ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Бусад намууд гуравдагч, харин “МАНАН” бол 1,2-р зэрэглэлийнх гэж хөөргөдөг цаг өнгөрсөн

2018-03-08 10:14

 

    ESA— ИЗНН-ын дарга Цэрэндоржийн Ганхуягтай ИЗНН дотор өрнөж буй өөрчлөлт шинэчлэл, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн амьдралд өрнөх цаашдын дүр зургийн талаар ярилцлаа.



 

    ESA—2016 оны УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар танай нам дотор үүссэн тодорхой бус байдлаас хойш ИЗНН одоо л улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна уу? Эсвэл Ардчилсан намтай нэгдчихсэн үү гэсэн эргэлзээг нийтэд төрүүлэх болсоор өнөөдөртэй золголоо. Үүнд эхлээд хариулт өгөхгүй юу? 

 

    2016 онд явагдсан сонгуулиудад бид “4 жил тутамд явагддаг Монголын улс төрийн олимпод” оролцох эрхээ авах гэж хамаг тамираа барсан. Тэртээ тэргүй ялахгүйгээс хойш сонгуульд ороод яадаг юм гэсэн үзэл бодолтой, өөрсдөдөө итгэх итгэлээ алдсан хүмүүс овоохон гай чирсэн нь үнэн. 

 

    Намууд сонгуульдаа орчихсон, штабуудаа байгуулаад зохион байгуулалт хэдийнэ хийгдсэн байхад бид шүүхдээд явж байв. 

 

    Монгол хүний сонгох сонгогдох эрхэнд сонгуулийн  байгууллага нь хэрхэн бүдүүлэг халдаж болдогийг тэр үед бүгд харсан.

 

    Үндсэн хуулиа барьж ажиллах сонгуулийн байгууллага намын дотоод асуудалд хутгалдчихсан, хэн нь дарга болохыг шүүчихсэн тэр дүрдээ итгэчихсэн, хууль тайлбарлах Дээд шүүхийнхээ эрх мэдэлд халдчихсан байв.

 

    Бидний зөв байсныг Дээд шүүхийн давж заалдах шатанд нотолсноор бид уг чанартаа буруу, хазгай, балмад үйлдэлд хариу өгсөн. Бид зөв байснаа шүүх байгууллагын шийдвэрээр баталгаажуулсны дараа УИХ-д суудал авч чадаагүй ч энэ итгэл манай намын цааш цаашдын өөрчлөлт, шинэчлэлийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. 

 

    ИЗНН нь хэн нэгэнд зориулагдсан, хэрэг нь болохоор гаргуунд нь гаргаад хаядаг нусны алчуур биш, төрийн бодлого боловсруулах даацтай олон түмний улс төрийн хүчин болох зорилгоо эргэн санах сануулгыг ч өгсөн болов уу.

 

 

    Өөрчлөлтийг өөрөөр авч явах бодлоготой удирдлагын шинэ баг хийж таарна. Энэ баг сая мандатаа авсан. 

 

    ESA—2016 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд  Ардчилсан намын туган дор нэгдэн орохоор болсон ИЗНН-ын дарга С.Оюуны шийдвэрийг одоо дүгнэхэд алдсан гэж бодож байна уу? Харин эсрэгээрээ Та болон танай намын хэсэг нөхөд цөөн тойрогт дангаараа өрсөлдсөн нь танай намд ямар эерэг нөлөөг авчирсан бэ? 

 

    Том алдаа шүү дээ. Улс төрийн намууд эвсэж орохыг бид үргэлж дэмждэг. Харин нам нь байсаар атал намаасаа гараад өөр намын нэрээр дэвшинэ гэдгийг эрүүл саруул хүн ойлгоход хэцүү. Улс төр ингэтлээ завхарсан байна. Тодорхой хэсэг бүлгийн эрх ашигт л нийцэж байвал эрх мэдэлтнүүд санасан бүхнээ хийдэг гажиг, дампуурал манай улс төрийн шийдвэр гаргах түвшинд нүүрлэсний тод жишээ.

 

    Манай намын тодорхой бус байдал, шүүхийн маргаанаас болоод олон улс төрч эрхээ эдлэхийн тулд өөр нам, эвслээс нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн. Тэднийг ойлгож байна. Харин намаа юу ч биш болгох хорон бодлого, бодлоготонг уучлахын аргагүй юм билээ. Өөрсдийнхөө өсгөн бойжуулсан, тэтгэж дэмжсэн гал голомт руугаа нулимсантай дүйцэхүйц үйл явдал.

 

    Шүүхэд бидний ялсан ялалт сонгуулийн маш олон тойргуудад гарсан, гарч байсан маргаануудад цэг тавих үндэс болсон. Сонгуулийн байгууллагууд нэр дэвшигчийг бүртгэж авахгүй байх, саад тотгор учруулах зэргээр олон дарамт учирч байсан нь сонгуулийн байгууллага ийм балмад үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэгт Дээд шүүхийн шийдвэр хариу өгсөн.

 

    Тэр үед намаасаа гарч өөр нам хүчнээс нэр дэвшсэн улс төрчид намдаа буцаж ирсээр байгаа. 

 

    ESA— Шинэ оны эхэн сард  ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж намын дүрмэндээ өөрчлөлт оруулахаас гадна хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Хамгийн анхаарал татсан шийдвэр нь  Иргэний Зориг Ногоон нам нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон  явдал. Улс төрийн нам гурван даргатай байх, нэг толгойтой байхын давуу болон сул талыг дүгнэвэл?

 

    2012 онд намын дүрмээ шинэчлэх үедээ нам гурван даргатай байна гэсэн өөрчлөлт оруулсан юм билээ. Барууны орнуудад хамтарсан дарга, хамтарч даргалах гэсэн ойлголт ажил хэрэг болдог ч манайд үзэл бодлын зөрүүтэй нөхцөлд гурван дарга бие биенээ нөхөн чангарах биш хүчээ улам сулруулах сөрөг нөлөөтэй гэдэг нь харагдсан. Тэр үед дүрмийн энэ өөрчлөлтийг хийхдээ бараг л гурван хүнд зориулсан гэсэн үндэслэлээс өөрийг олоход бэрх байгаа.

 

    Бид энэ байдалд цэг тавьж, дүрмээ өөрчлөн Дээд шүүхэд бүртгүүллээ. Бүртгүүлснээр бүх зүйл цэгцэрнэ гэж болохгүй. Манай баг шинэ эрч хүчээр, хүчтэй бодлогоор өөрсдийгөө харуулна. Ийм урам зоригтой ажлаа эхэлсэн.

 

    ESA—ИЗНН Үндэсний хорооны хурлаараа анхан, дунт шатны нэгжүүд, түүний удирдлагыг чамгүй өөрчилсөн гэж дуулдсан. Товчхондоо бол удирдлагын төвшинд цус сэлбэлтийг маш сайн хийсэн гэж харж байгаа. Тиймээс одоо байгаа намын удирдлага нэг зорилго, үзэл баримтлалд нэгдсэн гэж ойлгож болох уу?

 

    Намын бүх шатны өөрчлөлт одоо явагдаж байгаа. 4 сар гэхэд цэгцрэх байх. Хүчтэй, зоримог, итгэлтэй үйл хэргийг явуулахын тулд сайтар зохион байгуулалт, эмх цэгцтэй ухаалаг бодлого чухал. Зөв зохион байгуулалтгүйгээр сайн бодлого хүнд хүрдэггүй. Тиймээс бид менежментэд одоо түлхүү анхаарч байна. Юуны өмнө энэ нам нь олон түмний улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэгч байх, хүмүүсийн хүсэн хүлээж байгаа мөрөөдөлд хүрэхэд чин сэтгэл гарган ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс манай намд хулгайлах, луйвардах, хуйвалдах гэсэн балмад ойлголтууд амьдрах ёсгүй юм.

    Түмнийхээ төлөө шударга ёсыг бариад ажиллахад зам өөрөө нээгдэнэ. 
 

    ESA— Хэдийгээр С.Оюун намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан ч уг шийдвэрийг эцэслэн зөвшөөрөх эсэхийг ИЗНН-ын Үндэсний хороо бус намын Их хурал шийддэг гэж ойлгосон. Их хурал С.Оюуны саналыг хүлээж авахгүй бол ямар арга хэмжээ авах вэ? Эргээд олон даргатай болох уу?

 

    Намын дарга чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, нас барсан, өөр бусад хүндэтгэх шалтгаантай үед Их хурлаас бус Үндэсний хороогоороо хэлэлцэн шийдвэрлэхээр дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Дээд шүүх хууль, дүрмийн дагуу хийгдсэн өөрчлөлт гэж үзээд бүртгэж авлаа. 
 

    ESA— Улсын Дээд шүүх юутай ч тогтоол гаргаж Таныг намын даргаар батламжиллаа. Одоо тэгвэл танай нам ойрын үед улс төрийн ямар акц өрнүүлэх вэ? Ингэж асуусан шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлт,  УИХ-ыг эгүүлэн тараах шаардлагыг танай намын зүгээс эрчимтэйгээр өрнүүлнэ байх гэсэн таамаг байна?

 

    Намайг даргаар сонгосныг Дээд шүүх 2016 оны хавар бүртгэсэн. Одоо нэг даргатай байгаа гэсэн үг. 

 

    Үндсэн хуулиар тунхагласан “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт хэрэгжихгүй, сонгууль нь луйвар булхайтай явагддаг, эх нь булингартай бол адаг нь булингартайн адил ард түмний итгэж өгсөн эрхийг хэрэгжүүлэхдээ хувийн эрх ямбаа дээшлүүлэхэд ашигладаг болсон өнөө цагийн бодлогыг өөрчлөх хэрэгтэйг бүгд мэдэж байгаа болов уу.

 

    Бидний бодлого, тэмцэл, үйл ажиллагаа эрдэнэт монгол хүний хүсэл зоригт нийцсэн тийм тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Үндсэн хуулинд яагаад ч юм эрдэнэт мал сүргээ төрийн хамгаалалтад авна гээд биччихсэн атлаа монгол хүнээ эрдэнэт гэж үзээгүй байдгийг ойлгоход хэцүү. 

 

 

    Ард түмэн засгийн эрхээ өөрөө жинхэнэ утгаараа барих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ард түмэнтэйгээ, МАНАН-гаас бусад улс төрийн болоод олон нийтийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаас өөр гарцгүй болсон.

 

    Мордохын хазгай болгосон Үндсэн хуулийг илээд өнгөрөх биш түмний хүсэлд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх нь амин чухал зорилт болсон. Ийм том зорилт тавигдаж байхад УИХ-ын хэдэн гишүүнийг суудлаас нь ховхлох нь тийм ч хэцүү биш байх аа. Ард түмэн мандат өгсөн бол буцаагаад авч чадна шүү дээ.
 

 

    ESA—Улс төрийн гуравдагч хүчний орон зай сул хэвээр байна.  Энэ орон зайг эзлэхийн тулд  ирэх 2020 оны сонгуульд ИЗНН дангаараа оролцох уу эсвэл урьдын адил аль нэг улс төрийн хүчинтэй эвсэл болж орох уу? Энэ талаархи урьдчилсан чиглэл бий юу? 

 

    Гуравдагч хүчний орон зай гэхээсээ Монгол хүний төлөө шинэ бодлого, зөв зарчим дээр суурилсан улс төрийн чадварлаг хүчин өнөөдөр хэрэгтэй байна. Улс төрд өөрсдийгөө 1, 2 дугаар зэрэглэлийнх гэж цол хэргэм өгсөн намууд МАНАН болж улс орноо юу болгож тавьсныг харсаар байна. Тэднийг өнөөдөр хөөргөх орон зай хурдтай алга болж байгааг л мэдэрч байна.

 

    Бид ямар нэгэн орон зайн төлөө тэмцэх бус зөв сэтгэлээр, зөв бодлогоор, шударга зүтгэлээр Засгийн эрхийг ард түмэнд буцаан олгож чадвал болох нь тэр. 

 

    Монгол орны иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж, айх аюулгүй, боолын хөдөлмөр эрхлэхгүй, эх орондоо эзэн хүний ёсоор ажиллаж амьдрах цаг удахгүй болов уу. Энэ цагийг наашлуулахад ард түмний засаг бий болох ёстой юм. Түүнээс бус олигархийн, МАНАН-гийн эрх ашгийг хамгаалдаг засгийг цаашид удаан байлгах тусам тэд улс орны өрмийг хамсаар, ард түмэн хусам төдийхөн хүртсээр байх болно. 

 


 

 

    ESA—Таныг ойрын үед Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 орчим жилийн түүхийг хамруулсан дурьтгал, нийтлэлийн ном бичиж байна гэж дуулсан. Номынхоо тухай яриач?

 

    Өнгөрсөн жил ураг, удмынхаа талаар хоёр боть ном бичсэн. Аав ээж талаасаа 7 үе хүртлээ ургийн бичгүүдээ олны хүчээр гаргалаа. 

 

    1990-92 оны нэгэн түүхэн үйл явдал болох ардын аж ахуйтны хөдөлгөөн хэрхэн өрнөсөн талаар түүхэн ном бичээд дууссан. Тэгж байгаад хэвлүүлэх ажил руу орох байх. Энэ номыг бичих явцад тэр үеийн Улсын Бага хурал, Ардын Их хурлын хуралдааны тэмдэглэл, Үндсэн хууль хэлэлцэх явц, депутатуудын үзэл, ойлголт ямар байсныг сэргээн санаж, яамрхуу орчинд батлагдсан Үндсэн хууль өнөөдөр юунд хүргэснийг ойлгоход том сургууль болсныг хэлмээр байна. Тэр үеийн 2 шатлал бүхий парламентын талаар номондоо тодорхой баримттай оруулсан.
 

 

Ц. Ганхуягийн товч намтар

 

Төгссөн сургууль, 

 

Боловсрол    1989 – ЗХУ, Эрхүүгийн УБИС, физикийн багш

1996 – ХБНГУ, Гадаад худалдааны академи

Боловсролын магистр

 

Ажилласан байдал    

 

1991 МоАХ-ны Тэргүүлэгчдийн Танхимын гишүүн

1991-1996 Монголын Ардын аж ахуйтны холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч

1996-2000 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2000-2009 Иргэний Зориг Намын Дэд дарга

2004-2006 ХХАА-н Дэд сайд

2007-2008 ХХАА-н сайд

2009-2013 Болгар, Грек, Румын, Кипр, Албани, Македони улсуудад суух  Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

2014 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын зөвлөх

2015 оноос Иргэний Зориг Ногоон Намын дарга

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

Зочин /43.242.243.96/

2018-03-08 11:29

изн vv махн уу мунн уу хамаа алга ямарч байсан энэ 2020оны сонгуулиар мананг л гудманд гаргаж лааз ешиглvvлэх [хориотой үг]шгvй [хориотой үг]рдлгтай байна.яахв энэ изн ингээд учраа олоод олон жилийн туршлагтаа тулгуурлж хvчтэй гараад ирвэл сайнл байна. оюун гэдэгн баярцогт сайхнбилэг эрдэнэ нараас ялгарах баагы оогт бишдгээ.

Хариулах 0 0
Зочин /59.153.112.150/

2018-03-08 10:28

ИЗН/ЯМАР НАМ БАЙХАВДЭЭ ОЮУНЫ НЭРЭЭР ЧИ ОЛОН ЖИЛ АЖИЛТАЙ ЯВЛАА...

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.