Монголд цагаачлагч иргэдийн тоо 15917-оос хэтэрч болохгүй ч одоогоор 20717 цагаач байна

2018-02-06 14:41

 

    "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжлээ. 



 

    Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлд зааснаар Монголд цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа нөхцөлд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоодог. Одоогийн байдлаар цагаачлан амьдрах иргэдийн тоо 0.4 хувиас илүү гараагүй учир Засгийн газраас 2018-2020 он хүртэл Монголд цагаачлах иргэдийн тоог жилд 100-гаас дээшгүй байлгахаар тогтоолын төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн юм. Үүний дотор ОХУ, БНХАУ-ын иргэд тус бүр 30-аас дээшгүй, бусад улсын иргэд 40-өөс дээшгүй байхаар тусгаж, байршлыг заахдаа Улаанбаатарт 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэд 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байх санал оруулжээ.  

 

 

    2017 оны 12 дугаар сарын байдлаар манай улсад 119 орны 20717 иргэн байгаагаас 1959 нь 15 орны цагаач иргэд аж. Үүнээс 1250 буюу 63 хувь нь БНХАУ, 644 буюу 32.8 хувь нь ОХУ, 65 буюу 3.3 хувь нь бусад 13 орны иргэд юм байна. Нийт хүн амын тоо 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3 сая 183.485 байгаа бөгөөд дээрх хуулийн хязгаараар Монголд цагаачилж болох гадаад иргэдийн тоо 15917-оос хэтэрч болохгүй. Үүний дотор нэг улсаас 5411-ээс илүүгүй байх хуулийн хязгаартай юм.  

    Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд тусгаснаар цагаач гэдэг бол бусад оршин суугчдын ангиллаас статусын хувьд өөр байдаг аж. Цагаач гэдэг бол аливаа улс оронд орогнол хүсч байгаа хүн биш бөгөөд зүйрлэвэл Монгол Улсын иргэн АНУ-д ажиллаж, сурч амьдрахаар “Ногоон карт” хүсч байгаатай ижил явц ажээ. Цагаач иргэдийн онцлог нь төрөлх улс орныхоо иргэншилтэй байдаг. Цагаачлал гэдэг тэгэхээр ихэнхи иргэдийн ойлгодог шиг төрөлх эх оронгүй болно гэсэн үг биш юм. Харин цагаач иргэд одоо цагаачлан амьдарч буй орноосоо өөр улсад суралцахаар болвол цагаачийн статусаа хураалгаад, эргэн ирэхдээ сэргээлгэдэг заалттай гэнэ. Түүнчлэн цагаач иргэдийн дундаас төрсөн хүүхдэд манай улсын зүгээс цагаачийн статусыг автоматаар олгодог болохоос Монгол улсын иргэний төрсний гэрчилгээг олгодоггүй хуулийн зохицуулалт ч бас бий. Хуулинд Монгол улсад нэг жилд дээд тал нь100 гадаадын иргэнийг цагаачлан амьдрахыг зөвшөөрөх хязгаартай боловч практик дээр хэзээ ч дээд хязгаар болох гадаадын 100 иргэнд Монгол улсад амьдрах зөвшөөрөл олгож байгаагүй, хамгийн ихдээ л гэхэд 4-5 зөвшөөрөл олгож иржээ. Энэ нь Монгол улс гадаадын иргэн харъяатын асуудалд хатуу бодлоготой байдгийн нэгэн илрэл биз ээ.

Тэр хэрээр цагаачлах зөвшөөрлийн шалгуур ч өндөр байх нь гарцаагүй. 

 

    Жишээлбэл,дээд мэргэжилтэй, амьжиргааны түвшин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5 дахин их, гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй, ХДХВ/ДОХ зэрэг халдварт өвчнөөр өвчлөөгүй байх зэрэг шалгуурыг давсан тохиолдолд хянан хэлэлцдэг. Ерөнхий зарчим нь Монголд доод тал нь гурван жил оршин суусан хүнд цагаачлал олгодог ажээ. 

 

 

    Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлээрээ цагаачлал хүсэх тохиолдол ерөөсөө гараагүй гэнэ. Одоо байгаа нь олон жил суурьшсан, хоорондоо гэр бүл болсон иргэд л байдаг юмсанж. 
 

    Дээрх тоон баримтыг үндэслэвэл Монгол Улсын гадаадын иргэн харъяатын бодлого хатууд тооцогдохоор харагдаж буй боловч  хуулийн хязгаараар Монголд цагаачилж болох гадаад иргэд 15917-оос хэтэрч болохгүй заалттай өнөөдрийн байдлаар 119 орны 20717 иргэн цагаачлах зөвшөөрөлтэй амьдарч буй нь нэгийг анхааруулах ажээ.
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.