зэрэг илтгэхүйц хувцастайгаар дүрсэлжээ. 


  Гэхдээ хотын боловсролтой эмэгтэйчүүд ч хавчлагад өртдөг байсныг зураачид тод томруунаар харуулсан байна. 

 


  Кембрижийн их сургуульд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Гертон болон Ньюнхем гэсэн хоёр коллеж байжээ. Энэ хоёр коллежд эмэгтэйчүүдийн сонгуульд санал өгөх эрхийн төлөөх тэмцлийн идэвхитэй нэгдлүүд үйл ажиллагаа явуулдаг байсан гэнэ. Хэдий тийм ч их сургууль энэ асуудлаас харьцангуй хөл хөндий байжээ. 


  XIX зууны сүүл үед эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг зөвшөөрөв. Гэсэн ч тэднийг сургууль төгсөхөд нь эрдмийн зэрэг олгодоггүй байжээ. 1897 онд энэ байдлыг өөрчлөх гэсэн оролдлого ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан байна. 

 


  Зарим зурагт хуудсууд дээр, эмэгтэйчүүд өөрсөдтэй нь шууд хамааралтай асуудлаар ч санал өгөх эрхгүй байгаад анхаарал хандуулсан байжээ. 


  Улмаар эмэгтэйчүүдэд юу хэрэгтэй гэдгийг зөвхөн эрчүүд л шийддэг байв. 


  Түүхч Люси Дилэпийн өгүүлснээр тухайн үеийн Их Британийн оршин суугчдын ихэнх нь эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгохыг эсэргүүцдэг байжээ. 

 


  Улмаар тэмцлийн хүрээ тэлж, “Санал өгөх эрхтэй байх нь гэр бүл, ажил, гудамжинд гээд эмэгтэйчүүдэд хамааралтай бүхий л салбарын нөхцөл байдлыг өөрчилнө” гэдгийг харуулах болсон гэж Дилэп өгүүлсэн байна. 


  Хэвлэмэл материалууд эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхийн төлөөх тэмцлийн ажиллагааны гол үндэс нь болж байв. 


   Өргөн хүрээг хамрахын тулд нүсэр гарчиг, том үсэг, гэрэл зургуудыг ашигладаг байжээ. 
1909 онд бүх нийтийг хамарсан тэмцлийн арга хэмжээ болов. Энэ үед Их Британийн Дотоод хэргийн сайд Герберт Глэдстоун өлсгөлөн зарласан хоригдол идэвхитнүүдийг хүчээр хооллох зарлиг гаргасан байна. 

 


 

  Энэ зурган дээр Их Британи, Английн билэгдэл болгон ашиглагддаг байсан Жон Балл дүрслэгджээ. 
Тэрбээр эмэгтэй хүний тусламжгүйгээр хооллож, хүүхдүүдээ асран, гэрийн асуудлуудыг ч шийднэ. Ийм байдлаар л Эдвардын эриний нийгмийн асуудлуудыг дүрсэлдэг байж. 


  Эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй байсан бол хүүхдийн нас баралт, чанаргүй боловсрол, ажилгүйдлийг шийдэж болох байсан гэдгийг энэ зурагт хуудсаар харуулахыг хүсчээ. 

 


  Хамгийн алдартай зурагт хуудсуудын нэг нь зураач Дункан Грантын зурсан ухуулгын хуудас юм. Энэ зураг дээр санал өгөх эрхтэйгийнхээ ачаар урагш ахиж буй амжилттай залуу эр, харин хажууд нь сэлүүрт завиар залуу эрхийг гүйцэхээр хичээж, давалгаа сөрөн буй эмэгтэйг дүрсэлжээ. 

 

 


  Тухайн үеийн Британийн хэвлэлийн өөр нэгэн алдартай дүр нь Партингтон хатагтай юм. Энэ эмэгтэй хүч тэнцвэргүй тулаанд “эмэгтэйчүүдийг санал өгөхийн эсрэг нийгэм” гэж бичсэн энгийн шалны модоор түрэн ирэх давалгааг зайлуулахыг оролдоно. 

 


Харин энэ зурагт хуудас дээр улс төрийн байгууллагуудыг дэмжихийг уриалжээ.

 

 
 

  Тухайн үед эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх хөдөлгөөнд илүү эрс шийдэмгий, зарим талаар хүч хэрэглэсэн арга хэмжээ хэрэгтэй эсэх дээр санал зөрөлдөж байжээ. “Зарим эрс шийдэмгий эмэгтэй идэвхитнүүд цонх хагалж, гольфын талбайг сүйдлэж, байшин галдахаас ч буцахгүй байв ” хэмээн түүхч Дилэп өгүүлсэн байна. 


  Нөгөө хэсэг нь мөн л хууль зөрчиж байв, гэхдээ “бүтээлчээр”, хүч хэрэглэлгүйгээр хууль зөрчиж байжээ. Тухайлбал, сонгуульд санал өгөх эрхтэй болох хүртлээ  хүн амын тооллогд оролцох, татвар төлөхөөс татгалзаж байв.

 

 


  Гэлээ ч бүхий л хүнийг эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх тэмцэгчдийн бүхий л үйлдлийг “тэрслүүд” гэж үздэг болсон байна. “Захын дунд, хайрцган дээр зүгээр л гараад зогсоход хүмүүс уур хилэнд автаж, түүн рүү муудсан ногоо шидлэх заримдаа бүр цагдаагийнхан барьж аван зодох ч энүүхэнд байсан” хэмээн түүхч ярьжээ. 

 


 

 

  “Бидний зэвсэг бол олон нийтийн санаа бодол” нэртэй эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх тэмцлийн хөдөлгөөний зурагт хуудсуудын үзэсгэлэн Кембрижийн их сургуулийн номын санд энэ сарын гуравны өдрөөс эхлэн дэлгэгдсэн байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.