УИХ-ын ЭМЭГТЭЙ ЭКС ГИШҮҮД хаана явна вэ?

2018-03-07 16:18


    Бүрэн эрхийнхээ хугацааны талд нь хүрч буй энэ парламентад түүхэнд байгаагүй олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлог.



 

    Тэрнээсээ шалтгаалдаг ч юм уу, байсхийгээд л хэдэн эмэгтэй гишүүд маань папарацид өртөж,  элдэв янзын нэр хоч зүүн цахим хэвлэлийн нүүрийг чимнэ. Хэвлэлийн халдлагад өртөөгүй нь З.Нарантуяа тэргүүтэй хэдхэн хүн л торойн үлджээ. Заавал мууг нь үзэж байж санаа амрах гээд байгаа аятай ойлгогдчих вий дээ. Ядаж торойн хоцорсон эмэгтэй гишүүдээс маань гярхай дуран холуур байг. 

 

    Уг нь ч эмэгтэй гишүүдийнхээ боов чихэр идэж, дирол бохь рекламдаж, үс гэзгээ самнаж байгааг харах нь эр хүйстэй сонгогч бидэнд сайхан л байдаг юм. Нуугаад яахав. Тэд маань хэвлэлийн дуранд өртөж ажлын байрандаа байгаагаа баталж л байвал болох нь тэр.

 

    Харин, “Мартсанаас, мал мэнд үү?” гэгчээр УИХ-ын 2012-2016 он хүртэлх сонгуульт хугацаанд Төрийн ордонг дуу хуур, найр цэнгээнээр дундруулаагүй “БЕНЗ” Л.Эрдэнэчимэг, “CANDYCRUSH” З.Баянсэлэнгэ тэргүүтэй улс төрч бүсгүйчүүд маань одоо хаана юу хийж явдаг юм бол доо? Мартын 8 болж байгааг ч хэлэх үү, учиргүй ихээр үгүйллээ тэднийгээ! Тэсгэлгүй сураг ажиг тавин яажшуухан аж төрж буйг нь мэдэхийг хичээлээ.

 

    Анзаарах нь ээ, 2012-2016 оны парламентын ангийн бүсгүйчүүдээс улс төрийн албан тушаалын хувьд хамгийн давгүй яваа нь Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа л байх шив дээ. За тэгээд ихэнхи нь л АТГ-д шалгуулсан, албан тушаал уруудсан, гудамжинд лааз өшиглөсөн янзтай байх шив.

 

 

УИХ-ын гишүүн асан Д.Арвин

 

    Гишүүнээсээ бууснаас хойш тун ч базаахгүй он жилүүдийг туулж байна. Түүний үүсгэн байгуулсан “Их өргөө” компанийг АТГ-ынхан өнгөрсөн оны нэгдүгээр сард битүүмжлээд, өөрийг нь хилээр гарахыг хориглочихсон.Тухайн үед хэвлэлд “Бэрийнхээ нэрдээр байдаг компанид ямар ч тендергүй төсөл өгч, улсын төсвөөс санхүүжүүлсэн, “Сансар” хотхоны 85 өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны гэрчилгээг барьцаалж, банкнаас зээл авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн” тухай мэдээлж байв. Д.Арвиныхүү А.Од нь “Сансар” хотхоны орон сууцыг барихдаа иргэдийн орон сууцны гэрчилгээг барьцаалж банкнаас зээл авсан тухай ч бичиж байсан юм. 

 

    Харин өдгөө шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй хэрэг нь хэвлэлд мэдээлж байснаас өөр зүйл, ангитай юм. Д.Арвин нарт холбогдох прокурорын хянаж буй хэрэг нь УИХ-ын гишүүн байхдаа орон сууц барьж Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст шахан улсаас 300 гаруй сая төгрөг завшсан. Ингэхдээ өөрийн дүү нарын компаниар бариулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Тиймээс УИХ-ын гишүүн асан Д.Арвиныг эрх мэдэл албан тушаалаа урвуулан төсвийн хөрөнгийг завшсан үндэслэлээр буруутган яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байгаа сурагтай.


 

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг
 

 

    2016 оны УИХ-ын сонгуулийн дараа өрнөсөн Ардчилсан намын  шинэчлэлийн асуудалд идэвхийлэн оролцсон улс төрчдийн нэг нь М.Батчимэг. Тэрбээр “Нэг ардчилал”фракцаа татан буулгаж "Монгол Улсыг хөгжүүлэхэд АН нэг л бодлогоор явах ёстой. Тиймээс намынхаа шинэчлэлийг амжилтад хүргэхийн төлөө фракцаа татан буулгасан" хэмээн тайлбарласан.Одоо Тэрбээр “Улаанбаатар” бодлогын судалгааны төвийн зөвлөхийн албан бус орон тоон дээр ажиллаж нам гүмхэн байна.

 

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ

 

    Жинхэнэ ард түмний дундаас тодрон гарсан төрийн түшээ хэмээх тодотголыг өмнөө зүүдэг байсан УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ “Шар нохой” жилийн босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Алтангадас одонгоор энгэрээ цоолуулсан сайн мэдээтэй. Баярт энэ явдлаас гадна барагтайхан асуудал З.Баянсэлэнгэ гишүүнтэй шинэ оны дараахнаас холбогдсон нь төрсөн дүүг нь АТГ-т шалгаж эхэлсэн явдал. Шалтгаан нь З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа зах зээлд борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар Төрийн өмчийн түрээсийн зориулалттай 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх ёстой байсан аж.Гэвч гишүүн асан маань ямар нэг ашиг сонирхлын үүднээс “Бэрэн” группын барьсан ашиглалтад ороогүй орон сууцны барилгаас худалдан авч, Улсын төсөвт 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт унаж мэдэхээр болчихоод байна.

 

 

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа


    Халхголын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг тойрсон элдэв факт баримтууд одоо ч хөвөрсөөр буй. Тэр бүхэнд Хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаагийн нэр саараар дурсагдах нь элбэг. 

 

    Сүүлийн арав орчим жилийн хугацаанд манай улс төрд нэгэн соёл тогтсон жишгийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд намынхаа ажилгүй яваа улс төрч Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилох санал гаргасан ч бүтэлгүй оролдлого болсон. УИХ-аас Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдохыг дэмжээгүйн шалтгаан өнөөх Халхголын чөлөөт бүсийн будлиантай холбоотой болов уу? 

 

 

 

УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа

 

    Ангийнхаа найз бүсгүйчүүдтэй жишихэд харьцангуй өндөр албан тушаалд буй. Намын дарга ЭРДЭНЭВАН-гийн хязгааргүй нөлөө, дэмжлэгийн хүчинд Баянгол дүүргийг өдгөө удирдаж буй. Одноо даргыг “Засаг хатан” болоход нь “Эрүүл мэндийн шинэ 7-р төв”, “Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг” байгууллахад идэвхи санаачлагатай ажилласан нь их түлхэц болсныг ч үгүйсгэхгүй. Түүгээр зогсохгүй Баянгол дүүргээ улсын анхдагч “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт”дүүрэг болгоод амжсан. Өнөөдөр тэрбээр монголынхоо нийт бүсгүйчүүдэд зориулж төгөлдөр хуурын аяз гоцлон тоглож мэндчилгээ дэвшүүлжээ.

 

 

УИХ-ын гишүүн асан С.Оюун

 

    Тэрбээр шинэ оны өмнөхөн 17 жилийн турш удирдсан ИЗНН-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзсан. Шалтгаан нь Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдох болсонтой нь холбоотой. Өнгөрсөн сонгуульд сайн дураараа нэр дэвшилгүй өнжиж, намын даргаасаа ч чөлөөлөгдөж их улс төрөөс алгуурхан холдож буй хатагтай С.Оюун Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн Монголд дахь салбарын 2017оны хавар зуны IPANEMA коллекцийн нүүр царай болж загварын ертөнцөд хүч түрэн орж ирж олныг гайхашруулах болсон.

 

 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

 

    Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын бичлэг задруулагч Г.Доржзодовыг гэртээ орогнуулж, тэр бүү хэл өмөөрч ярилцлага өгснөөр эргэн олны анхааралд зурвас ороод гарсан “Ногоон нүдэн” хатагтай   “Жаран цагаан хонь” романаа худалдаанд гаргасан даруйд тэр нь бестселлерээр нэрлэгдэх эрхэм жаргалыг эдэлж буй.  Одоо ч Ц.Оюунгэрэл сайд бус, хүү Б.Идэр-Од нь олны анхааралд өртөх болж дээ. 

 

 

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол

 

    Энэ парламентын хугацаанд тэрбээр “нойрсож буй сайд” хэмээх эрхэм алдрыг хүртэж ОЮУНХОРОЛДОХ хэмээх нэршлийг нийгэмд тренд болгосон. Түүнчлэн БОАЖЯ-ны сайдаас огцорсон нь хүндхэн цохилт байв. 

 

 

УИХ-ын гишүүн асан Г.Уянга

 

    Эв нэгдэл тусгаар тогтнолын намын дарга Г.Уянга өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын  Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй. УИХ-ын гишүүн байхдаа нийгэмд шүгэл үлээж, тэмдэглэлт баяр болгоноор сонгогч түмэндээ ая эгшгийн хадаг өргөдөг байсан дууч гишүүн асан Төрийн тэргүүнд зөвлөх болсноор тун ч даруухан болчихоод байгаа.

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.