З.Мэндсайхан: Хүнд өдөрт хэдэн зуун ХАВДРЫН ЭС ҮҮСДЭГ ч биемахбодь цэвэрлээд явдаг

2018-03-01 13:05

    АУ-ны доктор, профессор, Хүний гавьяат эмч З.Мэндсайхан нэгэн үеийн бестселлэр Оросын зохиолч, эмч В.В.Вересаевын "Эмчийн тэмдэглэл", “Америк эмчийн тэмдэглэл”-ийг  орчуулсан байдаг юм. Хэдийгээр энэ хоёр номонд “Хоорондоо 100 жилийн зайтай гарсан ном гэхэд эмч нарын “зовлонд” онцын ялгаа гараагүйг л харуулсан” тухай  орчуулагч ярьдаг ч бид энэ тухай ярилцахгүй.



 

    Түүний өөр нэгэн “хобби” чулууны талаар ярилцлаа. Гэхдээ хобби гэхэд арай жулдаж мэднэ. Учир нь тэрээр уламжлалт эмийн үйлдвэр “Монг-Эм” эмнэлгийг үүсгэн байгуулагч нэгэн бөгөөд ургамал, чулууг судлах болсоор олон жилийг үджээ.

 

    ESA — Чулуу сонирхож эхэлсэн түүх хэзээнээс эхэлдэг вэ?

    —Бараг 28 жил болж байна уу даа. Эмнэлгээ байгуулахдаа л чулуу сонирхож эхэлсэн. Амьдралаас үүдсэн хэрэг  л дээ. Уламжлалт эм тангийн найрлагад чулууг боловсруулан оруулдаг  шүү дээ. Тухайлбал, чулуун  гвон бол элэгний бүх төрлийн эмний найрлагад ордог.  /өрөөн дэх тавиур дээрээсээ авчирч үзүүлэв/ Гвон нь хүхрийн, чулуун, шороон гэж хуваагддаг юм. Энэчлэн өнөөдрийн байдлаар бид 20-иод төрлийн, 200-гаад эмийг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл гвон бүхий эм нь хүнд байдаг өвчний 70,80-аад хувьд нь зориулагдсан болно. Тодруулбал, нүд, чих, ам, хамар  гээд явах нь байна.
 

 

    Бид бол европ, уламжлалт анагаах ухааныг хольдоггүй. Сая орж ирэхдээ анзаарсан уу. Үүдний хананд “Уламжлалт анагаах ухааныг хуучин дэг жаягаар нь авч өөрөөр сэргээн хөгжүүлнэ” гэж эрхэм зорилгоо бичсэн байгаа. Ингэж байж аливаа өвчнийг уламжлалт эм тангаар эмчлэх бололцоотой болж байгаа юм.Тэгэхгүй бол нэг аспирин өгөөд л,  нэг тан уугаад явбал уламжлалт эмнэлгийн эмчилгээ биш болчихно. Үнэндээ уламжлалт анагаах ухааны дэг жаяг 1937оноос хойш байхгүй болчихоод саяхнаас л сэргэж байна. Бид үүний төлөө 27 жил зүтгэж явна.

 

 

    ESA— Гэхдээ хуучны судар номыг тайлж уншина гэдэг амаргүй  тухай эмч нар ярьдаг?

    —Тийм ээ, бид өнөөдөр ч ойлгоогүй л явна. Мэдээж 17, 18, 19-р зууны том эмч нарын ном судар суурь өнөө бидэнд байна. Тэгээд дахин сэргэж эхэлсэн ерээд оны эхээр хууччуул маань  яг ч дуусчихаагүй байлаа. Тэгээд бодохоор бид азтай улс.

 

 

    ESA—  Таны багш хэн гэж хүн байв?

    —Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Магсар гэж хүн. Ах нь их том лам байсан юм. Ерээд онд Магсар багшаас өөр эмийн ургамал таньдаг хүн тун ховор байлаа.

 

 

    ESA—  Нэг оноштой хоёр хүн Европ нөгөөх уламжлалтын эмнэлгээр явлаа гэхэд үр дүн ямар гарах бол?

    —Өөр өөр байна. Уламжлалт эмнэлэгт тангаас гадна заслын аргуудыг хэрэглэдэг. Тухайлбал, та нарын мэддэг бариа бол заслын нэг арга юм. Тэгээд хануур,төөнүүр, хатгуур, шивүүр, самнуур, илэн бариа,тосон бариа, жигнэх арга гээд л үргэлжилнэ. Үүнээс зүү эмчилгээг гэхэд сүүлийн 10-аад жил маш түгээмэл хэрэглэж ирлээ. Орчин үеийн анагаах ухаанаар үсрээд  50,60 хувийг нь л эмчилнэ. Тэрнээс цаашхийг мэдэхгүй. Тэгвэл тэр нь бидэнд байна. Жишээлбэл зогисдог өвчин гэж бий. Энийг бүүр 19-р зуунаас эхлээд Европын орнуудад учрыг нь олох гэж  оролдоод өнөөг хүрсэн. Тэгээд элгэнд нь, өрцөнд нь  өөрчлөлт орсон байна гэдэг. Өрцний мэдрэл цочирсоноос ингэлээ гэх атлаа намдааж чаддаггүй. Яг үүн шиг орчин үеийн анагаах ухаанд тодорхойгүй юм их бий. Жишээлбэл, толгой доргиход хүйтэн жин тавиад л хэвтүүлдэг. Эсхүл шээс хөөх эм уулгаж, тархины даралтыг буулгана. Харин уламжлалт анагаах ухаанд даран барих,  илэх аргыг хэрэглэдэг. Үүнийг шаардлага өндөр европчууд аль хэзээний анзаарчихсан. Өнөөдөр Польшид манай 300-гаад эмч 20-н хэдэн жил ажиллаж байна. Энэ нь Польшийн эмч нар муудаа биш л дээ. Өөрөөр хэлбэл тийм гадны орон зай тэнд байгааг харуулаад байна. Гэхдээ нэг талыг бариад туйлшрах аргагүй. Хүн гэгчид янз янзын л юм тохиолдоно. Заримыг  нь орчин үеийн анагаах ухаан их өндөр хэмжээнд шийдэж чадаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгвэл бид  тэр 19-р зууны үеийн томчуудын хэрэглэж байсан эмчилгээний аргыг сэргээх гэж оролдоод байгаа юм. Түрүүчээс нь сэргээгээд үзэхэд хоёроос эхлээд 10, 25 бүүр 30 найрлагатай  эм байна. Түүнийг нь хийж байна.

 

    ESA—  Үндэсний үйлдвэрлэл яваад байна, тийм ээ?

    —Энэ бол жинхэнэ үндэсний үйлдвэрлэл. Гэхдээ хамгийн зовлонтой нь жил ирэх тусам эмийн бүтээгдэхүүний маань олдоц муудаж байна. Өнөөдөр зургаа, долоохон эмийн үйлдвэр, жаахан жаахан цехүүд ажилладаг. Эд нийлээд 100 мянган хүний эм хийж чадахгүй байна. Учир нь дотоодоос түүдэг эрдэсээ байг гэхэд 100-гаад нэр төрлийн эмийн ургамлын ихэнхи нь ховордоод улаан номонд орчихсон. Зарим чухал эмийн ургамлууд бүүр алга болсон. Гэтэл эр жонш гэхэд борын өвчин гэж ярьдаг ходоодны улаан хоолойн хавдарт л хэрэглэдэг. Монголд ургадаг гоньд гээд хоолонд хийдэг ургамал байдаг даа. Энэ бол бас л чухал эм. Намайг багад голын хөвөөгөөр  нэг ургадаг байсан бол одоо байхгүй. Гэтэл энийгээ эргэн сэргээх талаар нэг ч юм хийдэггүй. Иймээс би сүүлийн 5,6 жил энэ талаар хэрүүл хийж явна. Дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж нэг их том, том ярина. Уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгоно. 50 тэрбум долларын ашиг олно гэж ямар цус нь байх вэ дээ. Гурван сая хүнээс 100 мянганых нь хэрэгцээг хангаж чадахгүй байж. Одоо тэгээд гадаадаас 100-гаад төрлийн эм импортоор авдаг. Яах юм, манайд ургахгүй юм чинь гаднаас авахаас өөр арга алга.  Энд гаварнаас авахуулаад улаан, цагаан зандан гээд хар мянган юм багтдаг. Тэгэхээр өнөө хэдэн цаас маань гадагшаа л урсаад байгаа биз.

 

    Мал иддэг хужир, цайны хужир гэж хоёр янз байна. Энэ нь ходоод гэдэсний эмгэгийн үед хэрэглэдэг “Шижир 6”, “Амирлуулах 6” эмийн найрлагад багтдаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн өвчтэй хүн болгон хэрэглэдэг 6 найрлагатай эмний нэг нь болох нь байна. Жирийн үедээ ч жишээ нь Хөвсгөлийн цайны хужрыг хэрэглэж болно. Манайхан чинь дээр үеэсээ хужиртай цай ууж ирсэн бөгөөд энд зөвхөн  натри, кали биш биед хэрэгтэй олон эрдэс бодис байдаг. За бас жамц давс байна. Түүний тусыг хөгшчүүл мэддэг байж. Гэтэл бид юу мэдэж байгаа юм бэ. Юу ч мэдэхгүй. Өнөөдөр фэйсбүүкийн хэрүүлийг л хамгийн сайн мэддэг.  Хүмүүсийн ухамсар ямар түвшинд байна? Боловсролын түвшин ямар байна вэ? Орчин үед үндэсний соёл уламжлалаа хослуулж чадаж байна уу. Энэ бол тодорхой түвшинд бодлогын хэмжээнд шийдэх ёстой юм. Тэрийг энд яриад яах вэ.

 

    ESA— Танайх ч бас  гаднаас  эмийн бүтээгдэхүүнээ авдаг уу?

    —Тийм. Жилд 2,3 тонноор нь авдаг. Энд гаалийн татвараас эхлээд овоо их мөнгө орно шүү. Тэгээд бас их зовлонтой. Нөгөө хил гаалийнхан нь ойлгодоггүй, заваарсан ажил болно. Эмийн хуулинд уламжлалт эмийн түүхий эдийг чөлөөтэй оруулна гэсэн заалтыг авч хаяад гурав, дөрвөн жил болж байна. Гэтэл жишээ нь улаан хоолойн хавдартай болоод  юм орохоо байчихсан хүний хэрэглэдэг эмийн найрладаг ордог гол түүхий эд энд нь байна. Уг эмийг шат шатнаасаа хамаараад  өөр өөр үед хэрэглэдэг. Тэрийгээ л зөв тогтоох ёстой. Одоо бол ходоодны хавдрыг оношлоно гэдэг 15 минутын ажил болсон. Хавдар мөн бол хагалгаа хийлээ, бол оо. Хэрвээ хагалгаа хийх  боломжгүй бол дээрх эмийг л ууна. Тэгэхгүй бол зүгээр анелгин морфин л тариулна уу гэхээс өөр ямар ч эмчилгээ байхгүй. Өөрөр хэлбэл уламжлалт анагаах ухаанд бүрэн цогцоороо эмчилгээ нь байна. Хүн гэдэг нэг л организм. Хүний биеийг дахин давтагдахгүй нэг машин гэж үздэг.Тийм учраас энэ машиныг яг энд эвдэрсэн үү энд хэмхэрсэн үү гэхчилэн цогцоор нь эмчилгээгээ явуулдаг.

 

    ESA—  Хамгийн наад зах нь хар тамхинаас болоод л харддаг юм болов уу?

    —Нарийн ярьвал хар тамхиа ч ялгахгүй дээ. Монголд их ургадаг л биз дээ.

 

    ESA—  Хавдрын үед хэрэглэдэг гэлээ? Амьдрах хугацааг уртгаж, хавдрын өсөлтийг зогсоодог гэсэн үг үү?

    —Хуучин цагт амьдрах хугацааг уртасгаж, үсэрхийлэхийг зогсоож байсан түүхтэй юм билээ. Энэ тухай уламжлалт ном сударт байдаг. Одоо даанч ухаж ойлгоод хэрэгжүүлэх эмч алга. Энэ бол тийм амархан сурдаг эд биш. Хэдэн зуун жил болсон тэр том, том судруудыг мань шиг махан зүрхтнүүд хийгээгүй шүү дээ.

 

    Хавдар гэж бор буюу хурмал өвчнийг хэлээд байгаа юм. Хурмал өвчин гэдэг нь өнөөдрийн бидний ойлголтоор хамгийн хүндэрсэн өвчин. Тэр л элэгний цирроз, бөөрний дутагдал, үе мөч нь атирсаныг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл олон юм хурна аа л гэсэн үг. Бүүр 20.30.40.50 жилийн өвчин байх нь байна. Хавдар зүв зүгээр байгаад гэнэт бий болчихгүй. Өдөрт хэдэн зуун хавдрын эс хүний биед үүсч байгаа ч бие махбодь цэвэрлээд л яваа юм. Ингээд ямар нэг өвчний суурь байгаад цэвэрлэж чадахгүй болохоор хаа нэг газраа хуралдаад хурмал болдог. Манай дээдчүүл, мундаг оточ нар бор буюу хурмалыг эмчилж чадвал өөрийгөө сая эмч боллоо гэж ойлгоно гэсэн байдаг. Гэхдээ энд нэг юм бий. Хэрвээ  цаг нь ирсэн бол мянган бурхан хүрээлээд ч хэрэггүй л дээ. Тийм үед үр дүн харна гэж найдалтгүй. Энэ тухай уламжлалт анагаах ухааны ном сударт “Ийм тохиолдолд битгий оролдоорой. Цаашаа явж байгаа юм” гэж бичсэн байдаг. Тэгэхэд одоо хамар, ам руу  гуурс шургуулчихаад л хэдэн сараар амьд байгаа юм шиг хөөрхийг байлгаад байна. Болоогүй эмч нартай хэрүүл хийж, мөнгө шидээд л. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Тэр хүн чинь ирсэн цагтай. Бас буцах өдөртэй. Хэрвээ насны хэмжээ дууссан бол яаж ч оролдоод хэрэг байдаггүй юм.

 

 

    ESA—  Уламжлалт анагаах ухаан бол урьдчилан сэргийлдэг?  Эндээс үүдээд асуухад жишээ нь залуусын дунд харвалтаас болж нас бардаг. Үүнээс  сэргийлэх ямар арга байна вэ?

    —Явдал мөр, идээ ундааны ёсыг сахих ёстой. Өнөөдөр бид тэрийгээ мартчихсан. Өнөөдрийн яриад, бичээд байгаа зөвлөгөө бол компьютерийг яаж  засах уу гэдэг шиг л энгийн ойлголт байхгүй юу. Тэнд хүн бүр өдөр унтаж, байнга ногоо идэх ёстой гэх жишээний. Гэтэл хүн чинь өөр өөр. Энэ дэлхий дээрх 7 тэрбум хүн тус бүр 7 тэрбум амьтан. Арга билгийн зүй тогтол дээр хүн, амьтан, хорхой шавьж хүртэл тогтдог юм. Энэ хоёр эн тэнцүү байхад хүн өвдлөө гэж ярихгүй. Тэгэхээр өвчин юунаас үүсэх үү гэвэл бие, хэл, сэтгэлийн гэмээс үүсдэг. Өнөөдөр манайхан биеийн гэмийг их олон жил үзэж ирлээ. Тухайлбал, уушгинд хатгаа байгааг рентгенээр харчихаж байна. Шээсний шинжилгээ өглөө “юм байхгүй” гээд явуулчихдаг. Гэтэл цаана нь уг байгаа юм. Яахав гарч ирэх цаг нь болоогүй л байхгүй юу. Тийм байхад шинжилгээ өгсөн үеийнхээрээ дүгнээд байдаг. Өнөөдөр бөөр нь ажиллагаагүй болчихжээ л гэнэ. Үнэндээ тэр чинь 10,20 жилийн өмнөөс хааяа нүд бэлцийгээд эхэлсэн байдаг. Ингэхээр урьдчилан сэргийлнэ гэдэг асар том шинжлэх ухаан байгаа юм. Энэ нь манай ард түмний дунд бүүр заншил болчихсон байсан. Нэг жишээ татахад, “Наад нэг юм чинь халуун наранд архи уугаад цус нь хөөрч үхлээ. Толгой тархийг нь хүйтэн усаар угаа” гэж захын чавганц нар хэлж байдаг. Архи нь халуун, нар нь  халуун байвал яах нь уу. Арга билэг алдагдаж таарна. Халууны өвчин л болно. Сударт энэчлэн халуун хүйтний өвчин, тэр битгий хэл хэдийд секс хийх үү гэдгийг хүртэл заагаад өгчихсөн байна. Сая би хэллээ. Бие, хэл, сэтгэлийн гэмээс өвчилдөг гэж. Өнөөдөр бол дээр дооргүй хэрүүл хийж гүйгээд, хүн матаад л явна. Үүний үр өөрт нь тусна. Үр хүүхдэд нь тусна гэдгийг ойлгодоггүй. Ингээд юу хожиж байгаа юм. Нүцгэн ирээд,  нүцгэн буцах л хорвоо шүү дээ.

 

 

    ESA—  Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил бөмбөрдөг гэдэг. Та чулуу “цуглуулахдаа” эмээдэг үү?

    —Би гадагшаа гаргах гэж эмийн ургамал түүдэггүй. Хэн нэг өвдсөн хүний ам руу л хийх гэж энэ олон зүтгэж явна. Аягүй бол тэрийг өөрөө ч  хэрэглэхгүй дээ. Яахав хэрэгтэй бол ууна. Дээр үед надад нэг өвгөн лам “Мааниа л хэлчихэж байгаарай” гэж хэлээд зөв санааны юманд цөвтэй биш гэдгийг хэлсэн. Бас манай багш нар “Үндэс авдаг таван ургамал байлаа гэхэд гурвыг нь үлдээж бай” гэж заасан. Даанч одоо тэгэхгүй байна. Түүнээс болоод ядаж 100 мянган хүнд эмийг нь хийж өгч чадахгүй байна. Монгол Улс жилдээ 300-гаад тэрбум төгрөгийг эмэндээ “иддэг”. Үүний 90 хувь импортынх. Үлдсэн 10 хувь нь манайхны эмийн үйлдвэрүүд байна. Бас аспириний нунтгийг Эрээнээс авчраад таблетик болгоод зардаг нөхдүүд багтана. Эндээс уламжлалтын хэдэн үйлдвэр нь жилдээ дөрөв, таван тонн л эм хийдэг. Энийг нь нэг хүнд нэг, нэг граммаар,  гурван сар уухаар өгнө гэвэл хэд байх уу. Өнөөдөр ховордсон ургамлын ихэнх нь эмийн ургамал болчихоод байхад улсаас эмийн ургамлын сангийн аж ахуй байгуулчихгүй юм. ХААЯ гэхэд сүүлийн хэдэн жил идэшний ногоо, жимс жимсгэнийн сантай болчихлоо. Байгаль орчны яам ховор, ховордсон улаан номонд орсон ургамлаа эргэн сэргээх бас нэг хөөрхөн сантай болсон. Үүн шиг манай эрүүл мэндийн яам эмийн ургамын сантай болж болохгүй гэж.

 

    Би 30 га газарт эмийн ургамал тарьдаг юм. Энд таван жил мөнгө хийлээ. Өнөө л ховордсон үндэс авдаг ургамал болох чихэр өвс, лидэрийг тарьж байна. Зургаан жил зүтгэхэд сая нэг харандаа шиг болох уу, үгүй юу. Энд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд манайхан нэг төсөл ЭМЯ-нд оруулсан. Тэндээ 50 аж ахуйн нэгж тус бүрт хоёр, хоёр эмийн ургамал тарихаар 50 тэрбум төгрөг өгөөч. Тэгээд ажлын явцад нь хяналт тавиад яваач гэсэн. Хөрөнгө санхүүг нь шийдээд өгвөл хийх дуртай улс нь байна. Хүсэл байна, газар нь байна. Ургасан хойно нь бид өнөөхөө зах зээлд борлуулна. Тэгэхээр хөдөө байгаа юмыг хядаж хяргахаа болино. Хэсэг хугацааны дараа Монголдоо байтугай гадагшаа гаргах нөөцтэй болно гээд сүүлийн  зургаа, долоон жил ярилаа. Үр дүн алга. Өнөөдөр ухаад л байдаг ухаад л байдаг. Дараа нь улаан шороонд нь хутгаад л хаячихдаг. 1990.91 онд Заамарт өвгөн багштайгаа очиж чулуун гвоныг хямсаагаар түүдэг байлаа. Яг с витамин шиг үрлүүдийг түүнэ. Зарим нь бүүр түүнээс жаахан. Чулуун дээр бурзайгаад ургачихсан байдаг юм. Энийг цагт нь түүхгүй бол анхны бороо орно, хоёр дахь нь орно, шингээд алга болчихдог. Гэтэл одоо юу ч байхгүй. Зүгээр нүх улаан шороо болсон. Энэ бол хэдэн зууны өмнөөс Монгол, Төвд эмийн жороор элэгний эм хийхэд хэрэглэж ирсэн түүхий эд. Тэрнээс бид нар бодож олоогүй. Бодож олж ч чадахгүй. Яагаад700,800 жилийн өмнө хэрэглэж байсан юмыг бид хэрэглээд байгаа юм. Үр дүнтэй учраас өнөө хүртэл хаягдахгүй ирсэн байна. Тэгэхээр хүнд дутуу найрлагатай эмч өгч болохгүй. Тэгвэл би өөрөө нүглийг нь үүрнэ. Би ийм л итгэл үнэмшилтэй болсон хүн.

 

    ESA— Гадуур эмийн ургамал их зардаг. Хэр найдвартай юм бол?

    —Ургамал бол мөн. Гэхдээ эмийн ургамлууд хоорондоо нийлж байж эм болно. Их цөөхнийг дангаар нь хэрэглэдэг. Тэр нь гарын таван хуруунд багтах болов уу. Нөгөө таван салаа, сөд хандалж уудаг чинь ардын эмчилгээ.  Ардын эмчилгээ, уламжлалтын эмчилгээ гэдэг чинь шаал өөр. Уламжлалт нь бол шинжлэх ухааны том тогтолцоотой. Ардынх нь бол захын чавганц ходоодоо өвдөхөөр  таван салаа буцалгаад уухыг хэлээд байгаа юм. Уншиж судалж байхад уламжлалтын ном сударт энийг нь нэг их дэмжээгүй байдаг  юм билээ.


    ESA— Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.