М.Оюунчимэг: Туул голын хамгаалалтын бүсэд олгосон лицензүүдийг ЦУЦЛАХ хэрэгтэй

2018-03-07 08:16

 

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02, 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.



 

    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг байнгын хорооны өчигдрийн хуралдааныг зохион байгуулах болсон шалтгааныг тайлбарлахдаа, "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, эдийн засаг сэргэхийн зэрэгцээ шинээр баригдах зам, барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжүүд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолууд түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, элс/ олборлохыг хориглосон тогтоол болсон хэмээн шүүмжлэл дагуулж байна. Иймд өнөөдрийн хуралдаанаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлт болоод албаны хүмүүсийн байр суурийг сонсохоор хуралдаж байна" гэсэн юм.

 

     Тэрээр үргэлжлүүлэн, Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын:

 3.Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох,

 

 9.Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,5 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх,

 

 10.”...түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргаагны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэж заасан.

 

     Дээрх заалтуудын хэрэгжилтийг сонсох хуралдааныг Өргөдлийн байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож,  УИХ-ын гишүүдийн саналыг үндэслэн 7 заалт бүхий Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоол гаргасан болно. Байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэрийн гол агуулга нь Туул голын ай сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулах, хүний амь нас, мал, амьтан эрсдэх, лицензийн наймаа, бусад хууль бус үйл ажиллагаанаас сэргийлж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн болно гэв.

 

     Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр, "2018 оны 3 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын 82 хайгуулын тусгай зөвшөөрлөөс 74 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хувьд 2020, 2021 онууд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байх хуульд заасан эцсийн хугацаа болно. 2016 онд 4 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бол 2017 онд өргөдөл хүлээн аваагүй. Харин 2018 оны 02 дугаар сард 3 аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл ирүүлсэн.

 

     Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийн дагуу Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэлгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болно. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тогтоолуудын хэрэгжилтийн хувьд өнгөрсөн хугацаанд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг бүрэн зогсоосон, харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөгдсөн талбайд  түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эрх зүйн хүрээнд нээлттэй" гэлээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.