Тойм: ШОРОНГИЙН ИЛГЭЭМЖ буюу Б.Содномдаржаагийн захидал дэлгэгдэж, Б.Баттулга Трампаас тусламж хүсэв 

2018-03-11 11:12

     Өнгөрч буй долоо хоногт улс төрч, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

ЭРХЭЭ НЭХСЭН МАРТЫН 8
 


     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ээжүүдийн холбоо, Хөөрхөн зүрх болон Гүнж төв, Нүдээ нээ ТББ, Монголын залуучуудын холбоо зэрэг байгууллагууд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Жагсагчид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоо, хүчирхийллийг хайртай андуураагүй биз, эмэгтэйчүүд жинхэнэ Монгол эр хүнийг хайж байна гэх мэт хурц хурц үгтэй лоозон барьж эрхээ хамгаалахын төЛөө жагслаа. Эдгээр олон жагсаал дундаас төв талбайд болсон “нүцгэн жагсаал” өөрийн эрхгүй анхаарал татна.

     Өнөөдөр Монголын ард түмэн ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэлтэй нийгэмд амьдарч байгааг төрийн өндөрлөгүүдээс нэхэн асууж байсан юм. "Хэрэв шударга шүүхтэй бол бид хүчирхийлэлд өртөхгүй", "Хэрэв үгсэн хуйвалдаж луйвардаагүй бол бид өргүй", "Бидэнд баярлах шалтгаан алга” зэрэг лоозонг эхчүүд барьжээ.

 

Б.Содномдаржаа: "Намайг бөхийж байна гэж бодож байвал ЭНДҮҮРЭЛ. Би Монгол орныхоо уул усанд л бөхийдөг юм"
 

 

     Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр Улсын дээд шүүхээс 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр 20 жилийн ял авсан Д.Содномдаржаа гэр бүлийнхэндээ бичсэн гэх захидал "Өдрийн сонин"-ы гуравлугаар сарын 9-ний өдрийн дугаарт нийтлэгдлээ. 


     Тус захидлыг сийрүүлбэл:  “Би Монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо. Энэ ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай Монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг ахиад л хохироох талдаа оруулсан. Манай өмгөөлөгч тухайн үед надтай хамтарч ажиллан үнэн шударгаар ярьсан бол би өөрөө хэлж ярих юмаа ямар ч шүүх хуулийн өмнө ярих байсан. 


     2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр надад нэг л мансууруулах эм өгсөн. Би хүний үгийг ёстой нэг тоть аятай хэлдэг болчихдог юм байна лээ. Тэгээд болоо! Тэгж хэлүүлж аваад л одоо чи нар үзэхгүй энэ хэрэгт бүх оролцсон хүнээ хэл гээд л шууд тулгадаг.


     Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй харанхуй, хааш хаашаа 2 м газар цонх байхгүй өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад, эхнэр чинь төрсөн. Энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхдэдээ 04 гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон бие эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотроо бодож суудаг юм аа. Энэ бүгдийг би хуулийн байгууллагын прокурор Батжаргалд хэлдэг байлаа. Тэгэхэд тэр хүн ямар ч дарамт шахалт байхгүй, хуулийн дагуу явж байна гэдэг. Ингээд л яахав хэлмэгдэж байгаа хүн хохирно. Төв аймгийн мөрдөнд сар гаруй шүд өвдлөө. Би дарга нарт хэлэхэд хэн ч тоохгүй” гэх мэтчилэн шүүх хурал болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар бичжээ. 


О.МАГНАЙ, Б.БААБАР НАРЫН СОНИРХОЛТОЙ ЖИРГЭЭ
 


     АН-ын 116 хүн хөөгдлөө гэх мэдээллигй нийтлэлч Баабар жиргэлээ. Хариуд нь О.Магнай АН-аас хөөсөн хүн байхгүй гэж жиргэсний дагуу АН-ын дотоод сонгууль улс төрийн хүрээнд анхаарал татах болов. 


     АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зарласан ротацид орж байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Н.Бат¬баяр, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Ч.Энхтайван, Да.Ганболд нар багтаад байгаа юм. Энэ талаар АН-ын ЕНБД Ц.Туваан “АН өөрийн гэсэн дүрэмтэй. Энэ удаагийн эргэлтийн сонгуульд 120 рочим хүн оролцож байна. Үүнээс 76 нь чөлөөт суудлаас, 26 нь эмэгтэй, 26 нь эрэгтэй оролцож байгаа юм. Дотоод сонгуульд оролцож байгаа гишүүдээ бид шударга буюу онооны зарчмаар дүгнэж байгаа. Хамгийн сүүлийн байрт орсон нь эргэлтийн сонгуульд ордог дүрэмтэй.


     Түүнээс биш намаас гишүүдээ хөөж байгаа явдал огт биш. Түүнээс биш хэвлэл мэдээллээр яваад байгаачлан гишүүдээ хөөсөн зүйл байхгүй.” гэсэн хариулт өгсөн билээ.

 

Х.БАТТУЛГА ТРАМПААС ТУСЛАМЖ ХҮСЛЭЭ 

 


 
     Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэн. Нэгд, Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах Хоёрт, Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан оффшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дээрх асуудлаар товч мэдээлсэн билээ. Эрхэм Ерөнхийлөгчийг орон нутгийг тойрч байхад иргэд оффшорын асуудлыг байн байн хөндсөний эцэст Ерөнхийлөгч амлалтаа санав бололтой. Ямартай ч өөрийн санаагаар оффшорт нуусан хөрөнгөө эргүүлэн татах хугацааг олгож байхад мөнгөө татаагүй хүмүүст хандсан дараагийн үйлдэл нь энэ болов. 


Д.ГАНТУЛГЫН ХҮЛЭЭЛГИЙН ХУГАЦАА ҮРГЭЛЖИЛСЭЭР... 

 
     УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах албан бичгээр УИХ-ын даргад өргөн барина гэсэн боловч энэ долоо хоногт нам жим байв. 


     МАН-ын удирдлагуудын зүгээс тодорхой хариулт өгөөгүй байгаа учраас Д.Гантулга гишүүн ямар нэг өргөдөл өгөөгүй байгаа бололтой.  Хэрэв бүрэн эрхээсээ татгалзахаар бол УИХ-ын даргад бичиг өгөх ёстой бөгөөд улмаар УИХ-ын гишүүд хэлэлцдэг жамтай. Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж буй ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм.

 

Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 
     Засгийн газрын 2009 онд “Оюутолгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар тус газар албан ёсны цахим хуудастаа мэдэгдсэн. “Оюутолгой” компани Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа.

     Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Засгийн газрыг тэргүүлж байхдаа албан тушаалаа ашиглан Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн төслийн  төлөвлөгөөнд болон бусад үр дагавар бүхий баримт бичгүүдтэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн юм.  

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.