"Вояжер алтан диск":  дэлхийн хүмүүс анх удаа ХАРЬ ГАРИГИЙНХАНД ЗОРИУЛСАН хөгжмийг сонсоно 

2018-02-25 12:11
Сонгодог бүтээлүүд болон байгалийн олон чимээг энэ дискэнд багтжээ

     1977 онд НАСА-ийн захиалгаар хийж, Вояжер сансрын аппаратын өлөгт хийн сансарт илгээсэн “Вояжер алтан диск”-ийг  хоёрдугаар сарын 23-ны өдөр анх удаа олны өмнө харуулжээ. 




     “Дэлхий дуу чимээ” хэмээн нэрлэгдсэн энэ дискэнд хөгжим, дуу, чимээ, яриа бичсэн байна.  Бетховен, Бах, Чак Берри,  Стравинский, гүржийн найрал дуу,  галт уулын оргилох чимээ, аянга цахилах дуу, царцаа, борооны чимээ, зүрх цохилох чимээ, инээд, нохой хуцах, шувуу жиргэх гээд олон чимээг энэ дискэнд багтаасан байна. 


     Түүнчлэн хамгийн их түгэн дэлгэрсэн англи, хятад, орос хэл дээрх мэндчилгээнээс эхлээд өдгөө хэрэглэгдэхээ байсан латынь хэл дээр мэндчилсэн гээд нийтдээ 58 хэл дээрх мэндчилгээг бичжээ. 


     Дээрх болон бусад олон дуу чимээг НАСА-иййн мэргэжилтнүүд сансар огторгуйн уужимд сансрын хөлөгтэй харь гаригийнхан таарна гэж найдаж байсны дээр ийнхүү тааралдах үед дэлхийн дуу чимээг таниулахын тулд энэ дискийг бүтээсэн байна. 

 


ОЮУН УХААН НЭГТ АХАН ДҮҮСТЭЙ УУЛЗАХ ИТГЭЛ 


    Ойрын ирээдүйд сансар огторгуйгаас оюун ухаан нэгт ахан дүүсийг олно гэсэн итгэл 1977 онд өнөөгийнхөөс ч илүү бат бэх байжээ. 


     Тиймдээ ч НАСА  түхэнд анх удаа Нарны аймгаас цааш гарах ёстой байсан “Вояжер-1” болон “Вояжер-2” нисэгчгүй хөлөг онгоцыг хөөргөхөөр бэлдэж байх үед ажиллуулах зааврыг нь кодлон бичсэн, алмазан зүүтэй тоглуулагч, алтадсан зэс пянз бэлтгэн суурилуулсан байна. 


    Одоо энэ хоёр “Вояжер” хөлөг Нарны аймгийн зах хязгаар хавьцаа нисэж яваа юм. Эрдэмтдийн тооцоолсноор, хөлгийн бүхээгт суурилуулсан тоног төхөөрөмж 2020 он хүртэл ажиллах боломжтой бөгөөд дараа нь эрчим хүчний нөөц дуусах тул төхөөрөмжүүд ээлж дарааллан унтрах юм байна.

 
     Улмаар 2025 он гэхэд хөлгийн бүхээгэн дэх бүхий л төхөөрөмжүүдийн ажиллагаа зогсох гэнэ. 


     Одоогоос 41 жилийн өмнө эрдэмтэд ийнхүү харийнхантай уулзана, тэд сонсоно гэж найдан дуу чимээ бичин сансарт илгээсэн ч харь гаригийнхантай уулзсангүй, дуу чимээг ч зориулсан эзэд нь сонссонгүй өнөөдрийг хүрчээ. 

 


ХӨГЖМИЙГ ХЭРХЭН СОНГОВ

 
     Дуу чимээг сонгох ажил ихээхэн хүнд хэсгүүдийн нэг байжээ. Дуу сонгох хэсэгт багтсан одон оронч, одон орны физикч Карл Саган сонгодог хөгжмийг сайтар мэддэг, түүнд шунан дурлагч нэгэн байсан бол рок хөгжимд огт дургүй, ойлгодоггүй байжээ. 


     Тиймдээ ч түүний саналаар Бетховены тавдугаар симфонийн хэсэг, Бах, Стравинский нарын бүтээлийн хэсгүүд багтсан байна. 


     Харин олон зуунаар өвлөгдөн ирсэн дэлхийн ардын урлагийн тухайд маргах хүн гарсангүй, Гүржийн найрал дуу, индонезийн гамелан, индианчуудын ёслолын дуулал, Болгарын ардын бүжиг, Перугийн хуримын дуу зэрэг багтжээ. 


     Мөн дуу сонгох хэсэгт багтсан мэргэжилтэн Феррис Чак Берригийн “Жонни Би Гүүд” сонгодог рок-н-роллыг дискэнд оруулсан байна. Феррис блюзийг шимтэн сонсдог байсан бөгөөд гагцхүү энэ хөгжим Америкийн соёлын хамгийн тод, илэрхий нүүр царай гэж үзжээ. 


     Цаашлаад Луи Армстронг, хараагүй блюз дуучин Блайнд Уилли Жонсон нарын дууг багтаасан байна. 


      Тухайн үед ЗХУ энэ дискэнд өөрийн орны алдартай “Подмосковные вечера” дууг Александрын нэрэмжит Улаан тугийн чуулгын найрал дуучид дуулснаар багтаахыг хүсч байв. Гэвч хөгжмийн чанар болон дуулалт огт нийцэхгүй гэдэг шалтгаанаар дискэнд багтаагаагүй байна. 

 


40 ЖИЛИЙН ДАРААХ АНХНЫ ХЭВЛЭЛТ 


     1977 онд энэ дискийг ердөө 12 хувиар хэвлэжээ. Хоёрыг нь сансарт илгээж, үлдсэн 10 хувийг НАСА-ийн төвүүдэд тараасан байна. 


     Энэ хугацаанд өөр ертөнцийн оршин суугчдад дэлхийн хөгжмийн соёлыг танилцуулах зорилготой дискийг дэлхийн оршин суугчид өөрсдөө огт сонссонгүй. 


     Улмаар төслийн 40 жилийн ойд зориулан Ирээдүйн хүрээлэнгийн судлаач Дэвид Песковиц, Сан-Францискогий Амоэба хөгжмийн дэлгүүрийн менежер Тимоти Дейли болон дизайнер Лоуренс Аззерад нар дээрх дискийг олны хүртээл болгохын тулд “Алтан диск” бүтээх санаа гаргажээ. 


     Тэд энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн хандив босгох краудфандингийн тавцанд танилцуулан, 200 мянган ам.доллар олохоор төлөвлөсөн ч тэдний санаанд ч оромгүй үйл явдал болсон байна.  Харийнханд зориулсан дискийг дэлхийнхэнд танилцуулахыг дэмжсэн хүмүүс нийтдээ 1 сая 360 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.


     Улмаар хоёр компакт дисктэй, 98 хуудас ном бүхий 98 доллараар худалдаалагдсан диск энэ жил тусгай хэвлэлтийн шилдэг дизайн төрлөөр Грэммигийн шагнал хүртсэн юм. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.