Хятадын ӨРИЙН ДАРАМТАНД орсон найман улс

2018-03-10 12:32
Шри Ланкад яг энэ жишиг биелэлээ олсон бөгөөд дэлхийн хамгийн хоосон нисэх буудал баримт болон хоцорчээ

        Америкийн эдийн засгийн нийтлэлч Тим Фернхолцын “Quartz”-д бичсэн анализ бичвэрийг та бүхэнд орчуулан хүргэж байна.


        Өнгөрсөн жил Хятадад нэг тэрбум гаруй ам.долларын өртэй болсны улмаас Шри Ланк улс нэгэн боомтоо Хятадын засгийн газрын мэдэлд шилжүүлсэн. Жибути улс мөн гол боомтуудынхаа нэгийг Бээжингийн нэгэн компанид өгөхдөө тулжээ. Тус улс АНУ-ын Африк дахь цэргийн гол бааз байрладаг улс гэдэг утгаараа энэ үйл явдалд таагүй хандаж буй.


         “Бээжин өөрийн эрхшээлд оруулах далд бодлого шингээсэн зээлийн гэрээ болон авилгаар бусад улс орнуудыг өрөнд оруулж тусгаар байдалд нь нөлөөлөн өөрийн хүчээр, урт хугацаанд аажим тогтвортой хөгжих боломжийг нь хааж байна. Хятадын хөрөнгө оруулалт Африкийн дэд бүтцийн хөгжилд зайлшгүй шаардлагатай салбарт чиглэсэн байдаг боловч, хэдэн ажлын байр гаргадаг ч тухайн улсын өрийн хэмжээг нэмэгдүүлсээр байдаг” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон энэ сарын зургаанд хийсэн мэдэгдэлдээ дурьдсан.


       Зарим тохиолдолд үүнийг “өрөөр урхидах бодлого” гэж нэрлэдэг. Эхлээд дэд бүтцэд зориулсан багахан хүүтэй, бал шиг сайхан зээл санал болгоно. Хэрэв тухайн зах зээлийн багтаамж бага бол мөнгөний урсгалаа хангаж чадаагүйн улмаас хүүг нь буулгаж чадалгүй өнөөх зээлийнхээ “хатгуур”-т өртчихдөг.


        Шри Ланкад яг энэ жишиг тус улсын Хамбантота хотод биелэлээ олсон бөгөөд дэлхийн хамгийн хоосон нисэх буудал үүний баримт болон хоцорчээ.


        Талуудад харилцан ашигтай гэх “Нэг бүс, нэг зам” санаачлагынхаа хүрээнд хөгжиж буй улс орны дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар Хятад улс дэлхийн худалдааны тэргүүлэгч улс болохоор зорьж байна. Энэ нь улам бүр хумигдах Америкийн байр суурийг тус улс эзэлж эхэлснийг илтгэнэ. Гэвч Хятадын Өрнө дахинд чиглэсэн олон улсын шинжтэй төслүүд нь өр үүсгэх имперлист зорилго агуулж байна гэх шүүмжлэлд өртөх болов.


        Дэлхий дахины хөгжлийн төв хэмээх ашгийн бус, судалгааны байгууллагын дүгнэснээр “Нэг бүс, нэг зам” санаачлагад багтаж буй улс орнуудад дээрх өрийн дарамт үүсэх болно.


       Хятадад тавьсан өр нь тухайн улсын нийт өрийн хэмжээний хагасаас илүү хувийг эзэлсэн буюу эгзэгтэй хэмжээнд хүрсэн найман улсыг тус байгууллагаас нэрлэжээ. Эдгээрт Жибути, Киргизстан, Лаос, Малдив, Монгол, Монтенегро, Пакистан, Тажикстан зэрэг орно. Судлаачид эдгээр улс орнуудын өр хөгжил дэвшилд нь хэрхэн нөлөөлөх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд илүү олон мэдээлэл дээр үндэслэж үзэх хэрэгтэйг дурьдсан байна. Ямартай ч тэдний судалгааны үр дүн өрөнд унасан улс орны эдийн засаг доройтон хөгжил нь зогсох эрсдэлд ойрхон очсоныг анхааруулсан юм.


       Хятад улсын хувьд зээлдэгч улс орнуудад тулгаж байгаа нөхцлүүд бусад олон улсын зээлдүүлэгч нарын ядуу буурай улс оронтой харилцах туршлагаас тэс өөр арга хэлбэрээр явсаар ирсэн. Зарим зээл нь буцалтгүй тусламж болдог ч бусад тохиолдолд ашиг сонирхолын зөрчилтэй болон дэд бүтцийг нь хяналтандаа авах зорилгоо зээлийн эргэн төлөлтөөр шийдвэрлэдэг. Судлаачдын үзэж буйгаар Хятад улс бусад улсуудад хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тогтсон стандартаар, тухайн орны хөгжилд хэр зэрэг тогтвортой хувь нэмэр оруулах вэ гэдэг нь ил тод байх  хэрэгтэй. Пакистан, Непал зэрэг зарим улс орон Хятадын зүгээс авч хэрэгжүүлэх алхмыг хүлээлгүй дэд бүтцийн салбарт үзүүлэх зээл тусламжаас нь өнгөрсөн жил татгалзаж санхүүгийн өөр эх сурвалжийг эрэлхийлэх болжээ.


       Дашрамд дурьдахад: Дэлхий дахины хөгжлийн төв хэмээх байгууллага нь АНУ-ын Вашингтон дахь эдийн засгийн судалгаа шинжилгээний бие даасан төрийн бус байгууллага юм. Одоогоос 17 жилийн тэртээ үүсгэн байгуулагдсан энэ төвийн үйл ажиллагаа АНУ зэрэг хөгжингүй орнуудын бодлогоор дамжуулан ядлуурлыг бууруулах, эрх тэгш байдлыг сайжруулахад чиглэдэг. Тус байгууллага дэлхийд нэр хүндээрээ салбартаа 13-т эрэмбэлэгддэг.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.