Хайртай хүнийхээ гараас атгаад “LOVE STORY”-г үз. Гээж явснаа олж мэднэ

2018-03-09 15:40

   “Түүний минь инээмсэглэл хэчнээн сайхан гээч. Даанч амьдрал бидэн рүү тэр болгон ИНЭЭМСЭГЛЭХГҮЙ юм даа”

 /“Love story” кино/

 

... Хэрвээ амьдрал дандаа инээмсэглэдэг бол хүмүүс  яах бол. Бүгд аз жаргалтай төрөөд, амьдраад, үхэх болов уу. Эсхүл өдөж хоргоож байгаад энэ амьдралыг “ярвайлгаж” орхих болов уу. Гэтэл инээмсэглэх ямар ч зардалгүй атлаа бусдад ямар ихийг өгдөг билээ. Үүнийг өгснөөр ядуурахгүй бол авсан нь баяждаг. Инээмсэглэхэд ердөө ганц л хором хэрэгтэй атлаа дурсамж нь үүрд үлддэг. Инээмсэглэх шаардлагагүй баян хүн гэж байхгүй, бас инээмсэглэх чадалгүй ядуу хүн ч гэж байхгүй. Инээмсэглэлийг гуйж, зээлдэж, худалдаж авч, бас хулгайлж болохгүй. Бусдад бэлэглээгүй инээмсэглэл ямар ч үнэгүй байдаг гээд хаа нэгтээ уншиж байсан мөртүүд санаанд орох чинь.   

   

IMAX-ийн VIP танхим.  “Love story” киноны хүндэтгэлийн хүлээн авалт болж байна.

 

 


... “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Манлайбаатар  саарал үсээ толийтол гельдээд тун ч албаны төрхтэй харагдана. Тэгээд “Амралтын өдрийн мэндийг хүргэе.  Бүгдээрээ энэ сайхан өдөр IMAX-ийн VIP танхимдаа цуглаж, нэгэн шинэ уран бүтээлийг өлгийдөн авах анхны үзэгчид болж байна. “Гэрэлт медиа” группийн хоёр дахь бүтээл “Love story” киноны уран бүтээлчдэд баяр хүргэе. Санаа нийлсэн эдгээр залуус уг киногоо гуравдугаар сарын 13-наас IPTV-гээр гарахаар төлөвлөжээ. Гэхдээ ингээд орхисонгүй. Албан ёсоор нээлт хийж, кино үзлэг явуулж байгаа нь уран бүтээлчдийн хариуцлагыг илтгэж байна гэж бодож байна” гэж хөтлөгчийн үгийг өөрийнхөөрөө “хачирлав”.

     Цааш нь тайзнаа кино зохиолч С.Баярсайхан, киноны ерөнхий найруулагч Б.Баярсайхан, ассент найруулагч Т.Пүрэвжаргал гол дүрийн жүжигчин М.Дорждэрэм /продюссер/, Н.Цэнд-Аюуш /продюссер/, У.Намуунтуяа, Г.Тулга, 4 настай бяцхан жүжигчин Б. Саран-Үжин, ерөнхий зураглаач С.Баяртогтох, нүүр хувиргагч Д.Чогжоомүнсэл, дууны найруулагч П.Сүхдамба, туслах дүрийн жүжигчин Э.Ууганбаяр нарыг тайзнаа урилаа.

 

 

 

 

 


ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН  


        Киноны ерөнхий продюссер М.Дорждэрэм: Дуучин Сейко манай “Эвент мастерс” компанид хандаж, шинэ дууны захиалга өгсөн юм. Улмаар дууныхаа клипийг нь хийхээр болж, ангийн анд найруулагч Б.Баярсайхандаа хандлаа. Тэгсэн өнөөх маань клип биш сайхан  хайрын тухай өгүүлэх богино хэмжээний дэлгэцийн бүтээл хийж болох юм гэж санал тавих нь тэр. Эндээс “Хязгааргүй” кинон дээр хамтран ажилласан /2014 онд “Nyamgavaa film“, “Гэрэлт медиа” групп, “Логик фильм” продакшны  хамтын бүтээл "Хязгааргүй" уран сайхны кино гарсан юм. Уг киноны зохиолыг С.Баярсайхан бичсэн юм/ найруулагч, зохиолч Соёлтын Баярсайхандаа хандаж, зохиолоо захиалан бичүүлсэн тухайгаа ярилаа. Ийнхүү дуунаас клип, клипээс кино зохиол, түүнээс кино болсон түүхтэй аж. Харин найруулагч эрхмийн хувьд олон юм ярьсангүй. Зүгээр л гэртээ суугаад ханьтайгаа, хайртай хүнтэйгээ  гар гараасаа атгалцаж үзээд нэгийг бодох биз ээ л гэсэн юм.

 

 


      Хүндэтгэлийн нээлтийн арга хэмжээнд Хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнгийн 1998-2002 оны төгсөгчид, тэднээс бүрдсэн “Гэрэлт медиа” группийн уран бүтээлчид, ангийн багш МУГЖ М.Алтанцэцэг /Ааяа/  нарын зочид ирсэн юм.  Жүжигчин Ааяа: "Хүүхдүүдийн маань шинэ уран бүтээлийн урилгыг авч ирсэн та бүхэнд баярлалаа. Ямар ч эх хүн үр хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг  нь дөрөөнд хүргээд түр амсхийдэг. Түүн шиг багш хүн ч шавь нар нь бие дааж уран бүтээл хийгээд амжилттай явахад ахин амсхийдэг юм байна. Тэр нас нь надад иржээ. Ямартаа ч шинэ уран бүтээл төрөх тоолонд чин сэтгэлээсээ баярладаг. Тэгвэл ийм өдрүүд ойрхон, ойрхон байгаад бүүр их баяртай байна. Миний хүүхдүүд чинь их сэтгэл сайтай улс байгаа юм. Уран бүтээлч хүн сэтгэл сайтай байна гэдэг хамгийн гол үнэт чанар билээ” гэв.

 


ХАЙРЛАЖ БАЙГАА ЦАГТ ҮЛ ОЙЛГОЛЦОХ МЯНГАН ШАЛТГААН БИЙ
/“Love story” кино/

 

...Танхимд кино механик Цогоо ажиллаж байна. Кино эхэллээ.

 

 

Дэлгэцэнд утас дуугарах бөгөөд титр урсана.


... Хөнгөн ая эгшиглэх бөгөөд 40 орчим насны зураач эр нэг ширхэг хадаасыг зуслангийн байшингийнхаа цонхонд хадна. /хүүхэд байхад лагериас нүүхдээ байшингийнхаа цонхыг ингэж битүүлж хаддаг байсан нь санаанд орлоо. / Тэгээд машинаа асаан замдаа гарлаа...


... Харин нөгөө талд залуу гэр бүл /20 дөнгөж л гарч яваа болов уу/ маргалдана. Нөхөр нь “Тайван байж чадахгүй байна. Чи надад хайртай гэж хэлсэн биз дээ. Энэ алчуурыг өгөхдөө чи надад хайртай гэж хэлсэн. /эхнэрийнхээ нүүр рүү алчуур шидлээ/ Би ингэж амьдарч чадахгүй...” хэмээн хашгична. Эндээс нэг их удалгүй түрүүн машинтай замдаа гарсан гарсан эрхэм зам даган алхах бүсгүйтэй таарлаа. Гэгээ тасраад ганцаар яваа нэгэнд бол жихүүцэс төрмөөр болчихож. Хурдаа жаахан сааж, “Хаа хүрэх гэж яваа хүүхэд вэ”  гэвэл “Зүгээр ээ, ах аа. Та яв яв” гээд алхана. Хэлснээр нь орхиод хэсэг явснаа ухарч ирээд “Миний дүү суучих. Ах нь дөхүүлээд өгье” гэв. Энэ удаад бүсгүй юу ч хэлсэнгүй арын суудалд чимээгүй суулаа.  Нүднийх нь аяганд нулимс багтаж ядан арайхийн тогтох нь үнэхээр их гомдсоных биз ээ. “Гэр хаана вэ? ахын дүү. Хаа хүрч явна” гэвэл хариулт сонссонгүй. Үргэлжлүүлэн “Ийм орой яасан нимгэхэн явах юм бэ дээ. Даарахгүй байна уу” гэхэд  санаа зовсон уу бүсгүй “Харин жоохон оройтчихлоо” хэмээн сая нэг ам нээв. Гэхдээ цааш үргэлжлүүлсэнгүй. Жирэлзэн өнгөрөх замаар бодолд автан  гуниглана. Тэгсэнээ тэсвэр алдав уу өнөө багтаж ядан нулимсаа зүгээр л сул асгаж орхилоо...  


...Зураач эр бүсгүйг урландаа авчраад “Өнөөдөртөө эндээ хоночихгүй юу даа. Ах нь жижүүртээ хэлчихье. Учир нь олдоно биз” гэж тайвшруулаад гарлаа. Үлдсэн бүсгүй урланд зөөлөн, зөөлөн алхална. Бас өрөөний ханаар дүүрэн инээмсэглэх гоо бүсгүйн зургийг ихэд анхааралтай ширтэнэ...

    Зураачийг маргааш өглөө ирэхэд бүсгүй толин дээр уруулын будгаар “Төвөг удчихлаа, уучлаарай” хэмээн зурвас үлдээжээ.  Гэрээсээ өглөөний цай аваад гарсан эр зурвасыг уншиж зогстол бүсгүй ороод ирлээ. Баярласнаа хэлэхгүй явчих муухай юм болов уу гэж бодоод хэмээн ичингүйрэх атлаа гэрэвшсэн маягтай хэлэв... Тэд хамтдаа цайллаа.


      Дараа нь “Энэ таны эхнэр үү” гэвэл “Тийм ээ, би түүндээ хязгааргүй их хайртай. Түүний минь инээмсэглэл хэчнээн сайхан гээч. Даанч амьдрал тэр болгон бидэн рүү ИНЭЭМСЭГЛЭХГҮЙ юм даа” гэж цаанаа л гунигтай хэллээ. Ядаж байхад өглөө эхнэр нь түүний бэлдэж өгсөн цайг ч уулгүй гоёж яваад эртлэн гарсан. Тэгээд бэлдсэн цай, талхаа аваад гарсан нь энэ байлаа...

 

Кино ингээд цааш үргэлжилнэ.  

 

...Хүмүүс хайртай хүнийхээ амьдралаар амьдарч, зовлон шаналлыг нь илүүтэйгээр мэдэрч, юунд баярладаг, юунд догдолдгийг нь бас юунд гунигладагийг нь анзаардаг бил үү...

 

 

 АЛГА ТАШИЛТ


... Кино дууслаа. Танхимд суусан үзэгчид алга ташиж уран бүтээлчдэд баяр хүргэнэ. Харин киноны уран бүтээлчид сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

 


Жүжигчин М.Дорждэрэм: Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрээд мөрөө хавчиж суусаар байгаад таарлаа. Үнэхээр аймаар байлаа. Киноны анхны үзлэг гэдэг хүн төрөхтэй адил сайхан мэдрэмжийг авчирдаг.  Бидний өмнөх бүтээл  “Хязгааргүй” кино бол жанарын хувьд хүнд. Хүн нэг үзээд ойлгохооргүй. Тэгвэл энэ удаад үзэгчийг айхтар зовооё гэж бодсонгүй. Гэхдээ бас бэлэн юм халбагадаж өгөхгүй. Хүн бодох хэрэгтэй. Шаналах хэрэгтэй. Хамтдаа киноны үйл явдалд оролцоод “Хэрвээ би байсан бол” гэдэг асуултыг өөртөө тавьж, хариултыг нь олох хэрэгтэй юм. Тэр бол биднээс илгээж байгаа хамгийн том мессэж. Тэрнээс энэ киноноос их юм ойлгоод байх хэрэг байхгүй. Инээдэм хайгаад ч хэрэггүй. Зодоон цохион ч гарахгүй. Ерөөсөө л хүн өөрийн дотроос төрөх сэрэл мэдрэмжийг олж аваасай гэж бодож байна. Гэхдээ эцсийн дүнг үзэгчид л тавьдаг хойно  олон юм яриад яах вэ. Ямартаа ч өнөөдрийн зритель дэх үзэгчдийг харж байхад кинон дундуур нэг ч хүн босож явсангүй, дундуур нь утсаар ярьсангүй, бас залхсангүй. Кино бол маш удаан мантаж, удаан тавилттай, тэвчээргүй хүн бол босоод гараад явчихмаар  арт талдаа мелодрам байгаа юм. Тэгэхэд хүмүүс баригдаад сууна гэхээр бидний зорилгыг нэгээхэн хэсэг ч биелж гэж урам авлаа.

 


         - Хэдэн жилийн өмнө “Хязгааргүй” киногоор мартагдсан үзлэгийг ахин сэргээсэн. Энэ удаад ч “Хайрын түүх” үзлэгээ хийлээ. “Гэрэлт медиа”-гийнхны уламжлал болох нь ээ?


        - Тийм ээ, бид 2014 онд Монгол кинонд тасраад байсан уламжлалыг сэргээж, “Хязгааргүй” киногоороо үзлэгийн давалгааг дахин эхлүүлж байлаа. Одоо ч өөр өөрийн хэмжээнд уран бүтээлчид кино үзлэгээ хийдэг. Ингэж өөрсдийн хөзрөө дэлгэж тавиад, үзэгчид, уран бүтээлчдийн шүүмж, магтаалыг сонсоно гэдэг  сайхан л даа. Мэдээж энэ бол маш их зориг шаарддаг. Тэдний хэлсэн нэг үг урам хугалах эсхүл дараагийн уран бүтээлийг хийх эрч хүчийг хайрладаг.


         - Хүний хүсэл хязгааргүй юм аа. Энэ амьдралаас их  олон юмыг хүсэх юм аа?  


        - Хүн  хэзээ ч амьдралдаа сэтгэл ханадаггүй. Хайр дээр жишээлэхэд хайрлуулаад байгаагаа мэддэггүй. Өөрөө бусдыг хэр хэмжээгээр хайрлаж байгаагаа ч мэддэггүй. Тэгсэн хэрнээ дандаа авахыг боддог. Хүнээс хайр нэхээд л байна уу гэхээс би юу билээ гэж боддог бил үү. Кинон дээр ч хүний хүсэл хязгааргүй байгаа биз. Эд хөрөнгө, нэр төр, байр суурь 40 настай хосод байна. Гэхдээ хүүхэд алга. Харин нөгөө талд  хайр сэтгэлээрээ нийлж, хүүхэдтэй болсон хосод өнөө хосод байгаа бүхэн алга. Үнэндээ энэ амьдралд 100 хувь юм байдаггүй шүү дээ. Амьдарч байгаа л бол ямар нэгэн юмаар дутна. Харин тэр дутаж байгаагаа олж хараад, засаж залруулахыг хичээх хэрэгтэй. Өнөөдөр хосууд хэн нэгнээсээ байхгүй юмыг нь шаардаад яах юм бэ. Байр,  машин, булган шуба, мөнгө гээд. Түрийвчтэй нь биш сэтгэлтэй нь ханилах хэрэгтэй. Ерөөсөө болзолгүй хайр гэдэг чинь гоё шүү дээ. Манай киноны тесктүүдээс анзаарагдсан байх. Үнэхээр хайртай бол ямар ч шалтгаан хэрэггүй. Зүгээр л хайрла. Тултал нь хайрлачихсан байхад дараа нь хэзээ ч харамсахгүй. Тэгэхгүй амьдралын шуурганд бүдэрчихээд салсан хойноо амаа бариад хэрэггүй л байхгүй юу.


      - Танырхаар хайр гэж юу вэ?


       - Хүн болгон өөр өөрийнхөөрөө томъёолох байх л даа. Минийхээр хайр бол мэдрэмж.


       - Амьдралд бусдад сэтгэл алдрах үе олон таардаг болов уу?


       - Байна. Бид амьдарч байна. Өөр эсрэг хүйстэн байна. Мэдээж анхаарал татаж, сэтгэл сарнина. Тэр битгий хэл асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Харин тэр үед өөрийнхөө мөн чанарыг авч үлдэх хэрэгтэй. Өөрийн үнэ цэнэтэй байр сууриндаа бат зогссон цагт алдаа бага гарах байх аа.


      - Хайр. Энэ бол байдаг л сэдэв. Гэсэн атлаа өдөр ирэх тусам хүмүүс цоо шинэ мэтээр хүлээж авах болжээ?


      - Кино урлаг бол тэр алдагдаад байгаа мэдрэмжийг нь өгдөг, эргэн сануулдаг юм. Өнөөдөр хайрын үнэ цэнэ алдагдаад байгаа учраас “Солиот эх”, “Маш нууц” гоё байна гээд яриад байна. Тэрийгээ алхам алхмаар гээгээд байгаа бид мэдэхгүй байна. Тийм учраас л байхгүй юм руугаа тэмүүлдэг. Байхгүй юмаа сонсохыг хүсдэг, үзэхийг хичээдэг. Тэндээс өөрийгөө олж авдаг. Амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл  чинь хайр л байдаг шүү дээ.

 

 

УГ НЬ МИНИЙ БОДОЛ АРАЙ ӨӨР БАЙСАН

 


Зохиолч, найруулагч С.Баярсайхан: Үүнээс өмнө “Гэрэлт медиа“ группийнхэнтэй “Хязгааргүй” кинон дээр хамтран ажиллаж байлаа. Энэ бидний хоёр дахь хамтын бүтээл болж байгаа юм. Би голлон драмын болон кино зохиол бичдэг учраас үгийн драматург, характер дээр их ажилладаг хүн. Өөрөөр хэлбэл үгийг их шигшдэг. Тиймдээ ч цөөн үгээр хүчтэй ритмтэйгээр зрительд бодуулах хугацаа өгөхгүйгээр хийхийг илүүд үздэг. Киноны продюссэр М.Дорждэрэмийг санал хэлэхэд гурван санаа гаргаж, хүнд, хөнгөн хоёр драматургаар зохиолоо бичиж өгсөн. Харин уран бүтээлчид хүндийг нь сонгожээ. Миний зохиолд өнөөдрийн нийгэмд түгээмэл үзэгдэх болсон насны зөрүүтэй хосуудын тухай гардаг. Би өөрөө ч олон насаар дүү эхнэртэй хүн. Тэр утгаараа ийм гэр бүлийн амьдралыг илүү мэдэрч яваа юм. Гэхдээ  уран бүтээл тэр дундаа кино гэдэг хоёр баганат ажил шүү дээ. Зохиолчийн бодож байгааг найруулагч бас нэг өөр өнцгөөс харж болно. Энэ удаад найруулагчийн ойлгосноор гарчээ. Уг нь миний бодол арай өөр байсан юм. Баяраа маань аядуу зөөлөн хүн учраас мантаж нь ч аядуу зөөлөн болсон байна. Гэхдээ аливааг шүүмжлэх амархан. Хийж бүтээх хэцүү болохоор олон юм яримааргүй байна.  Өгүүллэг 5000-7000 үгтэй байхад стандарт гэдэгчлэн 45 минутаас дээш болсон энэ киног бүрэн хэмжээний кино болж гэж би үзэж байна.

 

 

Харин эргэн тойронд. Үзэгч бүсгүйчүүд: “Аюуш ийм сайн нөхөртэй байж яаж өөр хүнтэй явдаг байна аа... л гэж бодлоо” гэвэл жүжигчин бүсгүй яг тэгж бодуулахыг хүссэн гэв. Нөгөө талд найруулагч Б.Баярсайханд мэргэжил нэгт нөхөд нь баяр хүргээд “Төгсгөлийн хэсэг арай л урт байна уу. Жаахан танасан бол” гэж зөвлөнө. Харин М.Дорждэрэмд сайхан бүтээл болсныг дуулгаад, магтаалыг үгсийг  үнсэлтийн хамтаар илгээнэ. Иймэрхүү янзаар дор бүрнээ ам уралдан зөвхөн  "LOVE STORY"- гоор амьсгалжээ.


Харин бид найруулагч Б.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

 

 

КИНО УРЛАГТ ӨӨРСДИЙН ӨНГӨӨР ДУУГАРЧ ҮЗЬЕ ГЭЖ БОДСОН

 

 

Найруулагч Б.Баярсайхан: Ритмтэй энэ амьдралд хүн бүр цаг хугацаанд баригдаад аливааг тогтоож харахаа больчихсон. Хэн нэгэн битгий хэл хажуудаа байгаа хайртай хүнийхээ сэтгэлд нуугдах сайхан муухай, жаргал зовлонг олж харахаасаа өмнө илээд л өнгөрдөг болж. Иймээс л хайртай ээж аав, хань, найз нөхдийнхөө сэтгэл рүү нэг өнгийгөөд хараасай гэж хүссэндээ албаар тавиу мантажтай хийж, албаар “харцыг” удаашруулсан зураг авалтыг хийсэн.


         - Энд та ямар хайрын түүхийг өгүүлэхийг хүссэн бэ?


      - Манайхан амь нэгтэй улс байгаа юм. Бид чинь Хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэн И.Нямгаваа багшийн удирдлаган дор төгссөн. Түүнээс хойш 20 жил найзалж нөхөрлөж явна. Бидэнд санаа нэгддэг өөрийн гэсэн өвөрмөц мэдрэмж бий. Энэ удаад хамтдаа кино урлагийн салбарт өөрсдийн өнгөөр дуугарч үзье. Хүмүүст өөр мэдрэмж төрүүлье гэж бодсон юм. Мэдээж киноны нийтлэг зарчмыг дагана. Гэхдээ киног үзсэний дараа үзэгчид өөрийн гэсэн ямар нэгэн мэдрэмж төрүүлэхийг чухалчилсан. Тодруулбал, энэ киног үзээд эхнэр нөхрөө, найз охин хөвгүүнээ, аав ээжийгээ өөрөөр нэг хараад үзээсэй гэж бодож байгаа юм. Хүний сэтгэл дотор руу нь өнгийж биш давж харахад үгээр хэлшгүй мэдрэмжүүд оршиж байдаг. Тэр  үгээр хэлэхгүй мэдрэмжийг л киногоор гаргадаг шүү дээ. Тэрнээс ингэж ойлгох ёстой тайлбарлах бол утгагүй.

 

       - Кинон зураг авалтуудаас танд хамгийн сайхан хэсэг нь аль вэ?


       - Би киноныхоо бүх хэсэгт хайртай. Өөрийнхөө хийсэн юманд сэтгэл дундуур байна гэж байхгүй. Чанарын тухайд цаг хугацаа харуулах байх. Гэхдээ би том жижиг гэж ялгалгүй бүгдийг нь маш их бодож тунгааж хийсэн. Миний санааг ангийн маань хоёр маш сайхан гаргалаа. ГАЙХАЛТАЙ. Тэгэхээр би сэтгэл хангалуун байна.

 

 

 

 

       Ийм нэгэн кино нээлтээ хийлээ. Харин гуравдугаар сарын 13-наас IPTV-гээр гарна. Хайртай хүнийхээ гараас атгаад “Love story”-ийг үз. Гээж явснаа олж мэднэ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.