МАРТАГДСАН СЭДЭВ- Байгалийн түүхийн музей

2018-02-23 16:21

    Монгол орны байгалийн ховор нандин ургамлын олдвор, “Улаан ном”-д тэмдэглэгдсэн нэн ховордсон ан амьтдын чихмэл, үнэлж баршгүй баримт бичгийг хадгалагч “Байгалийн түүхийн музей” үзмэрээ үзүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэхээ болиод хуучирч элэгдсэн балгас нь үзмэрийн үүрэг гүйцэтгээд таван жилийн нүүр үзжээ.



 

    ОБЕГ 2014 онд тус музейн барилгыг актлах шийдвэр гаргаж, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үеэс хойш Байгалийн түүхийн музейг шинэ барилгатай болгох, нүүлгэн шилжүүлэх, хуучин барилгад хүчитгэл хийх гэх мэтчилэн хэд хэдэн төсөл тухайн үедээ яригдаж байсан ч бодит ажил хэрэг бололгүй явсаар энэ онтой золгов.

 

    Байгалийн түүхийн музейн сэдвийг сүүлдээ дурсдаг ч хүнгүй болж, бүдгэрч мартагддагийн даваан дээр харин “Хонгилын үзүүрт гэрэл асаж” музейн барилгыг БНСУ-ын Соёлын яамны буцалтгүй тусламжаар барихаар болсон гэх сураг ажиг дуулдах болов.

 

    Энэ мэдээллийн дараахан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны анхны айлчлалаа БНСУ-д хийхээр мордсон. Монгол Улсын соёлын салбарт анхаарал хандуулдаг олон хүн энэ айлчлалын үр дүнд Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн Байгалийн түүхийн музейн барилгатай болох нь гэж горьдлого тээж байсан нь лавтай. Харамсалтай нь Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн 16 асуудлын дотор Байгалийн түүхийн музей багтсангүй.

 

    Засгийн газрын албан ёсны цахим хаяг болох Zasag.mn дээр энэ талаар “БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих төсөл”-ийг хэрэгжүүлэх асуудлыг Солонгосын тал судалж үзэхээр болов” гэсэн тодорхой бус ганц өгүүлбэр л бичжээ. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын Соёлын яам яг таг барилгын ажлыг хийж өгнө гэж амлаагүй, харин судалж үзэхээ илэрхийлсэн байна.

 

    Энэ сэдвийг лавшруулан тодруулахаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх музейг хариуцагч, БСШУЯ-ны Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэнтэй утсаар холбогдоход, “БНСУ-ын тал одоо болтол тодорхой хариу өгөөгүй байна. Ирэх гуравдугаар сард БНСУ-ын Соёлын яамны мэргэжилтнүүд Монголд ирж нөхцөл байдалтай танилцана. Одоогоор барилгын ажлын зураг төсөл, ТЭЗҮ-г огт хийгээгүй байна. Барих газрын асуудал нь ч тодорхой бус байна” гэсэн хариулт өгөв.

 

    Энэ бүхнээс дүгнэвэл Байгалийн түүхийн музей үүд хаалгаа хэзээ эргэн нээх нь дахиад таван жилээр лавтай хойшлов бололтой.

 

    Түүх сөхвөл: 1924 онд Богд хааны цуглуулгад байсан 100 гаруй чихмэл, тухайн цагт Улсын сан хөмрөгт хадгалж асан түүхийн дурсгалт, ховор эд зүйлсийг нэгтгэн дэлгэж “Үндэсний музей” нэртэй байгуулагдсанаас Монголын музейн түүх, улсын ууган музей цадиг эхэлжээ.

 

    Үндэсний музейг байгуулснаас зургаан жилийн дараа буюу 1930 онд өөрийн гэсэн байр, савтай болж төвхнөжээ. Улмаар 1956-1991 онд “Улсын төв музей” 1992 оноос “Байгалийн түүхийн музей” гэх мэтээр нэрээ солиод амжсан ч бууриа сэлгээгүй. Ингээд бодохоор 86 жилийн настай энэ барилга гуравхан баллын газар хөдлөлтөд тэсэхгүй болж, акталахад хүрсэн нь арга ч үгүй биз.

 

 

 

 

    Төв музейн барилга насгүй болсон “өвчний шинж” 2011 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхэд 53 мянган хүн ирж үзсэнээс барилгын шаланд суулт өгч, таазнууд хотойн гэрлийн бүрхүүлүүд савалж эхэлснээр илэрчээ. “Яаж тэр үед үзмэртэй, үзэгчидтэй нь юутай, ийтэй нь дараад нурчихаагүй юм” гэж музейн удирдлагууд одоо “яс нь хавталзан” ярьдаг.

 

    Уг нь дэлхийд цуутай музейнуудтэй жишвэл 86 жилийн настай музейн барилга гэдэг цэл залуудаа тооцогдоно. Олон улсын жишигт музейн барилга хэдэн зууны түүхтэй байх тусмаа барилга нь өөрөө музейнхээ зүй ёсны үзмэрт тооцогддог байна. Харин манай Төв музейн барилгын чанар тэр хэмжээний эдэлгээ даах чанаргүй нь барилгын гол ясыг шургаагаар зангидсанд хамаг учир бий. Ийм барилгыг авч үлдье гэвэл хүчитгэл засвар хийхээс өөр боломжгүй аж. Гэвч хүчитгэл засвар хийх зардал нь шинэ музейн барилга барих хэмжээний хөрөнгөтэй тэнцэнэ. Ингээд бодохоор яалт ч үгүй музейн чанар стандартад нийцсэн шинэ барилгатай болсон нь хавьгүй дээр сонголт болох нь гарцаагүй.

 

Эндээс нэгэн асуулт урган гарах нь манайд олон улсын стандартад нийцсэн музейн зориулалттай байгууламж бий юу?

 

    Өдгөө улсын нийслэлд, БСШУЯ-ны харъяа 8 музей оршин буйгаас 1970-аад онд Оросын технологиор барьсан Үндэсний түүхийн музей, Лениний музейн барилгаас бусад нь стандартын байр, савгүй. Түүнээс хойш 30-40 жилийн хугацаанд манайд музейн стандартын барилга нэг ч нэмэгдсэнгүй. Японы буцалтгүй тусламжаар Хархоринд баригдсан жижиг музейг эс тооцвол шүү дээ.

 

    Уг нь Шинэчлэлийн Засгийн газрын үеийн “Батаарын яам”-ны сайд Ц.Оюунгэрэл болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан П.Алтангэрэл нар Байгалийн түүхийн музейн шинэ барилгын төслийг хэрэндээ лоббидож, шинэ барилгын зураг төслийг 350 сая төгрөгөөр “Балданс” ХХК-аар гаргуулаад зогсохгүй, Улсын төсвөөс эхний ээлжинд 15 тэрбум төгрөг гаргуулж барилгын ажлыг эхлүүлэхийг зорьсон ч тэр үеийн Сангийн сайд Ч.Улаан төсөвт суулгуулалгүй Төрийн мөнгийг нарийлжээ. Төдөлгүй Шинэчлэлийн Засгийн газар ч огцорч, ССАЖЯ-ыг ч татан буулгаснаар ойртож байсан “нохойн дуу” алсарч одсон түүхтэй.

 

    “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгчээр шинэ барилга барих газар нь өөрийн, цахилгаан дулаан ашиглах зөвшөөрөл бэлэн, зураг төсөл жин тан авч гагц төсөв мөнгө л бүхнийг гацааж орхисоор өнөөдөртэй золголоо.

 

    Гэхдээ энд нэг юмыг бид хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Музейн барилгын асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүйгээр царцалтын байдалтай хэдэн жил ч үргэлжилж болох мэт санагдавч, энэ тодорхойгүй асуудлын ард шинэ барилгын төсөв 24 тэрбум төгрөгтэй харьцуулшгүй үнэтэй 14000 үзмэрийн хувь заяа, музейн ажилчдын ахуй амьдрал дэнжигнэж буйг яавч огоорч боломгүй.

 

    Тус музей 2014 оноос олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаа зогсоосон ч энэ хугацаанд нийт үзмэрийнхээ орчин үеийн үнэлгээг гаргуулж, шинэчилсэн тоо бүртгэлийг хийгээд амжжээ.

 

    Энэ тухай музейн захирал Н.Зоригтбаатар хэлэхдээ, “Музейн үзмэрүүдийн орчин үеийн үнэлгээг 4 жилийн өмнөөс /2014 оноос/ хийлгэсэн. Монголын бусад музейн үзмэрийг үнэлж үнэлгээг тогтооход асуудалгүй ч манай музейн үзмэрийг үнэлэхэд их ярвигтай байдаг.

 

 

 

 

    Музейн өөрийн онцлог, өвөрмөц үзмэрүүдээс шалтгаалдаг болоод тэр. Жишээ нь манай музейд дэлхийд гуравхан байдаг аварга том солир бий. 582 кг жин татах уг солирын үнэлгээг гаргая гэхээр солир бол манай гарагийн эд биш. Өөр гарагийн бүтээгдэхүүн. Нэг ёсондоо бид үнэлэх бололцоогүй эд. Гэвч ойрын жишээ татахад 2 жилийн өмнө Сибирт нэг солир унасан. Тэр солирыг Оросууд 3 тэрбум доллараар үнэлсэн. Харьцуулаад үзэхээр Сибирт унасан солир манайд хадгалж буй солироос овор хэмжээний хувьд хамаагүй жижиг. Түүнчлэн Палентологийн олдворын танхим гэдэг тэр чигээрээ асар үнэт олдворууд. 60-80 сая жилийн өмнөх чулуужсан мод, нугасан хошуут үлэг гүрвэлийн чулуужсан арьс, хуягт үлэг гүрвэл, шүдгүй мөртлөө махан идэшт үлэг гүрвэл, шувууны өвөг гэж тооцогдох нисдэг үлэг гүрвэл, зузаан зулайт үлэг гүрвэл, тэмээн хяруул хэлбэрийн махан идэшт үлэг гүрвэл, 14-15 метр өндөр 2-3 тонн жинтэй аварга том махан идэшт Тарбозавр, өвсөн тэжээлт Завроподын сүүжний яс, “Аймшигт сарвуу” нэрээрээ алдартай 2.80 см урт яс. Энэхүү том сарвуу нь дэлхийн палеонтологийн олдворын хамгийн ховор нандин олдворт зүй ёсоор тооцогддог гээд бодвол манай 14 мянган үзмэр нийтдээ хэдэн тэрбум ам.доллар хүрэхийг багцаалдах боломжгүй” гэв.

 

    Н.Зоригтбаатар захирлаас актлагдсан барилгын нурах эрсдлээс үзмэрүүд бүрэн хамгаалагдаж чадсан эсэх талаар тодруулахад. “Актлагдсан барилга газар хөдлөлтөд нурахад дотор нь байгаа үзмэрүүд хамт сүйдэх нь гэсэн айдас олон нийтийн дунд өнөө хэр байх шиг байна. Үүнд санаа зовохгүй байж болно. Бид бүх үзмэрээ музейгээ залгаа барилга буюу 1989 онд баригдсан сан хөмрөгийн зориулалттай фондын барилгадаа 3 давхарлагдсан зориулалтын төмөр сав баглаанд байрлуулчихсан” гэлээ.

 

    Байгалийн түүхийн музей тогтмол үйл ажиллагаа явуулж байхдаа улсын төсөвт жилд 160-180 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг байж. Энэ нь Үндэсний түүхийн музей тэргүүтэй долоон музейн нэг жилийн орлогыг нийлүүлсэн хэмжээний дүн. Байгалийн түүхийн музейг жилдээ дунджаар 60-120 мянган хүн үздэг байсан гэх судалгаа бий. Хэрэвзээ БНСУ-ын буцалтгүй тусламжаар шинэ барилгатай болчихвол үйл ажиллагаагаа эхлүүлээд 3 жилийн дотор зардлаа бүхэн нөхөх тооцоог гаргажээ. Хамгийн чухал нь хуучин барилгад орон зай багтаамжнаас хамаарч 1000 орчим үзмэрийг дэлгэн тавьдаг байсан бол шинэ том барилгатай болвол дэлгэн тавих үзмэрийн тоо 2500 болон нэмэгдээд зогсохгүй Палентологийн хүрээлэн музейг шинэ барилгатай болсон тохиолдолд урьд өмнө олон нийтэд дэлгэж байгаагүй дэлхийн палентлогийн олдворт нэн ховорт тооцогдох үлэг гүрвэлийн араг яс бүхий 30 үзмэрийг шилжүүлэхээ мэдэгджээ.

 

    Улс орон бүсээ эцэстээ тултал чангалсан, хаана ч тэр хэмнэлтийн горимд шилжсэнийг бүгд ойлгож байгаа. Гэхдээ юунд хөрөнгө оруулах вэ? Үргүй зардал уу, үлдэх капитал уу гэдгийг эргээд нэг харчихмаар...

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Жак /203.91.115.38/

2018-03-08 15:09

Үзмэрүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй ! Үзмэрүүд хойд талын байранд хураалттай байгаагаар далимдуулан 2014-2016 онд Ардчилсан намын хулгайч эрх баригчдын үед зарим чухал үзмэрийг хятад руу хулгайгаар гаргаж оронд нь хулхийг оруулж ирсэн сураг байдаг юм билээ.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.