“ӨМХИЙ ХЯТАД” гэж орилохоосоо өмнө...

2018-03-09 14:27
Доктор Энзе Хан “Монголчууд болон хан үндэст хүмүүсийг ялгахад бэрх болсон нь асуудлыг илүү хялбарчилж өгч байгаа юм”


    Бүх Хятадын Ард Түмний Их Хурал өнөөдөр /2018.03.09/ өндөрлөж байна. Хуралд оролцохоор Бээжинд хүрэлцэн ирсэн Өвөр Монголын төлөөлөгчдийг тус улсын дарга Ши Жин Пин хүлээн авч уулзсан тухай мэдээллийн гэрэл зураг олон зүйлийг өгүүлнэ. 

 

    Өвөр Монголын төлөөлөгчид уулзалтын үеэр Халх хэв маягийн хувцас өмссөн нь тэрүүхэндээ “Бид бол тусгаар Монголын хэлтэрхий” гэж хашгирах нэг хэлбэр мэт. 

 

    Дэлхийн их гүрэнтэй бид өнгөрсөн түүхээ өндийлгөж ирээд ноцолдоод ч барахгүй хэмжээнд байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, бодит байдалдаа анхаарлаа хандуулахыг хичээн цөөн харьцуулалт хийлээ.

 

ХӨГЖЛИЙГ ХАРАХ ХОЁР ӨӨР ӨНЦӨГ

 

    БНХАУ хөгжлийн хэтийн зорилгоо арван жилээр цаашлаад тавин жилээр харж “Хятадын хэв маяг бүхий социализм” гэгчид хүрэх алхам бүрээ нэгэнт тоочоод дэлгэчихлээ. Дэлхийд тэргүүлэгч орон байгаад зогсохгүй бусад буурай оронд хөгжлийн чиг хандлагаа тогтооход нь тусална гэдгээ ч мэдэгдсэн.  Хятадын алдарт “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн санхүүжилт одоогоор 100 тэрбум ам.доллар даваад байна. Тус улс зөөлөн бодлогодоо наад зах нь арван тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ гэдгээ ч ил цагаан зарласан. Хөгжингүй Хятад орон бий болоход тус улсын дарга жорлонгийн асуудлаа ч орхигдуулаагүй нь бидний өмнө ямархан “хашир луу цагираглан дэлхийг ороохоор завдаж буй”-г харуулна.

 

    Харин бид сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр амьдарч, тэр хугацааны хийсэн хийгээгүйн хэрүүлийн мэдээллийг цахим ертөнцөөр цадтал хуваалцаж, төдөлгүй тэр нь хүртэл арчигдан дараагийн дөрвөн жилийн засаглал гэх бялууны дайн эхлэх давтамждаа нэгэнт дасчээ. Их савны ёроол гэсэндээ тэссээр л байна. Их сав гэдгээ оффшор данснуудын мэдээллээс харахад л хангалттай.

 

    Харин Хятадад авилгалтай хэрхэн хатуу тэмцсэнийг бид үзэж сонсож байна. Төрийн бодлого цэгцтэй явагдвал хэрхэн хурдацтай манлайлагч болохыг манжийн эзэнт гүрний үед цөөнх байсан хан үндэстний энэ дүр зургаас харж болох.

 

ХҮЧИН МӨХӨСТӨЖ БУЙ ӨВӨРЛӨГЧИД

 

    Хан үндэстэнтэй гэрлэж буй монголчуудын тоо сүүлийн арван жил эрс нэмэгдсэн нь уусгах бодлогын хэрэгжилтийг илтгэх хамгийн хүчтэй нотолгоо юм. Өвөр Монгол дээр туршсан аргаа Төвд, Шинжаан зэрэг үндэстнүүд дээр хэрэгжүүлж байгаа гэдгийг барууны ажиглагчид ч итгэлтэй дүгнэн бичиж байна. Тухайлбал Лондонгийн Ази, Африк судлалын сургуулийн доктор Энзе Хан “Монголчууд болон хан үндэст хүмүүсийг ялгахад бэрх болсон нь асуудлыг илүү хялбарчилж өгч байгаа юм” хэмээн Өвөр Монголчуудын талаарх өгүүлэлдээ дурьджээ. 

 

 

    Өвөрлөгчдийн хувьд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тусгаар Монголын иргэдийнхээс гурав дахин өндөр. Хятад дахь олон өөр үндэстнүүдэд Бээжингээс тус тусын онцлогт тохирсон бодлогыг авч хэрэгжүүлдэг. Монголчуудын хувьд эдийн засгийн бэлэнчлэх сэтгэлгээ өвөр монголчуудын хувьд ч бас сайхан арга хэрэгсэл болсон гэдэг нь харагдана. Тэд нөхөн олговороор орлогоо нэмэгдүүлэх гэдэг өнгөц ашиг сонирхлын үүднээс төв бараадан хан үндэстнүүдийн атганд өөрсдөө орсон гэж үздэг. 

 

    Өвөр Монголчууд эзэн Богд Чингис хааны угсаа гэж омогшиж сагадаг байдлыг нь хятадууд мэдрэмжтэйгээр саармагжуулсан. Чингис хааны онгоныг дэргэд нь “байлган” гоёмсог цогцолбор барьж, эзэн хааныхаа талаар кино бүтээх боломжийг нь ч олгож, оновчтой газар нь “уяа сулруулах” бодлого явуулсан нь ажиглагддаг.

 

    Хятадууд зах хязгаар бүс нутгуудынхаа бүрэн бүтэн байдлыг хангах тал дээр онцгойлон анхаарахдаа сэжигтэй тохиолдол бүрийг нягтлан шалгаж, эцэслэн дарж авч байж санаа амардаг зантай. Асуудлыг гартаа авахын тулд хязгаар мужууд руу шилжиж буй иргэддээ онцгой урамшуулал олгодог болсноор жил бүр сая сая хан үндэстнүүд цөөнхийг улам бүр уусгах болов. 

 

    Монголд энэ эсэргээр. Төвлөрлийг сааруулах гэдэг үг яг л “наран дээр шөнө бууна” гэдэг шиг сонсогддог болсон. Дуртайдаа утаагаар амьсгалсан гэж бараг загнуулах шахам шамбааралдан байгаа, хятадын хязгаар мужийн ганц хотын хүн амын хэмжээний иргэд бид өөрсөддөө дарлуулсаар...

 

     Өрөвдөж, дорд үзэж байгаа улс үндэстнүүдийнхээ хувьд бид л жинхэнэ өрөвдөлтэй гарууд байх нь олонтаа.

 

    Хятадын төвлөрсөн бодлогын дагуу Өвөр Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд хятад эзэнтэй байж, голчлон хятад хүмүүс ажиллуулдаг. Олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлтээр тус бүс нутгийн хөрсний усны түвшин 100 мертээр доошилжээ. Ус бэлчээр хоёрт хайр найргүй хандсаны уршиг 2011 онд цуст мөргөлдөөн гаргах шахсан түүхтэй. Гол горхийг орвонгоор нь эргүүлснийг эсэргүүцсэн малчин машиныг нь хааж хэвтэхэд хан үндэстэн жолооч түүнийг зэрлэгээр дайрч хөнөөсөн явдал өвөр монголчууд төдийгүй бидний цөсийг хөөргөж орхисон. Харин Хятадын шүүх балмад жолоочид цаазын ял оноож асуудлыг намжаасан боловч энэ явдал Бээжингээс хяналтыг чангатгах нэрийдлээр Өвөр Монголд олон тооны цэрэг оруулах сайхан шалтаг болсон юм. 

 

    Өвөр Монголын нутаг дэвсгэрт цөлжилтийг бууруулах зорилгоор мод тарих хөдөлгөөн өрнүүлэх, эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайг хөгжүүлэх, зах хязгаар нутгийн иргэдийн амьдралын түвшнийг дээшлүүлэх зэрэг сайхан нэртэй зорилтуудын дор нүүдэлчний уламжлалаар амьдрах боломж нүд ирмэх зуур хумигдсан. Өвөр Монголд суурин газар бараадсан айл өрхийг эдийн засгийн хөшүүргээр дэмжинэ хэмээн амлаж мал хуйг нь үгүй хийсний дараа нэгэн суурин газрын буйдхан дүүргийн хуаран маягийн орон сууцанд нааш ч үгүй цааш ч үгүй болгож орхидог. Учир нь цөөнх үндэстнүүд төв газар бараадсан хойноо боловсролгүй гэх шалтгаанаар хан үндэстний эрхшээлд бүрэн шилждэг байна.

 

    Тусгаар Монгол оронд малчид нь зуд болохоор өвс нэхнэ, ган болоход отроо булаалдана. Хэдэн төсөл бэлчээрийн даацыг нь аль болох уламжлалыг нь хөндөлгүй зохицуулахаар хичээвч ад болдог зэрэг хачин чигтэй дүр зургийг харж болно. Биднийг бодсонгүй гэх малчид нь хэдэн жуулчин дагуулаад очихоор мотоциклээр хонио хурааж онигоо болгоно...

 

    Малчин бүр дотоод гадаад мэдээллийг чинээнд нь тултал авах бүрэн боломж бүрдсэн энэ цаг үед тэд өөрсдийн төлөө шийдвэр гаргуулах бүрэн боломж бий. Учир нь нэг малчин айлын мэдэлд суурин газрын цөөнгүй ходоод бий. Ямар сайндаа бэлчээрт таарсан нэгэн “Хэний хонь вэ?” гэж асуусан хүнд “Энэ бэлчиж яваа чинь төлбөр нь. Мал нь хотод сурч байгаа” гэдэг үг гарах вэ дээ. 

 

    Өвөр монголчуудын элгийг дэвтээж чадах бидний ганц зүйл бол бор зүрхээрээ хөгжиж ирсэн манай улсын урлаг соёл. Хятадын төвлөрсөн бодлогын дагуу цөөнх үндэстнүүдийн соёл урлагийг жуулчдыг хуурах өнгөц үзүүлбэрийн хэмжээнд барьж, төв хятадын соёл уламжлалтай эрлийзжисэн шинэ хувилбар болгон хувиргасан. Үүнийг барууны хэвлэлд “Гял цал хувцас, чимэглэлээр гоёж, дуулж хуурдан бүжиглэх нь тэдний хувьд үнэ цэнэтэй соёл байх ёстой атал жуулчдын нүд хужирлах төдий шог зураг, үзмэр мэт харагдах болжээ” гэж дүгнэх болов.

 

ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭГҮЙДЭЛ

 

    Гадны улс орнуудын бодлого бидний шуудайд хийсэн үхрийн эвэр шиг мөн чанарт нөлөөлөн хөгжлөөс хойш татсан тал байж болох ч эцсийн дүндээ шийдвэр гаргах боломж өнөөдөр ч өөрсдийн маань гарт бий гэдгийг хэзээ ч мартаж үл болно. Энэ бол тусгаар тогтнолын гол үнэ цэнэ. Мөхөх сэхэх боломжоо өөрсдөө атгаж буй улсыг тусгаар тогтносон гэдэг гэж ойлгодог. 

 

    Сүүлийн арваад жилийн турш Өвөр Монголд салан тусгаарлах хөдөлгөөн байхгүй, харьцангуй нам гүм болж ирсэн гэж болохоор боловч барууны, тухайлбал “Independent”-ийн нийтлэлд “Хятадын бодлогын үрээр Өвөр Монголд байгаль орчин, соёлын гэх хоёр талт сүйрэл нэгэнт нүүрлэчихлээ” хэмээн дүгнэжээ. Хятадад салан тусгаарлах, хагалган бутаргах хөдөлгөөн гарахаас сэргийлэх үүднээс үндэсний цөөнхүүдийг /хан үндэстнээс бусад/ хатуу, зөөлөн бодлогыг хослуулан хэрэгжүүлсээр ирснийг дэлхий нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

 

    Социалист бодлогыг баримтлагч Хятад дахь үндэсний цөөнх болсон Өвөр Монголчуудын дунд соёл уламжлалынхаа төлөө амиа золихоос буцахгүй хүмүүс өнөө хэр нь цөөнгүй бий. Тэд тааваараа аж төрөх, зан заншил, амьдралын хэв маягаа амиараа төлөөд ч хамаагүй авч үлдэхэд бэлэн . Харин бид уут гурил, таваг хоолны мөнгөөр дөрвөн жил тутам юугаа зольж орхидог тухай бодоход хулхи буух мэт. Ард түмний энэ үнэгүйдэл цаад утгаараа бидний тусгаар тогтнол энэ хэмжээнд хямдхан байгааг илтгэнэ. 

 

    Үүний цаана Хятад, Америк, Орос хэний ч бодлого явагдсан байж болох авч Монгол хүн шийдвэр гаргах боломжийг атгаж байгаа тохиолдолд бурууг бусдад тохох нь ичгэвтэр хэрэг юм.

 

    Хятад гэдэг үг орсон бүх хэлбэрийн нийтлэлийн доор бид хорвоо дээр байж болох бүх бүдүүлэг хараалыг урсгахаасаа өмнө Монгол хүн бүр ядаж л өөртөө эзэн байх цаг болсныг ухаармаар. Ядаж  л гудамж талбайдаа алхаж явахдаа монгол гэдгээ мэдрэх хэмжээнд хаягжилт хийчихээд бусдыг өмхийгээр нь дуудая.

 

    Алмай залхуу, хэнэггүй хойргоосоо болж хэдхэн ханаж цаддаггүй нөхдөд дарлуулж, өнөө маргаашийн амьдралаа залгуулж буй бидний нийгэм рүү өвөрлөгчид тэмүүлж байна. Тэдний нүдээр тусгаар Монголын иргэд өөрт байгаа боломжуудаа харж, өглөө бүр санан сэрж өөдөө дэвших болтугай.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.