АНУ: Скрипалийг ХОРДУУЛСАН хэрэгт Орос оролцоотой гэсэн дүгнэлттэй санал нэг байна 

2018-03-13 11:31
Скрипалийг хордуулсан хэрэгт ОХУ холбоотой гэж Тиллерсон үзэж байна.

  Английн Солсбери хотод Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин хордсон хэргийн талаар гаргасан Их Британийн дүгнэлттэй санал нэг байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдлээ. 


 

  Тиллерсоны өгүүлснээр Скрипалийг хордуулсан хэрэгт ОХУ оролцсон байж болзошгүй гэсэн Лондонгийн дүгнэлтийг АНУ дэмжиж байгаа гэнэ.


   “Тусгаар улсын нутаг дэвсгэр дээр хүнийг хөнөөхийг оролдон амь насанд нь халдсныг зөвтгөх аргагүй. Орос улс дахин ийм үйлдэл гаргасан байж болзошгүйд бид эгдүүцэж байна. Украин, Сириэс эхлээд одоо Их Британид Орос улс бусад орны тусгаар тогтнол, өөрсдийн иргэдийн амь насыг үл хайхран хариуцлагагүй байдлаараа дэлхий дахинаа тогтворгүй байдал үүсгэж байна” хэмээн Тиллерсоны мэдэгдэлд онцолжээ. 


  Түүний өгүүлснээр энэ халдлагыг үйлдсэн этгээдүүд хариуцлагад татагдах ёстой гэнэ. Гэхдээ Оросын эрх баригчдын зөвшөөрлөөр хорт бодис ашигласан эсэхийг мэдэхгүй байгаа гэдгээ Тиллерсон онцолжээ. 


“Энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой, энэ хэргийг захиалсан хүмүүс ноцтой үр дагавартай учирна. Бид манай холбоотон болох Нэгдсэн Вант Улстай санал нэг байгаагийн дээр хамтын хариу арга хэмжээг авах болно” хэмээн Тиллерсон мэдэгджээ. 


  Тэрбээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Скрипалийг хордуулсан бодисыг АНУ мэдэж байгаа хэмээсэн байна. “Энэ бодисыг бид мэднэ, энэ хорт бодис нэг их өргөн тархацтай байдаггүй. Мөн олж авахад ч тун хэцүү” хэмээн төрийн нарийн бичгийн дарга ярьжээ. 


ТЕРЕЗА МЕЙ ОРОСООС ТАЙЛБАР ШААРДАВ 

 


 

   Даваа гаригт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей Парламентад үг хэлэх үеэрээ Сергей Скрипаль болон түүний охин Орост гарган авсан мэдрэл саажуулах бодисоор хордсон хэмээн мэдэгдсэн юм. 


  Ерөнхий сайдын өгүүлснээр Оросын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Скрипалийг “Новичок” нэртэй мэдрэл саармагжуулах бодисоор хордуулсан гэнэ. 


  “Батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологиын салбарын Портон Даун дахь лабораторийн дэлхийн тэргүүлэгч шинжээчид ээн бодисын төрлийг тогтоосон, Орос улс өмнө нь энэ бодисыг үйлдвэрлэж байсны дээр дахин гаргаж авсан байж болзошгүй, өмнө нь Оросын төрөөс захиалгатайгаар хүмүүсийг хөнөөж байсан зэргээс үүдэн Орос улс Скрипаль болон түүний охинд халдсан хэрэгт оролцсон байх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарч байна” хэмээн Тереза Мей мэдэгджээ. 


  Мөн  Оросын засгийн газар Их Британийн эсрэг үйлдэл хийсэн эсвэл Орос улс мэдрэлийн аюултай хорт бодисын тархалтанд тавих хяналтаа алдаж, бусдын гарт орсон гэж үзэж байгаагаа мөн илэрхийллээ. 


  Тиймээс болсон үйл явдалтай холбоотойгоор мягмар гаригт багтаан тайлбар өгөхийг шаарджээ.


  Оросын зүгээс итгэл төрүүлэхүйц хариу ирэхгүй бол Орос улс Их Британийн нутаг дэвсгэр дээр хууль бусаар Скрипалийг хордуулсан гэж үзнэ хэмээн Тереза Мей мэдэгдсэн байна. 


  Харин үүнийг Оросын ГХЯ “ээлжит мэдээлэл-улс төрийн ажил” хэмээн нэрлэжээ. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Би-Би-Си агентлагийн сэтгүүлчийн Скрипалийг хордуулахад Орос оролцоотой эсэх тухай асуултанд “Эхлээд та нар тэндээ учраа олоодох, дараа нь бид та бүхэнтэй хамтран энэ асуудлыг хэлэлцэнэ” хэмээн хариулжээ. 


  Эргэн сануулахад, энэ сарын 4-ний өдөр Английн Солсбери хотноо Сергей Скрипаль охиныхоо хамт худалдааны төвд явж байхдаа ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэдний биеийн байдал хүнд байгаа бөгөөд мэдрэл саажуулах бодисын нөлөөгөөр хордсон нь тодорхой болжээ. 


  Сергей Скрипаль 1951 онд Киев хотноо төрсөн, цэргийн тагнуулч. 1999 он хүртэл Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан, ОХУ-ын Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа тэрбээр 2006 онд эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан юм. Скрипаль Их Британийн тусгай албаны талд ажиллаж байсан нь тогтоогдон улмаар цэргийн цол хэргэмийг нь хураажээ.

 

  Тэрбээр Дмитрий Медведевийн өршөөлд хамрагдаж, Орос, АНУ тагнуулуудаа солилцсон 2010 оноос хойш Их Британид амьдарч байгаа юм. 

 

 

Тагнуулч Скрипалийг хордуулсан мэдрэл саажуулах бодис гэж юу вэ?

 

Эх орноосоо УРВАСАН Орос тагнуулчдын хувь заяа хэрхэн эргэсэн бэ?

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.