Ц.Цэндпүрэв: КОНТЕМПОРАРИ урлаг бидний ЗАЙЛСХИЙДЭГ ҮНЭНИЙГ харуулдаг

2018-02-13 14:05
"...УРЛАГ гэдэг чинь нэг үг, нэг тодорхойлолт ерөөсөө биш..."

 

    Контемпорэри урлагийн тухай 10 цуврал лекц тавихаар бэлтгэж буй Монгол дахь Контемпорэри урлагийн сургалт, судалгааны  “Ванжил”  төвийн захирал, доктор Ц.Цэндпүрэвтэй ярилцлаа. 




 
     ESA—Уран бүтээлч Ц.Цэндпүрэв гэж хэн бэ? Энэ хугацаанд өөрийгөө хэрхэн боловсруулж, юуг хийж бүтээсэн бэ гэдэгт хамгийн тодорхой хариулт өгөх хүн бол та өөрөө байх?

     —Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангийг 2002 онд зураач мэргэжлээр төгссөн.  Сургуулиа төгсөөд “Фотомон”  агентлагт нэг жил орчим дагалдан зурагчнаар ажиллаж, анх удаа гэрэл зургийн аппарат барьж үзсэн. Тэр үеэс гэрэл зурагт ихээхэн сонирхолтой болсон түүхтэй. 

    Би урлагийн хүн учраас зөвхөн зураад ч юм уу, эсвэл гэрэл зураг аваад өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй гэдгийг ойлгосон. Тиймээс 2003  оноос гадаадад сурах талаар хөөцөлдөж эхлээд, 2004 оны намар  Их Британи улс руу Контемпорэри урлагийн Бүтээлийн магистрантурт явсан. Ер нь уран бүтээлч хүн л энэ төрлөөр магистрын зэрэг хамгаалдаг гэж ойлгож болно.Яг бүтээл дээрээ суурилж туурвих, түүнчлэн бүтээл хийх ур чадварыг онолтой нь эзэмшдэг учраас цэвэр уран бүтээлчид л энэ чиглэлээр зорьж суралцдаг гэсэн үг. Би 2005 оны  сүүлээр магистраа хамгаалсан. Гэхдээ магистраар суралцсан 1 жил гаруйн хугацаа  маш бага санагдсан учраас цаашлаад Бүтээлийн докторантурт элсэн улам лавшруулж сурсан. 2012 оны намар нутагтаа буцаж ирээд Монголд бага хөгжсөн энэ чиглэлээр сурч мэдсэнээ мэргэжлийн оюутнуудтай хуваалцах зорилготойгоор СУИС-ын Дүрслэх урлагийн дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж,  магистрантурт багшилж эхэлсэн. Одоо бол би чөлөөт уран бүтээлч, судлаачаар ажиллаж, олон нийтэд хандсан сургалт явуулж, Монголын дүрслэх урлагийн тухай судалгаа хийхийн хажуугаар, гадаад дотоодын төсөлд оролцож явна. Саяхан ХБНГУ-ын Кольний их сургуулиас зохион байгуулсан "Questioning Models: Intersectionality in Digital Humanities" эрдэм шинжилгээний хуралд оролцож, Баруун Европт ажиллаж, амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдийн мэдлэгт оруулж байгаа хувь нэмрийн тухай илтгэл тавьсан. Мөн Бонны их сургуулийн Монгол, Төвд судлалын факультетийн Профессор Инэс Штольпегийн урилгаар “2000 оноос хойших Монголын орчин үеийн урлаг”-ийн тухай лекц уншлаа. Өнгөрсөн оны 10 сард англи хэл дээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл маань дэлхийд алдартай дүрслэх урлагийн сургуулиудын нэг Их Британий Central Saint Martins-ийн эрхлэн гаргадаг “Afterall” академик  сэтгүүлд нийтлэгдэн гарсан.    
    
 
 
    "...Урлагийн мөн чанар нь ямар нэг эрх мэдэлтэн, төр засгаас хараат бус байх учиртай..."


 

    ESA—Тэгэхээр сурч мэдсэн зүйлээ дан ганц ДУДС-ийн оюутнуудтай хуваалцахад хангалтгүй санагдсан учраас “Ванжил” төвийг нээсэн гэж ойлгож болох уу?

    —Яг тийм. Одоо мэргэжлээрээ уран бүтээлээ хийгээд ажиллаж байгаа болон өөр мэргэжлийн  хүмүүст хүргэхгүй бол болохгүй санагдаад, 2013 онд “Ванжил” төвийг байгуулсан. Урлагийн мөн чанар нь ямар нэг эрх мэдэлтэн, төр засгаас хараат бус байх учиртай. Яагаад гэхээр урлаг хүний сэтгэлгээтэй холбоотой зүйл учраас сэтгэлгээнд нөлөөлдөг орчинд байхын бол хувь хүн эсвэл тэр байгууллага яг хүссэнээрээ ажиллаж, хүссэнээрээ юмаа хийж чадахгүй.Тийм учраас ямар нэгэн улс төрийн болон хувийн ашиг сонирхлоос хол байлгадаг.Бидний хийгээд байгаа зүйл бол контемпорэри урлагийн талаар илүү онолын үндэс суурьтай ойлголтыг хүмүүст өгөх зорилготой.Түрүүнд хэлсэнчлэн заавал мэргэжлийн уран бүтээлчид зориулж сургалт, лекцээ зохион байгуулдаггүй.Манай сургалтад 60 настай хүн ч суудаг.Бүр мэргэжлээ сольсон хүмүүс ч байна.  Гэхдээ суралцагчдаа мэргэжлийг нь солиулж уран бүтээлч болгох бидний зорилго биш. 
 

     ESA—Энэ хугацаанд “Ванжил” төв хэдэн удаагийн сургалт зохион байгуулж, хэдэн оюутан хамруулав. Мөн энэ удаагийн лекц ямар онцлогтой вэ?  

 

     —Бид 3 удаа тус бүр 10 цуврал лекц зохион байгуулж 300 гаран хүнийг хамруулжээ. Уг нь танхим дүүргэлтийг 20-30 хүнээр бүрдүүлдэг ч энэ удаад 10 хүн л бүртгэж авна.Суралцагчийн тоог цөөлөөд үнэхээр мэдэж авахыг хүссэн, чанартай цөөн хүнд сургалтаа явуулья гэж зорьсон.  Энэ удаагийн цуврал лекцийн хамгийн том онцлог бол Барууны онол, туршлагаас суралцахаас гадна энэ “урлаг монголд хэдий үеэс бүрэлдэн бий болсон бэ, эртний улбаа бий юу хэзээ үеэс үүссэн урлаг бэ?” гэдэгт судалгаатай хариулт өгөх юм. 


   Энэ үүднээс Монголын орчин үеийн урлагийн суурийг тавьсан төлөөлөгчид, уран бүтээлчдийн бүлгэмүүдийн талаар судалгааны ажлаасаа мөн дэлгэн тавина. Ерээд оны үед цаг үе тун ороо бусгаа байсан учир Монголын орчин үеийн урлагийн суурийг тавилцсан олон төлөөлөгч одоо  бүдгэрч мартагдаж. Энэ удаагийн лекцийг яагаад С.Ганзүгтэйгээ хамтарч хийх болсон учир нь тэрээр өөрөө уран бүтээлч хүн төдийгүй Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад 15 жил болж буй туршлагатай уран бүтээлч. С.Ганзүг маань үйлдлийн урлагаар илүү мэргэшсэнээс гадна урлаг судлаач, куратор хүн. Жишээлбэл, бид Германы алдарт Йосиф Бойсоос эхлээд Монголын “Ногоон Морь” модерн урлагийн нийгэмлэгийн түүхэн ач холбогдлыг хамт ярилцана. 

 
 
    "...Хүнд таалагдах гэж хүсэх тусам өөрийнхөө үнэн байдлыг алдаад байдаг. Тэр үнэн байдлаа алдах тусам тухайн хүний мөн чанар хэцүү болно..."


 

    ESA—Таныхаар урлаг гэж юуг хэлэх вэ.Бас юуг урлаг гэж хүлээн авч, ойлгож мэдэрдэг вэ? 

 

    —Хариулж чаддаг байсан бол хүмүүс урлагийн тухай ерөөсөө сонирхохгүй байсан байлгүй дээ. Тэгэхээр урлаг гэдэг чинь нэг үг, нэг тодорхойлолт ерөөсөө биш.Урлагийг хамгийн энгийнээр тодорхойлбол хүний сэтгэлийн илэрхийлэл гэж хэлж болно. Гэхдээ контемпорэри урлаг нь хүний сэтгэлийн илэрхийллээс давчихаад байна. Яагаад гэхээр, хүний зөвхөн дотоод сэтгэлийн илэрхийлэл гэхээсээ илүү нийгмийн байдал эргэн тойрон дахь  хүмүүсийн байдал, эдийн засаг хүртэл хамаатай. Эдийн засгийн байдал өөрөө урлагтай шууд хамааралтай.Энэ бүх хүчин зүйл өөрөө орчин үеийн урлагт маш их хүчтэй нөлөө үзүүлдэг болчихсон.Тэгэхээр урлаг зөвхөн хүн сэтгэл хөдлөхөөрөө зурдаг, бүтээдэг зүйл гэж хэлэхэд их төвөгтэй. Уран бүтээлчдийг олон нийт бас дутуу ойлгодог юм шиг надад санагддаг. Бид бүх л мэргэжлийн хүмүүстэй адилхан, энэ мэргэжлээ эзэмших гэж сурч, хөдөлмөрлөж, мэргэших гэж доод тал нь  10 жил зарцуулдаг. Мөн урлагийн бүтээлийг хүн талх шиг худалдаж авдаггүй болохоор бид бас нилээн санхүүгийн эрсдэлтэй мэргэжлийг сонгосон, зоригтой хүмүүс гэж би дүгнэдэг.  

 

   Урлагийн тухай консерватив ойлголт нь сайхан мэдрэмж өгч, сайхан зүйлийг харуулах, амьдрал гайхамшигтай гэдгийг мэдүүлэх ёстой нь мэдээж.  Тэр бол нэг хариуцлага, зорилго нь мөн. Гэхдээ амьдрал чинь тийм биш шүү дээ.Ертөнц бас тийм биш.Тиймээс тэгж ойлгуулах гээд байвал үнэнээс хол.Контемпорэри урлагийн гол хүчин зүйл нь амьдралын үнэн, хэцүү үеэс гарсан тэр сэтгэгдлийг харуулдгаараа хүчтэй юм болов уу.

 

    ESA—Тэгэхээр та контемпорэри урлагийг дүр эсгэдэггүй, ҮНЭН урлаг гэж тодорхойлж байгаа хэрэг үү?

    —Одоо үед хүмүүс бүх хүнд таалагдахыг их хүсдэг болсон. Энэ нь бүр ч буруу биш байж болно л доо.Гэхдээ тухайн хүн маань хүнд таалагдах гэж хүсэх тусам өөрийнхөө үнэн байдлыг алдаад байдаг.Тэр үнэн байдлаа алдах тусам тухайн хүний мөн чанар хэцүү болно. Тэгэхээр өөрийнхөөрөө байж чадахгүй байх, бусдын нөлөөнд автах, мөн өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байх  асуудлууд гардаг. Контемпорэри урлагийн нэг харгис гэж хэлж болох тал нь магадгүй хүний зайлсхийгээд байдаг үнэнийг харуулах чадалтай.Энэ үнэнтэй тулахад тийм аятайхан биш ч заавал уран бүтээлч гэхгүйгээр, энгийн хүн ч гэсэн амьдарч байх хугацаандаа үнэнтэй нүүр тулж байх ёстой гэж үздэг.Тэгж байж хүн яаж яваад байна, ямар замаар яваад байна гэдгээ тодорхой хэмжээгээр мэдэрч байх хэрэгтэй.Тийм утгаараа миний амьдралын зорилго үнэнийг хайх, үнэн амьдрах.Тэгэхээр урлаг гэдэг тухайн хувь хүнээс тусдаа зүйл огт биш.Зарим хүн урлагийн хүн гэж тусдаа, хувийн орон зай нь өөр байдаг ч юм шиг ярьдаг.Миний хувьд бол харахад энгийн л хүн, би гадаад байдлаараа бусдыг анхаарлыг татахыг хүсдэггүй, чухал гэж боддоггүй. Олонд таалагддаг урлаг хүнд сайн сайхан мэдрэмжийг өгдөг бол контемпорэри урлагийн бүтээлийг  хүмүүс хойморьтоо залахгүй байж магадгүй. Тийм болохоор Монголчууд үнэнийг өгүүлж чадахгүй, үнэнээс зайлсхийдэг, бусдад таалагдах гэж явж байгаа энэ үед  нэг хэсэг уран бүтээлчид энэ урлагийнхаа зарчмыг барьж явж байна. Энэ замаар явах нь өөрөө их адармаатай сонголт, хувь хүнийхээ хувьд ч, амжиргааны талаас ч тэр.
 

    ESA—Контемпорэри урлаг арилжаанаас хол оршдог юм шиг санагддаг.Шинэ урлагийн уран бүтээлчид ч зарж борлуулах амьжиргаагаа залгуулах сэдэлгүйгээр бүтээлээ туурвидаг. Гэхдээ энэ нь эргээд амьдрал, эдийн засгийн хувьд төвөгтэй нөхцөлд оруулдаг байх? 

    —Уг нь уран бүтээл хэцүү, төвөгтэй байх албагүй л юм. Одоогийн энэ цаг үед  урлагийг хийж бүтээж байгаа хүмүүсийг дэмжих ёстой гэдэг ойлголт төлөвшөөгүй байна. ХБНГУ-д бол идэвхтэй, бүтээмжтэй мэргэжлээрээ ажиллаж байгаа уран бүтээлчдэд цалин өгдөг тогтолцоо байдаг. Тэгээд жил болгон үйл ажиллагааны тайлан өгдөг, би тийм үзэсгэлэн гаргасан, ийм бүтээл хийсэн гээд л. Тэр тайланг тодорхой шалгуураар хянаж үзээд, цалинг үргэлжлүүлэн олгодог. Энэ бол их хэмжээний цалин биш тэр уран бүтээлч бүтээлээ хийгээд амжиргаандаа байнга санаа зовохгүйгээр анхан шатны амьдрах хэрэгцээг хангахад хүрэлцээтэй гэсэн үг. Одоо бол Монголын ихэнх уран бүтээлчид 100 хувь бүтээл дээрээ анхаарах боломж бололцоо бага гэж би хардаг. Хүн л болсон хойно зардал гарна, ар гэрээ авч явна гээд бүх мэргэжлийн хүмүүст байдаг асуудлууд бидэнд байнга тулгардаг. Яагаад уран бүтээлчдэд Германд цалин өгдөг вэ гэвэл, нэгдүгээрт урлаг өөрөө хүнлэг мөн чанартай, өөрийн болон бусдын дотоод сэтгэлийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадахад сургадаг ид шидтэй, хоёрдугаарт нийгмийг эрүүлжүүлж, ухааруулах хүчтэй, гуравдугаарт капиталист нийгмийн ашгийн төлөө гэсэн галзуурлыг тодорхой хэмжээнд тэнцвэржүүлж өгдөг учраас ийм тогтолцоо байдаг. Хамгийн чухал нь нэгэнт амьдралынхаа 10 жилийг уран бүтээлч болоход зориулаад, сургуульд нь сураад, амьдрал дээр мэргэшсэн мэргэжилтэн чанартай сайн бүтээл хийхэд амьжиргааны наад захын асуудлууд маш их бэрхшээл үүсгэдэг учраас тэр талаас нь дэмжээд өгвөл, зөвхөн уран бүтээлчдэд төдийгүй нийгэмд эерэг нөлөөтэй. Хүний урлагийг мэдрэх, ойлгох чадвар сайжрах тусам, хүний бухимдал, сэтгэл ханамжгүй байдал буурч байдаг бөгөөд эргэн тойрныхоо  хүмүүст хүлээцтэй ханддаг болдог гэдэг судалгаагаар батлагдсан зүйл юм. Тэгээд Монголд энэ тухай бас нэг их ярьдаггүй нь урлагийн боловсрол дутуугаас болдог байх. Наад захын Цагаан сарын баяраар яагаад Монгол уран бүтээлчийн бүтээлээс хүндтэй хүндээ бэлэг болгож өгч болохгүй гэж? Бид нар урд хөршийн элдэв хэрэгтэй, хэрэггүй, насгүй, чанаргүй, ач холбогдолгүй, олноор үйлдвэрлэсэн эд зүйлсийг Монголын уламжлалт баяраар солилцохоо болих хэрэгтэй гэж би боддог. Түүх, уламжлалаа бодсон ч энэ баяр бол хаврыг угтаж тэмдэглэж ирсэн, өвгөд хөгшиддөө хүндэтгэлээ илэрхийлдэг баяр болохоос, эд бараа солилцдог баяр биш.

   

    Ерөнхийдөө бол улс ямар нэг шийдэлд хүрч, биднийг дэмжих болов уу гэдгийг нь хүлээх цаг бидэнд байхгүй. Бид өөрсдийнхөө хэмжээнд олон улсын үзэсгэлэнд оролцож, зардлаа өөрсдөө дааж, Монголд лекц явуулж байна. Бага гэлтгүй нэг лекцэнд суусан хүн ч гэсэн өөрийгөө эргэн тойрноо жоохон ч гэсэн өөр хардаг болоод гарч байгаа нь бидний ололт амжилт. Бидний өгөх гээд байгаа агуулга бол тийм амар биш учраас ойлгохын тулд хүнд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тиймээс бид дунд нь 7 хоногийн хугацаа өгч байгаа. Ер нь 10 долоо хоног суусан хүн бол маш өөр болдог.Би их олон жишээ харж байсан.Зарим нь мэргэжлээ солиод гадаадад сурахаар явсан жишээ ч байдаг.Багадаа урлагийг сонирхож байсан хүн олон байдаг. Тэд   лекцэнд суугаад өөрийгөө оллоо гэдэг. Хүн гэдэг өөрөө их гайхамшигтай бодьгал, маш олон бэрхшээлийг туулж байж хүний төрлийг олдог. Гэтэл энэ нэг удаа олдох боломжоо зөвхөн анхан шатны хэрэгцээгээ хангахад зориулаад амьдралаа дуусгавал их харамсалтай юм даа. Мэдээж, одоогийн ардчилсан нийгэмд хүн бүр өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөөтэй. Тийм учраас хүнд амьдралаас илүү ихийг олж мэдэх, ухаарах, мэдрэхийн тулд урлаг зайлшгүй хэрэгтэй хүчин зүйл болсоор олон мянган жил өнгөрч байгааг энд хэлэхэд илүүдэхгүй биз ээ.  
 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.