Хэрвээ та ЭРДЭНЭСИЙН САН олбол...

2018-03-13 18:56


    2016 оны зун анхны КЕЧ-ээ олж байлаа. Миний хувьд хамгийн торгон агшин бол хайсан кечээ олохоос илүү тоглогч нарын дотор нь хийж үлдээдэг эд зүйлс дотор гоё бэлэг байх явдал.



 

    Тэр нь юу байх вэ гэхээр,хөргөгчний төрөл бүрийн соронзтой наалтууд, гоё хэлбэр, дүрстэй түлхүүрний оосрууд,гоё харандаанууд. Заримдаа яв ядуу кеч ч таарна. Тэр үед кеч хайж уулруу мацаж,хөлөө өвдтөл явсандаа харамсахын сацуу ядуу кечний харамч эзэнд уур хүрнэ. Шуналтай хүний л зан юм даа.  Тухайн үед монголд гарын 10 хуруу дотор багтахаар идэвхитэй хэдэн хайгч л байсан. Бие биенээ андахгүй. “Энэ тэрний кеч, ядуу дөө” гэх жишээний. Уг нь бол энэ тоглоомны үндсэн утга болоод ач холбогдол нь их өргөн юм. Хэрэв та хаа нэгтээ аялж, алхаж, зугаалж явахдаа энэхүү хайрцаг бүхий эд зүйлстэй таарсан бол:

 

    Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн тоглодог Geocaching /Геокешинг гэдэг тоглоомын нэгэн  хэсэг нь хайрцаг юм.   Энэ тоглоомыг анх GPS-г (Global Positioning System буюу Газарзүйн солбицлыг ашиглан байршил тогтоох систем ) хүмүүс өргөн хүрээнд ашигладаг болсон цагаас эхлэн тоглосон. Тоглоомын нэрийг монголоор бол "Эрдэнэсийн эрэлчид" гэж утгачлан орчуулж болно.  Байгалийн үзэсгэлэнтэй, түүх дурсгалт газар, хөшөө баримал гээд хаана л бол хаана үүнтэй адил хайрцгийг нуугаад, газар зүйн солбилцлыг нь тэмдэглэж интернэтэд зарлаад бусад тоглогч нараа олохыг уриалдаг тоглоом юм.  

 

    Солбицлын дагуу нуусан энэ хайрцгийг олох гэж гадаадын олон жуулчин манай оронд ирэх бөгөөд цаашид аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн орлогод нэмэр болох нь гарцаагүй.

 

 

    ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ХАЙРЦГИЙГ САНАМСАРГҮЙГЭЭР ОЛСОН БОЛ:
 

    Сайн байна, Та бидний эгнээнд тавтай морил! Бид таниас зөвхөн дараах зүйлсийг хүсье.

•    Хайрцагны байрлалыг бүү өөрчил, бүү сүйтгээрэй (хайрцагыг байранд нь үлдэнэ үү). Та энэ эрдэнэсийн хайрцгийг олбол өөр хэн нэгэнтэй өөрийн санал бодлоо хуваалцахын тулд ашиглаарай.

•    Хэрэв та хүсвэл хайрцаг дотроос ямар нэгэн зүйл авч болно, гагцхүү авсан зүйлтэйгээ тэнцүү үнэлгээтэй буюу дээш үнэлгээтэй зүйлийг үлдээнэ үү.

•    Хэрэв та боломжтой бол доор дурьдсан хаягаар орж “Эрдэнэсийг хэрхэн олсон тухай”-гаа бидэнд мэдэгдэнэ үү.

 

    Geocaching(геокешинг) бол GPS эзэмшигч бөгөөд адал явдал эрэлхийлэгч хэн бүгдэд нээлттэй. 

 

 

    GEOCACHING үүссэн түүх

 

    2000 оны тав дугаар сарын 02-ны өдөр дэлхийг тойрон байрлуулсан 24 хиймэл дагуул нэгэн шинэ зааварчилгаа авч, GPS буюу байрлал тодорхойлогч багажны ажиллагааны нарийвчлал 10 дахин сайжирч, шинэчлэгдсэн. Энэ үйл явдал нь байрлал тодорхойлогч эзэмшигч - шинийг эрэлхийлэгч нарт ихээхэн таатай үйл явдал болж, энэ технологийн боломжийг хэрхэн ашиглах талаар олон арван хэлэлцүүлэг интернет орчинд маш идэвхтэй өрнөсөн байна.2000 оны тавдугаар сарын 3-ны өдөр шинийг эрэлхийлэгч, компьютерийн зөвлөх ажилтай Дэв Улмэр нь байрлал тодорхойлогч багажны ажиллагааны нарийвчлалыг шалгах зорилгоор модот төгөлд хайрцагтай зүйлийг нууж, ийнхүү нуусан зүйлийнхээ солбилцлыг интернэт орчин дахь GPS хэрэглэгчдийн бүлэгт мэдээлсэн.Энэ санаа нь, хайрцагтай зүйлийг модот төгөлд нууж, GPS багажаар тодорхойлсон солбилцлыг нийтэд зарлах гэсэн энгийн агуулгатай ба түүнийг "Great American GPS Stash Hunt" гэж нэрлэсэн байв. Харин тэр хайрцгийг өөр нэг GPS багаж эзэмшигч өөрийн хэрэгслийн тусламжтай байрлалыг нь тодорхойлон олох ба "Ямар нэгэн зүйл аваад, оронд нь нөгөөг үлдээх" гэсэн дүрэмтэй байв. 45°17.460′N 122°24.800′W Ийнхүү тавдугаар сарын 3-ны өдөр Original Stash Tribute Plaque гэх нэр өгч, дотор нь тэмдэглэлийн дэвтэр, харандаа, видео бичлэг, мөнгө, номболон бусад зүйлийг хийсэн өөрийн хайрцгийг Дэв Улмэр нь Орегон мужийн Портлэнд хотын ойролцоо модон дунд нууж, N 45° 17.460 W 122° 24.800 гэх солбилцлыг нийтэлсэн юм. Гурван өдрийн дотор өөр бусад хүмүүс мэдээллийг уншиж, өөрийн GPS багажийг ашиглан хайж олж, олсон тухай мөн мэдээлсэн байна.Дараагийн долоо хоногт өөр бусад хүмүүс өөрийн хайрцгийг нуун, солбилцлыг зарлан, мөн бусад хүмүүс тэдгээрийг хайж олох болсноор энэ сонирхол олон нийтэд идэвхтэй түгэн дэлгэрчээ.Ингээд нэг сарын дотор,Дэв Улмэрийн байрлуулсан хайрцгийг хамгийн анх хайж олсон Мик Тэгуэ гэгч өөрийн хувийн интернет хуудсандаа дэлхийгээр тарж байрлуулсан "нууц хайрцаг"-ны мэдээлэл болон солбилцлыг нийтлэх болжээ. Ийнхүү эрдэнэс эрж хайх сонирхлыг технологийн шинэлэг хэрэгсэлтэй хоршуулснаар нэгэн том хобби бий болсон байна.

 

    Сонирхуулахад

    Хамгийн анхны “жеокеч”-ийг 2000 оны тавдугаар сарын 03-ны өдөр АНУ-ын Орегон мужийн нутагт байрлуулснаас хойш, 2012 оны наймдугаар сард 2,000,000 дахь “жеокеч”- ийг Австрали тивийн нутагт байрлуулсан юм. Одоо ойролцоогоор 3,0 сая гаруй “жеокеч”-ийг байрлуулсан ба 5,0 сая гаруй “жеокечер” идэвхтэй аялж байна.

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.