М.Хашбилэг: Биокомбинатыг хувьд шилжүүлбэл БИОТЕРРОРИЗМ гарах магадлалтай

2018-03-07 10:56
Биокомбинатын ажилчид ерөнхий захирлаа эсэргүүцэж тайван суулт зарлаж байна

 

    Улсдаа малын вакцин үйлдвэрлэдэг ганц газар буюу Биокомбинатын ажилтнууд удирдлагатайгаа хамтарч ажиллахаас татгалзаж,  тайван суулт зарласаар нэг сарын хугацаа өнгөрчээ.



 

    Тэд энэ хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт хаягласан зургаан албан бичгийг илгээсэн боловч нэг ч хариу ирээгүй байна. Иймд Биокомбинатын ажилчид Хөдөлмөрийн хуулийн дагуу тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, нойтон өлсгөлөн зарлахаар болжээ.


    ESA— “Эх сурвалж” агентлагийн сурвалжлах баг өчигдөр ХУД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Биокомбинатын үйлдвэрийг зорилоо. “Био комбинат” ТӨААТҮГ нь улсын тусгай хамгаалалтын бүс учраас урьдчилан мэдээлээгүй, Ерөнхий захирлын зөвшөөрөл аваагүй бол дотогш нэвтрүүлэх боломжгүй гэсээр тус үйлдвэрт биднийг нэвтрэхийг хориглов. Мөн улсын тусгай хамгаалалтын газарт жагсаал, цуглаан хийх хориотой учир Биокомбинатын захирал Б.Баттогтохыг эсэргүүцэгчид үйлдвэрээсээ 50 метрийн зайд хоёр гэр барьж, тэндээ тайван суулт зарлажээ.

 

    Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ажилчид ТҮР ХОРОО байгуулсан бөгөөд тэдний хэлснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэнэ.

 

    Шинээр томилогдсон захирал Б.Баттогтох өмнө нь 2011-2013 онуудад тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байжээ. Тухайн үеийн Төрийн өмчийн хороо, Үйлдвэр хөдөө, аж ахуйн яам, МХЕГ-ын дүгнэлтээр Б.Баттогтох нь үйлдвэрийг удирдах хугацаандаа санхүүгийн хувьд дампууралд хүргэжээ. Улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч шат шатны шүүхээр заргалдсаны эцэст Улсын дээд шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд нь эргүүлэн томилсон байна. Улмаар үйлдвэрийн мэргэжилтэн, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн захирал Б.Баттогтохыг эсэргүүцэж байгаа шалтгааныг ажилчдын өгсөн мэдээллээс сийрүүлэн хүргэж байна.  

 

 

Био комбинатын ажилчид үйлдвурийн бүсээс 50метр зайд гэр барьж эсэргүүцлийн суултаа зарлаж байна

 

 

 

Биокомбинатын ажилчдын 82хувь нь Б.Баттогтохыг эсэргүүцэж гарын үсэг зуржээ 

 

    Нэгдүгээрт, Б.Баттогтох нь 2011 оны долдугаар сард захирлаар томилогдсон даруйдаа буюу 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг үржлийн газартай 726 сая  төгрөгийн хуурамч гэрээ байгуулжээ.

 

    Хоёрдугаарт, түүнийг анх томилогдож ирэхэд үйлдвэрийн ажилчид хамтран ажиллах боломжгүй хэмээн эсэргүүцэж байсан бөгөөд үйлдвэрийг удирдах хугацаандаа давхардсан тоогоор 177 хүнийг ажлаас нь халж байжээ.

 

    Гуравдугаарт, стандартын шаардлага хангахгүй вакцин үйлдвэрлэн, хуурамч баталгаа гаргуулж “Хэрэглэжболно” буюу малсүрэгттариулахаар орон нутаг руу нийлүүлж байсан байна.

 

 

ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН БИЧИГ

 

    Дөрөвдүгээрт, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй буюу Б.Баттогтох нь малын вакцин үйлдвэрлэлийн хувийн бизнестэй юм байна. Өөрийн үйлдвэрийг Биокомбинатын үйлдвэрийн урдхан талд нь байгуулжээ.

 

    Тавдугаарт, Б.Баттогтохыг 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлж томилоод байгаа юм. Энэхүү шийдвэрийг түдгэлзүүлэх шаардлагыг тус үйлдвэрийн ажиллагсад одоо хүртэл тавиад байгаа хэдий ч үр дүнд хүрээгүй байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан 2018 оны нэгдүгээрсарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх нэрийн дор Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал Б.Онолбаатараас ажлыг нь булааж авч, Б.Баттогтоход өгчээ.

 

“БИДНИЙ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ДАРААГИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИЖ НОЙТОН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА”

 

    Ингээд тус үйлдвэрт үүссэн нөхцөл байдал, Б.Баттогтох захирлыг эсэргүүцэх шалтгааныг үйлдвэрийн зарим ажилчдаас тодрууллаа.

 

Биокомбинат ТӨААТҮГ-ын ажилчдын түр хорооны зохицуулагч Б.Гэрэлмаа

 

    ESA— Үйлдвэрийн захирал Б.Баттогтохтой хамтран ажиллах боломжгүй гэж эсэргүүцлийн суулт зарлажээ. Хэзээнээс суулт зарлаж эхлэв?

 

     —2018 оны нэгдүгээр сарын 23-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын алба хаагчдын хамт Улсын дээд шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийдлээр Б.Баттогтох гэнэт захирлаар томилогдож ирсэн. Б.Баттогтохыг захирлаар ажиллаж байх хугацаанд Биокомбинатын үйлдвэр бараг дампуурах дөхөж, санхүүгийн хувьд маш их хэмжээний алдагдал хүлээсэн байдаг. Энэ үйлдвэр нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүү дээ. Одоо ашигтай ажиллаж байгаа үйлдвэрийн удирдлагыг байн байн солих нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй юм. Нөгөөтэйгүүр, “Б.Баттогтохоос өөр энэ үйлдвэрийн даргаар томилох хүн олдохгүй байгаа юм уу?” гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос асуумаар байна. Бид эсэргүүцлийн тайван суултыг үйлдвэрчний эвлэлтэйгээ нэгдээд Хөдөлмөрийн хуулийн дагуу эхлүүлсэн. Б.Баттогтохыг томилогдож ирсэн өдрөөс л эхэлж эсэргүүцсэн. Тайван суулт зарлаад 35 хонож байна. Энэ хугацаанд ТӨБЗГ-т зургаан удаа албан бичиг өгсөн боловч тус газраас бидний албан бичигт хариу өгөөгүй. Хоёр гурав хоногийн өмнө нэг албан бичиг ирсэн ч “Шалгалтын хариуг харж байж асуудлыг шийднэ” гэсэн хариу бичиг ирсэн.

 

    ESA— Шалгалтын хариу гэдэг нь юу билээ. Биокомбинатын үйлдвэрт шалгалт орсон гэсэн үг үү?

 

    — Тийм. Үйлдвэрийн ажилчид Б.Баттогтохыг ирнэ гэсэн мэдээлэл авснаар тэр хүнтэй хамт ажиллаж чадахгүй гэсэн албан бичгийг ТӨБЗГ-т өгсөн. Ингэхдээ Б.Баттогтохын өмнө хийж байсан ажил, гаргасан алдаа дутагдлыг баримтаар өгсөн. Улмаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  

 

    Б.Батзориг, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын хамтарсан тушаалаар манай үйлдвэрт шалгалт оруулсан. Шалгалт нь энэ оны нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 8-ны хооронд үргэлжилсэн. Шалгалт 2010-2017 онд үйлдвэрийн санхүүгийн тайлан тооцоонд хийсэн гэж бодож байгаа. Хэрэв тийм бол Б.Баттогтохын луйвар, “но” бүгд илчлэгдэх болно. Гэвч шалгалт дуусаад сар гаруй болж байхад хариу нь одоо болтол гараагүй байна. Өнөөдөр ТӨБЗГ-ын ажлын алба хуралдаж, шалгалтын хариуг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа ч шалгалтын хариуд итгэхгүй л байна.

 

    Хэрэв шалгалтын хариу Б.Баттогтохыг “но”-гүй хэмээн гарч, түүнийг ажилд нь  үлдээх юм бол үйлдвэрийн ажилчид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж нойтон өлсгөлөн зарлах болно. Ажил хаялт зохион байгуулах гэхээр Биокомбинатын үйлдвэр малын вакцин тасралтгүйүйлдвэрлэж байх ёстой учраас ажил хаялт хийх нь маш эрсдэлтэй. Тиймээс ажилчдын төлөөлөл болсон түр хорооныхон нойтон өлсгөлөн зарлах болно.

 

УНГАРЫН 25 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖВЭЛ БИО КОМБИНАТЫН ҮЙЛДВЭР ШҮЛХИЙН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛНО

 

    ESA— Био комбинатын үйлдвэр нь 95 жилийн түүхтэй, 264 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ажилчдын ихэнх нь малын эмч мэргэжилтэй, малын эм, вакцин үйлдвэрлэлийн химич, эрдэмтэн судлаачид байдаг байна. Одоогоор 40 гаруй нэр төрлийн малын вакцин үйлдвэрлэж байгаа бөгөөд төрийн шууд худалдан авалтаар үйлдвэрлэл явуулж байгаа улсдаа ганц био үйлдвэр юм. Хэрэв тус үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дампуурах юм бол МОНГОЛ УЛС МАЛЫН ӨВЧЛӨЛД НЭРВЭГДЭЖ, ЭРҮҮЛ МАЛГҮЙ болох эрсдэлтэй юм. Үүнээс үзэхэд тус үйлдвэрийн уул уурхай, зам, бүтээн байгуулалтаас ч дутахааргүй, стратегийн чухал үйлдвэр болох нь харагдаж байгаа юм.

 

    Харин үйлдвэрийн захирал Б.Баттогтох яагаад тус үйлдвэрийг удирдах хүсэж байгаа талаар Биокомбинат ТӨААТҮГ-ын мэргэжилтэн М.Хашбилэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

 

    ESA— Олон нийт аливаа эсэргүүцэл, цуглааныг хүлээж авах нь тааруухан болсон. Нэг дарга ирж ажиллах гэхээр хэдэн ажилчид нь зохион байгуулалттай тэмцдэг гэсэн ойлголттой байдаг. Тиймээс Биокомбинатын үйлдвэр ямар ач холбогдолтой үйлдвэр вэ гэдгийг манай уншигчдад тайлбарлаач?

 

    — Био комбинатын үйлдвэр нь Монгол Улсын 60 сая малын 30 орчим хувийг вакцинаар хангаж буй үйлдвэр юм. Энэ үйлдвэр хувьд шилжих юм бол биотерроризм /биологийн зэвсэг ашиглан хүн амын эсрэг хийж буй терроризмын нэг хэлбэр/ гарах магадлалтай. Хувийн үйлдвэр ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллахын тулд зохиомлоор малын өвчин тараагаад эргээд өөрийнхөө үйлдвэрлэсэн вакциныг борлуулах гэх мэтээр ажиллах магадлалтай юм. Яагаад ингэж хэлэв гэхээр, Б.Баттогтох 2011-2013 онд захирлаар ажиллаж байхдаа эрдэмтдийн шинэ санаа, халдварт өвчин үүсгэгч омгийг өөрийнхөө хувийн компани руу авч байсан удаатай юм. Одоо бидний гол шаардлага бол Б.Баттогтох л биш бол ЧӨТГӨРТЭЙ хамтран ажиллахад ч бэлэн байна. Ажилчдын хүсч байгаа зүйл нь ажлаа тайван хийх боломжийг олгодог дарга хэрэгтэй гэдгийг л төрд дуулгах гэж эсэргүүцлийн суулт хийж байна.

 

    ESA— Б.Баттогтох захирал үе, үе Биокомбинат үйлдвэрийг удирдах гэж улайрдаг гэж хэллээ. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

 

    — 2010 онд Унгар улсаас 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар био комбинатыг шинэчлэх төсөл хэрэгжихээр болсон. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдад био комбинатад хэрэгжих 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас 3-4 сая ам.долларыг нь миний хувийн Цагаан залаа компанид өгөөч гэсэн утгатай захиаг Б.Баттогтох илгээж байсан. Ингээд тэр хүсэл нь биелээгүй учраас “Биокомбинатын захирал болно” гэж “гүйсээр” байгаад өдийг хүрч байна. Энэ нь түүнийг ашиг сонирхлын маш том зөрчилтэйг баталж байгаа юм.

 

    Биокомбинатын үйлдвэрт 1975 онд Унгар улсын хөрөнгө оруулалтаас хойш шинэчлэл хийгээгүй. Улмаар Унгар улсаас хөрөнгө оруулалт хийх гэтэл Б.Баттогтох өөрийнхөө хувийн ашиг сонирхлын үүднээс гацааж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Бидний хардаж байгаа гол зүйл нь энэ. Б.Баттогтох хувийнхаа үйлдвэрт Унгарын хөрөнгө оруулалт авах эсвэл Биокомбинатыг хувьчилж авах сонирхолтой гэж хардаж байгаа. Хэрэв Унгарын хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийн бааз суурь өргөсөх юм бол дотооддоо шүлхийн вакцин үйлдвэрлэх боломжтой болно. Манай улс шүлхийн вакцинд жилд 5-8 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд энэ мөнгө дотооддоо үлдэх юм.

 

    ESA— Унгарын төслөөс гадна хувьчлалын асуудал яригдаж байгаа юм уу?

 

    — Үйлдвэрийн статус өөрчлөх асуудал яригдаж байгаа. Эхлээд улсын төсөвт оруулаад дараа нь төсөв дийлэхгүй байна гэх шалтгаанаар хувьчлах гээд байгаа юм шиг байна лээ. Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. Ер нь Биокомбинатын үйлдвэрийг хувьчлах ёсгүй. Төр мэдэлдээ байлгах ёстой үйлдвэр бөгөөд хувьчлах юм бол дээр дурдсан шиг аюул нүүрлэх магадлалтай юм.

 

    — Энэ мэтчилэн олон асуудал байгааг Биокомбинатын үйлдвэрийн ажилчид онцолж байна. Биокомбинатын үйлдвэрт хийсэн шалгалт дуусаад сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хариу нь гараагүй байгаа бөгөөд Түр хорооныхон долоо хоног бүрийн Мягмар гаригт ТӨБЗГ-т очиж, шалгалтын хариуг авахыг шаарддаг байна.

 

    Ингээд “Эх сурвалж” агентлагийн сурвалжлах баг Б.Баттогтохыг эсэргүүцэж байгаа үйлдвэрийн ажилчдын төлөөлөлтэй хамт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж, үйлдвэрт хийсэн шалгалтын хариу гарсан эсэхийг лавлалаа. Үйлдвэрийн ажилчид ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осортой уулзах зорилго агуулсан ч уулзаж чадсангүй. Хариуд нь “ТА НАР АЖЛАА ХИЙЖ БАЙ, БИД ХИЙХ АЖЛАА МЭДЭЖ БАЙНА. ҮЙЛДВЭРТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРААГҮЙ БАЙНА” гэсэн хариултыг ТӨБЗГ-ын ажлын албаны нэгэн эрхэмээс сонслоо.

 


 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 4 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (4)

Зочин /103.57.93.123/

2018-03-07 21:49

Мах иддэг Монголчууд бидэнд энэ үйлдвэр хэрэгтэйг ойлголоо. Дарга цэрэг болох гээд байна гэж ойлгож байсан. Гэтэл махаар бидэндтэй дайтаж. алах гэж байгааг ойлголоо Монголчууд бид босно.

Хариулах 0 1
лувсан-осор /203.91.115.35/

2018-03-07 16:06

энэ үйлдвэрийг хувчилах санааг улс орноо гэсэн сэтгэлгүй хиртэй хэдэн төгргний төлөө харийнханий гар хөл болсон эх орноосоо уравсан триорист үйлдлийг хөхүүлэн дэмждэг түүнээс ашиг оддог хүмүүсийн хиыдэг ажил байх энэ үйлдвэр төр шиг төртэй улсад бол төрийн мэдэлд байлгадаг байх.

Хариулах 0 0
Зочин /14.146.92.83/

2018-03-07 15:27

koorkii muu ubsuchuul min koorondoon kemleldseer l bainu? yahgeed minii commentiig ustgachihaad baigaam de koorkii min

Хариулах 0 0
Зочин /85.203.47.184/

2018-03-07 13:44

эээ көөркийс, хичнээн жил чацаг царайлж байна даа та нар минь. Нөгөө та нар дундаа их мэдэгч од Өлзийтогтох гэж лусын савдаг наад байгууллагыг чинь тархи толгойг нь эргүүлээд олон ч жил самарч байна даа. Зүгээр л албан ёсоор өөрөө хуулийн дагуу хөөцөлдөөд куйвчлаад авч болдоггүйм байх даа? Заавал та нар ингэж тэр хүний өмнөөс их юм мөрөөдөж золбин нохой шиг өлсгөлөн зарлаж суух хэрэг юу байна даа чааваас көөркий көөркий, көдөөний Өзлий жалга довоо орхисон ч жалга дов Өлзийгийн таркинд мөнхөд... Бусад нь ч гэж ижилкээн юмнууд байкимда. Кувичиллаа ч яалаа, улсын байлаа ч яалаа. Гол көгийн юм нь, яахаараа ийм юмыг заавал ийм золбин аргаар кийдэг байнаа көдөөнийхөөн?

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.