Б.Болорцэрэн: Дээлээ өмсөхөөр ЭЭЖЭЭ САНАДАГ. Ээжээ санахаар ДЭЭЛЭЭ ӨМСДӨГ

2018-03-12 16:47

           Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Б.Болорцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. “Ээжийн минь үлдээсэн он цаг” шүлгийн түүвэр, “Зүгээр л инээмсэглэ” дуун цомгоо хэвлэлтэд бэлдээд байгаа аж.



 

           Ингээд аашинд олдохгүй хаварт хачин дуртай найрагч бүсгүйн “Амьдралын зураг”-т бууснаас  хуваалцсанаа хүргэж байна.

 

 

ESA – Болор найрагч “Амьдралын зураг”-ийг ямар өнгө будгаар будаж байна вэ?


           - Анхны бие даасан  цэнгүүн болох “Амьдралын зураг” маань энэ гуравдугаар сарын 14-нд болох гэж байна. Энэ зурагт хүний л амьдралд байх бүх өгөгдөл багтаж байгаа юм. Би 2009 онд “Орчлон миний ширээний ном” нэртэй анхны номоо хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан 108 шүлэгтэйгээр хэвлүүлж байлаа. Харин өнөөдөр “Амьдралын зураг” анхны тоглолтоо зураач аавдаа болон Монголынхоо мянга мянган сайхан эрчүүдэд зориулж байна. Эр хүн болгон цэрэг байдаг. Тэд эх орноо, хань ижил хайртай бүхнээ манасан хамгийн мундаг баатрууд байдаг шүү дээ. Тэр утгаараа амьдралын өнгө төрх, зураг тэнд ч бас өрнөнө. Хүүхнүүд бид л эднийхээ сайхан  талыг илүүтэй харж, магтах дуулах учиртай болов уу.


         Би сүүлийн хэдэн жил олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажиллаж байгаагийн нэг нь СТА, дуучин С.Наран эгч байна. Бид хамтран “Амьдралын зураг”-ийг хийсэн бөгөөд их цоглог дуу болсон. Аяыг нь С.Наран эгч бичсэн бөгөөд хүн бүхний амьдралын хөг эгшиг энэ дуу шиг цоглог байгаасай гэж  хүссэн. Бас эмэгтэй уран бүтээлчийн хувьд ирж байгаа цагт амжиж амьдралыг зуръя гэж бодлоо.

 

 

 

ESA – Яруу найргийн таван ном, дууны хоёр цомог, яруу найргийн нэг цомогтой байх аа. Тоглолтын тухайд арай хожуу биш үү?


           -Явсаар нэг л мэдэхэд энэ цагт иржээ. Тэгээд ч 2018 бол сайхан тоо. Дээр нь би хаврын улиралд хачин хайртай. Ер нь эмэгтэй найрагч бүрт хаврын салхинд хормой дэрвэхийг, хаврын бороонд үс минь ургахсан гэж яараад задрах тэр гоё мэдрэмжийг авч, олон олон сайхан хайрын шүлгийг өгдөг болов уу. Ирж яваа цаг болохоор ээж минь юм шиг санагдаж, тосоод урдаас нь  гүймээр болдог. Тэр утгаараа хаврын хаварт шинэ зүйл хийхийг, шинэ ном, шинэ цомог, шинэ уран бүтээл хийхийг хүсдэг. Үүний нэг нь энэ тоглолт. Хавар найрагч надад олон юм өгсөн. Амьдрах хүслийн сэрүүлэг, цохилох зүрхэнд гэгээ нэмсэн охин үрийг минь бэлэглэсэн болохоор илүү сайхан дотно байдаг.  

 


ESA – Мэдээж хаврын тэнгэр ааштай. Сэтгэл гонсойлгох үе байсан л болов уу?


           - Ээж минь өвөл бурхан болсон юм. Тэр жилийн хавар цаанаа л уйтай байсансан. Үнэндээ тэр хаврыг угтахаас, бас тосохоос айсан. Ирж байгаа улирал ээжийг минь асуувал юу гэж хэлнэ дээ гэж сэтгэлдээ уйлсан. Ээжгүй угтсан тэр хаврыг санахаар одоо ч хүнд байдаг юм. Түүнээс хойш олон олон хавар иржээ. Одоо бол ирж яваа энэ урин цаг ээж минь ч юм шиг. Ирж яваа шувууд бүхэн ээжийн минь мэндийг надад хүргэхээр ирж байна гэж боддог болсон. Өнөөдөр гэхэд хар даа. Ямар сайхан байна вэ. Уран бүтээлчийн хувьд би их өөдрөг хүн л дээ.  

 

 ESA – Уучлаарай, гуниг даллачихлаа. Зураач нар бол намарт илүү дуртай юм билээ?


           - Намар, хавар бол минийхээр хүүхэн улирал санагддаг. Хавар бол гэнэн тэнэг охин шиг, эсхүл дэгжин хээнцэр бүсгүй ч юм шиг. Харин намар болохоор тэр чигээрээ ухаарлын улирал. Намар өөрөө бодол тээж авчирдаг. Миний хувьд хавар нисчих гээд байдаг мөртлөө намартаа үг дуу цөөрчихдөг. Намар ирэх тоолонд би ухаажаад ч байгаа юм шиг.

 

 


ESA – Зун, өвөл эр улирал байх нь ээ?


          - Болох л юм.  Өвлийн шөнө урт, цаанаа  л уйтай байдаг юм аа. Миний “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд” гээд дөрвөн цуврал ном бий. Сүүлийнх нь “Ээжийн минь үлдээсэн он цаг” нэртэй. 500 шүлэгтэй номоо хараахан хэвлүүлж амжаагүй байна. Энэ цувралуудаар дөрвөн улирлыг эмэгтэй хүнээр төсөөлүүлсэн юм. Би чинь айхтар том санаа хайгаад байдаг найрагч биш л дээ. Эмэгтэй хүний хувьд байгалиас заяасан  нарийн нандин мэдрэмж зөнгөөр дамжсан хүсэл мэдрэмжээ чагнахыг, бичихийг л хүсдэг нэгэн.

 


ESA – Үг амьтай. Тэр утгаараа танд олон хэлээд юм уу бичээд байхаас цэрвэдэг үг байх уу?  


          - Болохгүй үгийг яруу найрагтаа бичиж, амьдрал дээр хэлэхийг хүсдэггүй. Хэн нэгэнд хэдэн төгрөг аваад өгдөггүй юм аа гэхэд сэтгэл гундуухан яваа нэгэнд хэрэгтэй гоё үгийг нь хэлэхсэн гэж боддог. Хүүхнүүд бид чинь сэтгэлээрээ улс шүү дээ. “Чи  хөөрхөн харагдаж байна” юм уу, “Гоё байна” гэчихвэл хөөрөөд нисчихнэ.

 

           Би ер нь их удаан бодож, сууж бичдэг хүн. Үг өөрөө хүчтэй, их шидтэй. Хэтэрхий их уй гунигийг дуулахаар санаа дагадаг гэж дуучид ярьдаг юм билээ. Мэдээж болохгүй гэсэн юм үгүй ч өөрийнхөө хэмжээнд энэ тухай бодож явдаг.  Гэхдээ яруу найрагч хүн бол бүхний төлөөлөл. Тэр утгаараа гуниглан суугаа нэгний өмнөөс бичих ч үе байна. Бүүр эрчүүдийнхээ өмнөөс ч бичиж байна. Тухайлбал, Н.Мөнгөншагай найзын маань дуулсан “Гангараа” дууг дурдаж болно. Хүмүүс бол эрэгтэй хүний шүлэг гэж боддог юм билээ.

 


ESA – Олон дуутай болж байна уу?


          - Ер нь сүүлийн хоёр, гурван жил нэлээн эрчимтэй дууны шүлэг бичиж байна. Дуу бол хамтын уран бүтээл учраас илүү хариуцлагатай ажил. Анх 2009 онд хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал найзтайгаа танилцаад, дараа жил нь АЖ А.Долгор эгчтэйгээ гурвуулаа “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналыг гардаж байлаа. “Эжий дэлхийн учрал” нэртэй дуу л даа. Эндээс урам орсон бид хамтран 20 гаруй дууг хийжээ. Өөр нэг хамтрагч маань С.Наран эгч байна. “Зориг шантрахад бурхан дургүй” гэхчилэн ааг зориг амтагдсан 20 хэдэн насандаа “Цагаан бүжиг” гэж хоёр дахь номоо хэвлүүлж байлаа. Тэгээд энэ номоо МУГЖ Ө.Уянга эгчдээ өгсөн юм. Түүнээс С.Наран эгчид өнөө ном очоод надтай холбогдсон. Тэр цагаас хойш бид мөн л 10 гаруй дууны эзэд боллоо. Миний бичсэн шүлэг ая дан ороод, дуучин дуулаад, хүмүүс аялаад ирэхээр их гоё юм билээ. Дуу төгс утгаараа амилдаг ч юм шиг.

 


ESA – Ихэнх уран бүтээлчид хамгийн хайртай хүмүүстээ дуу хийж, шүлэг бичнэ гэдэг амаргүй гэж ярьдаг. Та ээж, аавдаа “авьяасаа үзүүлчихсэн” үү?


          - Тэгж болох юм байна шүү. Үнэндээ надад эх орны тухай хоёр, гуравхан л шүлэг бий. Аз болж ээжийгээ амьд ахуйд “Цомгийн хоёр зураг” гэж  шүлгээ бичээд сонсгож амжсан. Тэр үед хөөрхий ээж минь уяраад уйлж байлаа. Тэрнээс өөрөөр бичиж байсангүй. Харин бурхан болсноос нь хойш мөн ч олон шүлэг бичлээ. Хувиа хичээсэн хэрэг ч байж мэдэх юм. Өөрийгөө тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавдаа ч зориулсан дуу байхгүй юм байна аа. Гэхдээ энэ тоглолтон дээр “Аав” киноны дууг маань С.Наран эгч, жүжигчин Ц.Цэрэнболд нар дуулна. Энэ дууг Оки дүүтэйгээ хамтран хийж байлаа.

 

 


ESA – Март болоод удаагүй байна. Бүсгүйчүүд маань өнөөдөр жинхэнэ Монгол эрийг хайж бас үгүйлэх болж л дээ. Та Монгол эр хүнийг шүлэг, найрагтаа ямар байгаасай гэж дүрсэлдэг вэ?


           - Монгол эрчүүд гоё шүү дээ. Тэдэнгүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд үнэхээр бэрх. Тийм учраас тэднийгээ үгүйсгэх юм уу хар бараан талаас нь харж бичихийг хүсдэггүй. “Гангараа” дууны  шүлгийг бичээд өгөөч гэхэд “Эрчүүдийн маань гангараа юу билээ” гэж бодсон л доо. Эхлээд  нэг их олон санаанд орсонгүй. Удаан бодоод байсан Монгол эрчүүд чинь хүүхнүүдээсээ илүү гангараатай улс юм билээ. Тэдний нэг л  зангаараа байгаа нь хүртэл гангараа санагдсан. Эрчүүдийн нөхөрлөл гэдэг бас аугаа. Энэ ч бас эрчүүдийн гангараа байгаа юм шиг ээ. Уул шигээ нөмөр нөөлөгтэй, тэнгэр шигээ хийморь босоо улс шүү дээ. Тийм учраас ханагар том атлаа хайр даахгүй битгий байгаасай. Яахав сэтгэлд хүрэхгүй намдах цаг энэ амьдралд байх ч олон тохиол биш байгаасай гэж боддог.

 

          Эрээнд оймс бөөндөөд зогсож байгаа хужааг харсан л биз дээ. Оймс нь цоорхой, мөрөө унжуулаад зогсож байгаа нь цаанаасаа уйтай. Тэгэхэд гудамжид шил, лааз түүгээд үүрээд явж байгаа Монгол  эрийн алхаа цаанаа л  нэг пээдгэр харагддаг. Хэдийгээр алдаж оноод гундуухан амьдарч яваа ч алхаа нь ханагар байдаг юм.  Ингээд ярьсан нэг болсон явдал санаанд орчихлоо. Өвөл би Бөмбөгөр рүү орох гээд их давчуухан замаар алхаж явлаа.  Өөдөөс шил лааз түүдэг арзагар үстэй нэг ах ирж байна. Хүмүүс тэр хүнийг бараг мэднэ дээ. Хувцас хунар муухай болгочихно ухааны юм бодоод жоохон цэрвэсхийсэн маягтай явлаа. Гэтэл яг хажуугаар нь зөрөхдөө хальтраад уначихдаг юм. Унасан хүн юун цэрвэх байх уу. Тэгтэл өнөө ах намайг өргөж босгоод, хувцасны шороог гөвж, гутлыг маань хүртэл арчиж өглөө. Өөрийн эрхгүй хайр хүрч, ямар муухай юм бодсон юм бэ гэж өөрөөсөө ичсэн. Энэ амьдралд хүний нас тун ч богинохон. Бусдаас өө хараад яах ч билээ.

 


ESA – Та амар амгаланг хаанаас олдог вэ?


          - Заримдаа амар амгаланг хайхаараа Амаржих газраар зүгээр л нэг ороод гардаг. Тэндхийн босгыг илээсэн аавуудын жагсаалыг харах, өлгий цэцэг тэвэрсэн ханьдаа үрээ одон шиг гардуулах ээжүүдийг харах ямар гоё гээч. Бас гандан хийдийг зорих дуртай. Нөмрөг, жанчаа өмссөн лам нарын аядуухан алхаа, бяцхан хөөрхөн  ламаахайг хараад өөрийн эрхгүй баясдаг. Гандан орох тоолондоо тагтаа хооллоно. Хуучин би Жуковт амьдардаг байхдаа 10 гаруй жил тагтаа тэжээсэн. Миний мэндийг ээжид минь хүргэдэг ч юм уу цаанаа л дотно шүү. Яг ойроос харахаар тагтааны ам нь инээж байгаа мэт харагддаг. Энэ олон тагтаанаас хоёрхон цагаан тагтаа ирдэг. Тэднийг охин инээдэг тагтаа гээд байхаар нь анзаарсан цагааны ам илүү тод харагддаг юм билээ. Харин  нүүдэл хийснээс хойш өнөө хэдэн тагтаагаа харсангүй. Энэчлэн амар амгалан хаана ч байна. Нэгэнт л бид хүсээд олон бужигнасан энэ хотод амьдарч байгаа. Тэгэхээр болохгүй байна гэж бухимдаж байхаар гоёыг нь олж харах нь чухал.  Хөршөө ч таньдаггүй энэ хотынхныг намартаа халаалт ирж холбодог ч юм шиг. Манай найрагчид бол аливаа юмнаас өөрийгөө баясгахыг олоод харчихдаг улс шүү дээ.

 


ESA – Шөнөдөө энэ цонх гэрэлтэй хонох нь олон болов уу?


          - Сүүлийн хоёр жил шөнө суусангүй. Нэг суучихаар өөрийн мэдэлгүй өглөө болгочихсон байдаг.  Гэхдээ би  эртэч хүн л дээ. Өглөөдөө байнга 04:30-5:00 цагийн хооронд босно. Бага байхын л энэ цагт босоод үнээ малаа сааж, гэр орноо цэвэрлээд сурчихсан. Айхтар яруу найрагч биш ч  гэсэн өглөө бүхэн өөрийн гараар шүлэг бичихийг хүсдэг. Тэгээд тагтаагаа тэжээнэ, цайгаа чанаж, дээжээ өргөнө. Энэ өглөөний нарыг аз жаргалын тасалбар гэж боддог. Өглөөг угтана гэдэг өөрөө их гоё мэдрэмж. Өглөөг үзэх гэж хүсээд ч угтаж амжаагүй зөндөө хүмүүс бий. Тэгэхээр шинэ өдрийг угтаж байгаа маань их хувь заяа гэж бэлгэшээдэг.

 

 


ESA –Төрсөн нутагтаа очно гэдэг сайхан амралт болдог байх даа?


          - Тийм ээ, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж өссөн. Миний аав Д.Баянмөнх Завхан аймгийн Нөмрөг сумынх, ээж С.Гачилмаа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улс байгаа юм. Бид эцэг эхээс тавуулаа. Эжий маань дөрвөн охин, нэг хүүтэй. Хэдийгээр аймгийн төвийн айл ч бидний багад манайх чинь хашаандаа мал малын захтай. Хүмүүст хэлэхээр наадах чинь түргэн хэллэг юм уу гэдэг юм. Хонь, ямаа, галуу тахиа, нохой, гахай, муур, туулай гээд л. Морь тэмээ л байгаагүй. Хонь маландаа эгчтэйгээ ээлжээр явна. Эгч маань шүлэг их бичнэ ээ. Бас яруу найргийн ном авчирч их уншина. Багадаа чинь их сэргэлэндүү охин байгаад тав, зургаадугаар ангиасаа гэнэт ээрдэг болчихсон юм. "Охин хүүхэд яана даа" гээд ээж аав ч их санаа зовдогсон. Тэгээд хонинд явахдаа хэдэн малдаа шүлэг уншиж өгнө. Шүлэг уншихаар ээрэхээ байчихна. Хувь тавилан гэдэг сонин юм шүү. Шүлэг уншихаар ээрэхгүй байгаагаа би анзаарсан л даа. Тэгсэн есдүгээр ангид монгол хэл уран зохиолын багш н.Чулуунбаатар миний зохион бичлэгээс мөр холбосон байхыг олж хараад дуудлаа. Тэгээд аав чинь залуудаа шүлэг бичдэг байсан. Эгч чинь бичдэг. Хоёулаа аймгийн “Хүрэл тулга” наадамд ороод үзнэ ээ л гэнэ. Ингээд хоёрхон шүлэгтэй ороод хоёрдугаар байранд орсон. Дараа жил нь аймагтаа түрүүлж, утга зохиол нийгмийн ажилтны сургуулийн урилга авч байлаа. Ингэж л хаан найргийн хатан Ш.Дулмаа гэж Монгол түмэндээ  алдаршсан их хүмүүний  шавь болсон юм даа. Тэрнээс өмнө зураач, загвар зохион бүтээгч л болно бодож байлаа.

 

 

ESA – Одоо зураг зурдаг уу?


          - Аавын авьяас тохиогоогүй юм шиг байна лээ. Утга зохиолын дээд сургуулийн урилга авчихсан атлаа зургаараа конкурс өгсөн ч сайн оноо авч чадаагүй. Нэгдүгээр курст орчихсон хойноо ч зургийн чиглэлийн сургууль руу урвачих гээд гүйгээд байсан. Гэхдээ хүний хувь тавилан яг хөтөлдөг гэж үнэн шүү. Одоо бол энэ амьдралдаа хэн их хүнд гомдоод эсхүл  өнгөрсөн цаг хугацаанд харамсдаггүй. Багын дэврүүн зантай. Үүнийг маань аав ээж “ашиглаад” хонь маландаа явуулчихна. Яг түүн шиг уран бүтээлийг маань яриад юм уу магтах тусам урам ороод илүү л гоёыг хийхийг хүсдэг. Уран бүтээлч хүнд урам дэм гэдэг учрах бүтээлийг нь урин дууддаг юм.

 

 

ESA – Найрагчдыг гоё үзэг, дэвтэр үгүйгээр төсөөлөх аргагүй. Ер нь ямар бэлгэнд дуртай вэ?


          - Б.Лхагвасүрэн ах маань Францаас их гоё луутай үзэг авчирч бэлэглэсэн. Олон сайхан шүлгийг энэ үзгээрээ бичиж байлаа. Гэхдээ одоо бол чандлан хадгалчихсан.

 


ESA – Монгол дээл хувцсаараа их гоёдог. Та өөрөө оёдог уу?


          - Бидний багад аав шугам зургийн багш хийдэг байхдаа л костюм өмсдөг байлаа. Тэрнээс бусдад аав, ээж хоёр монгол дээл хувцсаа л өмсдөг. Ээж өөрөө оёхгүй ч хамар хашааны гоё дээл оёдог Энхээ эгчид захиалга их өгнө. Оюутан байхад минь оролцсон яруу найргийн наадам бүрээр дээл оёулж явуулдагсан. Бас амралтаар очих бүрт л дээл хийлгэж өгнө. Тэгээд “Миний охинд дээл их гоё зохих юм. Надаас хойш энэ хэдэн дээлийг Болор л өмсөх байх даа” гэж ярьдаг байсан. Одоо би дээлээ өмсөхөөр ээжээ санадаг. Ээжээ санахаар дээлээ өмсдөг. Дээлээ өмсөөд дээжээ өргөөд гэрээсээ гарахад тэр өдрийн ажил төрөл аяндаа л бүтээд байх шиг санагддаг юм. Энэ тоглолт дээрээ ээжийнхээ цайны дээлээр гоёно оо. Ээж маань үргэлж өмсөөд байдаггүй. Шинийн нэгний өглөө гаргаж өмсөөд л хураачихдаг байлаа. Тийм болохоор би ч олон өмсөөд байдаггүй. Нөгөө талаас ээжийн минь үнэртэй болохоор үнэрийг нь гээхээс айдаг.


          ESA – Ярилцсанд баярлалаа.  

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.