Эх орноосоо УРВАСАН Орос тагнуулчдын хувь заяа хэрхэн эргэв? 

2018-03-12 17:03

  Оросын тагнуулч асан Сергей Скрипаль Их Британид хордсон хэрэг дэлхий дахинаа ихээхэн дуулиан тарьж байна. Энэ хэргийн талаар Оросын холбооны агентлагууд хэсэг зуур чимээгүй байснаа, өнгөрсөн долоо хоногт Оросын Нэгдүгээр сувгийн хөтлөгч Скрипалийн талаар мэдээ дамжуулахдаа “энэ бол урвагчдад өгөх сануулга” гэсэн утгатай үгс хэлсэн юм. Үнэхээр Скрипаль охиныхоо хамт хордсон нь урвагчид өгсөн сануулга байв уу? Өмнө нь эх орноосоо урвасан нэр зүүсэн Оросын тагнуулчдын хувь заяа хэрхэн эргэж байв? 



ОЛЕГ ПЕНЬКОВСКИЙ

 

  Пеньковский Агуу их Эх орны дайны үед карьер нь өсч, комсомолын шугмын улс төрийн удирдагч, зааварлагч байсны дээр артиллерийн батальоны командлагч болж байв. 1960-аад онд Оросын Тагнуулын Ерөнхий газрын ахлах офицер цолонд хүртлээ ажиллажээ. 


  1960 онд Тагнуулын Ерөнхий газрын хурандаа тэрбээр  Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Гадаад харилцааны газрын орлогч дарга халхавчийн дор ажиллаж байв. Яг л энэ албан тушаалд байхдаа их мөнгөний төлөө эх орноосоо урвасан гэдэг. 


  Тэрбээр Их Британийн тагнуулын газрын төлөөлөгч Гревилл Виннтэй уулзан, мэдээлэл олж өгөх талаар санал  тавьж байжээ. Улмаар Пеньковский анх удаа Лондон хот руу явж, тэндээсээ 1961 оны тавдугаар сарын 6-ны өдөр эргэн иржээ. Ийн ирэхдээ жижиг хэмжээтэй “Минокс” гэрэл зургийн аппарат, транзистор радио хүлээн авагч авч ирсэн байна. Тэрбээр нийтдээ 7650 хуудас бүхий 5500 баримт бичгийг гэрэл зургийн хальсанд буулгаж, 111 хальс баруун руу илгээсэн гэж архивын баримтад дурджээ. 


  Пеньковскийн урвалтаас үүдсэн хор хохирол асар их байв. Түүний баруун руу дамжуулсан баримтууд Зөвлөлтийн 600 тагнуулчийг илчилсэн бөгөөд тэдний дунд Тагнуулын Ерөнхий газрын 50 офицер байжээ. 


  1962 онд Пеньковскийд ялын дээд хэмжээ ноогдуулсан байна. Түүнийг хэрхэн цаазласан талаар янз бүрээр ярьдаг, буудан хөнөөсөн, эсвэл амьдаар нь шатаасан гээд. 

 

ВИКТОР СУВОРОВ

 

 

  Суворов  гэдэг нь Зөвлөлтийн тагнуулч асан Виктор Резуны нууц нэр юм. Тэрбээр Зөвлөлтийн тагнуулчаар Швейцарт албан ёсоор ажиллахын зэрэгцээ мөн л Британийн тагнуулын албатай хамтран ажиллаж байсан гэдэг. 


  Тэрбээр 1978 онд Англи руу зугтсан байна. Резун Английн тагнуултай хамтран ажиллахаар төлөвлөөгүй байсан гэж батлаж байв. Түүнд сонголт үлдээгүй, Женевт байхад нь тагнуулын ажилд нь ноцтой алдаа гарсан гэж өгүүлдэг байжээ. Гэхдээ Суворовыг зугтснаас нь болж биш харин Зөвлөлтийн тагнуулын дотоод нууцын талаар тодорхой бичиж, түүхэн үйл явдлыг өөрийнхөөрөө гарган бичсэн номнуудаас нь болж урвагч хэмээн нэрлэх болсон байна. 


  Тэрбээр “Аквариум”, “Мөс зүсэгч” зэрэг түүхэн сэдэвтэй олон ном бичсэн бөгөөд “Мөс зүсэгч” номондоо Агуу их Эх орны дайны шалтгаан нь Сталины бодлого байсан хэмээн бичсэн юм.

 

  Суворовын үзэж байгаагаар Сталин Европын бүхий л нутаг дэвсгэрийг соцлагерь болгохын тулд Европыг бүхэлд нь эзлэхийг хүссэн гэнэ. Ийм үзэл санаанаас нь болж ЗХУ-д түүнд эчнээгээр цаазын ял оноосон гэж тэрбээр ярьж байв. Одоо Виктор Суворов Бристолд амьдарч, түүхэн сэдвээр ном бичдэг юм. 

 

АНДРЕЙ ВЛАСОВ

 

  Андрей Власов бол Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн алдартай урвагч гэгддэг. 
 1941 онд Власовын 20 дугаар арми германчуудаас Волоколамск болон Солнечногорскийг чөлөөлсөн бол жилийн дараа хоёрдугаар цохилт өгөх армийг удирдаж байсан дэслэгч генерал Власов германчуудад олзлогдсон байна. Олзлогдсныхоо дараа тэрбээр Улаан армийн эсрэг хэрхэн дайтах ёстой талаар Германы цэргийнхэнд зөвлөх болжээ.

 

  Хэдийгээр германчуудад урваж, тэдэнд байдаг чадлаараа зөвлөж, хамтран ажиллаж байсан ч нацистууд түүнийг нэг их найрсгаар хүлээж авдаггүй байсан гэх. Зарим эх сурвалжийн мэдээллээр, Гитлер Власовтой биечлэн уулзахаас зайлсхийдэг байжээ. 


  Власов Орос олзлогдсон цэргүүдээс бүрдсэн Оросын чөлөөлөх армийг байгуулж, энэ цэргүүд нь партизануудын эсрэг тулалдан, дээрэм тонуул хийж, энгийн иргэдийг хөнөөж байсан гэдэг. 


  1945 онд Герман бууж өгсний дараа Зөвлөлтийн цэргүүд Власовыг баривчлан, Москвад хүргэжээ. Түүнийг эх орноосоо урвасан гэж буруутган, дүүжлэн хоросоон байна. 


  Энд дуулгахад Власовыг урвагч байгаагүй гэж үзэх хүмүүс ч бий. Тухайлбал, “Цэрэг түүхийн сэтгүүл” –ийн ерөнхий редактор асан, бэлтгэл хошууч-генерал Виктор Филатов түүнийг Сталины төлөөлөгч-тагнуул байсан гэж батладаг юм. 

 

ВИКТОР БЕЛЕНКО

 

  Нисгэгч Виктор Беленко 1976 онд ЗХУ-аас зугтжээ. Тэрбээр МиГ-25 сөнөөгч онгоцтойгоо Японд газардан, АНУ-аас улс төрийн орогнол хүссэн байна. 


  Япончууд Америкийн мэргэжилтнүүдийн хамтаар онгоцыг нь тэр даруй л хэдэн хэсэг болгож, тухайн үеийн Зөвлөлтийн технологийн нууцууд болон бусад ноу-хауг олж авсан гэдэг. 


  Дуунаас хурдан МиГ-25 сөнөөгч онгоц Зөвлөлтийн хамгийн тэргүүлэгч онгоц байв. Энэ онгоц өнөө хэр нь зарим орны зэвсэглэлд байдаг юм. 


  Беленкогийн үйлдлээс учирсан хохирлыг хоёр тэрбум рубль гэж үнэлж байжээ. Учир нь онгоцны технологи алдагдсан тул Зөвлөлт онгоцны технологийг өөрчлөх шаардлагатай болжээ. 


  Тэрбээр АНУ-д улс төрийн орогнол авсан бөгөөд тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Жимми Картер түүнд иргэншил олгох зөвшөөрөлд биечлэн гарын үсэг зурж байсан гэдэг. 


  Беленко Японд газардахаас аргагүй болсон, онгоцоо нууц, япончуудыг онгоцруугаа ойртуулахгүйн тулд агаарт хий буудаж ч үзсэн хэмээн хожим нь ярьж байсан удаатай. 


  Америкт очсон Беленко агаар сансрын техникийн цэргийн зөвлөхөөр ажиллаж, лекц уншин, шинжээчийн хувиар телевизийн нэвтрүүлэгт оролцдог байжээ. 


  Беленког ийнхүү зугатсны дараа хэрэг үүсгэн мөрдөн шалгахад тэрбээр удирдлага болон гэр бүлтэйгээ зөрчилдөөнтэй байсан гэдэг нь тогтоогджээ. Тэрбээр зугатсныхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ, тэр бүү хэл ЗХУ-д үлдсэн эхнэр, хүүтэйгээ холбоо барих гэж оролдоогүй гэнэ.  Виктор Беленко хожим нь улс төрийн сэдлээр зугатсан гэж мэдүүлсэн байна.  

 

  Тэрбээр АНУ-д очсныхоо дараа нутгийн үйлчлэгч бүсгүйтэй гэрлэн, шинээр гэр бүл зохиожээ. 

 


ОЛЕГ ГОРДИЕВСКИЙ

 

  Гордиевский 1963 оноос эхлэн Улсын аюулгүй байдлын хороотой хамтран ажиллаж эхлэсэн байна. Мөн л Английн тагнуултай хамтран ажиллаж, улсаасаа урвасан. Тэрбээр энэ сонголтоо Зөвлөлтийн бодлогод урам хугарснаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байжээ.

 

  Их Британийн талд ажиллаж байгаа нь илчлэгдсний дараа Британийн элчин сайдын яам Улсын аюулгүй байдлын хорооны хурандаа Гордиевскийг эх орноосоо зугатахад нь тусласан байна. Тэрбээр 1985 оны долоодугаар сарын 20-ны өдөр Британийн элчин сайдын яамны автомашины тээшний хэсэгт нуугдан ЗХУ-аас гарчээ. 


  Удалгүй дипломат шуугиан дэгдэж, Маргарет Тэтчерийн Засгийн газар халхавчин дор ажиллаж байсан, Зөвлөлтийн элчин сайдын яамны 30 гаруй ажилтныг Их Британиас албадан гаргасан байна. Гордиевский тэднийг Улсын аюулгүй байдлын хороо болон Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд байсан гэх мэдээллийг Их Британийн талд өгснөөр ийнхүү Зөвлөлтийн дипломатууд Британийг орхихоос аргагүй болжээ. 


 ЗХУ-д Гордиевскийг “Эх орноосоо урвасан” гэсэн зүйл ангиар буудан хөнөөх ял оноов. Тэрбээр эхнэр, хоёр охиноо өөр дээрээ авахыг удаа дараа оролдсон ч 1991 онд л тэд уулзжээ. Гэхдээ ийн уулзаад удалгүй эхнэр нь гэр бүлээ цуцласан байна.  Гордиевский Улсын аюулгүй байдлын хорооны ажлын талаар хэд хэдэн ном гаргасан бөгөөд 2007 онд Их Британид байгуулсан гавьяаных нь төлөө хатан хаан  II Елизавета түүнд Гэгээн Михаил болон Гэгээн Георгийн одон гардуулж байжээ. 

 

 

Оросын тагнуулч асан Сергей Скрипаль хордон, СЭХЭЭН АМЬДРУУЛАХ тасагт хэвтэж байна 

 

АНУ: Скрипалийг хордуулсан хэрэгт Орос оролцоотой гэсэн дүгнэлттэй санал нэг байна 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /59.153.115.242/

2018-03-14 09:46

ОРОСУУД ГАДНЫ ТУСГАЙ АЛБАДАД АЖИЛЛАСАН ХҮМҮҮСИЙГ ЯМАР ШАЛТГААНААР ГЭДГИЙГ НЬ ҮЛ ХЭРЭГСЭН УРВАГЧИД ХЭМЭЭН БАЛБАЖ ТАРХИ УГААДАГ СИСТЕМТЭЙ ! СНОУДЭН , КИМ ФИЛБИ ГЭЭД ГАДНЫ ОЛОН УЛСЫГ ЮУ ГЭЦГЭЭДЭГ НЬ БАС СОНИН ?!!

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.