Т.Даваасамбуу: Натурыг амьдралын ХИЧЭЭЛ гэж хэлж болно

2018-02-20 10:25
Цаасыг базаад хүртэл урлаг гэж хэлж болно. Гэхдээ тэр нь тодорхой өгөгдөлтэй, агууламжтай байх ёстой

 

    Урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч, багш, чөлөөт уран бүтээлч Т. Даваасамбуугийн урлангаар зочилж, хэсэг хором ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцаж байна. 



 

     ... Миний бодлоор урлаг бол оюун санааны гайхамшигт үзэгдэл... 

 

 

 ESA— Урлаг гэж таны бодлоор?

  — Урлагийг уран бүтээлчид  л тодорхойлно. Уран бүтээлч хүн бүр урлагийг өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байх ёстой. Тэгэхээр миний бодлоор  урлаг бол оюун санааны гайхамшигт үзэгдэл. Хүнийг мал амьтнаас ялгадаг цорын ганц зүйл бол урлаг. Урлаг хүнд ямар нэгэн сэтгэгдэл үлдээдэг байх хэрэгтэй. Тэр нь муухай ч байж болно. 

 

   ESA— Тэгвэл уран баримлын бусад урлагийн төрлүүдээс ялгагдах онцлог юу вэ?

   — Баримал бол орон зайн урлаг. Бүхий л талаас нь харна. Зураг хавтгай дээр дүрслэгддэг бол баримал орон зайд илэрхийлэгдэнэ. Зургийг бодоход бүтээх явцдаа ч орон зай шаардагдана. Нэг зургийн бүтэх хугацаа баримлын бүтэх хугацаа ч асар их ялгаатай. Баримал хийхэд хамгийн чухал зүйл бол карказ буюу тухайн баримлын гол төмөр. Баримлын 90 хувийг бүрдүүлдэг гэхэд болно. Карказ өөрөө зөв байвал бүтээл маань цаашдаа зөв болно. Дан ганц хараад, хуулаад хийдэг зүйл бас биш л дээ.

 

    ...Супер реализм материаллаг шинжиндээ их анхаардаг, харахад яг л хүнээс ялгарахааргүй байх ёстой...

 

 

   ESA— Натурын тухайд?

  — Суурь урлаг бол зайлшгүй урлаг. Бодитойг дүрслэх хэрэгтэй, бодитоос юмыг сурах хэрэгтэй. Тийм учраас алхам тутамдаа натурыг хийж байх нь чухал.  Натурыг амьдралын хичээл гэж  хэлж болно. Натур нь хүний  хөрөг, цээж, тоорс буюу хүнийг бүдүүн гуяар нь хуваасан, бүтэн натур гэх мэт. Натураас гоо сайхан, хэлбэр, формыг нь  мэдрэх чухал. Изм их олон төрөл байна. Тэр дундаа супер реализм нь хүнийг бодитой байлгахаас гадна хүний арьсны цэг, толбо  үсний ширхэг  гээд тэр байтугай тухайн хүнд шивээс байвал түүнийг нь хүртэл тусгасан байх нь чухал. Материаллаг шинжиндээ их анхаардаг, харахад яг л хүнээс ялгарахааргүй байх ёстой. 

 

   ESA— Өнөөгийн урлагийн хөгжилд ямар шинэчлэл харагдаж байна вэ?

    — Орчин үеийн урлаг одоо нэгдмэл шинжтэй болж байна. Зураачид хүртэл баримал хийдэг болж. Гэвч энэ нь орон зайн хэлбэр формын ойлголтгүйгээс хийж байгаа баримал нь жин массын алдаатай байна. Материалын хувьд ч  чөлөөтэй болсон. Олгой хамер, мод, чулуу, резин гээд. Байгаль дээр байдаг юу ч байж болно. Цаасыг базаад хүртэл урлаг гэж хэлж болно. Гэхдээ тэр нь тодорхой өгөгдөлтэй, агууламжтай байх ёстой. Хүн юу сэтгэж байна, тэрийгээ гаргаж болно.

 

    ... Орон зайн хэлбэр формын ойлголтгүйгээс хийж байгаа баримал нь жин массын алдаатай байна...

 


   ESA— Таны өөрийн уран бүтээлийн чиглэл юу вэ?

    — Суурь урлагт тулгуурласан  орчин үеийн баримал. Яг ямар "изм"-д хамаарагдахыг нь тодорхойлж чадахгүй байна. /инээв/ Кубизм юм уу гэхээр тусдаа, сюрриализм юм уу гэхээр сюррализмээс хэсэгхэнийг нь аваад хэлбэр формын хувьд өөр шийдлүүд ороод байдаг. Гэхдээ ер нь бол эрчтэй хөдөлгөөн,  авч байгаа гол зохиомжийн хувьд морь агуулагдаад  байгаа. Морь өөрөө их олон араншин гаргадаг. Морь, хүн 2-ыг урладаггүй монгол  уран бүтээлч гэж бараг байхгүй болов уу. Мөн дээрээс нь эмэгтэй хүн.

 

    ... Морь, хүн 2-ыг урладаггүй монгол уран бүтээлч гэж бараг байхгүй болов уу. Бас эмэгтэй хүн...

 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

namkhai /66.181.187.181/

2018-02-20 20:26

amjilt husie

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.