Эрчүүдэд зориулан Л.Минкусийн “Дон кихот”-ийг тоглоно

2018-03-12 17:22

        ДБЭТ-т эр цэргийн баярын өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 17,18-ны өдрүүдэд Л.Минкусийн “Дон кихот” балетийг тоглоно.


        Энэ удаад гал цогтой испани бүсгүй Китрийн дүрийг үзэсгэлэнт хунгийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон гоцлол балетчин СТА Б. Саруул, Япон улсын бүжигчин Н.Мако нар тоглох гэж байна. Н.Мако нь тус балетын гол дүрд тоглох гэж байгаа шилдэг зочин бүжигчин юм. Тэрээр УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА С.Эрдэнэболдтой хамтран тоглоно.


        Харин үсчин залуу Базильд театрын гоцлол бүжигчин Т. Хан-очир, СТА С.Эрдэнэболд бүжиглэх гэж байна. Испанийн илэрхийлэл болдог бухтай тулалдагчийн дүрийг УДБЭТ-ын гоцлол балетчин СТА М.Од бүтээнэ. Бухтай тулалдагчийн ширүүн харц, хөл хавсран алхах хөдөлгөөн зэрэг нь дүрээ илүү тодотгож өгдөг аж. Улаан нөмрөгт матадорыг харсан бухын нүд галзуурсан мэт гялалзаж, улаан тоос манаруулан түүнийг мөргөхөөр довтолдог бол “Дон Кихот” бүжгэн жүжгийн бүх үйл явдал, жүжигчдийн тоглолт бухын улаан нүдийг санагдуулам эрч хүчтэй, тод илэрхийлэлтэй байдаг юм.


        Энд нэмэхэд, сонгодог бүжгэн жүжгүүдийн дундаас бүжигчдийн ур чадварыг дээшлүүлдэг цөөн бүтээлийн нэг нь “Дон кихот” балет юм. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетийн хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа “Дон Кихот” онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Испанийн алдарт зохиолч Сервантесийн “Дон Кихот” зохиолыг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт бүжгэн жүжиг болгон тоглосон аж. Дараа нь Л.Минкус бүжгэн жүжигт зориулсан хөгжим бичсэнээр 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Дон Кихот” Москвагийн Их театрт нээлтээ хийж, сонгодгуудын сор болон тодорсон юм. Харин 1971 онд манай УДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар тоглосон түүхтэй. Тухайн үед бүжгэн жүжгийн гол дүр болох Китрийн дүрд Ю.Цэрмаа, Базилийн дүрд О.Ганбаатар, Мерседесийн дүрд А.Навчаа нар бүжиглэжээ. Бүжгэн жүжгийн гол баатар нь Дон Кихот мөн боловч тэрбээр бараг  бүжиглэдэггүй.

 

        Тэрбээр зөвхөн зүүдэндээ л мөрөөдөлт бүсгүйтэйгээ бүжиглэдэг юм. Энэ зохиолын гол дүр нь Китри, Базиль нар юм. Тэд бие биедээ хайртай. Гэвч Китрийн эцэг, гуанзны эзэн Лоренцо ядуу үсчин Базилийг охинтойгоо гэрлүүлэхийг огт хүсдэггүй. Тэр ч бүү хэл ихэмсэг тайж Гамашд Китрийг богтлон өгөхийг хүснэ. Азаар Дон Кихот энэ үед ирж Китр, Базиль нарыг гэрлүүлдэг. Энэ зохиолд эмгэнэлтэй, эсвэл ярвигтай үйл явдал нэг ч үгүй. Харин ч хөгжилтэй өрнөл, цоглог хэмнэлтэй бүжгээр сэтгэл эзэмдэнэ. Дон Кихотын зэвсэгч Санчо Пассо бол бүжгэн жүжгийн хамгийн хөгжилтэй дүрүүдийн нэг нь. Санчо талбайн голд бүжиглэх сайхан бүсгүйчүүдэд нүд унаган, хормойнд нь хүрч зүггүйтнэ. Хариуд нь бүсгүйчүүд түүнийг шоглон нүдийг нь боогоод тоглоом наадам болгон инээлдэнэ. Бүжгэн жүжгийн хоёрдугаар бүлгийн үйл явдал шар айрагны мухлагт өрнөдөг. Китри, Базиль нар энд уулзан, бүжиглэн хөгжилдөнө. Энэ үед үзэсгэлэнтэй бүжигчин Мерседес тоглолтоо сонирхуулдаг.  Мерседес пасодобль бүжгийн аялгуунд бүжиж уран налархай хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.