Л.БАТТОГТОХ: Мацаг барихад анхаарах зүйл ОЛОН БИЙ

2018-03-02 16:27
Усан мацаг гэдэг дан ус уухын нэр биш. Жимс ногооны зутан, шөл, шүүс зэргийг хэрэглэнэ

 

    Уламжлалт анагаах ухааны онолоор хүн мацаг барихад бие нь ядарч сульдах биш харин улам сайжрах, өвчин зовиур арилах, сэтгэлд тааламжтай сайхан мэдрэмж үүсэх ёстой гэж үздэг. 



 

    Энэ бол барууны шинжлэх ухааны мацаг барих аргаас тэс ондоо зүйл бөгөөд тэд үүнийг хараахан тайлбарлаж чадаагүй байгаа. 

 

    Гэвч мацаг барихад анхаарах ёстой зүйл маш олон бий. Тэдгээрийг үл ойшоовол эрүүл мэнд эргэж сэргэхгүйгээр доройтох аюултай гэнэ. Энэ талаар “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтох өгүүлж байна. 

 

 

Мацагийг ХАВДРЫГ ЭМЧЛЭХ зорилгоор түгээмэл ХЭРЭГЛЭЖ байна

 

    Буддын шашинт лам хуврагууд бурхан болон гэгээрэхийн тухайд “Нүнг най” сахих аргыг хэрэглэдэг байсан. Тэд илүү урт удаан хугацаанд ном үзэж, бясалгал хийхэд үүнийг ашигладаг байсан. Одоо ч лам хуврагууд ашигласаар байгаа. Нүнг най сахих арга бол турах, жингээ хасах, өвчин арилгахад зориулсан зүйл биш юм. Эрт дээр үед одоогийн бидний амьдарч буй цаг үеийнх шиг тарган хүн байгаагүй, элдэв төрлийн өвчин ч бага байсан байх. Харин одоо үүнийг турах, эрүүлжих, хавдрыг эмчлэх зорилгоор маш их хэрэглэж байна. 

 

Хятадын анагаах ухаанд дотоод хийг төвлөрүүлэх аргыг ашиглан мацаг барьдаг байсан. Энэ нь гадна, дотно хийгээ удирдан өлсөх мэдрэмжийг хаах буюу ходоодоо түгжих дасгал юм. Бас усыг хуримтлуулах хийн дасгалыг ч хийдэг байсан. 

 

Бага хоол идэх нь урт наслах, өвдөхгүй байх нэгэн алхам гэж дорно дахинд үздэг. Мацагийг зөв барьснаар залуу сайхан харагдаж, үс цайхгүй, арьс харлахгүй, зөөлөн цагаан болдог. 

 


Сармагчинд хийсэн сонирхолтой  ТУРШИЛТ

 

 

    Судлаачдын үзэж буйгаар илчлэг багатай хоол идэх нь залуу насаа хадгалах арга гэж дүгнэсэн. Тухайлбал, нэгэн судлаачийн сармагчинд хийсэн туршилтад дуртай зүйлээ хүссэн үедээ иддэг бүлэг сармагчин, илчлэг калорийн хэмжээ хязгаарлагдмал хагас өлсгөлөн бүлэг сармагчин хоёрын хооронд 20 жилийн турш судалгаа хийсэн байна. Үр дүнд нь хагас өлсгөлөн байсан сармагчингууд өвдөх нь бага, илүү эрч хүчтэй, цовоо сэргэлэн, зүрхний өвчин, цусны даралт ихсэх зовиур байхгүй, цусанд сахар, холестрины хэмжээ бага, тогтмол хэвийн үзүүлэлттэй байжээ. 

 

    Үүнээс гадна Окинава арал бол хамгийн өндөр наслалттай газар юм.  Судалгаанаас үзэхэд тэндхийн иргэд Америкуудаас 40 хувиар бага илчлэгтэй, 17 хувиар бага калоритой хоол хүнс хэрэглэдэг атлаа бие нь хангалттай хэмжээний тэжээлтэй, эрүүл байсаар байна. Америкийн ахмадуудтай харьцуулахад Окинавагийн ахмадууд танин мэдэх чадвараар 75 хувиар илүү, хөхний болон түрүү булчирхайн хавдар, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 80 хувиар бага, өндгөвч, нарийн бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдраар өвчлөх магадлал 50  хувиар бага гэсэн судалгаа гарсан байна. 

 

 

Таатай МЭДРЭМЖ үүсэхгүй, зовиуртай байвал мацагийг ШУУД ЗОГСООХ хэрэгтэй

 

     Бүтэн мацагийн үед ус ч уухгүй. Хагас мацагийн үед жимс ногоо, самар, зөгийн бал гэх мэтийг багахан хэмжээгээр хэрэглэдэг. 


Мацаг барих нь хоол хүнснээс биед хуримтлагдсан хорт бодисыг биеэс гадагшлуулах, биеийн бүхий л суваг судлыг нээж бодисын солилцоог эрчимжүүлэх эмчилгээний арга юм. 

 Мацаг барина гэдэг нь юу ч идэхгүй, хоолгүй байхын нэр биш бөгөөд өдөр хоног, цаг улирал, нас хүйс, өөрийн биеийн онцлог, өвчин зовиур зэрэгт уялдсан маш хөнгөн тусгай төрлийн бага хэмжээтэй хоол, ундны дэглэмийг хэлдэг юм. 

 

Мацаг барих нэрийдлээр дуртай цагтаа хоолоо сойх, удаан хугацаагаар хоолгүй байх нь ямар ч үр ашиггүй зүйл бөгөөд иймэрхүү байдал нь бие махбодийг эргэшгүй дархлааны доройтолд оруулдаг гэдгийг анхаар. 

 

Мацагийг зөв хийвэл бодисын солилцоо тэнцвэрт байдалдаа орж биед тааламжтай сайхан мэдрэмжүүд төрж, хүч чадал үүсч, оюун санаа сэргэг хурц, тайван байдалд орох болно. Харин танд ийм мэдрэмж үүсэхгүй, бие тань улам өвдөж зовиурлан тааламжгүй байгаа бол зогсоох хэрэгтэй. 

 

 


Төрөлхийн жингээ БАГАСГАХ ШААРДЛАГАГҮЙ хүмүүс гэж бий

 

    Мацаг барихад анхаарах хамгийн чухал зүйл бол өөрийн биеийн онцлогт тохируулах явдал. Энэ нь хий, шар, бадганы онолын дагуу мацаг барина гэсэн үг. Хий, шар, бадгана гэдэг нь таны бие махбодь, оюун санаа, физиологийн бүх үйл явцыг захирч, тэдгээрт нөлөөлж байдаг зүйл юм. Тэгэхээр таны биед хий, шар, бадганы аль нэг нь илүү давамгай зонхилж байдаг гэж ойлгох хэрэгтэй. 

 

    Бадганы шинж чанартай хүмүүс мацаг барилтад илүү тэвчээртэй байдаг. Энэ нь тэдний төрөлхийн чадвар юм. Харин хий болон хий шарын хавсарсан шинж чанартай хүмүүст мацаг барихыг зөвөлмөөргүй байна. Хэрэв эдгээр төрлийн хүмүүс нь илүүдэл жинтэй юм уу, бадганы шалтгаант эмгэгээр өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчийн хяналтан дор мацаг барьж болох юм. Хий болон шарын хүмүүс нь төрөлхийн жингээ багасгах чадваргүй буюу шаардлагагүй байдаг. Хийн хүмүүс маш хурдан жингээ алддаг ба дараа нь эргэн нэмэхэд маш хүндрэлтэй болдог. Ийм учраас туршлагатай мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч мацаг барих шаардлагатай. 

 

    Түүнчлэн мацаг барих нь таны өвчний байдалд тохирсон байх ёстой. Мацаг барих үед бодисын солилцооны илүүдэл үлдэгдэл, хаягдал, өөх тос биеэс гадагшилж байдаг. Тиймээс энэ үйл явц биеийн жин буурахад үргэлж нөлөөлнө гэсэн үг. Ерөнхийдөө бадганаас шалтгаалсан өвчнүүдийн үед мацаг барих нь илүү үр дүнгээ өгдөг. Харин хий болон шараас шалтгаалсан өвчний үед мацаг барих нь тохиромжгүй байдаг. 

 

 

Хүн бүрт өөрийн гэсэн МАЦАГ БАРИХ ЖОР байх ёстой

 

    Хүн бүрт нэг төрлийн мацаг тохирохгүй. Жишээлбэл, усан мацаг юм уу хуурай мацгийг хүн бүр барьж болохгүй гэсэн үг юм.  Мацагийг буруу аргаар барьвал биеэс хор гадагшлах нь битгий хэл харин ч улам хорт бодис хуримтлагддаг юм. 

 

Хийн шинж чанар давамгай хүмүүст хуурай мацаг тохирохгүй. Харин усан мацаг барьж болох юм. Гэвч усан мацаг гэдэг бол дан ус уухын нэр биш. Жимс ногооны зутан, шөл, шүүс зэргийг хэрэглэх нь тохиромжтой. Үзэмний шүүс энэ төрлийн хүмүүст илүү тохирно. Өдөрт нэг литрээс илүү хэрэглэхгүй байх нь дээр.  Мөн хийн хүмүүс гурваас дээш хоног мацаг барихгүй байхыг сануулъя. 

Шарын шинж чанар давамгай хүмүүс таваас дээш хоног мацаг барихгүй байх хэрэгтэй. Сард 1-2 удаа барих нь эрүүл мэндийн хувьд хор хохиролгүй байдаг. 

 

Бадганы шинж чанар давамгай хүнд хуурай мацаг илүү тохирох жишээтэй. 

 

 

Мацагийн өмнө ХОДООДОНД НӨЛӨӨТЭЙ ЭМ ууж болохгүй  

 

    Мацаг барихын өмнө тосон эмчилгээг заавал хийлгэх ёстой байдаг. Мөн уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг зарим төрлийн ургамлын эм, танг уух ёстой. Энэ нь бүхий л бие махбодийг тэтгэх, элдэв хүндрэл, хямрал гарахаас сэргийлэх, эд эрхтэний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх эм байдаг.

 

Мацаг барихын өмнө биеийг аль болох хөнгөн байлгах хэрэгтэй. Мацаг барихын өмнөх өдөр хүнд махан хоолноос татгалзаж зөвхөн бүлээн, бага зэрэг тослог цагаан, ногоон хоол идэх хэрэгтэй. 

 

АНХААРАХ ЗҮЙЛ:


•    Өглөө эрт босно,


•    Халуун усанд орох юм уу толгойгоо бүлээн усаар угааж болно,


•    Маш дулаан хувцаслана. Даарч, жиндэхгүй байхыг хичээ. Мацаг барих нь хий, шарын элементийг ихэсгэх талтай байдаг учраас салхи жаварт цохиулахаас сэргийлж, хэт халуун бүгчим орчин, наранд удаан явах суухаас зайлсхийх хэрэгтэй,


•    Мацаг барихдаа гурав хоногийн өмнөөс хангалттай сайн хоол тэжээл авсан байх хэрэгтэй. Гэхдээ хоол давс бага, халуун ногоогүй байх ёстой. Давс халуун ногоо нь биеийн усыг маш их татдаг, 


•    Анх удаа мацаг барих гэж байгаа бол нэг хоногоос илүү хугацаагаар мацаг барихгүй. Хэрэв та олон удаа мацаг барихыг хүсч байгаа бол тэр нь дор хаяж долоо хоногийн зайтай байх ёстой, 


•    Мацаг барих өдрөө биеэ аль болох амрааж, тайван байх хэрэгтэй. Хэт ачаалал, дасгал хөдөлгөөнөөс зайлсхий. Энэ нь бие дэх шим тэжээлээ удаан хугацаанд хадгалахад тусална,


•    Хэрэв та байнгын дасгал сургуулилт хийдэг бол бага зэрэг хөнгөн дасгал, амьсгалын дасгал зэргийг хийж болно,


•    Өлсөх мэдрэмжийг багасгахын тулд өөрт тустай номын цөөн хуудсыг эргүүлэх аргыг туршиж болно, 


•    Бүх муу зуршлаа зогсоо. Тамхи татах болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, 


•    Мацаг барих нь сэтгэл зүйн хувьд давхар эмчилгээ болж өгдөг учраас уур бухимдал, стресс, сэтгэл хямраах зүйлсээс өөрийгөө хол байлга,


•    Зарим хүн мацаг барихдаа гэдэсний цэвэрлэгээ хийдэг. Би үүнийг тохиромжтой зүйл биш гэж хэлэх байна,


•    Танд өдөр тутам тогтмол уудаг эм тан байдаг бол эмчээсээ зөвлөгөө аваарай, 


•    Ходоодонд нөлөөлөх эм уух хэрэггүй. 


   

МАЦАГ барих явцад гарах ХҮНДРЭЛ


Хэрэв та мацагийг буруу барьсан бол аюултай үр дагавар ч гарч болно. Тухайлбал:


•    Цусны даралт буурах, цусан дахь сахарын хэмжээ багассанаас болж толгой эргэх, ухаан алдах хүндрэл гарч болзошгүй. Тийм учраас та мацаг барихын өмнө, мацаг барих явцдаа, мацаг барьж дууссан үедээ ч цусны даралт, сахарын түвшингээ шалгуулах ёстой.


•    Өвдөлт үүсч болзошгүй. Зарим тохиолдолд биеийн хэвийн үйл ажиллагаа сэргэхийн тулд өвдөлтийг мэдрүүлж магадгүй. 


•    Удаан хугацаагаар мацаг барьснаас болж хэдэн өдрийн дараа юм уу, хэдэн сарын дараа толгой өвдөх магадлалтай. 


•    Мацагийг удаан хугацаанд хийснээр бие дэх өөх тосны агууламж багасч, булчингийн өөрчлөлт болон зарим эд эрхтэний байрлал өөрчлөгдөж болзошгүй. Энэ тохиолдолд ихэвчлэн хэвлийн өвдөлт үүсдэг. Хэрэв гэнэтийн байдлаар хурц өвдөлт үүсвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. 


•    Хэрэв таны бие улам сул дорой болж байгаа мэт санагдвал мацаг барихаа зогсоох хэрэгтэй. Танд мацагаас илүү амралт, нойр чухал байгааг илтгэж байна. 


•    Хэрэв та олон хоногоор хуурай мацаг барьж шингэн хэт бага уух, эсвэл уухгүй байснаас болж шингэн алдалтад орж болно. Мацаг барьж дууссаны дараа таны арьс халуун, хуурай, таны ам цангах боловч ус ууж чадахгүй, шээс өтгөн, улаан шар өнгөтэй, толгой эргэх, цочромтгой болох, нулимс гарахгүй, шүлс өтгөрөх, нойргүйдэх, хэл хуурайших, гэдэс, нурууны булчин татах, хий огиулах, зүрх дэлсэх, чичрэх, нүд хонхойж хуурайших, судасны цохилт сул, мэдрэхүйн ажиллагаа сулрах буюу чих дүлийрэх, амт мэдрэхгүй, юм хүрэлцэхэд мэдээ муу, амьсгал хурдсах, шээсний гарц бага сул, хөл гар хүйт оргих, чийг даах, цусны даралт багасах, захын хөхрөлт илрэх зэрэг сөрөг шинж гардаг. 


•    Хэрэв танд дээрх зовиур илэрвэл мацгаа зогсоох, шингэнээ түргэн хугацаанд нөхөх хэрэгтэй. Биеийн нийт шингэний 15-20 хувийг алдах юм бол эргэн нөхөн сэргээх боломжгүй болдог гэдгийг маш сайн анхаараарай. 


•    Мацаг барих явцад сэтгэл санааны тогтворгүй байдал, хямрал үүсч болно. Зарим хүмүүст сэтгэцийн өөрчлөлт ч гарч болзошгүй. 


•    Биеийн гадна, дотно илч алдагдах.  Зарим хүн дулаан байхад л даараад байна гэж хувцсаа давхарлан, хөнжлөөр хучин хэвтдэг. Тэгээд хэчнээн халуун цай, ундаа уусан ч нэмэр болдоггүй. Илүү сайн арга бол  халуун бүлээн чанартай эм тан уух, халуун усанд орох, дасгал сургуулилт, бясалгал хийх явдал юм. 


•    Халуурах шинж гарч болзошгүй. Энэ нь бие махбодь сульдан дархлаа суларснаас биед бактер вирус халдсанаас болдог. 


•    Үс маш их хэмжээгээр унах эрсдэлтэй. 


•    Шүд сулрах магадлалтай

 

 

Мацaгийн дараахь ГАМ ДЭГЛЭМ

 

    Мацаг барьж дууссаны дараа бие хөнгөрч хий ихээр үүсдэг учир хий дарах эмчилгээ хийлгэнэ. Үүнд, эм тан уух, тосон иллэг массаж, төөнүүр хийлгэх, ходоод гэдсийг шимжүүлэх зөөлөн шимт эмчилгээ буюу маш бага хэмжээний ургамлын бургуй тавих зэрэг эмчилгээг хийлгэх ёстой байдаг. 

 

    Бүлээн, хөнгөн, шимтэй хоолыг бага, багаар дасгаж хэрэглэнэ. Ходоодны шингээх чадвар суларсан байдаг учир эхний удаад шингэн зөөлөн зутан, жимс ногооны шөл, бага зэрэг халуун амтлагчтай хоол хэрэглэх хэрэгтэй. 

 

УСАН МАЦАГ эхлэх өглөө эрт толгойгоо угаагаарай

 

   

    Усны мацаг нь мацаг барихад хамгийн сайн арга юм. Та өдөрт уснаас өөр зүйл идэж уухгүй. Тийм учраас мэргэжлийн эмчид үзүүлж усан мацаг тохирох эсэхийг асуух хэрэгтэй. Та өөрөө маш тэвчээртэй байх хэрэгтэй. Таны биеийн дархлаа тамир хүч сайн, оюун санааны хувьд тайван, уур бухимдалгүй байх хэрэгтэй. 

 

    Усан мацгийг нэг л өдрөөр хязгаарлах ёстой. Долоо хоногт нэг удаа эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хийх нь хамгийн тохиромжтой. 

 


    Усны мацаг барихдаа ямар зарчим баримтлах вэ?

 

•    Мацаг эхлэх өдрөө өглөө эрт босоод толгойгоо бүлээн усаар угаана. Дараа нь өөрт тохирсон хөнгөн дасгал хийнэ. 

•    Та зөвхөн цангаж байгаа үедээ л усыг бага, багаар уух ёстой. 


•    Усыг маш халуунаар уухаас зайлхийх хэрэгтэй. Учир нь халуун ус нь хоол идэх дуршлыг өдөөдөг юм. Тэгэхээр та биеийн температуртай ижил хэмийн бүлээн ус уувал сайн. 


•    Зарим хүн усан мацаг барихаас өмнө гэдэсний цэвэрлэгээ хийхийг зөвлөдөг. Тэдний гол санаа нь нарийн бүдүүн гэдсэн дэх хорт бодисыг усаар угааж цэвэрлэх шаардлагатай гэж үздэг. Тэртэй тэргүй бид мацаг барихдаа өглөө босоод л бүлээн ус ууж эхэлж байгаа шүү дээ.  Тиймээс гэдэсний цэвэрлэгээ хийж биеэ ядрааж сульдуулах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй юм. Халуун бүлээн ус нь өөрөө гэдэс цэвэрлэх чанартай байдаг. Мөн элэг ходоодны үйл ажиллагааг идэвхижүүлж өгдөг. Тэгэхээр эхний хэдэн цагт л халуун бүлээн ус уухад тохиромжтой. 

 

•    Харин өдрийн 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл тасалгааны хэмтэй хүйтэн ус уух ёстой байдаг. Учир нь өдөр дунд хүний дотоод биед болон гадна байгальд шарын шинж давамгайлсан цаг хугацаа үүсч байдаг учир халуун усыг энэ үеэр уувал шар улам ихсэж бие махбодь хямрах шинж гарч болзошгүй тул хүйтэн усаар шарын халуун шинж чанарыг дарж тэнцвэржүүлж өгөх шаардлага гардаг. 

 

 

    Усан мацaгийн сүүлийг хэрхэн таслах буюу хэрхэн зогсоох вэ? 


    Ямар ч мацаг нь хүнд хоол хүнсээр дуусгавар болдоггүй. Шингэн, нэмэлт сахаргүй, бүлээн усан үзмийн шүүс, алимны шүүс, анар жимсний шүүсийг ууж болно. 

 

    Усны мацаг барих нь ямар ашиг тустай вэ?


•    Ходоодыг цэвэрлэж, ферментийг задлахад нөлөөлдөг.


•    Ходоод болон хоол боловсруулах замын бүх хэсгийг цэвэрлэнэ. Буруу хооллолтоос үүссэн хорт бодисыг гаргана.


•    Элэг, нойр булчирхайн ажиллагааг идэвхжүүлдэг.


•    Энэ бол байгалийн хоргүйжүүлэх арга юм.


•    Хэрэв та мацаг барихдаа яг тохирох хэмжээгээр усаа уух юм бол бөөр, давсагийг цэвэрлэж өгнө. 


•    Зөв аргаар, тохирох хугацаанд давтан хийвэл жин хасах хамгийн сайн арга ч болж чадна. Хэрэв та биеэ цэвэрлээд давхар жингээ хасъя гэж бодож байгаа бол өглөө нэг аяга усанд нэг халбага зөгийн бал хийж уу. Дээд тал нь 3-4 аяга зөгийн балтай ус ууж болно. Гэхдээ 11:00 цаг хүртэл уух боломжтой. Чихэpийн шижинтэй хүмүүс ч ууж болно. 


•    Зөгийн балтай халуун ус бол уламжлалт анагаах ухааны жин хасах хамгийн энгийн аюулгүй жор гэж хэлж болно. Зөгийн балны нүүрс ус нь мацаг барих үед бидний биеийг тэжээж тэтгэж өгдөг юм. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.