Д. Сангаа: Хавдрын эмчилгээнд НАНО ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТЫГ хэрэглэх боломжтой

2018-03-13 12:53

       

    “Анагаах ухаан ба байгалийн ухааны зарим салбарын хамтын ажиллагаа, уялдаа” хэлэлцүүлгээр Монголын уламжлалт анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн “Анагаах ухааны хөгжлийн ирээдүй”, профессор М.Амбага “Хүн, амьтны бие дэх протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээ”; профессор Ж.Батсуурь, “Хүний био энергийн физик мөн чанар”, академич  Д.Сангаа  “Хавдрын эмчилгээнд нано технологийн ололтыг хэрэглэх боломж”,  академич  Р.Тогоо (ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн) “Биоэнергийн тухай миний бодол, доктор П.Энхбаяр (МУИС) “Анагаах ухаан ба биоинформатик” сэдвээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.  




          Үүнээс онцолж, Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн,  ШУА-ийн физик, математикийн салбарын бага чуулганы дарга, академич  Д.Сангаа нарын илтгэлээс тодруулснаа хуваалцаж байна.

 

 

Монгол шиг УЛАМЖЛАЛТ АНГААХ УХАААНЫ СУУРЬТАЙ улс орон

дэлхий дээр их ЦӨӨХӨН

 


          Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн: Анагаах ухаан, байгалийн шинжлэлийн салбарын эрдэмтдийн чөлөөт ярицлага болж байна. Үүгээр хүн төрөлхтний анагаах ухааны цаашдын хөгжлийг "өнгийн" харж байгаа юм. Өнөөдөр Монголд байтугай дэлхийн бүх улс оронд европын буюу барууны анагаах ухаан дийлж байна. Барууны анагаах ухаан ч өнгөрсөн хугацаанд маш эрчтэй хөгжсөн. Цаашид ч хөгжинө. Тэгэхээр ирээдүйд хөгжих өнгө аяс нь ямар байх вэ гэдгийг угтан харахаар европын анагаах ухаан дээр дөрөөлөөд, уламжлалт анагаах ухааны үр шимийг хүртэх боломж байна. Мэдээж, Европын анагаах ухаан хувьд дэлхийн хүн төрөлхтнийг өнөөдөр ийм болтол нь тэжээж байна. Энэ бол гайхалтай. Энэ хөгжлийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ үүний суурин дээр ахиад нэг морь авчиръя. Хос морьтой давхия. Өөрөөр хэлбэл, энэ цагт бидний хоцрогдсон буюу хуучирсан, мартагдсан уламжлалт дорно дахины болон монгол анагаах ухааныг илүүд үзэх болно. Энд мартагдсан олон зүйл байна. Тиймээс үр шимийг нь хүн төрөлхтний тусын тулд ашиглаж чадахгүй байгаа юм. Тухайлбал, хий, шар, бадганын онол гээд  яриад байдаг  хэрнээ хүний биед байгаа төлөв мөн чанарыг уламжлалт анагаах ухааны үүднээс оношлоод, эмчлэх тал дээр европын анагаах ухаанаасаа  их хоцорсон. Жишээ нь тарнийн засал, домын эмчилгээ ч байдаг юм уу. Тэгэхээр энийг орчин үеийн шинжлэх ухааны лабораториор нээгээд амжилт олж чадахгүй л байна. Энэ нь өөрөө эртний үзэл баримтлал онолд суурилсан мундаг логик сэтгэлгээтэй шинжлэх ухаан юм. Ядаж байхад тодорхой хугацаагаар дунд нь тасарчихсан. Манайд бол дөнгөж 50-иад оны сүүлээс ахин сэргэж эхэлж байна. Одоо ч ямар судар хаана байгаа юм. Тэр сударт нь юу байгаа юм гээд үндэс сууриар нь нарийсгаад гаргаж ирж чадахгүй, алдагдчихсан. Тэгэхээр үүнийг онгичиж нээх асуудал бол Монголын анагаахын салбарын эрдэмтдийн төдийгүй дэлхийн эрдэмтэн мэргэдийн өмнө тавигдах өв сан байх юм. Үнэндээ Монгол шиг уламжлалт анагаах ухааны суурьтай улс орон дэлхий дээр их цөөхөн. Тэгэхээр энэ улс оронд ийм их өв хөрөнгө, эрдэм соёл байхад бид задалж чадахгүй байна. Тэгэхээр ирээдүйд энэ анагаах ухааны үзэл баримтлал шинэчлэгдэхэд бидний яриад байгаа уламжлалт, дорнын анагаах ухааны нууц дэлхийд бодит хувь нэмрээ оруулах учиртай юм. Үүний тулд  энэ нуугдсан зүйлийг нээж гаргахад зөвхөн анагаахынхан төдийгүй хими, физик, шинжлэх ухааны эрдэмтэд оролцож байж үр дүн гарна гэж энэ чиглэлийн улсыг өдөж байгаа хэрэг л дээ. Гадныхан бол манай уламжлалт анагаах ухаанаас даанч хол. Хий шар бадганын онолыг мэдэхгүй. Үзэл баримтлалыг нь ойлгохгүй. Үүнийг бид л ойлгуулах учиртай юм.

 

 

Нано технологи нано анагаах ухаанд ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ болж байна

 

          ШУА-ийн физик, математикийн салбарын бага чуулганы дарга, академич  Д.Сангаа: “Анагаах ухаан ба байгалийн шинжлэл” гэсэн хэлэлцүүлэгт анагаах ухааны эрдэмтэн докторуудаас гадна байгалийн болон хими, биологи, физикийн салбарын эрдэмтэд оролцож байна. Миний хувьд “Орчин үед хавдрын эмчилгээнд нано технологийн ололтыг нэвтрүүлэх боломж”-оор илтгэл тавилаа. Би бол физикийн хүн. Гэхдээ сүүлийн үед нано технологийн нэг салбар болох нано соронзон материалын судалгааг хийж байгаа юм. Энэ бол дэлхий дахинд анагаах ухаан болон биологи, физикийн ухааны эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа сэдэв. Яагаад татаад байна гэхээр нано технологи, тэр дундаа наномедици буюу нано анагаах ухаанд маш ихээр хэрэглээгээ олж байгаа. Хэрвээ нано шинжлэх ухааныг ямар ямар салбарт өргөн нэвтэрч байна аа гэдгийг жагсаагаад үзвэл нано анагаах ухаанд илүү түргэн нэвтэрч байгаа юм. Үүний ач холбогдол гол чанарыг товч хэлэх юм бол нано хэмжээстэй өвөрмөц шинж чанартай материалыг хавдрын эсэд хүргэж чадаад дараа нь тодорхой хэмжээгээр соронзон орноор халаахад /хүний биед ямар ч хоргүй/ хавдрын эсийг үхүүлдэг шинэ материал гарчихсан байна. Энэ бол бусад хөгжингүй орнуудад туршилтад орчихсон. Манай орны хувьд физикчид судалж байна. Түүнээс гадна ХСҮТ-ийн болон нэгдүгээр эмнэлгийн эрдэмтэд, эмч нар хамтраад  эх орондоо нутагшуулж чадвал бид нар ололт болгоныг араас нь хөөх биш угтаж ашиглах боломжтой.


       Одоогоор хүн дээр туршилт хийгээгүй байна. Бусад орнуудын түүх харахад эхний ээлжинд  амьтад дээр туршаад амжилттай болсон. Амьтад гэхээр эмнэлгийн стандартад байдаг хулгана байна. Хулганад хавдар үүсгээд тэрийгээ соронзон материалыг оруулаад  шарахад эс маш түргэн үхэж байгаа нь туршилтаас гарсан үр дүн юм. Манай орны хувьд элэгний хавдраар өвчлөгсдийн тоо өндөр гардаг. Гадны судалгааг харахад энэ чиглэлд илүү үр дүнтэй байгаа харагдаж байгаа юм. Иймээс өөдрөгөөр харахад манайд таван жилийн дараа гэхэд нэвтрээд амьдралд хэрэгжүүлээд эхэлчихсэн байна гэж харж байна.

 

 

       Энд нэмэхэд, Монголын анагаах ухааны академи, ШУА-ийн Физик, математик, химийн салбарын бага чуулган  хамтран уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт  Монголын уламжлалт анагаах ухааны академи, ШУА-ийн физик математикийн хүрээлэнгийн салбарын бага чуулганы гишүүд, хими, биологийн салбарын академичид, бага чуулганы гишүүд, АШУҮИС, “Шинэ анагаах ухаан” их сургууль, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл, бусад сонирхогч эрдэмтэд, судлаачид оролцсон. Эндээс хорт хавдар, зарим архаг өвчний эмчилгээ, оношлогоо зэрэг анагаах ухааны зарим тулгамдсан асуудлаар салбарууд хамтран ажиллах,  хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эдгээр салбарт түгээмэл хэрэглэгддэг нэр томъёоны тайлбар толь боловсруулах талаар зөвлөмж гаргасан юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.