ҮЗЭСГЭЛЭН: ӨНГӨТ ЭЛСЭН УРЛАЛ буюу Хот мандал” 

2018-02-21 15:24
Өнгөт элсээр үрж урласан "Хот мандал"

 

    “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” нэртэй үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд  2018 оны 2-р сарын 9-ны өдрөөс 3-р сарын 10-ыг хүртэл 1 сарын хугацаатай гарч байгаатай холбогдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн тайлбарлагч, төслийн ажилтан Б. Намуунтай үзэсгэлэнгийн онцлог  болон хот мандал, музейн үйл ажиллагааны талаар ярилцсан юм.

 



 

ESA— Хот мандал гэж юуг ойлгох вэ?


          - Бурханы шашны урлахуй ухааны нэг гол чиглэл бол хот мандал юм. Хот мандал гэхээр бурхны орон гэж тайлбарлагддаг. Лам нар бурхны номын өргөө ч гэж нэрлэдэг.  Хот мандлыг  хүмүүст хүргэхдээ 1-рт лам нар  таван өнгийн элсээр үрж урласаныг  нь  нэршлийнхээ хувьд  Дүлцэн, 2-рт Танка буюу бурхан, шүтээн зургийн аргаар( энэ нь  тусгайлан бэлдсэн даавуун дээр шороон будаг буюу байгалийн будгаар зурж бүтээх),  зээгт наамалын аргаар оёж бүтээх зэргийг хот мандал, 3-рт 3D буюу бодит хэмжээст бүтээн байгуулалт болоод ирэхээрээ Лойлон гэх мэтчилэн 3 янзаар бүтээнэ.


          Бурхан болгон өөрийн гэсэн оронтой байдаг байна. Нийтдээ 15200 төрөл ширхэг хот мандал байдаг. Анхаараад харахын бол ерөнхийд нь хот мандлын төв хэсэгт бадам цэцгийн хэлбэр дугуй дөрвөлжин, гурвалжин гэсэн үндсэн хэсгүүдээс бүтнэ. Мөн 4 үүдтэй, үүд бүр нь 4 өөр өнгөтэй. Цэнхэр,  ногоон, улаан, шар гээд.  Энэ нь 4 улирлыг бэлэгддэг гэж үздэг.  Гаднах тойргууд бурхны орны хамгаалагч тойргууд  ба гол бүтэц нь бүгд адил байна. Гэсэн хэдий ч бурхан болгон өөрийн онцлогтой байгаа. Түүнийх нь өргөл барьц, дүрслэгдсэн дүрс нь өөр өөрийн гэсэн бэлэгдэлтэй.

 

 

 



 

ESA— Үзэсгэлэнгийнхээ талаас тайлбарлахад музейн зорилго юунд оршдог вэ?


           - Музей бол хадгалах,  хамгаалах,  олон нийтэд сурталчилах гэсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Соёлын биет өвөө олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах хүрээнд энэ удаа “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд “ үзэсгэлэнгээрээ музейн сан хөмрөгөөсөө  хот мандлын сэдэвтэйг  гаргасан. Эндээс харвал үзэсгэлэнгийн 90 хувийг нь хүмүүс олон нийтэд  анх удаа дэлгэн үзүүлж байна. Жил болгон бид  сан хөмрөгөөсөө бүтэн хэмжээний үзэсгэлэн гаргах боломжтой үзмэрүүд юу байна гэдгээ шалгаад коллекц болгон өөр өөр үзэсгэлэн  гаргадаг. Манай Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагын Музейд дүрслэх урлагийн холбогдолтой 20000 гаруй үзмэрүүд хадгалагдаж байгаа ба тэдгээрын ердөө 10 хувийг музейн танхимууддаа байрлуулан тавьдаг. Үлдсэн 90 орчим хувь нь сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэсэн үг. Гэхдээ 20000 гээд маш их тоо сонсогдож байгаа боловч 1 ширхэг болгоныг тооцож байгаа гэдгээрээ онцлог. Манай дээр одоогоор  Эртний урлаг, Ардын урлаг,  Барлах урлаг, Занабазарын урлаг,  Танка урлаг,  Зээгт наамал, Цам, Монгол зургийн гэх мэтчилэн 9 орчим танхим байна.

 


ESA— Үзэсгэлэнгээрээ уламжлаад  юу илэрхийлж байна?

            - Мэдээж бүтээлүүдээ танин мэдэхүйн шинж чанартайгаар ард түмэндээ харуулж байна. Нэг  талаар бид бүхэн хэрхэн хадгалж хамгаалж байгаагаа тайлан байдлаар хүмүүст дэлгэн тавьж, нөгөө талаараа энд ямар нэгэн сэргээн засварлах шаардлага  байна уу? гэмтэж бэртсэн зүйл байна уу? гэдгээ давхар, давхар үзэх боломжийг олгодог. Дээрээс нь үзэсгэлэн гаргахдаа судалгааны ажил явагдаж каталоги буюу ном гаргах ёстой байдаг нь эргээд манай бүртгэлийн ажилтнууд сан хөмрөг дэхь бүтээлээ бүртгэж таниулж буй хэрэг.

 


ESA— Тус үзэсгэлэнгийн музейд тавигдаж байсан өмнөх жилүүдийн үзэсгэлэнгээс ялгагдах онцлог нь юу байв?


         -Нээлтийн үйл ажиллагаа 1 сар үргэлжилж  19-20-р зууны их хүрээний нэрт урчууд болон бурханч лам нарын 100 орчим бүтээлийг дэлгэн тавьсан. Нээлтийн үйл ажиллагаанд маань Дашчойлон хийдийн 2 лам хүрэлцэн ирж өнгөт элсээр үрж урласан хот мандалыг орчин цаг үеэр бол үйл хөдлөлийн урлаг болох performance art-тай хослуулсан. Мөн нээлтийн үеэр бурханч лам Г.Пүрэвбат гуай” Хот мандал” гэж юу  болох талаар мэдээллийг лекц байдлаар тавьсан байгаа. Үүнээс гадна Чөлөөт  уран бүтээлч Б. Лхагважаргалын энэхүү үзэсгэлэнд зориулан бүтээсэн медиа арт тавигдсан нь техник технилоги хөгжсөн одоо үед залуучуудад хот мандлын талаар мэдээлэл хүргэх сонирхолтой нэг хэлбэр болсон.

 

 

                      Б. Лхагважаргал: ГАНЦХАН ДҮРСЭЭР ОЛОН ДҮРСЛЭЛ ХАРУУЛЖ БОЛНО

/Чөлөөт уран бүтээлч/

 

    ESA— Медиа артаар юуг харуулахыг зорьсон бэ?


           -Залуучуудад хот мандлыг таниулж хүргэх хялбар аргын зэрэгцээ мөн тэд яг яаж ойлгож байгааг үзэсгэлэнд зориулж медиа урлагаар дамжуулж хүргэхийг хүссэн. Мөн ганц дүрсийг ашиглаад ийм олон дүрслэлийг үүсгэж болдог юм байна гэдгийг харуулахыг хичээсэн. Ер нь бол эхнээсээ л амьдралын үүсэл юу юм? хаанаас яаж үүсдэг юм? дээрээс нь хас, мөнх эргэлдэх байдал, монголчууд, монголчуудын нүүдэл суудал,  дөрвөн талаасаа цаг хугацаа, орон зайн хязгаар байхгүй эргэлтийг харуулсан.


           Ингээд хот мандлыг  19, 20 зууны урчуудын урласан байдлаар, бурханч лам нарын бүтээсэн байдлаар мөн залуучууд хот мандлыг юу гэж ойлгож байна вэ гэдгийг медиа урлагаараа дамжуулж илэрхийлснээрээ илүү орчин цагтай холбогдсоноороо  онцлог  үзэсгэлэн болсон байгаа.



 


 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.