“Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” НОМЫН НЭЭЛТ боллоо

2018-03-13 15:37

         Түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэнгийн “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” номын нээлт Хууль сахиулахын их сургуулийн “Эрдэм” танхимд боллоо.




         Номын зохиогч тэрбээр  монгол төрийн хүнлэг сайхан ёсолгоо, сүрлэг хүндэтгэл ямар байсныг 2230 жилийн түүхийн сурвалжаар эрхлэн уншигчдад хүргэж буй нь энэ юм.


         “Монгол Улсын тусгаар тогтнол, эх газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын язгуур хэл соёлын уламжлалт бодлого анхны төрт улсын үеэс өнөө хүртэл 2230-аад жилийн туршид төрийн ёслол хүндэтгэлийн гайхамшигт өмч, өв бүтээсний утга учрыг сэргээн төр барих ухаандаа удирдлага болгоосой гэсэнд оршино. Төр эрхэмсэг оршихуй хийгээд төрийн мөн чанар хүч чадал, цог хийморь нь өөрийн гэсэн уламжлалт дэг жаягаараа төрийн залгамж бодлогын нэг болж байсныг харийн жуулчид, XIII зууны үеэс цөөнгүй дурсамж ном бичигдсэн байдаг ч “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” ном анхных гэж болно хэмээн” түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэн онцолсон.

 

 


         Шинэ номын нээлтэд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Т.Галсан, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Бямбасүрэн хурандаагийн ууган шавь нарын төлөөлөл, Цэргийн дээд сургуулийн анхны төгсөгч, УИХ-ын гишүүн асан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр,  Эрдэм, шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор,  цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, хуульч, зохиолч, яруу найрагч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Баяндалай тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо


         Монгол төр, түмэндээ “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” хэмээх номоороо бэлэг барьж буй Г.Бямбасүрэн гуай Монголын төрт улсуудын төрийн ёслол хүндэтгэлийн судалгааг нэгтгэж, эрдэмтэн багш, анд нөхөд, үр хүүхэд, хойч үеийнхэндээ өвлүүлсэн бөгөөд дээрх арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлэв.


         Тэрбээр төр улсын тусгаар тогтнол, эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалалцаж, хүйтэн дайны үед 30 гаруй жил хилийн анги, салбарт алба хаасан хилчин хурандаа нарын нэг юм. Төр улсынхаа 2230 жилийн түүхээс төрийн ёслол хүндэтгэл, ард түмний зан соёлыг судлахад мэдлэг, ур чадвараа зориулсан түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэн монгол төрийн ёслол хүндэтгэлийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн профессор цолтой судлаач багш нарын нэг билээ. Тэрбээр Монгол төрийн ёслол үндэсний хүндэтгэл, Монгол Ёсон, Төр ёсон, Мөнх тэнгэр-бөө зан үйлийн шүтэлцээн, Ёслол хүндэтгэлийн толь бичиг бүтээхэд  оролцсон төдийгүй ард түмнийхээ уламжлалт цагаан сарын ёслол хүндэтгэл зан үйлийн талаар бие даасан DVD гаргаж, 2010-2016 онд цагаан сарын уламжлалт зан ёсыг олон нийтэд сурталчилсан соён гэгээрүүлэгчдийн нэг юм.  


         Мөн 2011 онд монгол төрийн үүсэл бэлэгдлийн уламжлал номыг санаачлан хамтын бүтээл болгон туурвисан нь тухайн жилийн шилдэг номоор шалгарч байжээ.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.