О.Чинзориг: Төрийн байгууллагууд  цаас, шуудангийн төлбөрт 24 тэрбумыг ЗАРЦУУЛЖ БАЙНА  

2018-03-07 15:19
"Цахим засаглал" үндэсний хөтөлбөрт саналт авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа

       Төрөөс иргэдийн цаг хугацаа, орон зай, мөнгө хэмнэх зорилгоор интернэт ашиглан үйлчилгээ үзүүлэхийг “Цахим засаглал” буюу “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” гэж нэрлээд буй. 2012-2016 онд Засгийн газраас Цахим засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлсэн алдаа оноо багагүй байсан. Тиймээс төрийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь цахимжуулах Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг дахин боловсруулжээ.



 


        ESA— Цахим засаглал хэмээн бид олон жил ярилаа. Өнөөдөр энэ талаар юу хийж, ямар үр дүн гарав. Иргэд өнөөдөр ямар үйлчилгээг цахимаар авч чадаж байна вэ гэдгийг эхлээд санах хэрэгтэй байх.

 

Төрийн байгууллагын цахим үйлчилгээн нэг хэлбэр нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд юм. Үйлчлүүлэхээр анх ороход дугаар, дараалалгүй байх ч бичиг баримтынхаа хуулбарыг авах гэхээр “Банкинд очиж мөнгө тушаах” шаардлага тулгарна. Харин энэхүү төлбөр нь 500-1000 төгрөг байдаг бөгөөд үүнийг нь тушаахын тулд зааж өгсөн банкинд нь очихоор урт дараалал үүссэн байдалтай байдаг байна. Ингээд л мянган төгрөг тушаахын тулд банкны урт дараалалд бүтэн өдөр алдах гээд байна гэсэн гомдлыг иргэдийг зүгээс нийслэлийн удирдлагуудад тавих болжээ. Уг нь нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд карт унших пост машин ашиглах гэхээр эрхзүйн орчин тодорхойгүй болохоор төлбөр мөнгийг цахим хэлбэрээр хийж болдоггүй байна.

 

Энэ талаар Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

 

 

       ESA — Нэг цэгийн үйлчилгээнд тулгараад байгаа банкны дарааллыг шийдвэрлэх ямар арга байна?


       — Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчилгээ авч буй иргэдэд төлбөр төлөх дараалал удаан зогсож байна гэсэн гомдол мэдээлэл байна. Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний төлбөрийг банкинд тушаах журамтай. Одоо боловсруулж байгаа цахим засаглал хөтөлбөр хэрэгжих юм бол төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх боломжийг бүрдүүлнэ.


       ESA — Тэгэхээр цахим хэлбэрээр буюу мобайл банк, картаар төлбөр хийдэг болно гэсэн үг үү?


        — Цахим төрийн үйлчилгээ гэдэг нь иргэн нэг байгууллагад хандахад бусад байгууллагаас авах бичиг баримтыг өөрийн биеэр очиж авалгүй төрийн байгууллага хоорондын мэдээллийн сангаас авах боломжтой болно. Одоо гэрээсээ болон гар утаснаас төлбөр тооцоо хийх системд бага зэргийн асуудал байгаа. “Бид хүнсний дэлгүүрт худалдан авалт хийгээд төлбөр төлөхдөө карт ашиглаж болж байхад төрийн үйлчилгээг авахад яагаад карт уншуулж болдоггүй юм бэ?” гэж асуудаг. Карт уншуулахад нэг хувийн шимтгэл төлдөг бөгөөд энэ нь хүнсний дэлгүүрүүдээс өөрсдөөс нь гардаг. Гэтэл төрийн байгууллагын үйлчилгээг аваад карт уншуулахад суутгах шимтгэлийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл иргэн төрийн үйлчилгээг авах үед пост машинаар карт уншуулахад гарах шимтгэлийг төрийн байгууллага төлж болно гэсэн зохицуулалт байхгүй болохоор одоо болтол карт уншиж болдоггүй юм. Монгол банк төрийн байгууллагууд пост машин ашиглах боломжийг нээж өгсөн. Одоо цахим засаглал хөтөлбөрт төрийн байгууллагууд үйлчилгээний төлбөрийг цахимаар авдаг зохицуулалтыг тусгаж өгөх төлөвлөгөөтэй байна.  


       ESA — Энэ ондоо багтах уу?


        — Цахим засаглал хөтөлбөрийг тун удахгүй Засгийн газарт өргөн барина гэсэн мэдээлэл байгаа. Засгийн газраас хөтөлбөрийг батлах юм бол хэрэгжээд эхэлнэ.


       ESA — Төрийн байгууллага хоорондоо бүрэн цахимжаагүй учраас улсын хэмжээнд бичиг цаас, шуудангийн төлбөрт 24 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байна. Энэ төлбөрийг багасгах ямар боломж байна вэ?


       — Төрийн байгууллагууд цаасан хэлбэрээр мэдээлэл солилцож байна. Цахим засаглал хөтөлбөрийг хүрээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Мөн тоон гарын үсэг ашиглаж эхлэх юм бол албан бичиг хөтлөлт болон бусад мэдээллийг төрийн байгууллагууд цахимаар авах боломжтой болно.


       ESA: Мөн ТҮЦ машинаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэснээр улсын төсөв болон иргэдийн халааснаас хэмнэсэн нийт зардал тав, зургаан тэрбум төгрөгөөр хэмжигдсэн. Тодруулбал, ТҮЦ машинаас жилд дунджаар 230 мянган орчим иргэн 350.9 мянган үйлчилгээ авсан байдаг байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ цахимжих нь иргэн, төр хоорондын харилцаанд тулгарах бэрхшээл багасахыг баталж байгаа нэг хэлбэр нь энэ юм. Гэвч өнөөдөр төрийн байгууллагаас ганц тодорхойлолт авах гэж цаг хугацаа алдаж, хүнд суртлыг үзэж байгааг бид бүгд мэднэ. Аж ахуй нэгжүүдийг татварын тайлангаа цахим хэлбэрээр өгч болдог болгосон гэж баахан рекламдаж байгаа ч өнөөдөр цаасаар давхар өгөх гэж хэдэн өдөр урт дараалалд зогсож байна. Энэ мэтчилэн ЦАХИМ ЗАСАГЛАЛД алдаа оноотой зүйл байсаар байна. Тиймээс Харилцаа холоо, мэдээллийн технологийн газраас “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг боловсруулж бусад төрийн болон төрийн бус байгууллагаас санал авч эхэлсэн байна.


Ингээд “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

 


     

         ESA — 2012-2016 онд Цахим засаглал хөтөлбөр хэрэгжиж байсан. Энэ удаа боловсруулж буй хөтөлбөр өмнөхөөсөө ямар ялгаатай вэ?


         — Өмнөх Цахим засаглал хөтөлбөр 50 орчим хувьтай хэрэгжсэн бөгөөд алдсан, оносон цөөнгүй. Тиймээс дахин боловсруулж байгаа цахим засаглал хөтөлбөрт төрийн байгууллагад тохирсон шийдэл нэвтрүүлэхээс илүүтэй иргэнд хэрхэн ашигтай байх вэ гэдгийг нь голчлохоор төлөвлөж байна.
Товчхондоо технологийн хөгжлийг ашиглаж иргэдэд хүргэх төрийн байгууллагын үйлчилгээг хялбарчилна гэж ойлгож болно. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хэд, хэдэн зарчим байна. Нэгдүгээрт, төрийн байгууллага бүтэц, зохион байгуулалтын хувьд оновчтой байх ёстой. Хэнд ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхой байх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, иргэдийн оролцоог дэмжих ёстой. Иргэн гэртээ эсвэл өөр улсаас 24 цагт төрийн үйл ажиллагаанд оролцож, үйлчилгээ авах боломж нь нээлттэй байх хэрэгтэй. Гуравдугаарт, төрд байгаа мэдээлэл тодорхой түвшинд нээлттэй байх ёстой. Дөрөвдүгээрт, төр мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Энэ дөрвөн суурь зарчмын хүрээнд төрийн системийг хөгжүүлнэ гэсэн тооцоололтойгоор цахим засаглал хөтөлбөрийг боловсруулсан.        

                                                                                                         
       ESA — Засгийн газарт хэзээ өргөн барих вэ?


        — Одоо төрийн болон төрийн бус байгууллагаас санал авч байна. Санал дуусаад, нэгтгэн боловсруулаад энэ оны нэг, хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт өргөн барина. Ер нь технологийн хөгжил байгаа цагт төр хувьсан өөрчлөгдөх ёстой. Тийм учраас цахим засаглал хөтөлбөрийг үйлчилгээг цахимжуулахаас илүүтэй төрийн үйлчилгээг үзүүлэгч байгууллагыг өөрчлөхийн тулд боловсруулсан.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.