М.Дариймаа: Нэг хувийн АВЬЯАС, 99 хувийн ХӨДӨЛМӨРИЙН амтыг жинхэнэ утгаар нь ойлгосон

2018-03-08 09:20

        Мартын 8. Аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийх наймаачид бүхий Севилээс өөр газарт Карментай уулзана. Өглөө эртлэн ажилдаа ирсэн Кармен нүүрээ ч будаж амжаагүй атлаа босон суун дасгалаа уншиж толины өмнө эргэлдэнэ. Түүний өрөө их жижигхэн. Өөд өөдөөс нь харуулан тавьсан зургаан толь бүхий сандал ширээ, үүдний хэсэгтээ дивантай. Харин хананд нь Кармен,  Амнерис, Розина, Тоска гээд 10 шахам бүсгүйн гоо үзэсгэлэнт зураг өлгөөтэй. Хаалга нь онгорхой атал үүдээр холхих хүн олон харагдсангүй, ганцхан энд  нам гүмхэн. Харин өөр хэсэгт ажилдаа ирэх хүмүүс цагтай уралдан бужигналдсаар. Хаа нэгэнтээгээс эрэгтэй хүний  том бүдүүн хоолойгоор дуулах бас сонстох аж. Энэ бол ДБЭТ-ын 204 тоот өрөө байлаа.

 

      Театрт энэ гуравдугаар сарын 10, 11-нд Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийг тоглох гээд үүдний харуулаас эхлээд Карменаар амьсгалаад эхэлчихэж.  Харин Карментай уулзаад цайзад хоригдсон гүнжийн тухай хүүхэлдэйн кино санаанд буусан. Учир нь дуурийн гоцлол дуучдын хувьд дуудлага авсан л бол хувийн зохион байгуулалтаа сайтар хангах ёстой.  Өвдөж болохгүй хатуу даалгавартай учраас цонхоо онгойлгож гэнэ алдахаас хүртэл сэргийлнэ. Гол дүрд тоглох учраас олон цагаар ярьж хоолойгоо ядрааж болохгүй. Тиймээс хэн нэгэн нь гол дүрд тоглох гэж байгаа бол бусад нь “зайгаа барина”.  Энэчлэн олон хатуу дэгийн ард Кармен бэлтгэлээ базаах ажээ. 

 

        Ингээд оршлоо хойш тавиад М.Дариймаатай ярилцсанаа хүргэе.  Нэг л өдөр урлагт тэр дундаа сонгодог урлагт урваж орхисон түүнтэй ярилцах сонирхолтой байлаа. / Дээрх хоёр өдөр гоцлол дуучин МУГЖ Р.Доржхорол, СТА М.Дариймаа нар халуун цустай, цыган бүсгүй Карменийг амилуулна/

 

 

ESA - 1984 оноос хойш Монголд “Кармен”-ийг тоглож байна. Та хэд дэх Кармен болж байна вэ?

 

        - Би дөнгөж нэгдүгээр ангид орж байжээ. Монгол ийнхүү 1984 онд “Кармен”-ийг тавьсан бол дэлхийд 1875 онд тавьсан түүхтэй билээ. Монголын хувьд анхны Кармен нь МУАЖ Д.Баадайжав удаах нь МУГЖ Ц.Ерөө, МУАЖ А.Долгор, АЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Р. Доржхорол, Ц.Ариунаа тэгээд би байна. Миний хувьд долоо, найм дахь Кармен болж байна уу даа. Эндээс Ч.Мөнхшүр эгч бол Монголын үзэсгэлэнтэй Кармен байгаа юм. Ер нь хүн болгон дотроо нэг Кармен төсөөлдөг. Минийх бол А.Долгор эгчийн Кармен байдаг.  

 

ESA - Хэд дэх удаагаа энэ дүрд тоглож байна вэ?

 

     - Дуулаад удаагүй  ээ. Сүүлийн гурван жил дуулж байгаагаас тав дахь Кармен болж байна. Одоогоор би хамгийн залуу Кармен.

 

ESA – Энд гол дүр болохын тулд ямар шалгуурыг давсан байх ёстой вэ?

 

     - Дуурийн гоцлол дуучин болохын тулд тав, зургаан жил их сургуульд сурна. Төгсөөд шалгалт өгөөд тэнцвэл гоцлол дуучин болно. Би Дуурьт ирээд 10 жилийн дараа сая “Кармен”-иыг дуулж эхэлсэн. Тэрнээс сургуулиа төгсөж ирээд дуулдчихдаг дүр биш л дээ. Олон жилийн туршлага хуримтлуулсан байх ёстой. Гурван цагийн дуурийг тасралтгүй дуулахад торохгүй даваад гарах хоолойны бяд суусан байх ёстой юм.  Гэхдээ би  их азтай л даа. Ажилд ороод удалгүй Ж.Вердийн “Аида” дуурийн Амнерис, Ж.Россинийн  “Севилийн үсчин”-гийн Розинагийн дүрд дуулж эхэлсэн нь туршлага болоод л явлаа. Миний хоолой чинь меццо сопрано /эрдүү хоолой/ байгаа юм.  Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний хамгийн өтгөн, бүдүүн хоолой. Ийм хоолойд хөгжмийн зохиолчид голдуу зоримог, дайчин бүсгүй эсхүл эх хүний дүрийг зориулан бичсэн байх нь олонтаа. Тэр утгаараа Ж.Бизе “Кармен” дуурийн гол дүрээ меццо сопрано хоолойд зориулан бичсэн байдаг юм. Энэ бол шалгуур өндөр дүр л дээ. Бусад дуурьт тайзан дээр дурлаад л, уйлаад л дуулж зогсдог бол “Кармен” тасралтгүй гурван цагийн турш дуулахын хажуугаар жүжиглэнэ бас бүжиглэнэ. Миний хувьд бас л нэлээн юм болж дуулсан.

 

ESA – Гоцлол дуучнаар ажиллааад 10 жилийн дараа “Кармен”-д тоглох болоод их догдолсон уу. Эсхүл айсан уу?

 

      - Анх “Кармен”-ийн найз бүсгүй Мерседест тоглож байсан юм.  Ингэж дуурь дотроо жижиг дүр бүтээгээд Карментай харьцаад явсан болохоор дотор багтаад байгаа юм. Бас эгч нарыг харахаар болчихмоор санагдана. Тэгээд удирдаачийг “Кармен”-д дуулна шүү гэж хэлэхэд үнэхээр их баярласан. Харин хийж эхлээд бодсоноос шаал өөр болохыг ойлгосон. Ер нь аливаа юмыг харахад амархан, хийхэд их хэцүү байдаг даа. Өөрөө хийж үзээд мөн ч олон удаа эргэж буцсаан. Тэр тоолонд өөрийгөө зоригжуулна. Хамт олноос маань дэмжинэ. Ингээд төгөлдөр хуурчтайгаа бэлтгэл хийж эхэлнэ. Яахав ээ аятайхан болохоор нь сэтгэлд жоохон ч атугай итгэл гал асна. Дараа нь найруулагчтай өрөлтөнд орно. Ахиад л шантарч эхэлнэ. Зогсож байгаад дуулах,  бүжиглээд дуулах хоёрт асар их ялгаатай бий.          

 

ESA – Тоглолтын дараа нэлээн жин хассан байх нь дээ?

 

       - Эсрэгээрээ тоглолтын өмнө жин хассан байх ёстой. Багадаа 2-3 кг хасаж дуулахгүй бол тайзан дээр амьсгаадаад дуулж чаддаггүй.  Үүний тулд алгуурхан бэлтгэж эхэлдэг. Тэгэхгүй бол тамирчид шиг гэнэт хасвал амьсгаа нь хөөрөөд дуулж чадахаа больдог. Сонирхуулахад жин нэмдэг дуурь бас байна. Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Трубадур” гэж  гранд операгийн Азучена гэж галзуурсан эмэгтэйн дүрд тоглохын тулд жин нэмэх хэрэгтэй болдог. Тэр үед би “Азучена  дуулах юм чинь” гээд идэж өгнө дөө. /инээв/  Одоо бол хоолноос гарсан байна.

 

      Ер нь дуучин байна гэдэг тамирчнаас ялгаагүй  гэж болно. Бүх юманд /сэтгэл зүй, эрүүл мэнд, хоол ундны зохицуулалт/ бэлэн байх ёстой. Гуравдугаар сарын 11-нд “Кармен”-тай гээд сарын өмнө дуудлага гардаг. Тэр үеэс нотоо уншихаас гадна биеэ бэлдэж эхэлдэг юм. Ханиад хүрч болохгүй, хоолой өвдөж болохгүй гээд л. Түүнээс болоод ажил дээрээ цонхоо ч нээхээс айна шүү дээ. Энэ бол жишээ. Өнөөдрийн байдлаар манайд хоёр Кармен байна. Хэрвээ би эсхүл Доржхорлоо эгч өвдчихвөл нэг нь хоёр дуулах болно. Хоёр өдөр дарааллаад Кармен дуулна гэж байдаггүй. Сард нэг л удаа дуулж ачаалал авах дуурь байгаа юм. Тийм учраас хариуцлага өндөр байгаа биз. Удирдаачдаа ханиад хүрчихсэн гэвэл “Дуудлага сарын өмнө өгсөн. Хувийн зохион байгуулалт муу байна” гээд эхэлнэ дээ. Үнэндээ бидэнд өвдөх эрх байхгүй.

 

ДУУЛАХААС ИЛҮҮ ЯРИХААР ХООЛОЙ ИХ ЯДАРДАГ

 

 

ESA – Одоо цаг 09:00 болж байна. Хоолой чинь сэрчихсэн үү?

 

     - Дуучин хүний хоолой 11:00 цагаас нааш сэрдэггүй. Гэхдээ бэлтгэл 10:00 цагаас эхэлнэ. Үүнээс цагийн өмнө ирээд дасгалаа уншаад, хоолойгоо  халааж,  нотоо эргэн харж мартаж санаснаа сэргээсэн маягтай биеэ бэлдээд л сууж байна. Тэгээд тайзан дээр гарч хоор оркестртойгоо нийлнэ дээ.  

 

ESA – Хоолой “унтах” цаг хэд юм бол оо?

 

      - Аль болох их идэж, их унтаж байвал сайн. Энд нэмэхэд удаан хугацаагаар их ярих муу. Дуучдыг хүмүүс муухай ааштай юм шиг санадаг. Үнэндээ бид чинь хоорондоо ч олон юм яриад байдаггүй. Хоолойгоо хайрлаад тэр л дээ. Дуулахаас илүү ярихаар хоолой их ядардаг.  Тийм болохоор гол дүрд тоглох гэж буй ийм өдрүүдэд өрөөгөөр  орж гарах хүмүүсийн тоо эрс цөөрнө шүү дээ. 

 

ESA – Жилдээ хэчнээн удаа тайзан дээр гардаг вэ?      

   

      - Манайхаас долоо хоног болгон нэг дуурь, нэг балетийг тоглодог. Тэгээд меццо сопрано хоолойтой /одоогоор дөрвөн дуучин байна/ дуучид сард бүр тоглогдох дуурийн гол ба туслах дүрд оролцдог. Өнгөрсөн долоо хоногт Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн  Алтайн дагинад дуулсан. Энэ долоо хоногт Кармен дуулна.

 

ESA – “Кармен” эхлэх гэж байна бодъё. Үүдэнд үзэгчид ирээд хувцсаа өлгүүлж, суудалдаа тухаллаа. Харин тайзны ард амьдрал хэрхэн өрнөдөг вэ?   

 

      - Намайг “Кармен” дуулна гэхэд магадгүй зөвхөн миний уран бүтээл мэт харагдаж болно. Тэгэхэд миний ард театрын манаач харуулаас эхлээд тэр аяараа хөдөлдөг. Оёдлынхон, нүүр будагчид, хоорын 50,60 хүн, хөгжимчид, балетийн  бүжигчид гээд бүгд зөвхөн Карменаар амьсгална. Тэнд нь би гол дүр байна гэхээр үнэхээр гайхалтай. Театрын 270 хэдэн хүн зөвхөн миний төлөө санаа нэгдэн ажиллаж байна шүү дээ. Их үүрэг хариуцлагатай атлаа бас их гоё  мэдрэмж төрдөг юм аа. Энэ олон хүний хөдөлмөр зүтгэлийг би гурван цагт тайзан дээр гаргах нь байна. Тийм учраас гоцлол дуучин бол театрын манлайд явдаг. Нүүр царай нь болдог юм.

 

ESA – Байнгын үзэгчид хүссэн дуучин, балетчинаа сонгож үздэг болжээ, тийм ээ?

 

        - Тийм шүү. Жишээ нь энэ гуравдугаар сарын 10-нд Р.Доржхорлоо эгчийг сонсох гэсэн үзэгчид ирнэ. Эсхүл 11-ний өдөр намайг сонсох гэж ирнэ. Бид хоёр ч бие биенээ сонсоно. Манай үзэгчдийн ихэнх нь байнга ирж, харьцуулалт хийдэг улс байдаг. Бүүр  хоёр өдөр дарааллан үзээд, харьцуулалт хийгээд тоглолтын дараа ирж уулзаад зөвлөгөө өгөх нь ч бий. Манай Доржхорлоо эгч туршлагатай мундаг дуучин л даа.  Саяхан Монгол улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн. Одоо байгаа меццо сопранууд дундаа ахмад нь болохоор түүнээс сонсож, харж, сурах юм их бий.

 

ESA – Таны анхны Карменд алдаа оноо их байв уу?

 

       - Маш их байсан байх аа.  Гэхдээ чадан ядан дуулахад хүн болгон баяр хүргээд их сайхан хүлээж авсан. Хөөрхий дөө, энэ зэрэгтэй гарчихлаа гэж үнэлсэн юм болов уу. Тэрнээс түүхий л байсан, хөөрхий. Хүн чинь урмын амьтан. Тэр утгаараа үзэгчдээс их эрч хүч авна. “Өнөөдрийн зритель үнэн гоё халуухан байлаа” гэсээр тарах өдөр байна. Браво гэж орилоод л, тасралтгүй алга ташиж, оруулахгүй үе гарна. Гэтэл эсрэгээрээ  заримдаа бүүр  унтаа болчихно гээч.

 

ESA – Меццо сопрануудад л зориулсан ямар дүрүүд байна вэ?

 

        - Сонирхуулахад, 1955 онд театр байгуулагдсанаас хойш хоолой тус бүрт 30-40 дуучин байхад меццо сопран ес л байна. Монгол дууриас “Чингис хаан”-ы Өүлэн эх, “Ламбугайн нулимс”-ын Цэрэнлхамын эх, “Үүлэн заяа”-гийн Зурхай гээд үргэлжилнэ. Ер нь меццо сопранын энэ эрдүү бүдүүн хоолойгоор эсрэг  дүрийг ихэвчлэн гаргадаг. Тийм учраас характерный дүр их л дээ. Би “Үүлэн заяа”-ны Зурхайд дуулаад тэрүүгээр л нэг хор найруулж, бүүр эхнэр нөхрийг салгаад л явдаг юм. Тэгсэн хадам эгч маань үзчихээд “Чамайг эсрэг дүр гээд үзэн ядаж байсан ч үхэхэд чинь аймаар харамссаан” гэдэг байгаа. Санаа муут яван хатна гэгчээр хамгийн сүүлд  Зурхай үхдэг дүр л дээ.

 

ESA – Хүүхэд байхаасаа өнөөдрийг “төлөвлөчихсөн” байсан уу?

 

      - Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын дунд сургуулийг төгссөн. Манай сумаас МУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар дуучин А.Загдсүрэн төрөн гарсан нь нутгийн бидний бахархал байгаа юм. Би түүний араас залгаж яваа дараагийн уран бүтээлч болсондоо баярладаг. Үнэндээ би хэзээ ч дуучин болно гэж бодож байгаагүй. 10 жилд урлагийн үзлэг болоход ард л үлдэнэ. Их даруухан охин байсан. Аман хичээлдээ сайн болохоор багш нар ч сэтгүүлч юм уу багш болно гэнэ. Би ч тэрэнд нь итгэчихсэн. Ингээд сургуулиа төгсөөд хэлний чиглэлээр сурч байгаад дундаас нь хаяад СУИС-д орж суралцсан. Миний төрсөн ах хөгжмийн зохиолч М.Алтангэрэл гэж хүн намайг уруу татсан хэрэг л дээ. МУГЖ У.Далантай, Ц.Түвшинтөгс, А.Долгор гээд тэр үеийн дуучид ихэнх нь ахын маань дууг дуулсан байдаг юм. Өөрөөр хэлбэл ерээд оны одод манай л гэрээр ирнэ. Би хөдөөнөөс ирээд ахындаа амьдардаг байсан үе л дээ. Тэднийг ирэх бүрт нь “Ямар гоё юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Болоогүй гараад явсных нь дараа дууг нь аялж бас үзнэ. Ах сонсчихоор бас ичнэ ээ. Эндээс л ах маань намайг хоосонгүй гэж харсан  шиг байгаа юм.

 

 

БАГШДАА "МИНИЙ ДҮҮГ ШАЛГАЖ ҮЗЭЭД ШАВИАР АВНА УУ" ГЭСЭН БИЧИГТЭЙ ОЧИЖ БАЙЛАА

 

 

       Ах Түвшинтөгс гавьяаттай их найз. Тэгээд Түвшөө ахад хэлж дээ. Тэгсэн гавьяат өөрийнхөө багш МУГБ, дэд профессор Д.Дашиймаад “албан бичиг” бүхий хүсэлт илгээж байгаа юм. Их хөөрхөөн. “Миний дүүг шалгаж үзээд шавиар авна уу” гэчихжээ. Би өнөө бичгээ бариад СУИС дээр очсон атлаа багшаа танихгүй ээ. Бараг таарсан хүн болгоноос асууж сурсаар уулзвал жижигхэн биетэй, буриад эмэгтэй их сайхан хүлээж авсан. Улмаар хоолой уншуулснаа “Чи хоолойгүй  юм байна. Драмын ангид ор” гэдэг байгаа. Би ч дуучин болно гээд гүрийчихсэн.  Ингээд их сургуульд шалгалт өгөхөөсөө өмнө сонсгол ритм товшуулаад сар гаруй хугацаанд бэлдлээ. Багш “Сонсгол ритм сайн ч хоолой иймхэн /долоовор, эрхий хуруугаа нийлүүлж үзүүлэв/ гээд чамлах маягтай. Би болохоор Энхзул эгч шиг дуучин болоод ахынхаа зохиосон дуунуудыг дуулна гэж бодоод байгаа юм.  Ингээд шалгалтын өдөр ч ирлээ. Хамгийн өндөр оноог аваад нэгээр СУИС-д орлоо. Оюутан болоод Д.Дашиймаа багш дээрээ явсан. Нэгдүгээр курстээ байдаггүй ээ. Гучин хэдэн хүүхдээс хамгийн доод оноог авч ард тунана. Харин хоёрдугаар курсээс багштайгаа илүү ойлголцож эхэллээ. Багшийн урам өгсөн үгс ташуур болоод л. Сайхан үг сонссон хүн яахав. Илүү их хичээнэ. Зундаа амрахгүй СУИС дээр л  өнжинө. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр хоосон сургууль дотор харин ч нэг дураараа орилно шүү дээ. /инээв/ Намар хичээл ороход би том, том ари гаргаж ирээд “Багш аа энийг дуулна” гэвэл “Миний хүү арай болоогүй” гээд буцаана. Дараа жил нь бүүр илт сайжирч, улмаар төгсөөд Дуурийн гоцлол дуучин болсон юм. Энэ амьдралаас би нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөрийн амтыг жинхэнэ утгаар нь ойлгосон.

 

ESA – Танай гэр бүлд та хоёроос өөр урлагийнхан байдаг уу?

 

       - Урлагийн хүн олон бий. Хаймчигийн Баатар гэж хөгжмийн зохиолч бол миний нагац ах. “... Зулзаган цагаан хус нь ээ...” гэхчилэн жар, далаад оны олон хитийг зохиосон. Түрүүн ярьсан ах маань хөгжмийн зохиолч. Нөгөө ах М.Нямгэрэл урлаг судлаач. Бас нэг морин хуурч бий. Бид эцэг эхээс долуулаа. Ээж, аав маань урлагт элэгтэй жирийн л нэг ажилчин улс. Аав маань ажлынхаа хажуугаар бөх засна. Би бараг ухаан орохын л спорт зааланд аавыгаа дагаад өнждөг байлаа. Хамтдаа бөх, сагс их үзнэ ээ. Эндээс өөрийгөө спортын сэтгүүлч болно  гэж мөрөөддөг байсан юм.

 

ESA – Гэр бүлийн тань хүн урлагийх юм биш биз?

 

       - Үгүй ээ. Өөр мэргэжлийн хүн бий. Гэхдээ намайг их дэмждэг. Анх дуурийн дуучин мэргэжлийг сонгоод суралцаж байхад багш маань хэлж байлаа. “Хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй шүү. Карьер хөөж, дуучин болно шүү” гээд л. Хонгилын үзүүрт гэрэл харагдахаар тэр л дээ. Ер нь бүх багш шавь нартаа ингэж хэлдэг. Ээжээс ялгаагүй улс шүү дээ. Ирээдүйд ямар ч хүнтэй суугаа билээ, яаж амьдрахын бол. Энэ сайхан авьяас  замхарчихвий гэж боддог шиг байгаа юм. Тэгтэл би багшаасаа тас зөрөөд дөрөвдүгээр курстээ  ээж болчихсон. Зөрүүд гэж жигтэйхэн. Бүүр жил дарааллаад төрсөн.  Яах вэ төрөөд сар болоод ажилдаа орсон болохоор багш уучилсан л даа. /инээв/  Манай багш чинь “Хүүхэд гаргаж болохгүй” гэж үглэдэг ч шавь нараас нь Мөнгөнцэцэг гавьяат гурав, Ариунаа бас гурван хүүхэдтэй.  Хааяа толгой сэгсэрч  байдаг ч ажлаа сайн хийж явааг хараад зөөлөрдөг юм.

 

ОХИН МААНЬ “БИ ТОСКАГААСАА ӨНДӨР БОЛЧИХОЖ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЪЯ” ГЭСЭН

 

 

ESA – Төрсний дараа хоолой ч бас нялхардаг уу?

 

        - Маш их өөрчлөлт ордог. Төрсний дараа яг шинээр суралцаж байгаа юм шиг бүхнийг эхэлнэ. Би дөрөвдүгээр курстээ төрчихөөд, намар нь АЖ Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын нэрэмжит ари, романсийн  уралдаанд орсон. Бэлтгэлийн үед бүх юм салаад /бүх регистр/ явчихсан мэт мэдрэмж төрж байж билээ. Меццо сопран хоолойтнууд гурван регистрт /дээд, дунд, доод өнгө/ дуулдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний хамгийн дээд, хамгийн доод өнгийг гаргаж, дунд өнгөөр холбож салгахгүй дуулах ёстой.  Тийм байхад салаад гурван өөр хүн дуулж байгаа юм шиг болчихсон байлаа. Тэр үед гэртээ удаан суух хэрэггүйг илүү сайн ойлгосон. Тэгтэл ахиад хөл хүнд болчих нь тэр. Залуу ч байж, ахиад төрмөөргүй, дуулмааргүй байна гээд хэсэгтээ л бужигнуулсан. Манай хүн болохоор  “Чи төрүүлээд л өгчих. Тэгээд ажилдаа ор” гээд гуйсаар дийлсэн л дээ. Ингээд би хоёр дахь хүүхдээ төрүүлээд 20 хоноод ажилдаа орсон. Одоо бол хувь тавилантайгаа эвлэрээд ажил амьдралаа зохицуулаад л явна даа.

 

       Би чинь хөгшин оюутан явлаа. Өөр мэргэжлээр сурч байгаад 23-тай СУИС-д ороод 28 настай төгссөн юм. Тухайн үед Болгарт суралцах урилга хоёр ч удаа ирсэн. Тэр үед багш “Одоо дахиад сураад, хэдтэй төгсөж ирэх үү. Тэгээд хэзээ дуулах уу. Тэгснээс шууд дуул” гэж зөвлөсөн. Багшийнхаа үгэнд орсон маань онож гэж одоо их баярладаг юм. Хэрвээ явсан бол одоо юу ч хийж яваа юм билээ. Би чинь дуурийн хоорт гэрээгээр дуулж байгаад, сургуулиа төгсөөд гоцлол дуучнаар ажилласан. Нас гуч гарсан хойноо дуулсан болохоор олон тэмцээн уралдаанд орж байсангүй ээ. Бүх уралдаан тэмцээн 30-35 насны хооронд явдаг болохоор хожимдсон.

 

 ESA – Хоолойны өнгөөр хүнийг таньж болох уу?

 

        - Баяр гуниг, зовлон жаргал тохиолдсон аль болох нь хоолойноос андашгүй л дээ. Бид ч одоо хүний нүдийг харж, хоолойг нь сонсоод л таньдаг болж дээ. Бараг сэтгэл зүйч шиг болчихож. Хоолойны өнгөнөөс тухайн хүний талаар олон юмыг мэдэж болно.

 

ESA – Тухайлбал та гуравдугаар сарын 11-ний Кармен болно. Хүүхдүүд тань ээжийгээ үзэсгэлэнт Карменаар харахдаа дуртай байх даа?

 

        - Нэг өдөр охин маань хичээлээ тараад “Ээж ээ” гэсээр яаран орж ирлээ. Яасан бэ гэж асуувал “Долдугаар ангийн дуу хөгжмийн номон дээр таны зураг байна. Би өнөөдөр ангидаа од болсоон” гээд бөөн баяр хөөр болсон хүн. Цааш нь “Таны “Севилийн үсчин” дуурийн Розина дүрийн чинь зураг байсан” гээд ярьж өгсөн. Хүүхдүүд  маань дуурьт хүүхдийн жижиг дүрүүдийг бүтээдэг. Гаднаас хүүхэд аваад ирэхээр учраа олохгүй болохоор нөөц бололцоогоо ашиглаад гэх үү, уран бүтээлчдийнхээ хүүхдүүдийг тоглуулдаг юм. Манайхны хүүхдүүд чинь хар нялхаасаа жүжигт тоглоно, харах хүнгүй бол бүүр “амьдарна” гээч. Манай охин “Тоска”-гийн сүмийн хүүхдэд багаасаа л гарч байна. Тэгсэн их хөгжилтэй. МУГЖ Б.Эрдэнэтуяа “Тоска” дуулж байсан чинь “Ээж ээ” л гэнэ. Юу болсныг асуувал “Би Тоскагаасаа өндөр болчихож тэтгэвэртээ гаръя аа” гэж байна. Ажлаар нэг бөөн инээдэм болсон. Энэ тухай нь найруулагч Сараа эгчид хэлбэл “Нээрээ тийм байна. Үжинг энэ жил хүүхдээс чөлөөлнө өө” гэлээ. Жилийн турш тоглолтод оролцсон хүүхдүүдээ манайхан Хүүхдийн баяраар баярлуулдаг уламжлалтай. Тэгээд би цаашлуулмаар санагдаад “Миний охин тэтгэвэрт гарч байгаа юм чинь Хүүхдийн баярын бэлэг байхгүй шүү дээ” гэсэн “Мөнгөө эгч хэзээ Тоска дуулах юм бол” гэж асууж байна аа. Мөнгөө маань нуруу  өндөр л дөө. Тэгэхээр түүнтэй бол нэг гарчих гээд байна шүү дээ. Их хөөрхөн.

 

 

 

ESA – Хүүхдүүдээс тань  дуучид төрж магадгүй л юм байна даа. Тийм ээ?

 

      - Манай дуучдын хүүхдүүдийн ихэнх нь уран бүтээлчид болсон байдаг. Тухайлбал манай өрөөний МУГЖ Ж.Цэцэгээ эгч гэхэд Төрийн соёрхолт Д. Болдын ээж шүү дээ. /хананд өлгөөтэй зургийг харуулав/ Ерөө эгчийн хүү манай хормейстр Дашбямба гэж хүн бий. Охин нь бас концертмейстр. Долгормаа эгчийн хүү басхөгжимчин гээд л. Миний хүү чинь их хөөрхөн дуулна, сонсгол сайтай. Их нарийн хоолойтой. Магадгүй тёнор хоолойтой сайхан дуучин болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ би цэргийн хүн болгоно гэж боддог.

 

ESA – Маргааш буюу ирээдүйн мөрөөдлийн ямар дүрүүд байна вэ?

 

        - Монголдоо тавьсан бүх дуурьт гол болон туслах дүрд дуулчихсан. Хэрвээ меццо сопран хоолой орсон шинэ дуурь тавьбал баяртайгаар хүлээж авна. Өнөөдрийн тухайд Ж.Вердийн "Дон Карлос" дуурийн Эболийн дүрд тоглохыг мөрөөддөг. Ид сайхан дуулж байхад минь тавигдаасай гэж хүсдэг.

 

ESA – Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.