Б.Ариунсанаа: Хүүхэд цэцэрлэгт сурсан чинээгээрээ СУРГУУЛИЙН ОРЧИНД хурдан дасдаг

2018-03-13 16:45

       Хүүхдийг ивээх сан, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын нийт 24 сургуульд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн үр дүнг тайлагнах уулзалт өнөөдөр боллоо.


        ESA: Төслийн хүрээнд нэгдүгээр ангийн сурагч, тэр дундаа цэцэрлэгт сурч байгаагүй хүүхэд сургуульд элссэн үе, захын хорооллын хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн суралцах чадварыг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлуудыг 2015 оноос хойш хэрэгжүүлжээ.


Нэгдүгээрт, Бага ангийн 761 багшид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсан байна. Сургалтад хамрагдсан багш нарын 91,4 хувь нь хүүхдийг сургуульд бэлтгэх аргазүй, зургаан настнуудын онцлог, дасан зохицох, суралцах чадварын тухай бүрэн, дүүрэн мэдлэг эзэмшин, түүнийгээ төсөлд хамрагдаагүй сургуулиудад түгээн дэлгэрүүлэх чадвартай болжээ.


Хоёрдугаарт, Төсөл хэрэгжсэн 24 сургуульд “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр”, “Дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ.


Гуравдугаарт, Зорилтот сургуулиудын нэгдүгээр ангийн нийт багш, эцэг, эхийн харилцааг нэмэгдүүлэх үүднээс “Харилцах дэвтэр” аялуулсан байна.  Үүний үр дүнд эцэг, эхчүүд болон сургуулийн харилцаа бэхжиж, харилцан итгэлцэл бий болжээ.


Дөрөвдүгээрт, БСШУСЯ-тай хамтран ажилласны үр дүнд төслөөс боловсруулсан “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн өмчийн бүх сургуулийн нэгдүгээр ангийн нийт 73,545 сурагчид тус хөтөлбөрийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр очжээ.


Цаашид төслийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөр, санаачлагуудыг нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон зургаан настнуудын суралцах чадварыг сайжруулахад сургалтын нэг загвар болгон ашиглах бүрэн боломжтой болсон гэдгийг төсөл хэрэгжсэн сургуулийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байлаа.

 

С.Мөнхцэцэг: ХҮҮХДИЙН ГАРЫН БУЛЧИН ЗӨВ ЖИГД ХӨГЖИЖ ЧАДАХ БОЛ САЙН БИЧИЖ СУРДАГ ГЭДГИЙГ ОЙЛГОЛОО 


Төслийн үр дүнгийн талаар “Амгалан” цогцолбор сургуулийн сургалтын менежер С.Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 

 


        ESA — Төслийн хүрээнд хэрэгжсэн Бэлтгэл хөтөлбөр үр дүнгээ өгч байна уу. Бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн ач холбогдол юу вэ?


        — Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд хэрэгжсэн бэлтгэл хөтөлбөр нь маш үр дүнтэй ажил болсон. Ер нь зургаан настай хүүхэд сургуульд элссэний дараа заавал бэлтгэл хийдэг. Гэхдээ тухайн үед багш, эцэг эхчүүд хүүхдийг бичиж сурах нь чухал гэж үздэг байсан бол төслийн хүрээнд хэрэгжсэн бэлтгэл хөтөлбөрийн тусламжтайгаар хүүхэд бичиж сурахаас өмнө гарын жижиг булчингаа зөв ажлуулж сурах хэрэгтэй гэдгийг сайн ойлголоо. Жишээлбэл гарын жижиг булчинг цамц товчлох, гутал үдэх, цагаан будаа шар будаа ялгах зэрэг дасгал ордог. Хүүхдийн гарын булчин зөв жигд хөгжиж чадах бол сайн бичиж сурдаг гэдгийг мэдлээ.


       ESA — Эцэг, эхтэй харилцах дэвтэр аялуулснаар иргэдийн хүүхдээ хичээл хийлгэх арга барилд өөрчлөлт гарч байна уу?


      — Гэрийн аргаар хүүхдийг хэрхэн зөв сургах вэ? гэдэг асуултад эцэг эхтэй харилцах дэвтэр дэмжлэг өгсөн. Өмнө ийм төрлийн үйл ажиллагааг хийдэг байсан ч өнөөдөр тийм хичээл заасан, гэрийн даалгаварт ийм зүйл өглөө гэдэг л байсан. Одоо хүүхдээ яаж гэртээ хичээлийг нь үр дүнтэй хийлгэх вэ гэдгийг тэр дэвтэрт бичиж байна. Тухайлбал зургаан настай хүүхэд тоглох тэмүүлэл их байдаг болохоор 8-9 төрлийн тоглоом тоглонгоо хичээл хийлгэх боломж байна. Энэ тоглоомыг хэрхэн яаж тоглох вэ гэдгийг нь эцэг эхтэй харилцах дэвтэрт бичдэг. Ингэснээр үсэг, тоогоо маш хялбар ялгадаг болох, гэрийн даалгавраа хөнгөн хийдэг болох зэрэг давуу тал бий болсон. Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгаврыг хэрхэн хийлгэх вэ гэж зовох шаардлагагүй болсон гэхэд хилсдэхгүй.


       ESA — Нэгдүгээр ангийн хүүхдийг сургуульд дасан зохицоход нь багш ямар дэмжлэг үзүүлдэг вэ. Хүүхэд нэг бүрт тулж ажиллаж чадаж байна уу?


    — Тухайлбал, Амгалан цогцолбор сургуулийн нэгдүгээр ангид дөрвөн хорооны 420 гаруй хүүхэд элсэн орох ёстой. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн элсэлт 77 хувьтай байсан. Хүүхдийн дасан зохицох чадвартай холбоотойгоор жил бүр хамрах сургах тойргийнхоо таван цэцэрлэгт суралцаж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд сургалт явуулдаг. Эцэг эхчүүдийг сургуультай танилцуулж, есөн сарын 1-нд хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэхэд юуг яаж бэлтгэх хэрэгтэй вэ гэдэг зөвлөгөөг өгдөг. Жишээлбэл эцэг эхчүүд биеийн тамирын хувцас, дүрэмт хувцас зэргийг замбараагүй авдаг. Ер нь багш эцэг эхчүүдийг нэгдсэн ойлголттой болгох үүднээс энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Сонирхуулахад нэгдүгээр ангид хүүхэд нь элсэх гэж байгаа эцэг эхчүүд хэт олон эсвэл цөөн дэвтэр авдаг. Ер нь зөв системтэйгээр хичээллэж чадвал тууш дэвтэр 25, тооны дэвтэр 25 ширхэг байхад нэгдүгээр ангийн сурагчийн хичээлд хангалттай хүрдэг. Энэ мэтчилэнгээр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгснөөр наад зах нь санхүүгийн байдлаа зөв тооцоолох, шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулах эрсдэлээс сэргийлдэг юм.


Мөн нэгдүгээр анги дааж авах багш нар тухайн таван цэцэрлэгт очиж хүүхдүүд харандаа зөв барьж байгаа эсэх, зөв сууж сурсан уу зэрэгт аргазүйн зөвлөгөө өгснөөр нэгдүгээр ангийн хүүхэд сургуульд дасахад дэмжлэг болдог.


       ESA: Нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүд өмнө нь цэцэрлэгт явж байсан эсэхээс хамаарч сургуулийн орчинд дасах нь өөр, өөр байдаг байна.  Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд хүүхдийн дасах зохицох чадварт судалгаа хийсэн байна. Ингэхдээ цэцэрлэгт суралцаж байсан 60 хүүхэд, цэцэрлэгт сураагүй 60 хүүхэд, Хүүхдийг ивээх сангийн гэрийн нөхцөлд сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан 60 хүүхдийн дунд судалгаа хийжээ. Улмаар цэцэрлэгт суралцаж байсан хүүхэд 7-14 хоногийн дотор сургуулийн орчинд дасч байсан бол цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд 2-3 сар сургуулийн орчинд дасахгүй, хичээл хийх сонирхолгүй байсан байна.

 

Б.Ариунсанаа: СУРАХ ЧАДВАР, ОРЧИНДОО ДАСАХ ЧАДВАР, БИЕ БЯЛДРЫН ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАРЫГ ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР ГЭДЭГ


Энэ судалгааны үр дүнгийн талаар Хүүхдийг ивээх сангийн боловсролын төслийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Ариунсанаагаас тодрууллаа.

 


 

       ESA — Цэцэрлэгт хамрагдсан хүүхэд, цэцэрлэгт сураагүй хүүхдийн ялгаа юу байв?


     — Төсөл хэрэгжиж байгаа зургаан сургуулийн 180 хүүхдэд тулгуурлан энэ судалгааг хийлээ. Мэдээж цэцэрлэгт суралцаж байсан хүүхэд нөгөө хоёр хүүхдээсээ сурах чадвар, бие даасан байдал, сургуулийн орчинд дасах байдлаараа илүү байсан. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд айх, хамт олноосоо ичих, дуугаа хураах зэрэг сэтгэлзүйн өөрчлөлт ажиглагдсан.   Тодорхой хугацааны дараа тухайн хүүхэд цэцэрлэгт суралцаж байсан хүүхэд шиг сургуульдаа дасан зохицож байсан. Зарим хүүхэд сургуульд орохдоо их баярладаг бол зарим нь уйлдаг гэдгийг бид мэднэ. Энэ цэцэрлэгт сурсан, сураагүйн ялгааг харуулж байгаа нэг хэлбэр юм.


       ESA — Хүүхэд сургуулийн орчинд дасах хугацаа хэр удаан үргэлжилж байна вэ?  


       — Ер нь хүүхэд хэр удаан хугацаанд цэцэрлэгт сурна тэр чинээгээрээ сургуулийн орчинд хурдан дасдаг. Хоёр настайгаасаа цэцэрлэгт явсан хүүхэд сургуульд орохдоо уйлахгүй, бусадтайгаа түргэн харилцдаг байх жишээтэй. Бидний судалгааны явцад цэцэрлэгт суралцаж байгаа хүүхэд хамгийн багадаа нэг сар зарим нь 4-5 сарын хугацаа өнгөрч байж ангидаа, сургуульдаа дасч байсан. Тэгэхээр хүүхэд сургуульд орохоосоо өмнө цэцэрлэгт заавал сурах ёстой. Гэтэл жил бүр хэдэн мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа бөгөөд үүнийг төрөөс маш түргэн хугацаанд шийдвэрлэж, бага насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэх шаардлагатай.


       ESA — Сургуулийн орчинд дасан зохицох гэдгийг сурах арга барил, бусадтай харилцах харилцааг хэлэх үү. Аль эсвэл зөв сууж сурсан, гар зүгширсэн байдлыг хэлэх үү?


      — Бүх зүйлийг хамруулж байгаа. Манай төслийн хүрээнд дасан зохицох гэдгийг гурван чадварт хуваасан. Сурах чадвар, орчиндоо дасах чадвар, бие бялдрын хөгжүүлэх чадвар гэж ангилж байгаа юм. Хэдийгээр тухайн суралцагч сурах чадвартай, орчиндоо түргэн дассан ч бие бялдраа хөгжүүлэх чадвар дутмаг байх юм бол тухайн хүүхдийн дасан зохицох чадвар дутагдалтай байна гэж үздэг. Тэгэхээр нэгдүгээр ангийн хүүхдийг зөвхөн сурах чадварыг нь хөгжүүлэхгүй бусад чадварыг нь хамт хөгжүүлж байх ёстой.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.