Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-3

2018-02-26 10:47

 

    Сэтгэл зүйн хохирогч. Ийм нэр томъёо хуулийнхны хүрээнд байдаг эсэхийг  мэдэхгүй юм. Гэхдээ л бидний ярилцагч бол ийм нэгэн хохирогчийн ээж.



 

   

    Тэр өөрөө ч гэсэн ийм төрлийн хохирогч эмэгтэй мөн юм шиг санагдсан нь сэтгүүлч надад төрсөн мэдрэмж. Тэгэхээр, цөөнийг нуршиж, ихийг тунгаах боломжийг энэхүү ярилцлага уншигчдад маань олгоосой гэж хүсч байна. Ярилцагч маань Н гэдэг, дунд эргэм насны эмэгтэй. 

 

    ESA— “Эх сурвалж” агентлаг хүчингийн хэргийн хохирогчийн сэтгэлзүйд үүсдэг гэмтлийн талаар цуврал нийтлэл, сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байгаа. Энэ хүрээнд бид олон хүний сэтгэлийн шархыг хөндөх шаардлагатай болж байна, уучлаарай. Тэр өдөр таны хүүд чухам юу тохиолдсон юм бэ?


    — Танай агентлагаас хөндөн тавьж буй энэ сэдвийг маш чухал, зөв гэж үзэж ач холбогдол өгч байна. Өмнөх нийтлэлүүдийг уншиж үзсэн. Үнэхээр энэ хэргийн хохирогчдын сэтгэлзүйг эмчлэхэд Төрийн үүрэг оролцоо асар их хэрэгтэйг миний туулж өнгөрүүлсэн амьдрал нотолно. 


    Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сард хэрэг болсон юм. Тэр үед миний хүү 13 настай, тавдугаар ангид суралцдаг байсан. Ангийнхаа хоёр, доод ангийнхаа нэг хүүгийн хамт дөрвүүлээ хичээл тараад /18:00 цагийн үед/ Дашчойлин хийдийн дэргэдэх ТҮЦ-ээс амттан авч идчихээд гараад ирсэн байгаа юм. Гэтэл 20 гаран насны залуу тааралдаад, хүүхдүүдийг өдөж, хоргоосон байсан. Нөгөөдүүл нь жаахан юм болохоороо, “Ах аа, бид яагаа ч үгүй шүү дээ” гэж хэлээд явах гэхэд өнөөх залуу цаасны хутга гаргаж ирээд, “Бүгдээрээ намайг дагаж явахгүй бол энэнийг чинь хэрчинэ” гэж хэлээд нэгийнх нь хоолойд тулгачихсан гэсэн. Тэгээд аргагүйн эрхэнд бүгд дагаж явсан. 


    Тэндээс холгүй нэгэн орон сууцны ард мухар газарт хүүхдүүдийг оруулаад хүчиндэж эхэлсэн. Гурав дахийг нь хүчиндчихээд дөрөв дэх нь буюу миний хүүг хүчинддэгийн даваан дээр ойролцоох траншейнд амьдардаг хүмүүс мэдээд хэргийг таслан зогсоосон, цагдаа дуудсан. Гэмт хэрэгтэн хүүхдүүдийг айлгасан хутгаараа тэднийг мөн айлгах гэж оролдсон ч, “Чам шиг юмнаас айна гэж байхгүй шүү” гэж хэлээд дайрч очин барьж авсан юм билээ. 

 

 

    ESA— Та тэр үед хаана байсан бэ. Хэргийн талаар анх хэрхэн мэдсэн бэ?


         — Би тэр өдөр сонгуулийн ажилтай байсан. Ажлаа тараад 21:00 цагийн үед гэртээ ирсэн юм. Хичээлээ тараад аль хэдийнэ ирчихсэн байх ёстой хүүхэд байдаггүй. Нөхөртэйгөө хоёулаа “Энэ хааччихав?” гээд ярьж байтал хамаатны маань нэг охин дагуулаад ороод ирсэн. Тэгээд ямар ч байсан хүүг маань халдлагад өртсөн байна гэдгийг хагас дутуу хэлээд, цагдаа руу явах шаардлагатай гэсэн. Хүүгийн хувцас хунар бохирдчихсон байсныг сольж өгөөд, нүүр гарыг нь угаалгаад цагдаагийн хэлтэс рүү явцгаасан. Цагдаа дээр очоод л бид юу болсныг нь бүрэн гүйцэд ойлгосон. 
    Хүүхдүүд тэр үед яг үнэндээ ямар хэргийн хохирогч болсноо ч сайн ойлгоогүй, өвдөлтөндөө л шаналж харагдсан. Бөгсөө барьцгаагаад л, царай нь барайчихсан сууцгааж байсан даа, хөөрхий.

 

 

    ESA— Гэмт хэрэгтэн хэн байсан бэ. Түүнд зохих шийтгэлийг нь хүлээлгэсэн болов уу?


     — 25 настай залуу байсан. Түүний хоёр эгч ойролцоох авто сэлбэгийн төвд лангуу түрээслэдэг, харин хэрэгтэн тэнд машины тенн нааж амьдардаг залуу байсан.


    Хэрэг гарсны дараа жил буюу 2013 онд хэрэгтэн Улсын дээд шүүхээс арван жил чанга дэглэмтэй хорих ял сонссон. Монгол Улсын түүхэнд анх удаа шүүхээс хохирогчдод сэтгэлзүйн хохирлыг мөнгөн хэлбэрээр төлүүлэхээр шийдвэр гарсан нь энэ шүүх хурал байсан. Гэмт хэрэгтэнд хүчиндүүлсэн гурван хүүхдэд тус бүр 10 сая төгрөг, миний хүүд таван сая төгрөгийг сэтгэл зүйн хохиролд төлүүлэх шийдвэр гаргасан. 


    Дээр өгүүлсэнчлэн энэ бол анхны тохиолдол. Манай улсад хүчингийн хэргийн хохирогчийг зөвхөн гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох хэрэглүүр болгож л ашигладаг. Хэргийг шүүхээр шийдлээ л бол, хохирогчийн асуудлыг нүдэн балай, чихэн дүлий орхичихдог. 

 

 

    ESA— Гэмт хэрэгтэн тухайн үед шүүхээс тогтоосон хохирол барагдуулах төлбөрийг бүрэн барагдуулсан уу. Тэр мөнгө нь хүүхдүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцсэн үү?


    — Харамсалтай нь, хохирогчдын хэн нь ч нэг ч төгрөгийн хохирол гаргуулж авч чадааагүй. Шүүх хурал болохоос өмнө хохирогчийн хоёр эгч хүүхдүүдийн ар гэрийнхэн рүү ээлж дараалан ярьж, санал тавьсан байсан. Нэг хүүхдийн ээж рүү “Хоёр сая төгрөг өгье. Гомдолгүй гээд хэлээд өгөөч” гэж ярьсан бол над руу, “Ээж маань өндөр настай хүн. Тэрэнд хэцүү байна. Гомдлоо буцаагаад өгөөч” гэх мэтээр ярьж байсан. Би тэдэнд “Уучлаарай, энэ хэргийг хийсэн хүн л хариуцлага хүлээх ёстой. Танай ээжид хамаагүй шүү дээ” гэж хэлээд тэдэнтэй дахиж харилцаагүй. 


    Ингээд шүүхээс хорих ял авснаар, хохирогчийн талаас мөнгө төгрөгийн асуудалд огт ач холбогдол өгөхгүйгээр хаячихсан. Шүүхийн шийдвэр биелээгүй өнөөдөртэй золгочихоод байна даа, бүтэн зургаан жил болж байна шүү дээ. 

 

 

    ESA— Энэ мөнгийг авлаа гэж бодоход тэр нь хохирогчийн сэтгэлзүйг эмчилж, засахад хангалттай хэмжээний мөнгө мөн юм болов уу. Таны хүүхэд хүчиндүүлээгүй ч гэсэн таван сая төгрөгийн хохирол төлүүлэх шийдвэр гаргасан нь учир шалтгаантай л байх?

 

    — Яахав, тухайн хүүхдийн нас болон темпераментаас шалтгаалаад сэтгэлзүйн гэмтэл нь янз бүр байдаг юм шиг байна. Гэвч хүүхэд хэдий бага насандаа хүчиндүүлсэн байх тусам сэтгэл зүйн гэмтэл нь илүү хүнд байдгийг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоочихсон юм байна лээ. Бас би Америкийн сэтгэлзүйчтэй уулзаж үзсэн. Таны хүү хэдийгээр азаар хүчиндүүлээгүй боловч тийм насны хүүхдийн сэтгэл зүй хүчиндүүлсэн хүнийхтэй яг адилхан хэмжээнд гэмтдэг гэж хэлсэн. Өөрөө өртөөгүй ч процессыг харчихсан, мэдэрчихсэн учраас хүчиндүүлсэн хүмүүстэй сэтгэл зүйн хувьд яг адилхан шинж тэмдгүүд илэрдэг гэж тэр хэлсэн.


     Амьдрал дээр ч энэ нь нотлогддог. Яагаад гэхээр, энэ хэрэг гарснаас хойш өдийг хүртэлх хугацаанд би бүхий л цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ хүүхдийнхээ төлөвшилд зарцуулж, зориулж ирлээ.

 

    Миний хүүгийн зан төлөвт өөрчлөлт орчихсон. Өдрөөс өдөрт тэр нь анзаарагддаг, мэдэгддэг. Ах, эгч нар нь хүмүүжил, ухамсар сайтай хүмүүс бий. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ тэгж л хүмүүжүүлсэн. 

 

     Бага хүү маань ч гэсэн хүнийхээ хувьд зөөлөн, өрөвч сэтгэлтэй хүүхэд. Тэгсэн хэрнээ л зан төлөвт нь эрс өөрчлөлт орчихсон. Цаанаа нэг тийм буруу зүйлд уруу татагдах, буруу хүмүүстэй нийлэх хандлагатай болчихсон. Энэ хугацаанд хоёр ч удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдлоо. Өмнө нь хүмүүстэй нийлж мөнгө хуурамчаар хэвлэсэн хэрэгт холбогдоод насанд хүрээгүй учраас ял хойшилсон. Харин сая 2017 онд бас л хүмүүстэй нийлж хүний эд зүйл хулгайлж ломбардад тавьсан хэрэгт холбогдоод хоригдчихлоо. /Уйлав/

 

 

    ESA— Зан төлөвийн өөрчлөлтөөс гадна сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлтүүд таньд ажиглагдаж байсан бэ?

 

    — Би хэргийн талаар анх цагдаа дээр очиж байцаалт өгч байхад нь л нэг удаа сонсч байсан. Дахин дахин яриулах сонирхол ч байдаггүй. Гэхдээ л ажиглаж байхад хүү маань тэр явдлаас хойш эрт унтахаа больчихсон. Унтлаа гэхэд шөнө босч ирээд суучихдаг. Яасныг нь асуухаар "зүгээр" гэдэг. Бас их айдастай байгаа нь анзаарагддаг. Гэхдээ надад хэзээ ч энэ талаараа хэлдэггүй, ярьдаггүй. Харин сэтгэл зүйчид болохоор ярьдаг. “Гудамжаар явж байхад тэр хүн араас дагаад байгаа юм шиг санагдаад байн, байн эргэж хардаг” гэх мэт.

 

    Ер нь хэцүү шүү дээ, монголын нөхцөлд. Наад зах нь гэмт хэрэг болсон газрын хажуугаар өнгөрөхөд бараан дурсамж нь сэдэрч байдаг. Ийм төрлийн мэдээлэл сонсох бүрт сэдэрнэ, том болох тусам ямар хэргийн хохирогч болсноо мэдэрч гутарна гэх мэт. 

 

    Миний хүү хэзээ ч надтай болсон явдлын талаар ярьдаггүй. Тэгсэн хэрнээ хэдэн жилийн дараа хэрэгт холбогдчихоод шүүх 2 сая орчим төгрөгийн хохирол төлөх шийдвэр гарахад би “Ээж нь хаанаас тэр мөнгийг олж төлье дөө байз” гэж хэлсэн юм. Тэгэхэд, “Ээж, нөгөө хэрэгтнээс авах ёстой мөнгөө аваад өгчихөж болдоггүй юм уу?” гэж байгаа юм. Энэ бол хэн нэгнээс өр авах тухай бодол биш л дээ. Тэр үйл явдал хүүхдийн сэтгэлээс хэзээ ч бүдгэрээгүйн л баталгаа гэж би боддог.


    Миний хүүтэй хамт явж байгаад хохирсон нэг хүү тэр жилийн намар хичээлийн шинэ жил эхлэх гээд гэрийнхэн нь шинэ дүрэмт хувцас авч өгөхөд, “Тэр муу хулгайчаар шинэ хувцас авахуулах ёстой байсан юм” гэж хэлсэн гэдэг. Хэрэгтэн хүүхдүүдийг баас, шээс болсон маш бохир орчинд хүчиндсэн. Хувцас хунар нь авах юмгүй болчихсон байсан учир гэрийнхэн нь хувцсыг нь хаячихсан хэрэг. 

 

 

     ESA— Хохирогч хүүхдүүд одоо хэрхэн амьдарч байгаа бол?


    — Би удалгүй хүүгээ тэр сургуулиас шилжүүлчихсэн болохоор тэр хүүхдүүдийн ар гэрийнхнээс бараг холбоо тасарсан. Нэг нь лав Солонгос явсан гэж дуулсан. Нэг нь тэр даруй сургуулиасаа гарчихсан. Яасан бэ гэхээр, сургуулийн захирал, багш нар ийм хэрэг гарсан, хохирогч нар нь өөрийнх нь сургуулийн сурагч гэдэг яриаг сургуульдаа тараачихсан. Хэдийгээр хүүхдүүдийн нэрийг зарлаагүй ч гэсэн өөрсдийнх нь чихэнд эргээд сонсогдтол тэр яриа задарсан. Үүнийг нэг хүүхэд нь тэвчиж чадалгүй эхлээд хичээлдээ ирэхгүй тасалж байснаа сүүлдээ өөр сургууль руу шилжчихсэн. Би ч гэсэн тэр хүүгийн тухай эргэцүүлж бодоод хүүгээ 9-р анги төгссөн жил нь шууд коллежид оруулсан. Өөрөө тэр үед Франц руу ажлаар явах болчихоод багшид нь хүүгээ маш сайн захиад дотуур байранд нь үлдээсэн. Яагаад гэхээр нөхөр маань нас бараад удаагүй, ах, эгч нар нь бүгдээрээ оюутан болоод гадаад руу сургуульд явах нь явчихсан байсан юм. 


    Тийм болохоор “Хүү маань гэмт хэргийн хохирогч болсон. Зан төлөвийн хувьд өөрчлөлттэй болчихсон учраас та онцгой анхаарал хандуулаарай” гэж багш нарт нь захиад үлдээсэн юм. 


    Би гурван сар явчихаад ирсэн. Хэдийгээр ажлаар явсан ч гэсэн энэ хугацаанд хүүхдийнхээ асуудлыг давхар судалсан. Энэ төрлийн хохирогчдод хэрхэн туслах ёстой талаар судалж явсан юм.


    Ингээд иртэл хүүг маань сургуулиас нь хөөх хэмжээнд хүрчихсэн байсан. Ангийнх нь багш Баяраа гэж хүн миний хүүг мөн ч их гадуурхсан даа. Хүү маань шөнө унтдаггүй болохоор өглөө нь унтаад хичээлдээ очдоггүй байсан юм билээ. Тэрэнд нь дургүйцээд, “Дандаа унтаж байдаг” гэж гадуурхаад сургуулиас нь хөөчихсөн. 


    Түүнээс хойш хүү маань пи си тоглоомын газраар хонодог болж, муу хүмүүстэй нийлдэг болчихсон. Ингэж яваад хоёр ч удаа хэрэгт холбогдчихлоо.


    Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, манай нийгэм хүчингийн хэргийн хохирогч нартай тус болдоггүй хэрнээ нэмж хохироогоод байдаг юм байна. 

 

 

     ESA—Тэдэнд туслалцаа үзүүлэх хууль, эрхзүйн орчин ч байхгүй?


    —Тийм. Би хүүдээ тус болохын тулд хаана сэтгэл зүйн ямар сургалт болж байна, бүгдэд нь очиж суудаг, судалдаг. Хэрэв тэгээгүй бол, ямар мэдлэг мэдээлэлгүйгээр өдий хүрсэн уйлж, унжиж сэтгэлээр унаж явсаар солиорох байсан биз. “Хүүд минь туслаач. Монголд сэтгэлзүйн хангалттай хэмжээний туслалцаа үзүүлэх боломжгүй юм байна. Би энэ орчноос, энэ нийгмээс хүүгээ тусгаарлаж, мэргэжлийн өндөр түвшинд эмчилгээ хийдэг улс орон руу явах шаардлагатай байна" гэсэн хүсэлтийг эрх мэдэлтэй болгонд уйгагүй тавьж ирлээ. Хэн нь нохой хуцсан чинээ тоож хүлээж  авдаггүй. “Танай хүүхдийг хүчиндчихээгүй л юм байна шүү дээ” гэж зарим нь хэлдэг. Зарим нь бүр миний өгсөн өргөдлийн хуудсуудыг талыг нь алга болгочихоод яасныг мэдэхгүй гээд сууж байдаг. Боловсролын яамны нэг мэргэжилтэн яг тэгсэн. 


    Би одоо Ерөнхийлөгчөөс, Ерөнхий сайдаас туслалцаа хүсч, өргөдлөө өгнө гэж бодож байгаа. Би яадаг ч байсан хүүгээ аваад Франц руу явна гэж боддог. Тэгэхгүй бол одоо ингээд хүү минь шоронд орчихвол улам л эвдэрчихнэ гэж бодохоос гол минь харлаад унтаж ч чадахгүй байна. 

 

 

    ESA— Энд нэмж өгүүлэхэд, энэхүү жигшүүрт хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн тухайн үед хэргийн газарт байхдаа өөр хэн нэгэнтэй утсаар ярьж, “Би хэдэн гайгүй хүүхэд олчихлоо. Машинаа аваад хурдан хүрээд ир” гэж байсныг хохирогч хүүхдүүд мэдүүлэгтээ дурьдсан байдаг аж. Бидэнтэй ярилцагч эмэгтэй энэ талаар хэлэхдээ, “Цагдаа нар энэ хэрэгт дутуу ажилласан. Хэрэгтний цаана дахиад ямар хүмүүс байсныг, бас тэр өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан ч авч хэлэлцээгүй. Бас тэр хүн яагаад ийм хэрэг үйлдэх болов, магадгүй өөрөө ийм хэргийн хохирогч болж байсан хүн юм биш биз гэдгийг судалж үзэх ёстой байсан” гэсэн юм. Түүний зөв ч байж мэднэ...

 

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-1

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-2

 

 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.