Артист Б.Сэдэд: Будалт нимгэн тусмаа АЗИ ХҮМҮҮС залуу харагддаг

2018-03-11 11:27

     “Белла маке апп” студийн захирал, стилист Белла болон түүний шавь нарт гоо сайхнаа даатгасан охид бүсгүйчүүд хэдэн цагаар хүлээж суухдаа ч төвөгшөөдөггүй. Сүүлд ажлын шугамаар тус студиэр орвол гурван бүсгүйн дунд нэг эрэгтэй артист ажиллаж байх нь нүдэнд содон туссан юм. Бид цөөн хором түүнтэй ярилцсан бөгөөд “Өнөөдөр нүүрэндээ мэс хүргэлгүйгээр аливаа өө сэвийг нүүр будалтаар зохицуулж болно. Хүссэнээрээ харагдаж боломжтой болсон” гэсээр эхэллээ. Ингээд тус студийн артист Б.Сэдэдтэй ярилцсанаа хүргэе.

 

     ESA- Энэ жилийн make up-т ямар тренд байлдан дагуулж байна вэ? 


      - Жил бүр өнгөний тренд өөрчлөгдөж байна. Энэ 2018 оны хувьд хөмсөг болон гэрэл  сүүдэр өөр стайлтай болсон. Хуучин хөмсгийг битүү уусгалттай буддаг байсан бол  энэ жилийн хувьд зэрлэгтэй хөмсөг гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл засаагүй юм шиг будна. Мөн хамрыг хоёр зураас гаргаж өндөрлөдөг байсан нь эргэн ирлээ. Түүнчлэн будсан ч будаагүй мэт харагдах нүүр будалт тренд болсон. Өөрөөр хэлбэл өөрийн мэт будна гэсэн үг. Тэгэхээр зузаан будсан ч арьс маань нимгэн мэт гоё харагдах хэрэгтэй байх нь. Ер нь будалт нимгэн харагдах тусмаа Ази хүмүүс залуу харагддаг. Өдөр тутамд бол бюүти  будалтыг их хийх болсон. Энэ мэт олон өөрчлөлт гарсан. Гэхдээ бүсгүйчүүдэд зөвлөхөд донжийг нь олж тохируулсан будалт хамгийн гоё шүү дээ. Үүний тулд арьсаа маш сайн арчлах хэрэгтэй. Өөгүй цэвэрхэн арьс гоё будалтын суурь болдог юм. Ер нь будаг, маке апп-ийн 70 хувь нь арьс хамгаалах үүрэгтэй. Үлдсэн 30 хувь нь стил имиж болоод явдаг. 


     ESA- Тень, уруулын будагны хувьд их тод өнгө давамгайлж байгаа  бололтой?  


    - Нүүр будалтын бүтээгдэхүүн бол тэр чигээрээ өнгө байдаг. Үүнийг хүйтэн, дулаан гэж хоёр хуваана. Гэхдээ өнгөний хувьд эмэгтэй хүнд зохихгүй өнгө гэж байдаггүй. Жишээ нь хүмүүс надад ногоон өнгө зохидоггүй, хэрэглэдэггүй гэж ярьдаг. Гэтэл ногоон бол дулаан өнгө. Монголчууд бол бор шар буюу дулаан өнгийн арьстай улс учраас дулаан өнгө илүү зохидог. Гол нь тухайн өнгийг ямар өнгөтэй яаж хослуулах уу гэдгийг мэргэжлийн артист зөвлөх юм. Ер нь өөртөө зохицсон зөв өнгийн хувцас өмсөж, зөв өнгөөр нүүрээ будсанаар өөрийгөө зөв илэрхийлэх боломжтой. Нүүр будалт гэдэг бол өглөө гараад ажилдаа явахад таны бүрдүүлж байгаа стайл имиж юм. Зөвхөн хувцсаа өмсөөд нүүрээ үлдээх биш. Тэр өдрийн хувцаслалтын хамгийн гол хэсэг бол нүүр будалт гэдгийг мартаж болохгүй.


     Өнгөрсөн удаад манай салон дээр Бельги улсаас өнгөний багш ирж, Монголд анх удаа өнгөний хичээлийг заасан. Их юм сурсан шүү.. 


     ESA- Нүүр будалт цогц харагдах ёстой юу? Тухайлбал уруулаа будсан бол нүдээ ч бас будах хэрэгтэй юу?


     -Тухайн өдрийн стилээс хамаарна. Хэрвээ ажил хэрэгч хувцсыг сонгосон бол тэрэн дээр ямар өнгийн ямар будалтыг, ямар техникээр ямар хэмжээтэй түрхэх үү гэдэг асуудал орж ирнэ. Гэтэл заримдаа үдшийн уулзалт байж болно. Өдөр цайны цагаар найзтайгаа уулзаж болно. Энэ бүхэнд  өнгө өөрчлөгдөнө. Жишээ нь өдөрт тутамдаа ажил хэргийн уулзалт, ярилцлагатай бол улаан  өнгөөр будахгүй. Аль болох даруухан, харахад цэвэрхэн өнгийг сонгоно. Нүдний тень ч ялгаагүй. Бүдэг талдаа байна. Тэгвэл үдээж хойш эсхүл орой найз нөхөдтэйгээ хөгжилдөх гэж байгаа бол уруулын будагны өнгө илүү тод болно.  Ер нь нүүрээ будна гэдэг  өөрийнхөө хамгийн гоё хэсгийг тодотгохыг хэлээд байгаа юм. Мэдээж хэтрүүлбэл ямар ч гоёл донжоо олоогүй харагддаг шүү дээ. Тухайлбал, тухайн хүний хөмсөг, уруул, сормуусын аль нэг илүү гоё бол тэрийгээ л будчихад сэргээд л ирдэг. Гэнэтийн тохиолдолд нүүрээ будаагүй байгаад цээж зураг авахуулах хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл уруулаа гоё будчих. Нүүрээ будсан юм шиг л харагдана. 


      ESA- Нүүр будалт тухайн бүсгүйн талаар юуг өгүүлж болох вэ?


     - Огт танихгүй хүмүүс уулзлаа гэж бодъё. Тэд нүүр нүүрээ харж уулзана шүү дээ.Хамгийн анхны сэтгэгдэл тэндээс төрнө. Тэгэхээр нүүр будалт бол тухайн хүний имиж бүрдүүлэлтийн гол хэсэг. Нүүрэнд гарсан өнгө, будалт хийсэн донж маяг, өнгөний зохиолдолгоог хараад тухай хүний талаарх эхний 20 хувийн дүгнэлт гардаг. Тэгэхээр таны нүүр бол таны нэрийн хуудас юм. Нэрийн хуудас чинь базсан байх уу, эсхүл дэлгэсэн цагаан цаас шиг байх уу. Энэ бол тухайн хүнтэй холбоотой. Нөгөө талдаа артистуудтай холбоотой. 


     ESA- Эрэгтэй үсчидтэй таарч байсан ч артистай бол таарч байгаагүй юм байна? 


     - Би хэл шинжлэлийн мэргэжилтэй. Англи хэлний орчуулагч. Сургуулиа төгсөөд өөрийгөө олох гэж  олон зүйлийг хийсэн. Тэгж яваад эгчийнхээ гоо сайхны компанид хэсэг ажилласан юм. Эндээс нүүр будалтыг илүү сонирхох болсон. Тэр бол 2013 он юм байна. Түүнээс хойш энэ чиглэлээр суралцсаар явна. 


     ESA- Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.