Г.Эрдэнэтунгалагийн нэг өдөр буюу “МИНИЙ СОНГОЛТ – МОНГОЛ БРЭНД”

2018-02-09 16:46

НЭГДҮГЭЭР САРЫН 27. Бямба гараг. Өглөөний 09:00 цаг. Тохирсон цагтаа МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг руу утас цохьж, уулзах газраа лавлалаа. /Үүнээс өмнө түүний ажлын нэг өдрийг сурвалжлах хүсэлтэйгээ хэлж, хугацаа товлосон нь энэ/  Хэдийгээр амралтын өдөр ч дуучин бүсгүй “Белла салон” дээр зураг авалттай гэнэ. Яваад очвол өөрийнхтэй нь нийлээд дөрвөн машинаас 10 гаруй хүн бууж ирлээ. Зургийн аппарат, хөл, гэрэлтүүлэг, бүүр скоч хүртэл барьсан хэтэрхий “их новштой“, эрчүүд голдуу энэ хүмүүс зургийн багийнхан аж. Тэднээс бор өнгийн ковбой малгай, гуталтай, хар жинсэн өмд, саарал богино нэхий өмссөн урт үстэй өндөр эрхэм нь найруулагч.Өөрөөр хэлбэл тэр энэ өдрийн “өнгө будгийг” тааруулах нэгэн гэнэ.  

 

 

"ӨНГӨӨР “ТОГЛОГЧИД”

/Энэ хэсгийг ингэж л нэрлэмээр санагдсан/

 

       Хоёр царайлаг охин, дунд насны эмэгтэйн хамт хүүхдийн 100, “Наран молл”-ын эсрэг талд орших Хэрлэн плазагийн үүдэнд ирж, дотогш орлоо. Уг плазагийн нэгдүгээр давхарт “Белла салон” ажиллах бөгөөд салоны захирал, стилист Беллад гоо сайхнаа даатгасан охид бүсгүйчүүд хэдэн цагаар хүлээж суухдаа ч төвөгшөөдөггүй гэнэ лээ.  Гурван бүсгүй салоны үүдээр ороход ресепшн тосон авч, мэндлээд цаг авсан эсэхийг лавлав. Мэргэжлийн артистаас зөвлөгөө авч, “гоёх” хүсэлтэйгээ хэлээд хувцсаа тайлж өлгүүрт өлгөлөө. Жижигхэн атлаа таатай мэдрэмж төрүүлэх энэ өрөөнд Өлзий, Сэдэд, Жанка, Сэргэлэн нарын артистууд ажиллаж байна. Гурван бүсгүйн дунд нэг эрэгтэй артист байх нь нүдэнд содон тусна. Ахиад артист бүсгүйчүүдийн нүүр будалтаас нүд салгамааргүй аж.  Ямар сайндаа сониуч зан “уруу татаад” нүүрээ яаж буддаг вэ  гээд хэрэгт дурлаж  орхив. Харин нүд хөмсөг болсон царайлаг бүсгүй “Өөрөө л будна даа” хэмээгээд цааш олныг ярьсангүй ажилдаа яаравчиллаа. Түрүүний үйлчлүүлэгч гурав томоо толины өмнө тухалсан учраас  тэр л дээ.  

 

 

    Энэ хооронд артист Б.Сэдэдээс “Эрэгтэй тогооч, үсчин олныг харсан. Харин артисттай таарч байсангүй “ гэвэл “Би хэл шинжлэлийн мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд өөрийгөө олох гэж олон зүйлийг хийж явлаа. Тэгсэн нэг удаа эгчдээ тусалж, гоо сайхны компанид нь ажиллах хэрэг гарсан. Дараа нь хийгээд үзмээр санагдаж, 2013 оноос илүү шимтэх болсон” гэнэ.

 

    Хэсэг хугацааны дараа нүүрээ будуулсан  гурав “үндсэн ажилдаа” гарахад бэлэн болжээ. Тэднийг тус салоны гол бүтээгдэхүүн“Star shot”, Францын “Мakeupforever”-ийн /тус салон Монголд дахь албан ёсны борлуулагч юм/ бүтээгдэхүүнийг ашиглан, ТРЕНД өнгө бүхий гэрэл сүүдэр, тень, уруулын будгаар /товчлоод л энэ / “гоёжээ”.  

 

 

 

 

 

БАЯРТАЙ ЭГО: Жил бүр тренд өнгө хувьсах агаад 2018 оны хувьд хөмсөг, гэрэл  сүүдэрт “өөрчлөлт” орсон  аж. Тодруулбал, битүү уусгалттай хөмсөгний будалт ард үлдэж, засаагүй мэт зэрлэгтэй хөмсгийг гоёд тооцох болжээ. Харин гэрэл сүүдрийн хувьд хамрыг донжийг нь олж нарийхан хоёр зураасаар өндөрлөдөг болсон байна. Бас будаагүй мэт будсан ТРЕНД хүчийг авч, ази бүсгүйчүүдийг залуу харагдуулах нууцын нэг болжээ. Ахиад нэмэхэд анхны уулзалтын үед нүүр будалт нь тухайн хүний талаар 20 хувь  хүртэл мэдээллийг өгдөг аж. Тиймдээ ч мэргэжлийнхэн “Таны нүүр бол таны нэрийн хуудас. Тэр хуудас  базсан байх уу, эсхүл дэлгэсэн цаас шиг цав цагаахан байх уу гэдэг эзнээс шалтгаална. Мэдээж нөгөө талд нь артистуудын ур чадвар яригддаг” гэж ярьж байна.

 

       Ер нь нүүр будалтын бүтээгдэхүүн бол тэр чигтээ л ӨНГӨ. Энэ нь хүйтэн, дулаан гэж хуваагдана. Мэдээж арьсны өнгийг ч ингэж хуваах бөгөөд монголчуудын ихэнх нь  дулааны “төрөлд” багтдаг. Будалт хийлгэсэн бүсгүйчүүдэд артистын сонгосон өнгөнүүд зохисон гэдэг ванлий. Кремний өнгө, хөмсөг, тенийн уусгалт, контур, хамрын хэлбэржүүлэлт, уруулын будаг гээд л.


     Эд бол Г.Эрдэнэтунгалагийн  хөтлөсөн  “Миний сонголт -Монгол брэнд“ нэвтрүүлгийн оролцогчид юм байна. /Дуучин бүсгүй энэ  нэвтрүүлгийг гурав дахь жилдээ хөтөлж байгаа аж/.Цагаан сарын өмнө гарах нэвтрүүлэгт дунд насны хос, хоёр бүсгүй, нэг хүү сонгогдсон аж.

 

 

 


МИНИЙ ХОТЫН ӨӨР АМЬДРАЛ

/Сурвалжлага ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ –аар солигдов /


Аяллын эхнийх нь мэдээж “Белла” салон. Эндээс “Мэйк апп гэдэг шинжлэх ухаан, урлаг болтлоо хөгжсөн энэ цагт мэсгүйгээр хүссэнээрээ ХӨӨРХӨН болох амархан болжээ. Мэйк апп-ийн 70 хувь нь арьс хамгаалах үүрэгтэй бол үлдсэн 30 нь стил имижийг бүрдүүлдэг. Мэдээж тухайн өдрийн стил имижээс шалтгаалан ямар өнгөөр, ямар будалтыг, ямар техникээр, ямар хэмжээтэй түрхэх үү гэдгийг зохицуулна. Товчхондоо өөрийн хамгийн гоё зүйлийг тодотгохыг нүүр будалт гэдэг” –ийг тэмдэглэн, дэвтрээ үүргэвчиндээ хийгээд гарлаа.


         Г.Эрдэнэтунгалаг ба зургийн багийнхан Таван шар өнгөрөөд 10 буудал тийш замдаа гарна гэнэ.  Үндэсний үйлдвэрлэгч СОР дээр зураг авалт үргэлжлэх ажээ.

 

       “Сор кашемир” нь  1998 онд түүхий эд бэлтгэл, худалдааны үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр ноос ноолуур боловсруулах, ээрмэл утас үйлдвэрлэх, сүлжмэл болон бэлэн хувцас үйлдвэрлэх, мөн гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани 100 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилдээ 200 орчим тонн тэмээний ноос, 40-50 тонн ноолуур, 30 гаруй тонн сарлагийн хөөвөрт боловсруулалт хийн, 100 хувь хольцгүй цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын 200 орчим жижиг, дунд сүлжих цехүүдийг ээрмэл утсаар хангадаг. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна ОХУ, Казакстан, Герман зэрэг орнууд руу экспортолдог аж.

 

 

БАЯРТАЙ ЭГО: Дэлхийн нөгөө захад баячууд МОНГОЛ САРЛАГИЙН ХӨӨВРӨН орон дээр унтах гэж 1,400 фаунд төлдөг. Харин ор худалдаж авах бол 70,525 фаундын үнэтэй гэж байгаа. Энэ ор Лондон хотын хамгийн алдартай "Savoy Hotel" зочид буудлын хамгийн тансаг зэрэглэлийн өрөөнд байх бөгөөд орыг Монголын хангайн бүсийн сарлагийн хөөврөөр хийжээ. Нэг орны матрасс буюу гудсыг хийхэд дөрвөн килограмм сайн чанарын хөөвөр ордог. Нэг сарлагаас жилд 100 грамм хөөвөр гардаг гэж тооцвол нэг гудсыг хийхийн тулд 40 сарлаг самнажээ. 


        Монгол сарлагийн хөөвөр нь ноолуур шиг зөөлөн, мярнуусан хонины ноосоос дулаахан бөгөөд үнэр, усны хамгаалдаг бөгөөд онцгой өнгөтэй байдаг.

 

“АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ” зураг авалт эхэллээ. Б.Эрдэнэтунгалаг: “Нэвтрүүлгийн оролцогчидтойгоо үндэсний үйлдвэрлэгч “Сор кашемир” ХХК дээр ирээд байна”...


КАШЕМИР ... Хэзээний танил үг л дээ. Уйтгар төрүүлэм ноолуурын өнгө, шошго нь өөр ч ижил загвартай өмд цамц, малгай ороолт заримдаа сонин биш санагддаг. Гэхдээ хөнгөн, дулааныг нь үгүйсгэх аргагүй.  

 

 


           Харин “СОР”-оос ӨӨРИЙГ харснаа фотогоор хуваалцаж байна. Ямартаа ч тээж ирсэн бодлоо тэр дор нь гээж орхисон юм.  Энэ брэндийн бүтээгдэхүүн агшиж сунахгүй, хэлбэрээ алдахгүй давхар сүлжиж хийдэг болохоор бөөсөрдөггүй гээд давуу тал олон аж. Бас дээр нь ӨНГӨ, ЗАГВАР ч таалагдав. Ахиад л “ӨНГӨӨР ТОГЛОГЧИД”-д тэднийг багтаамаар санагдсан учраас онцолж дэвтэртээ тэмдэглээд, үүргэвчээ үүрлээ.

 

 

      Цаг хэдийнэ 19:00 цаг болжээ. Зураг авалт амжилттай дуусч, Модны хоёр тийш замдаа гарлаа. Мөн л кашемирийн үйлдвэр аж.  Цагаан сар ойртсон, өөр бас амралтын өдөр таарсан учраас замын түгжрээнд саатсаны улмаас товлосон цагаасаа арай хожимдож очсон юм. Гэхдээ урьдчилаад ярьсан болохоор “Вест кашемир” ХХК-ийнхан үйлдвэртээ хүлээж суулаа. Дотогш орвол эртний танил Г.Төмөрхүү /тус компанийн гүйцэтгэх захирал/ эгч  багийнхныг угтлаа. Одоогоос олон жилийн өмнө дөө. Миний ажиллаж байсан сэтгүүлтэй хамтран ажиллаж, ТӨГС брэндийн ноолууран даашинз авч байсан нь одоо ч байдаг юм.

 

       Өнөө урт үст найруулагч болон зургийн залуучууд нүд ирмэхийн зуурт л  гэрэл, сүүдрээ тавьж,  камераа асаагаад байр байрандаа зогсчихож.

 


     

       “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ” гэх найруулагчийн дохиогоор Г.Эрдэнэтунгалаг:”Сайн байна уу, та сайхан өвөлжиж байна уу...” хэмээн яриагаа эхэллээ. Хэсэгхэн түүх хуучилж, камер эзэгнэсэн хоёр “Made in Mongolia” шошго бүхий бүтээгдэхүүнүүдийг танилцуулав. Өмнөх үйлдвэрийн адил тэмээ, хонины ноос, сарлагийн хөөвөр, ямааны ноолуураар  бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг юм байна. Мөн бүтээгдэхүүнээ Бельги, Япон, Солонгос, Казахстаны зах зээлд гаргадаг тухайгаа ярихад Г.Эрдэнэтунгалаг өлгүүр дэх нэг цамцыг авч,  “Японд гаргадаг загвар бил үү?” /өмнө нь энэ тухай ярьсан юм/ гэж асуувал  захирал ихэд сандарсан өнгөөр “Наадах чинь биш” хэмээн тэнд байсан олныг хайр, инээд хоёрыг зэрэг хүргэж орхив. Өөрийн эрхгүй эмээ өвөө, аав ээжийнхээ “соц үеийн хүмүүжлийг” олж хараад хайр хүрч билээ.

 

 

      Эднийхээс дэвтэртээ  дээлийг нь онцлон тэмдэглэсэн юм. Сор шиг өнгө  будаг, загвараар бодол өөрчлөөгүй ч  цаанаа л дулаан мэдрэмж төрүүлэх ноосон, ноолууран том /эрэгтэй, эмэгтэй/ , жижиг  /хүүхдийн/ дээлнүүдийг онцлохгүй орхиж чадсангүй. Бас хөвгүүдийн дээлийн хормойг уул, үүл, охидынхыг усан хээгээр гоёж, ханцуй дээр нь хаан, хатан бугуйвчаар билгэдэл шившин шаглажээ. Мэдээж хананд өлгөсөн олон шагналаас 2014 оны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээс Монгол дээлээрээ хүртсэн Гран-При шагнал содон тусна.


Үүнээс цааш олныг бичиж болох ч хойш тавив. Г.Эрдэнэтунгалаг, түүний сонгосон “Миний сонголт – Монгол брэнд” нэвтрүүлгийн оролцогчдын амилуулсан “загварын тайз”-ыг тольдох  хэрэгтэй.

 

 

 

 

ШИНЭЭР МЭНДЛЭХ -  ГАЛ БРЭНД

 

      “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ”: Сургуулиа төгсөөд 35 дахь жилдээ улсад ажиллаж буй Ж.Батбилэг захирал /“Глобаль аппарел лимитед” ХХК-ийн гүйцэтгэх захирал юм/ хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 12 жилийг зориулжээ.

 

 

     Тэрээр “Мэдээж , юм бүтээх гэж яваа хүн чинь өөрийнхөө хийж байгаа зүйлийг хараад жаргал эдэлж явах юм. Ажил хийж явахад янз бүрийн саад бэрхшээл байх л даа. Үнэндээ хэдэн жилийн өмнө бол хэцүү л  байлаа. 1993 онд санагдаж байна. Өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ Дэнжийн мянгын зах дээр борлуулаад зогсож байсан хоёр хүн ихэд сонирхоод бүүр авахаар болсноо “Made in Mongolia” гэдгийг харчихаад тавиад явчихаж билээ. Монголчууд юм хийж чаддаггүй гэсэн сэтгэлгээ нэг хэсэг явсан нь үйлдвэрлэгч бидэнд зовлон болсон удаатай. Гэхдээ манай хэрэглэгчид нэг үеэ бодвол үндэсний бараа бүтээгдэхүүнээ авдаг, хэрэглэдэг болсон нь сайхан шүү. Энэ нь үйлдвэрлэгч бидэнд үзүүлж байгаа дэмжлэгийн нэг хэлбэр юм. Цаг хугацааны хувьд ч сайхан цаг ирж байна. Тиймээс зөвхөн Монголдоо биш гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, Монголын “ГАЛ”  брэндийг таниулахыг хүсч байна. Оёдлын салбар сүүлийн 20 жил уналтын байдалтай байсан.  Энэ хугацаанд айхтар өндөр технологи, чадвар шаардаггүй, ажлын хувцас хийсээр ирлээ. Яг мэргэжлийн хүний ур чадвар харуулах боломж хязгаарлагдмал байлаа. Харин бид дэлхийн зах зээлд гарахын тулд технологи хийгээд мэргэжлийн хүмүүсийн ур чадвар өндөр байх шаардлагатай цаг үе ирлээ.  Мэдээж бүтээх шунал их байна. Манайд сургууль төгсөөд ганцхан жил болсон охин хоёр ч пальтог гаргачихсан байгаа нь залууст ирээдүй байна. Тэдэнд зөвлөгөө өгөх  ахмадууд ч байна. Технологи, ажлын байр, даавуу түүхий эд нь байна. Одоо гадагшаа гарахад гологдохгүй” хэмээн дуучин бүсгүйтэй ярилцсан юм.

 

 

 

БАЯРТАЙ ЭГО: Өнөөдөр монголын ноос ноолуурын салбарт иж бүрэн цогцолбор том үйлдвэр-15, анхан шатны боловсруулах үйлдвэр -23, сүлжмэлийн ЖДҮ-58,өрхийн жижиг цех -150 гаруй ажиллаж байна. Энд  нийт 10.0 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас эмэгтэй нь 90 гаруй хувийг эзэлдэг. Насны хувьд 35 хүртэлх насныхан 80 хувь нь байгаа юм. Өнгөрсөн 2017 оны эхний 9 сарын байдлаар энэ салбарт үйлдвэрлэлт - 900 гаруй тэрбум, борлуулалт – 758,9 тэрбум байж, экспортод  самнасан ноолуур - 427,1тн /71,1тэрбум.төг/, угаасан ноолуур-5235 тн /493,7 тэрбум.төг/, эцсийн бүтээгдэхүүний - 530мян.ш /104,7 тэрбум.төг/, дотооддоо 89,4 тэрбум.төгрөгийн борлуулалтын тус тус хийжээ.

 

        Хоёр жилийн өмнө Дэлхийн түүхий ноолуурын хэрэгцээний 40-45 хувийг Монгол улс бүрдүүлдэг бол 50 хувийг нь БНХАУ, үлдсэн 10 хувийг Иран, Афганистан улсууд нийлүүлж байсан энэ тоо өнөөдөр ч нэмэгдсээр байгаа юм.

 

 


ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭСЭН “BLUE SKY”-ИЙНХАН

 

Энэ бол “хар” баримтат кино:

“....Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн... 
гэж дуу эгшиглэх бөгөөд үйлдвэрийн нүргээнд “Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Жанибеков нарыг бригаддаа хүндэт ажилтнаар бүртгэн авч, тэдний ажлыг орлон хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна” гэж хөтлөгч уншина... Дал, наяад оны хүүхдүүдэд  энэчлэн баримтат кино бол хэзээний танил.  Тухайн үедээ “амтыг” нь мэдрээгүй давилуун, танхил бага насны маань нэгэн хэсэг болж, хомжоо ийн сайхан дурсамж болж үлдэнэ чинээ яахан санах билээ.

 


НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. Энэ удаад тэр дурсамжийг “БЛЮ СКАЙ”-гийхан сэдрээж орхилоо. Өөрөөр хэлбэл машины их нүргээн, түүний ард суух ижил халат бүхий ажилчид, хэдэн метрээр урсах ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд гээд яг л  дээхнэ үеийн кинонд гардагчлан дүр зураг тэр дорноо л нүднээ буув. Тус компанийн тухайд Монголын ноолууран бүтээгдэхүүний дотоод зах зээлд тэргүүн байр суурь эзэлдэг үйлдвэрлэгчдийн нэг юм. Хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат өндөр хүчин чадалтай Германы Stoll, Sheller, Японы Shima Seiki, Английн Бентли, Jon Laurie, Италийн Somet, түүнчлэн Savio, Stallam зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд техникийн мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар тэдний онцлогт тохируулж тусгайлан бүтээжээ.

 

“Блю Скай Кашемир”нь:

 

• Будах цех 550 кг ноолуур, ноос, ээрмэлийг нэг удаа будах төхөөрөмжтой.
• Ээрэх үйлдвэр 300 тонн ээрмэл жилд үйлдвэрлэнэ.
• Сүлжих үйлдвэр 400 мянган ширхэг сүлжмэл жилд үйлдвэрлэнэ.
• Нэхэх үйлдвэр 600 мянгаас 1 сая уртааш метр нэхмэл жилд үйлдвэрлэх хүчин чадалтай юм билээ.

 

      Дуучин бүсгүйг үйлдвэрийн хаалгаар ороход л ажилчид нь хүндэтгэлтэйгээр угтан авч, гар барьж мэнд мэдэцгээнэ. Гарах үед хамтдаа дурсгалын зураг татуулсаар үлдсэн.

 

 

 

 

 

      

 

          Зураг авалт тус үйлдвэрийн нэхэх цехээс эхэлж, гүйцэтгэх цехэд үргэлжилж, Л.Одгэрэл захирал үйл ажиллагааныхаа тухай танилцуулна. Зөвхөн нэхэх үйлдвэр нь нэхэх, гүйцэтгэх цехэд хуваагдах бөгөөд гүйцэтгэхийн  нийт 1296 м2 талбайд 12 машин байрлах бөгөөд 12 хүн ажиллана. Харин үйлдвэр нийт 140 орчим ажилтантай, ажлын цаг 08:00-17:00 хүртэл үргэлжилдэг. Байгуулагдаад удаагүй тэд яваандаа 480-уулаа болж, гурван ээлжээр ажиллах төлөвлөгөөтэй юм.
50, 60, 70 метрээр ноолууран, болон ноосон даавууүйлдвэрийн машинаас алгуурхан урсан гарна.Биднийг ороход шаргал өнгөтэй ноолууран шааль үйлдвэрлэж байсан бөгөөд хүрч үзвэл зөөлөн гэж жигтэйхэн. Сүрдмээр бас өөрийн эрхгүй бахдал төрмөөр ч юм шиг. Саяхан эднийхэн Солонгосын захиалгаар ороолт үйлдвэрлэсэн бол Арабын  баячууд адуундаа зориулж, цэвэр ноолууран 180:200-гийн хэмжээтэй 100 ширхэг морины нөмрөг захиалан хийлгээд авчээ. Яваандаа дэлхийд тэр дундаа шалгуур өндөр хөгшин европчуудыг байлдан дагуулах нь тэдний зорилгын нэг хэсэг. Эдний гадаад харилцаан дээр Шотланд маркетингийн менежер ажилладаг юм байна.


      Зураг авалт дуусаад үйлдвэрийн үүдэнд дуучин Эрка сэтгэгдлээ үзэгчидтэйгээ хуваалцах хэсгийн зургийг авлаа. Үүний өмнөхөн “Хоёр жилийн өмнө нэвтрүүлэг хийж явахдаа Монголдоо даавууны үйлдвэртэй болохсон гэж ярьж байлаа. Тэгвэл өнөөдөр тэр яриа биеллээ олжээ” хэмээн бахдангуй ярихаас үзвэл сэтгэл ихэд хөөрсөн бололтой. Тиймдээ, урлагийн хүний сэтгэлийн “түргэн өөрчлөлт”-ийг бусадтай харьцуулалтгүй шүү дээ. Ямар сайндаа нэг өгүүлбэрт хэд хэдэн удаа ҮНЭХЭЭР САЙХАН гэж хэлээд  найруулагчаас сануулга авч, сүүлдээ сандарч, “Олон хүн зэрэг хараад” хэмээн уурлах, эрхлэхийн завсар үг чулуудлаа. Гэсэн ч зураг авалтаа амжилттай дуусгаад гарч явахдаа зургийн хэд “Тахиа жилтнүүд ингэдэг хойно доо” хэмээн хоорондоо хөгжилдсөөр хооллох газрын зүг хөдөллөө.

 


БАЯРТАЙ ЭГО: Нэгэнтээ Италийн тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Брүнелло Кучинелли" компаний үүсгэн байгуулагч Брүнелло Кучинелли 30 жилийн өмнө Монголын хөдөө нутгаар аялан явахдаа өөрийн бизнесийн санааг олжээ. Энэ тухайгаа “Би төдийлөн аялах дургүй ч Монгол миний бодлыг өөрчилсөн. Төрсөн нутгаасаа хэдэн зуун бээрийн цаана очоод төрсөн нутаг шигээ мэдэрнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Монгол надад тийм л санагдсан. Нүүдэлчин ард түмний хэдэн мянганы үүх түүх бэлчээрийн малд ч нэвт шингэсэн байдаг. Эрс тэс уур амьсгалтайгаас -30 градуст малын ноолуур нарийн чигжиж, байгаль эх өөрөө өндөр чанарыг урладаг нь үнэхээр гайхамшигтай. Монголын тэнгэр лүү нэг ширтээд үзээрэй. Цэлмэг тэнгэр лүү ширтэхэд амьдрал арай өөрөөр харагддаг юм. Яг л салхины эх орон гэлтэй." гэж Брүнелло Кучинелли сэтгэгдлээ хуваалцсан нь бий. Өнөөдөр "Брүнелло Кучинелли" компани Европын зах зээлд "магнат" гэгдэх байр суурьтай нэгэн болж амжсан. Анх зөвхөн эмэгтэй бэлэн хувцас гаргадаг байсан бол одоо бүх төрлийн эрэгтэй, эмэгтэй хувцсаас гадна эд материал ч экспортолдог бөгөөд нэг ноолууран цамц нь л гэхэд 3000 ам.долларын ханштай. Тэгвэл МОНГОЛЧУУД бидэнд Итали эрийг дэлхийд энд хүргэсэн БҮХЭН байна. Манайхан ч Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлийг хүсч байна.


Тийм ээ, СЭТГЭЛ ХҮРСЭН ГАЗАР БИЕ ХҮРНЭ.

 

 

БИЛГЭДЭЛ, СЭТГЭЛ ШИНГЭЭСЭН ДАРХЧУУДЫН “ГАЛ ТОГОО”-ноос...

/Илдэн бэйлийн хошууны уран Нацагийн удмынхан/


       Дуучны маань ажлын нэг өдрийн сурвалжлага даваа гарагт ч үргэлжилсэн. Түүний багийнхан Амгаланд байрлах уран Нацагийн удмынхантай уулзах, зураг авалтад гарцгаалаа.


      Өрхийн үйлдвэрлэлээс бизнесийн гараагаа эхэлсэн “Нацагийн уран удам” ХХК нь 2012 онд байгуулагдсан бол өнөөдөр 20 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд зах зээлд 50-60 загварын арьсан гутлыг /гоёлын, ажлын/ хэрэглэгчдэд нийлүүлдэг байна.

 


Компанийн захирал Б.Самбалсанжид: “Төрсөн нутгаараа /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум/ явж байхад нутгийн хөгшчүүл манай ээжийн эмээгийн талд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны уран Нацаг гэж нутаг орондоо нэртэй нэгэн байгаад хаад, ноёдын гутал хувцсыг хийдэг байсан тухай түүх хуучилж өгсөн.  Үүнийг сонсоод өвөг дээдсээ хүндэтгэн, ирээдүй хойчдоо ч   Нацагийн удмын нэрийг өндөрт өргөж явахыг бэлгэдэн ийн нэрийдсэн” хэмээн сонирхууллаа. Мэдээж үндэсний гутлын хувьд орчин үеийн загвартай хослуулан хөлд эвтэйхэн, хөнгөхөн байхын сацуу зөвхөн Монгол хүний хөлийн онцлог тохируулан хэвээ /хөлийн нум, подъем, өргөн нарийнд нь тааруулан/ нэгбүрчлэн гаргадаг байна. Хэний ч хүссэн гутлыг хүссэн загвараар нь хийж чадна хэмээн нүүр бардам өгүүлэх энэ хамт олон гутлаа Испани, Өвөрмонгол, ОХУ,  АНУ-д тус тус захиалгаар нийлүүлдэг бол эх орондоо 18 аймагтаа борлуулдаг.  

 

    Энд сонирхуулахад, Бурхан багшийг ном хураад сууж байхад матар толгойтой, загасан биетэй амьтан далайгаас толгойгоо цухуйлган гарч ирээ анхааралтай сонсчээ. Үүний дараа Бурхан багш өнөөхийг залж авчраад өөрийн манаачаа болгосон домогтой. Үүнээс үүдээд хамгаалалтын бэлгэдэл бүхий матрын толгойг гуталны хээндээ оруулсан нь сонин санагдсан учраас ийнхүү хуваалцлаа. Мэдээж, энэ мэтээр гутал бүхэн өөр өөрийн онцлогтой.

 

 

 

 

 

 

     БАЯРТАЙ ЭГО: Нэгэнтээ Францын нэрт жүжгийн зохиолч М.Ашар хүн аз жаргалтай байхад хоёр зүйл хэрэгтэй. Тэр бол эвтэйхэн ор, сайхан гутал гэсэн байдаг. Түүхийн хуудсанд гуталны тухай олон сонирхолтой баримт бий. Тухайлбал, сэргэн мандалтын үеэс хойш эрчүүдийн дунд урт түрийтэй гутал гангараа болсон. Харин эмэгтэй хүний гутал илүү гоёмсог болж, торго, хамба хилэн зэрэг материалаар гутал хийдэг болжээ. Харин гутал сонголттой болсон үе  XVIII зууны сүүлчээс эхтэй. Өөрөөр хэлбэл гутлыг размер хэмжээтэй хийдэг болсон байна. Түүнээс 100 жилийн дараа анхны гутлын үйлдвэр нээгдэж түүхтэй байдаг юм билээ.

 

“АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ”. Ахиад л зураг авалт. Энэ удаад “Зоос одон тэмдэг” ХХК дээр үргэлжилж байна. Тус компани нь 1998 оноос хойш үнэт эдлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа бөгөөд зоос, гоёлын үнэт эдлэлийн бараа бүтээгдхүүнийг зах зээлд нийлүүлдэг юм.

 

 

 

 

 

 

 

Нэмж сонирхуулахад, Монгол дархчуудын бүтээн туурвих уламжлалт сонгодог арга барил нь дотроо бүс нутгийн болон урлах арга барилаасаа шалтгаалсан олон хэв маяг, хийц загварын ялгаатайгаар уламжлагдан иржээ. Тухайлбал Монгол даяар нэрд гарсан Батноров, Дарьганга, Боржигон, Ноён Сэврэй, Далайчойнхор вангийн гэх зэрэг олон хийцийг дурдаж болно. Эдгээр нь тухайн бүс нутгийн ард түмний зан заншил, голлон эрхлэх аж ахуй, өв соёл, оюун сэтгэхүйн онцлогтой уялдан өөр өөрийн өвөрмөц донж төрхийг хадгалсан байдаг. Дархчууд эртнээс хайлах, давтах, хэлбэх, ширээх, ширгээх, хөөх,зүсэх, цутгах, гагнах цувих, эрчлэх, сийлэх, жийжүүдэх, хатаах, шарах, өнгөлөх, хээлэх, харлуулах, цоолборлох, зорох зэрэг уламжлалт арга барилыг чадварлаг эзэмшсэн хүмүүс байсан. Монгол дархчууд бүтээлийн эх загвар зураг болон дарханыхаа бүх төрлийн багажийг өөрсдөө хийдэг баялаг уламжлал туршлагатай байсан билээ.

 

 

НОХОЙН ДУУ ОЙРТОЖ БАЯР ТӨРҮҮЛСЭН МӨЧ


        Эхний өдөр сонгосон “Миний сонголт – Монгол брэнд”нэвтрүүлгийн оролцогчид сар шинийн гоёлоо өмсөж, дурсгалын патиараа татууллаа.

 

 

Үүний дараа дуучин Г.Эрдэнэтунгалагтай цөөн хором ярилцаж амжсан юм.

 

 

 

  ГАДААД ЮМ ХЭРЭГЛЭХГҮЙ ГЭЖ ӨӨРТӨӨ ҮҮРЭГ БОЛГОСОН

 

 


ESA:  Амралтын өдөр ч ажиллалаа. Энэ ямар зорилготой нэвтрүүлэг вэ?

        -Тийм ээ, урдаас төлөвлөсөн ажил учраас амралтын өдөр гэлгүй зургандаа явж байна. Монгол хүний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажлын нэг нь”Миний сонголт - Монгол брэнд” нэвтрүүлэг байгаа юм.  Гурав дахь цагаан сартайгаа золгож байгаа энэ нэвтрүүлгээ би өөрөө хөтөлдөг. Мэдээж уран бүтээлч дуучин Г.Эрдэнэтунгалаг гэдгээр хүмүүс мэднэ.Гэхдээ нас явж байна. Ганцхан өөрийнхөө төлөө явах биш, энэ улсын иргэний хувьд эрх эдлэхээс гадна үүргээ хүлээх ёстой шүү дээ. Иймээс өөрийн боломжийг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсдэг. Тэр тусмаа цагаан сарын өдрүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гадагшаа урсах мөнгөний урсгалыг зогсоохсон гэж бодсон хэрэг юм.

 

 

ESA:  “Ханьсахын жаргал” дуунаас  хойш олон жил өнгөрчээ. Өөр Г.Эрдэнэтунгалагтай уулзаж байгаа мэт санагдаж байна?

        - “Ханьсахын жаргал”-ыг 2003 онд дуулж байлаа. Түүнээс хойш 15 жил өнгөрчихжээ.Би чинь мэргэжлийн дипломтой дуучин мөртлөө зөвхөн нийтийн дууны урлагт энэ он жилүүдийг зориулсан байна. Өнгөрсөн удаад 11 удаа бие даасан тоглолт хийснээс хамгийн сүүлд “Түвшинбаяртай яваарай”-гаа нийтийн дууны залуустай хамтран хийсэн. Энэ бол хаалтын тоглолт байлаа. Өөрөөр хэлбэл нийтийн дууны хувьд “хаалтаа” хийсэн юм. Мэдээж дуугаа дуулна. Гэхдээ ямар нэгэн ашиг олох зорилгоор нийтийн дууг ашиглаж, тоглолт хийхгүй ээ гэж өөртөө амласан. Тэрнээс дуулах, үгүй тухай бол миний асуудал байхаа больсон шүү дээ. Миний хоолой бол түмний өмч учраас би ганцаараа дур мэдэж дуулахгүй ээ гэж хэлэх учиргүй. Ер нь миний ч юм гэж байдаггүй гэсэн. Миний эцэг өвгөдийн хураасан буян явсаар азаар энэ цаг үед надад ирсэн нь энэ байж. Тэгэхээр би ганцаараа ашиглаад, ганцаараа сайхан амьдраад байж болохгүй юм. Нөгөө талаас би мэргэжлийн диплом өвөртөлсөн дуучин хүн шүү дээ. Тэр утгаараа хөгжиж дэвших ёстой гэж үзээд романс дуулж, тоглолт хийнэ гэж төлөвлөсөн. Романс бол дуурийн аринуудаас нэг шат доор, бадгийн дуунуудаас нэг шат дээр байдаг юм. Харин эндээс олсон орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна.

 

ESA: Нэвтрүүлэг их нөлөөлжээ?

         - Хүн чинь өөрт тулаад ирээгүй бол аливаа юмыг анзаарахгүй өнгөрөх нь олон байдаг аж. Тэр үедээ зүгээр л даган дуурайгч байдаг шиг байгаа юм.Амьдралын хэрэгцээгээ хангачихаар “боллоо доо” гээд л сэтгэл ханачихдаг.  Харин 2016 онд сонгуульд  өрсөлдсөн маань өөрөө өөрийгөө дахин шинээр нээх боломжийг олгосон. Эндээс Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тэдний гүнд орж, жаргал зовлонг нь хуваалцахыг хүсэх болсон. Би чинь одоо гадаад юм хэрэглэхгүй гэж өөртөө үүрэг болгосон. Европ хувцаснуудаа бусдад өгөөд, нэг гутал, даашинз, хүрэмтэйгээ л үлдсэн.  Монгол үндэсний дээл хувцсыг өмсөөд явахаар цаанаа л нүүр бардам явдаг шүү, тийм ээ.  Хэзээ манайхан машин хийх бол. Тэгвэл хамгийн түрүүн солино доо гэж боддог. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хэрэгцээнээсээ гадна экспортонд 3 сая биш 30 сая, 300 сая хүнд хүргэж байж хөгжинө. Энгийнээр ярьвал амьдрал ч тийм шүү дээ. Хоёр хүн гэрлээд аажмаар өгссөөр машинтай, байртай болдог. Улс ч үүнтэй адилхан. Хөгжлийнхөө замд туулах ёстойгоо туулж байна л гэж би боддог.

       Ганцхан жишээ татъя л даа. Удахгүй болох цагаан сарыг Монгол улсын 870 мянган өрх тэмдэглэдэг. Тэгвэл эдгээр өрх энэ өдрүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд гарын бэлгэндээ л монгол бүтээгдэхүүнийг сонгоё. Мэдээж олон дунд чанаргүй юм байлгүй яахав. Чанаргүй гэж гололгүйгээр хэрэглээд  сурчих хэрэгтэй. Энэ бол улс орны эдийн засаг, хөгжлийн бодлоготой уялдахаар том асуудал. Бидний сонголт эх орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.

 


ESA: Өчигдөр “Блю Скай Кашемир”дээр очоод сэтгэл их хөдөлсөн харагдсан?

      - Манайхан үндэсний үйлдвэрлэгч, үндэсний үйлдвэрлэл гэж ярьж байгаа ч түүхий эдээ дандаа гадаадаас авдаг.Нэг ёсондоо импортын бүтээгдэхүүн заавал оролцдог байлаа. Нэвтрүүлэг эхэлсэн жил бид “Exclusive” компанийн Майцэцэг захиралтай ярилцахад “Дотооддоо үйлдвэрлэдэг даавуутай болчих юмсан” гэхэд “Болно оо болно” гэж ярьж байсан. Харин “Блю Скай Кашемир”компанийнхан 10 гаруй жилийн өмнөөс Монголын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн буюу даавуу, драп, ноолуур, ноосон драп болгоод дэлхийн зах зээл дээр буюу экспортонд гаргана аа гэж том зорилго тавьж ажиллаж буйгаа ярьж байсан нь саяхан. Харин  өнөөдөр ярьж байснаа ажил болгосон байхыг хараад баярлахгүй байхын аргагүй байлаа. Нэг тийм үг байдаг шүү дээ. Хувь тавилан гэдэг бол хөдөлж болдоггүй үнэн. Хувь заяа гэдэг бол хөтөлж болдог үнэн гэж. Санаа сайн бол заяа сайн ч гэдэг. Энэ үгнээс үүдээд бодохоор хүн учиргүй хүнтэй ерөөсөө найзалдаггүй, учиргүй ямар нэгэн шийдвэрийг дур мэдэн гаргадаггүй. Хэн нэгэнтэй уулзаж ярилцахад дараагийн ажлын санаа төрдөг. Тэр нь эргээд явсаар ижил “хувь тавилантай” хүмүүстэй учруулсаар нэг том баг болгодог гэж боддог. Үнэхээрийн сайхан юм харахаар хүн толгой сэгсрэх ч юм уу, шогшрохоос өөр үггүй болдог доо. Тэр үед надад хэлэх үг олдохгүй байсан.Гэхдээ энэ бол яг энэ цагт төрж байгаа бодол. Магадгүй 30 жилийн дараа юу гэж яриад суухыг одоогоор мэдэхгүй л дээ.

 

 

ESA: Гэхдээ манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр сонголтгүй, чанар муу хэрнээ үнэтэй гэлцдэг. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

- Үнэтэй ч байсан, чанаргүй ч байсан бид хэрэглэх л ёстой юм байна. Мэдээж шаардлага бол тавина шүү дээ. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн цагт чанар яригдана уу гэхээс лангуун дээр байгаа бараа бүтээгдэхүүнүүдээс яаж чанар харах юм бэ. Нөгөө талаар, тухайлбал манай урлагийнхан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар нэмэр оруулж болох вэ. Тухайлбал, миний яриа /“Блю Скай Кашемир”дээрх яриа/ танд хүрсэн, та анзаарсан байна шүү дээ. Тэгэхээр яг л тийм мэдрэмж төрөх хүртэл клип хийх ёстой юм. Мэдээж энд олон хүний хүч хөдөлмөр, төрийн бодлого ч бас хэрэгтэй. Анх Жавхааг дээлээ өмсөөд, уламжлал яриад явахад үнэндээ би ч “Энэ маань солиорч байна даа л” гэж бодож байлаа. Тэгвэл өнөөдөр түүнийг хар. Ингэж үзэл бодолдоо үнэнч байж, тэрийг үлгэрлэх хэмжээнд өөрийгөө авч явна гэдэг маш том хариуцлага. Энд л түүний философи явж байна.


       Энэ ажлыг ингээд хийгээд явахаар мэргэжлийнхэнтэй уулзах шаардлага гарах юм. Ингээд ярихаар биднээс доогуур бодолтой хүмүүстэй таараад гутамшиг төрөх нь ч бий. Тэр бол аймаар. Болоогүй намайг юу гэж загнасан гээч. “Чи яагаад төрийн ажил хийгээд байгаа юм бэ” гэсэн. Би шоконд ороод л гарсан.

 

ESA: Та болон таны ард ажиллаж байгаа багт амжилт хүсье. БАЯРЛАЛАА.

 

 

ESA: - Ингээд урт аялал өндөрлөлөө. Амсхийх зуураа өмссөн хувцаснаасаа “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” шошго байна уу хэмээн өөр рүүгээ нэг өнгийв. “Янмал”-ын тэмээний ноосон оймсноос өөр байсангүй. Өөрийн эрхгүй нэг зүйл бодогдсон шүү.

 

     Харин Г.Эрдэнэтунгалаг ээж аавынхаа уран бүтээлийн “Шилдэг хитүүдийг” эгшиглүүлсээр машинаа асаан гэрийн зүг хөдөллөө. Харин зургийн багийнхан ийнхүү их ажлынхаа ард гарсан ч “арын ажилдаа” яаравчилав. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.