А.Цыденов: “УЦС-ын үйлдвэрлэсэн ЭРЧИМ ХҮЧИЙГ хэрэглэх том хэрэглэгч Монголд байхгүй”

2018-02-27 10:25
ОХУ, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан үргэлжилж байна.

 

  Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 21 дүгээр хуралдааны үйл ажиллагаа хоёрдугаар сарын 26-ны  өдөр ОХУ-ын Москва хотод эхэлжээ.



 

    Энэ сарын 28-н хүртэл үргэлжлэх Засгийн Газар Хоорондын Комиссын  хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа юм. 


Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, Монгол, Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаан  энэ сарын 26-нд болсон байна. 


  Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан маргааш /2018.02.18/ болох бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нарын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт, комиссын нэгдсэн хуралдаанаар үргэлжлэх юм. 

 

  Энэ хуралдаанаар Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах томоохон төслүүдийн хувь заяа шийдэгдэж болзошгүй. Тодруулбал, манай улсын усан цахилгаан станцын төслийг Оросын Байгал нуурын экологид аюултай гэж үзсэн Оросын тал энэ төслийг зогсоох, оронд нь Монголыг хямд үнэтэй эрчим хүчээр хангах талаар удаа дараа санал тавьж байлаа.  Энэ талаар ч саяхан Оросын хэвлэлүүд эргэн нэг сануулжээ. 

 


ӨНӨӨГИЙН ХУРЛААР ШИЙДЭГДЭЖ МАГАДГҮЙ ОРОСЫН САНАЛ 


  Эгэл олон, эрхэм түшээд золголт хийн, хот хөдөөгүй айл хэсч, бууз үмхэлж байх зуур хойд хөршид бидний асуудлыг бидний өмнөөс шийдэх хувилбаруудыг дахин нэг сануулжээ. 

 

  Тодруулбал, оны өмнө яригдаж, дараа нь Буриадын засаг ноёныг айлчлах үеэр хөндөгдсөн гэх УЦС-ын оронд Орос улс хямд эрчим хүч нийлүүлэх ажлын талаар Оросын сэтгүүлчид дахин нэг хөндсөн байна. 

 

  “Дорнод-Сибирийн үнэн” агентлагийн нийтлэлд Байгал нуурыг хамгаалах асуудлаарх комиссын хурлын үеэр яригдсан гол асуудлуудыг тоймложээ. Тэр дундаа манай улс барихаар төсөөлж, төлөвлөж буй усан цахилгаан станцын оронд Оросоос цахилгаан эрчим хүч нийлүүлэх нь манайд илүүтэй хямд тусах талаар ч онцолсон байна. 


  Өмнө нь Оросын холбогдох байгууллагууд энэ талаар мэдэгдэл хийхдээ “хямд үнээр” эрчим хүч нийлүүлнэ гэдэг байсан бол энэ удаад “ЭКСПОРТЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРТГӨӨР ХИЙНЭ”  гэдгээ онцолжээ. 


  Харин эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийн тодорхой нөхцлүүдийг гэрээ хэлэлцээрийн явцад тодруулахын дээр эдгээр нөхцлүүд нь “Монголын талын байр сууриас хамаарна” гэжээ. 


  “Шүрэн”, “Эгийн гол”, “Чаргайт”-ын усан цахилгаан станцуудын оронд эрчим хүчний хангамжийг шийдэж болох хувилбаруудыг Орос, Монголын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын хурлаар авч хэлэлцэх юм байна. 

 


МОНГОЛЫГ ЗОРИХ ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧ 


  Манай улс хойд хөршөөсөө цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр ОХУ-аас Монгол руу нийлүүлж буй эрчим хүчний хэмжээ 2015 онд 1.4 тэрбум кВт цаг байжээ. 

 

  Оросын эрчим хүчний яамны онцолсноор манай улс руу цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг жил бүр хийдэг. Гэрээнд заасан үнэ “арилжааны нууц” гэж тус яам онцолсон ч Монгол руу нийлүүлэх цахилгаан эрчим хүч “Оросын бусад хэрэглэгчдэд хүрдэгтэй адил зах зээлийн үнээр нийлүүлэгддэг” гэдгийг цохон тэмдэглэжээ. 

 

  Байгал нуураа аварч үлдэхийн тулд хийж байгаа гэх эрчим хүч нийлүүлэх хувилбарын эдийн засгийн тооцооллыг хийхэд УЦС барьж ашиглалтад оруулснаас илүү хямд, хэмнэлттэй байна гэдгийг Буриадын тэргүүн Алексей Цыдденов мэдэгдсэнийг “Дорнод Сибирийн үнэн” онцолсон байна. 

 

Монголын УЦС загасны үржилд сөргөөр нөлөөлнө гэж Оросын эрдэмтэд үзэв

 

  “Бидний тооцоолсноор Оросоос нийлүүлэх эрчим хүчний үнэ ямар ч тохиолдолд Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчний үнээс бага байх болно. Тэр  ч бүү хэл, УЦС барьж, тэнд үйлдвэрлэсэн эрчим хүчээс ч хямд байна. Одоо Монголд нэмэлтээр хэрэглэх томоохон хэрэглэгч алга байна, өөрөөр хэлбэл тэдэнд томоохон үүсгүүр барих шаардлага байхгүй ” хэмээн Цыденов өгүүлжээ. 


  Буриадын тэргүүн ийнхүү үзэж байгаа бол ОХУ-ын Байгаль орчны сайд Донской Сэлэнгэ мөрний ай савд усан техникийн байгууламж босгоход өндөр өртөгтэй, Байгал нууранд сөрөг нөлөө үзүүлж мэдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн зээлдүүлэгч дутмаг байгааг онцолсон байна. 


  Чухамхүү энэ асар их хөрөнгө мөнгө, мөн зээлдүүлэгч байхгүй гэдэг нь манай улсыг томоохон төсөл хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болсоор байгаа юм. 


  Ямартай ч өчигдөр эхэлсэн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар  урт настай төслийн талаар биш харин төслийг зогсоож, оронд нь Оросоос хямд эрчим хүч нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг ямар нөхцөлтэй байгуулах талаар голчлон ярилцах бололтой. 

 

Монгол улс УЦС-аас татгалзахаар болсон уу?

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.160.38/

2018-03-16 10:58

хүний юмаар хүүдэгнэснээс өөрийн юм өргүй шүүдээ.Алин болгон бусдын хараанд байх ёстой юм. Цахилгаан эрчим хүч хэзээч илүүдэхгүй.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.