Сирид өдөрт таван цаг ГАЛ ЗОГСООНО

2018-02-27 10:59
393 мянга гаруй оршин суугч ОХУ-ын дэмжлэгтэйгээр хийж буй Сирийн Засгийн газрын агаарын цохилтод өртсөөр байна

     ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн засгийн газрын Зүүн Гутад хийж буй дайралтыг өдөрт таван цагаар зогсоох санал гаргажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоёрдугаар сарын 24-нд  Сири улсын хэмжээнд 30 хоногийн турш гал зогсоох шийдвэр гаргасан боловч ОХУ-тай зөвшилцөлд хүрээгүй байснаас хойшилсоор байв.


     ОХУ энэ явдлыг алан хядагчдын өдөөн хатгалга гэж үзэж байна. 




     Путины санаачилга ирэх сарын нэгний пүрэв гаригаас хэрэгжиж эхлэхээр болжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өдөр бүр орон нутгийн цагаар 9:00-14:00 цагийн хооронд гал зогсоох шийдвэрийнхээ талаар мэдэгдэл хийв. Гал зогсоох цагаар Сирийн Улаан загалмайн нийгэмлэг тусламжийн коридор байгуулах ажилд туслах бөгөөд шийдвэрийн талаар хүмүүст хэвлэмэл болон зурвас, дүрс  бичлэг хэлбэрээр мэдээлэхээр болжээ.


     Ийнхүү Оросын талаас Сирид гал зогсоох санаачилга гаргасан ч энэ улсын дэмжлэгтэй Сирийн засгийн газрын хүчний довтолгоонд энгийн иргэд өртсөөр байгааг олон улс шүүмжилсээр байгаа юм. 
Тухайлбал, нийслэл Дамаск хотын ойролцоох бүс нутаг босогчдын хяналтанд байгаа. Тиймдээ ч чухамхүү энэ шалтгаанаар 393 мянга гаруй оршин суугч ОХУ-ын дэмжлэгтэйгээр хийж буй Сирийн Засгийн газрын агаарын цохилтод өртсөөр байгаад олон улс шүүмжлэлтэй хандаж байна. Өнгөрсөн найман өдрийн цохилтод 560 хүн амь үрэгдсэн тухай хүмүүнлэгийн ажиглагчид мэдээллээ.


     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өчигдөр /2018.02.26/ хийсэн мэдэгдэлдээ “Зүүн Гута биднийг хүлээхгүй. Дэлхий дээрх тамын явдлыг зогсоох цаг болчихоод байна” гэж хэлж байсан юм. Олон улсын ажиглагчид ОХУ-ын энэ шийдвэр хангалтгүй гэж үзэж байна.


     ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлд өгсөн ярилцлагадаа “НҮБ-ын гал зогсоох шийдвэр зөрчилдөөнт талуудад яаж ойлгуулснаас хамааран хэрэгжиж эхлэх эсэх нь шийдэгдэнэ. Исламын улс, Ал-Кайда зэрэг Жихад, мөн тулаанд голлон оролцож буй Ахрар ал-Шам, Жаиш ал-Ислам бүлэглэлүүдийг энэ шийдвэртээ хамааруулаагүй байх.” гэж хэлсэн юм.


     Энд нэмэхэд: Зогсолтгүй явагдаж байгаа бөмбөгдөлтөөс гадна хоёр хоногийн өмнө /2018.02.25/ Зүүн Гутад химийн зэвсэг хэрэглэсний улмаас наад зах нь 18 хүн амь үрэгдэж олон арван хүн одоо хэр нь хордлогын байдалтай зовж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. ОХУ энэ явдлыг алан хядагчдын өдөөн хатгалга гэж үзэж байна. 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.