Э.Гэрэлт-Од: Нам гэдэг бол ХӨГЖЛИЙН БОДЛОГО боловсруулдаг институц

2018-03-12 08:57
Ажилд орохын төлөө намд элсдэг нь Улс төрийн намыг нам биш болгож байна

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан бөгөөд хуулийг боловсруулах ажил үргэлжилж байгаа аж.


Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн талаар улс судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.


        ESA — Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлага юу вэ.  Шинэ хуулиар ямар асуудлыг хуульчлахаар төлөвлөж байна?


        — Улс төрийн намын хуулийг шинэчлэх болсон хэд хэдэн шалтгаан байна.


Нэгдүгээрт, Улс төрийн намуудын төлөвшил нийгмийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Улс орны хөгжлийг удирдаж, чиглүүлж, хариуцлагатайгаар улс орныг удирдаж чадахгүй байгаа. Ардчиллыг тээж явдаг цорын ганц институтийн хувьд улс төрийн нам илүү хариуцлагатай, нээлттэй, соёлтой байж чадвал нийгэмд шударга ёс тогтох анхны алхам бүрдэх юм. Тэгэхээр улс төрийн намуудыг нээлттэй, хариуцлагатай болгох нэг хэрэгцээ байна.


Хоёрдугаарт, өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Улс төрийн намын тухай хуулийг намууд дагаж мөрдөхгүй байна. Намын үйл ажиллагаа, санхүүжилтэд тавигдаж байгаа хуулийн шаардлагуудыг огт биелүүлдэггүй. Хууль өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц бодит хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төрийн намын тухай хууль нь намуудын хууль зүйн эсвэл үйл ажиллагааны хүчтэй хөшүүрэг болж  чадахгүй байгаа гэсэн үг.


Гуравдугаарт, улс төрийн намуудад итгэх олон нийтийн итгэл маш их суларсан. Монголын улс төрийн намуудын хувьд нэн даруй иргэдийн итгэлийг олж авахад чиглэсэн улс төрийн шинэчлэл хийхгүй бол болохгүй. Энэ бол намууд легитим шинжээ алдаж байна гэсэн үг.


Улс төрийн нам нь иргэний нийгмийн байгууллага хэдий ч олон нийтийн дэмжлэг авч улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага. Тиймээс бид өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргадаг байгууллагыг хэрхэн илүү хариуцлагатай байлгах вэ гэдэгт санаа тавих цаг нь болсон. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад улс төрийн намтай холбоотой шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна. Ялангуяа гишүүнчлэл, санхүүжилт, бүтэц зохион байгуулалттай холбоотой ажлууд хийж байгаа. Монгол Улсын  хувьд ч мөн улс төрийн намтай холбоотой дээрх шалтгааны улмаас эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон.


Бид анх 1990 оны тавдугаар сарын 10-ны өдөр Улс төрийн намуудын тухай хуультай болсон. Энэ хууль бол шилжилтийн цаг үеийн буюу нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоо руу шилжихэд чиглэсэн хууль байсан. Хожим 2005 онд улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Гэвч ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийж чадаагүй. Өнөөдөр улс төрийн нам дотоод ардчилалтай, санхүү, үйл ажиллагааны хувьд ил тод, бодлогын нам болж шинэчлэгдэхийг олон нийт шаардсаар байна. Харамсалтай нь УИХ-д суудалтай намууд, шийдвэр гаргагч улс төрчид энэ асуудалд хойрго хандаж ирсэн. Энэ нь нөлөө бүхий улс төрийн намууд улс төрийн намын шинэчлэлийн асуудалд улс төрийн хүсэлт зоригоо илэрхийлэх, үйлдэл хийх нь нэн чухал болоод байна.  2011 оноос хойш энэ талаар олон санаачлага гарч, олон ч хуулийн төсөл бичиж байсан. Харамсалтай нь нөлөө бүхий хоёр намын улс төрийн дэмжлэг үгүйлэгдсээр байна. Иргэд ч улс төрийн намуудыг шинэчлэгдэхийг, эс чадвал итгэл хүлээж чадах, хариуцлагатай гуравдагч хүчнийг дэмжих орой зай тэлсээр байна. Үүнийг сүүлийн жилүүдийн олон нийтийн судалгааны үр дүнгээс харж болно. МАН, АН-ууд сонгогчдын 30-40 хувийн дэмжлэг авдаг. Үлдсэн 60-70 хувь нь өөр хүсэл сонирхолтой байгаа ч нөлөө бүхий хоёр намууд, тэдний шийдвэр гаргах эрх мэдэлд барьцаалагдсаар байна. Энэ бол картел хэлбэрийн эрхзүйн орчин. Бидэнд улс төрийн бүх намд ижил тэгш үйлчилдэг, иргэдийн улс төрийн эрхийг нь олгосон, намуудыг хариуцлагатай, ардчилсан институт болоход нөлөөлсөн эрхзүйн орчин үгүйлэгдэж байна.


        ESA — Улс төрийн намын хуулийн боловсруулалтын ажил ямар шатандаа үргэлжилж байна вэ?


      — УИХ улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт хуулийн үзэл баримтлал, төслийг судлах, бичих, танилцуулах үүрэгтэй дэд ажлын хэсгийг судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Энэ гуравдугаар сардаа идэвхтэй ажиллаж хуулийн төсөлтэй болох гэсэн зорилготой ажиллаж байна. Өмнө нь 2016 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч улс төрийн намууд, ялангуяа парламентад суудалгүй улс төрийн намууд дэмжлэг үзүүлээгүй. Эндээс харахад  улс төрийн намын тухай хууль бол намуудын зөвшилцөл, улс төрийн хүсэл зориг шаардсан ажил. Хуулийн төслийг цэвэр судлаачийн байр сууриас бичсэн боловч дэмжлэг авалгүй унасан. Үүнээс харахад хуулийн төсөл бичигдсэн ч, цаашид хэрхэн явах вэ гэдэг нь эргэлзээтэй. Аль болох хуулийн төслийг улс төрийн зөвшилцөл дунд намууд дэмжиж батлуулах хүртэл нь явуулаасай гэсэн байр суурьтай байна.  


       ESA — Улс төрийн намын хуулиар зохицуулах шаардлагатай хэд хэдэн асуудал байдаг. Жишээлбэл намын гишүүнчлэлийг хэрхэн тусгах вэ. Бараг гишүүнгүй нам байдаг  шүү дээ?


       — Нам байгуулна гэдэг нь иргэний улс төрийн эвлэлдэн нэгдэх эрх бөгөөд хуульд заасан шаардлагын дагуу бүртгүүлэх ёстой. Харин улс төрийн нам сонгуульд орохдоо хуульд заасан тусгай шаардлагыг хангах хэрэгтэй. Энэ бол нийтийн дэмжлэгийн авч чадах, бодлого илэрхийлэх, хариуцлага хүлээх чадвартай улс төрийн нам болох шаардлага юм. Үүний нэг нь гишүүний тоо, эсвэл дэмжлэгчдийн гарын үсэг байдаг. Монгол Улсын хувьд нам байгуулахад гишүүний босго бага, харин сонгуульд өрсөлдөх босгыг нэмэх шаардлагатай. Мөн намын гишүүнчлэлийг ил тод болгох хэрэгтэй гэж үздэг. Нам бол иргэний улс төрийн хүсэл зориг, бодлогын ялгарал дээр тогтдог иргэний байгууллага. Гэтэл манайд ахуйн сэдэлтэй, ажил, албан тушаалд барьцаалагдсан байгууллага болж хувиргасан. Үүнээсээ болоод гишүүнчлэлийг ил тод болгох бодлогыг улс төрчид эсэргүүцдэг. Мөн гишүүнгүй нам гэж байхгүй. Хэрэв улс төрийн нам гишүүнгүй болвол олон нийтийн бодлого боловсруулах, төлөөлөх, дотоод ардчилалтай институт болж төлөвших боломжгүй. Үүний цаана төлөөллийн ардчиллын үнэ цэнэ алдагдана. Харин дэмжигчдэд суурилсан нам гэж байна. Гэхдээ энэ нь нам гишүүнгүй нам биш. Илүү идэвхтэй гишүүдээс бүрдсэн, төвлөрсөн бус бүтэцтэй, бодлогын намын хэлбэр.


Монголын улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлтэй харагдуулж байгаа бодлого нь ердөө тэдний менежментэд байгаа юм. Хуулийн төсөлд улс төрийн намыг гишүүдтэй, гишүүд хариуцлагатай, оролцоотой болгож илүү ил тод болгох санаа яригдаж байгаа. Үр дүнд нь нам дамжин элссэн буюу нэг хүн хэд хэдэн намын гишүүнчлэлтэй байдаг байдлыг арилгана. Мөн намын гишүүдийн тоо буурч, бодит түвшинд хүрнэ. Тиймээс улс төрийн намуудын гишүүдийн нэрсийг олон нийтэд зарлах ёстой. Намд элсэх нь хүний эрхийн асуудал боловч намд элссэнээр бусдаас нуугдах шаардлага байхгүй.

 

Намууд жил бүр санхүүгийн тайлангаа аудитаар хянуулж, олон нийтэд тайлагнах ёстой. Хэрвээ тайлагнахгүй бол 250 мянган төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалттай.


     

       ESA — Шинээр боловсруулах хуулийн төсөлд намуудын үзэл баримтлал, үнэт зүйлийг зохицуулах боломж байгаа юу?


      — Байгаа. Дэлхий дээр тогтсон нэг жишээ бол үнэт зүйлээ өөртөө төлөвшүүлж байж улс төрийн намууд төлөвшиж байдаг. Гэтэл манай улс төрийн намууд өөрсдийгөө либерал, социал демократ, консарватив гэж зарладаг боловч үйл ажиллагаанд нь үзэл баримтлал нь үнэртэхгүй байна. Энэ байдлаас болж улс төрийн намын баруун, зүүний ялгаа хэнд хамаатай юм бэ гэх нийгмийн сэтгэлзүй давамгайлаад эхэллээ. Уг нь хөгжлийн бодлогын альтернатив байр суурийг ярихын тулд улс төрийн намуудыг үзэл бодлоороо ялгарах хууль эрхзүйн орчныг шахах ёстой. Ингэснээр улс төрийн намуудыг соёлтой, хариуцлагатай болоход нь дэмжлэг үзүүлэх юм.


Дараагийн нэг зүйл нь нам гэж юу вэ? гэдэг асуулт. Бид нар улс төрийн намын тодорхойлолтыг олон жил өөрчлөх гэж оролдож байна. Улс төр хөөж төрийн эрхэнд гарах гэсэн хүмүүсийг нам гэхгүй. Нам гэдэг бол хөгжлийн бодлого боловсруулдаг институц юм.


Гуравдугаарт, улс төрийн намын бүртгэлийн тухай асуудал. Дэлхийн ихэнх улс орнуудад намуудын бүртгэлийг сонгуулийн байгууллага нь хариуцаж байна.  Сонгуулийн байгууллагыг намыг бүртгэдэг, үйл ажиллагаанд хяналт тавьдаг, сонгуулийг зохион байгуулдаг, намуудад хариуцлага тооцдог институц болгох хэрэгтэй байна.


Дөрөвдүгээрт, улс төрийн намуудад хариуцлага тооцох тухай. Яг үнэндээ манай улсад хамгийн хариуцлага хүлээдэггүй байгууллага нь улс төрийн нам. Бид үүнийг яавал илүү хариуцлагатай болгох вэ гэдэг асуултын өмнө сууж байна. Тэгэхээр бүртгэлийн байгууллагаа илүү чадавхжуулах замаар намыг хариуцлагатай болгох юм. Наад захын жишээ хэлэхэд үндсэн зорилгоо хэрэгжүүлэхгүй байгаа намыг сануулдаг, торгодог, татан буулгадаг тогтолцоо хэрэгтэй байна. Сонгуульд оролцохын тулд улс төрийн нам байгуулдаг боловч 20 жил сонгуульд оролцоогүй улс төрийн нам бий. Гэтэл зарим улсад 6 жил сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй бол статусыг нь бууруулдаг туршлага байна.


Тавдугаарт, улс төрийн намын зохион байгуулалтын асуудал байна. Улс төрийн намын гишүүд, иргэдийг талцуулдаг бодлогоос татгалзах ёстой. Одоо байгаа улс төрийн намын бодлого бол яавал илүү том болох вэ гэдгийг хуулиараа шахсан. Тиймээс цаашид намууд өөртөө тохирсон бүтэцтэй, дэмжигчтэй, өөртөө тохирсон улс төрийн бодлого хэрэгжүүлдэг уян хатан зохион байгуулалттай болгож хуульчилж чадвал намууд төвлөрсөн бүтцээс салж чадна.


Эцэст нь ярих зүйл бол санхүүжилт. Яг үнэндээ санхүүгийн ил тод үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам одоогоор алга. 2005 оны улс төрийн намын тухай хуулиар намууд жил бүр санхүүгийн тайлангаа аудитаар хянуулж, олон нийтэд тайлагнах ёстой. Хэрвээ тайлагнахгүй бол 250 мянган төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалттай. Үүний цаана улс төрийн намууд хууль хэрэгжүүлэхгүй байх боломж бүрдээд байгаа юм. Энэ нь улсын төсвөөс өгч байгаа татвар төлөгчдийн хөрөнгийг улс төрийн намуудад хэрхэн шударга хуваарилаад түүнийгээ,   эргээд хэрхэн хянах вэ гэдгийг ярих ёстой. Гэтэл хүмүүс улс төрийн намыг төрөөс 100 хувь санхүүжүүлэх гэж байгаа юм шиг ярьж байна. Ийм зүйл байхгүй бөгөөд нам олон нийтийн байгууллага учраас гишүүдийн татвар, хандиваар санхүүждэг байх ёстой. Хэрвээ намыг 100 хувь улсаас санхүүжүүлэх юм бол өөр нэг төрийн байгууллагыг бэлдэж байна гэсэн үг. Тэгэхээр ийм зүйл байхгүй бөгөөд тодорхой хэмжээнд төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Тэр дэмжлэг нь хуулийн хүрээнд байх бөгөөд татвар төлөгчдийн мөнгийг авч байгаа бол хариуцлагатай байхыг шаардах юм. Одоо байгаа тогтолцоо бол дэлхийд байгаа бүх туршлагыг хэрэгжүүлж байна. Сонгуулийн хуулийн дагуу хүчинтэй санал бүрийг 4 жилд нэг удаа, улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай намд суудлын тоогоор жил бүр төсвөөс мөнгө авч байгаа. Хуулийн төсөлд төрийн сонгуулиар авсан дэмжигчдийн саналд үндэслэн жил бүр төрөөс санхүүждэг байх нь шударга гэж үзэж байна. Мөн улс төрийн намын дэргэд судалгааны байгууллага байгуулах замаар санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэр нь улс төрийн намд судалгаа бэлдэж өгдөг, иргэдийн боловсролыг дэмждэг байх санал яригдаж байгаа. Энэ бол гадны улсуудын сайн туршлага учраас энэ чиглэлд дэмжих хэрэгтэй. Тиймээс төрөөс намуудад тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг, санхүүжилтийг ил тод байх шаардлагыг хуулиар тавина.


      ESA — Төрийн байгууллагад нам дагасан томилгоог их хийдэг. Үүнийг намын тухай хуулиар зохицуулах боломж бий юу?


       — Энэ нь төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой. Ер нь бол улс төрийн намын соёл юм. Нөгөө талдаа улс төрийн намын гишүүдтэй холбоотой соёл бөгөөд намд элссэнээр төрд ажилд орно гэж боддог сэтгэлгээтэй холбоотой юм. Уг нь намд элсэх нь иргэний улс төрийн хүсэл зориг, хөгжлийн төлөөх хувь нэмэр гэж ойлгож болно. Түүнээс бус ажилд орохын төлөө намд элсдэг нийтлэг ойлголт зөв зүйл биш бөгөөд үүнээс болж улс төрийн намуудыг нам биш болгож байна.


       ESA — Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор өгөх өөр тайлбар байна уу?


       — Энэ хуулийн төсөл бол манай улсын улс төрийн хөгжилд нөлөөлөх хамгийн чухал хууль. Би Сонгуулийн тухай хуулийг улс төрийн намын улс төрд оролцоход чиглэсэн процессийн тухай хууль гэж ойлгодог. Улс төрийн намын тухай хууль бол институцийн тухай хууль юм. Энэ хоёр хуулийг нэг үзэл санаанд тулгуурлаж боловсруулах, батлах хэрэгтэй. Эс чадваас хууль хэрэгжихгүй байх нэг шалтгаан болно. Тэгэхээр улс төрийн намуудыг илүү эрүүлжээсэй, дотоод ардчилалтай, Монгол Улсын хөгжлийн төлөө бодлого боловсруулдаг, хариуцлагатай институц болж төлөвшөөсэй гэж хүсч байна. Энэ хууль ч үүний төлөө бичигдэх болно. Хамгийн гол нь олон нийт, парламентийн гаднах намууд, нөлөө бүхий хоёр хүчин энэ хэрэгцээ, зорилгыг ойлгоосой гэж хүсч байна.


        ESA — Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.