СУРАГЧИД малчдад зориулж 140 сая төгрөгийн хандив цуглуулав

2018-03-12 13:44

    МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Малчдад туслах аян”-д идэвхи санаачилгатай оролцсон нийслэлийн зургаан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад “Талархал” гардуулах ёслол өнөөдөр боллоо.



 

    МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсад зудын гамшиг 2.5 жилийн давтамжтайгаар тохиолдож байна. Өнгөрсөн зун нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандуу байсны улмаас олон мянган малчин өрх өвс тэжээлээ бэлтгэх боломжгүй болсон. Энэ жил манай улсын 15 аймгийн 80 сум цагаан зудтай байна. Тиймээс МУЗН Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Британийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр өвөлжилт хүндэрсэн аймгуудын зорилтот бүлгийн 4500 малчин өрхөд нийт 1.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ. Гэсэн хэдий ч аймаг, сум, баг, онцгой байдлын газар болон малчин иргэдээс тусламж хүссэн албан бичиг ирсээр байгаа юм. Мал төллөлт, хаврын хүнд хэцүү цаг эхэлж байгаа энэ үед МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөр, сургууль, цэцэрлэгүүдийн цуглуулсан тусламж малчдын гарт хүрч байгаад баярлаж байна” гэлээ.

 

    Аяны хүрээнд нийт 140 сая төгрөгийн бүтээгдэхүүн цугласан бөгөөд тусламжийг Баянхонгор, Дархан, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Булган аймгийн малчдад хүргэх цуваа өнөөдөр нийслэлээс хөдөлж буй. Тусламжийг 200 хүртэлх малтай, орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй малчин өрхөд олгох аж.

 

    Монгол Улсын эдийн засгийн томоохон тулгуур болсон хөдөө аж ахуйг хөгжүүлэх, гарз, хохирлоос урьдчилан сэргийлэх чиглэлд өөсдийн хувь нэмрээ оруулсанд баяртай байгаагаа хандивын аянд оролцсон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд онцолж байв. МУЗН нь аймаг, сум бүрт анхан шатны хороотой бөгөөд аяны хүрээнд цугларсан хандивыг зорилтот бүлэгт бүрэн хүргэж чадна хэмээн Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд дурьдлаа. 

 

    Нийслэлийн боловсролын газартай хамтран хэрэгжүүлсэн энэхүү аянд ерөнхий боловсролын нийт 75 сургууль, 121 цэцэрлэгийн хүүхэд багачууд оролцжээ. Хандивын аянд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, 223 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, 103 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, 175 дугаар цэцэрлэг болон Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль, 113 дүгээр цэцэрлэг,  Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 211 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн Хүслийн өргөө сургууль, 197 дугаар цэцэрлэг идэвх санаачилга гарган, бусдыгаа манлайлан оролцсон байна.

  

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.