Охидын сургуулийн Хокинг ОГТОРГУЙД тайлсан замнал

2018-03-14 17:25
Хокингийн амжилтыг физикийн төдийгүй бусад салбар шинжлэх ухааны эрдэмтэд хүндэтгэж үздэг


    Дэлхий дахинд физикийн шинжлэх ухааны салбарт гайхамшигт нээлтүүдээ үлдээсэн Стивен Хокинг тэнгэрт хальлаа.



 

    Хэдийгээр туйлбартай материалист үзэлтэй нэгэн байсан хэдий ч түүний нээлтүүд бидний оршин буй хорвоо ертөнцийн бодит шинж чанарыг урьд өмнө тайлагдашгүй оньсого гэж үзэж байсан олон сэжүүртэй холбон шинжлэх ухааны талаас тайлбарласнаараа онцгой.

 

    Орчин цагийн онолын физикийн “том гар” тэрбээр зөвхөн Нобелийн шагнал хүртэх үлдлээ гэх яриа бий.

 

    Хокингийн төрсөн өдрийн /1942.01.08/ талаар ер бусын яриа домог мэт яригддаг. Учир нь түүний төрсөн өдөр тухайн үеийнхээ тэрслүү гэгдэж байсан нэрт физикч Галилео Галилейн нас барсан өдрийн 300 жилийн ойн өдөр тохиосон юм. Мөн түүний мэндэлсэн нэгдүгээр сарын наймны өдөр Элвис Пресли, Умардын удирдагч Ким Жон Ун нар мэндэлсэн нь эл өдрийн дэлхийд хачирхалтай “зочин” тээж ирдэг гэдгийг илтгэж буй хэрэг гэж үзэх хүмүүс ч бий. 

 

 

    Ердийн нэгэн гэр бүлд төрж, хорь эргэм насандаа нуруу нугасны хүнд өвчний улмаас ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон Хокинг оюуны чадамжаараа хэмжээлшгүй их амжилт гаргаж шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй 20 орчим сая ам.доллараар хэмжигдэх хөрөнгийг үлдээсэн юм.

 

    Бага байхад нь түүний гэр бүл холимог хүүхэдтэй сургуульд сургах мөнгөгүйн улмаас найман настай  байхад нь Гэгээн Албаны нэрэмжит охидын сургуульд явуулах болжээ. Энэ нь бага насны хөвгүүнд хүнд хэрэг боловч тухайн үед амьдралын боломж муугаас зарим айл эрэгтэй хүүхдээ охидын сургуульд өгөх нь ховор биш үзэгдэл байсны дээр нөхөрлөх, хамт тоглох хөвгүүд мэр сэр байснаас сэтгэлзүйд нь тэгтэл нөлөөлөөгүй гэж үздэг. 

 

    Бусад суутнуудын нийтлэг жишгээр тэрбээр дунд сургуульд дунд болон түүнээс доош үзүүлэлттэй сурдаг нэгэн байжээ. Өөрийнх нь тодорхойлон хэлж байснаар тахианы савраар бичсэн мэт хайш яйш бичигтэй залхуу, цэгцгүй хүү байв. Үеийнхнээсээ хожуу буюу найман нас хүртлээ уншиж сураагүй Хокингийг “Эйнштейн” хэмээн хочилж байсны учрыг одоо хэр нь хүмүүс гайхацгаадаг.


 

Болж буй бүхэн, зааж буй хичээл бүр түүний анхаарлыг төдийлөн татдаггүй байснаас тааруухан сурлагатай байсан тэрбээр дунд ангиасаа эхлэн онцгойрч эхлэв. Босго өндөртэй Оксфордод маш сайн оноогоор тэнцсэн гэдэг.

 

ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХОКИНГ

 

    Стивен Хокинг Оксфордын их сургуульд онцгой сайн дүнтэй элсэн орсон ч эхний хоёр жил хичээл нь хэтэрхий хөнгөн байснаас тун уйтгартай өнгөрсөн гэж хуучилсан нь бий. 

 

    Тэрбээр хичээл номдоо түүртэж цаг алддаггүй байснаас чөлөө зав их гардаг байсан бөгөөд сургуулийнхаа сэлүүрт завьны багийн гишүүн байсан төдийгүй олон төрлийн спортоор сонирхон хичээллэдэг хөдөлгөөнтэй, эрүүл чирэг залуу байжээ. Найз нөхөдтэйгөө бүжгэнд орж, сонгодог урлагийн тоглолт үзэх нь түүний хориод насны салшгүй нэг хэсэг байсан гэх. 

 


 

 

    Энэ л үедээ тэр анхны эхнэр Жэйнтэйгээ танилцсан байна. Люси, Роберт, Тим гэдэг гурван хүүхдийн эцэг эх болсон ч Хокингийн бие муудсны дараа эхнэр нь өөр хүнд дурласны улмаас 1995 онд салцгаажээ. 

 

    Харамсалтай нь түүнийг 20 гаруйхан настайд оношлогдсон мэдрэлийн системийн хүнд өвчин түүнийг насан туршдаа тэргэнцэр дээр хөдөлгөөнгүй байх “шийтгэл” оноосон юм. Гэвч анх 1963 онд хоёр жил гаруй амьдарвал дээдийн зол гэж үзэж байсан эмч нарын оношийг тэргэнцэртэй Хокинг 55 жилээр уртасгаж чадлаа.

 

ГАЙХАМШИГ БҮТЭЭСЭН ГАЙХАМШИГ

 

    Хокингийн амьд байгааг гагцхүү гайхамшиг хэмээн эмч нар хүлээн зөвшөөрсөн бол түүний нээлтүүдийг онолын физик гайхалтай гэж тодорхойлсон юм. 


 

    Түүний бүх бие саажсанаар ямар ч хөдөлгөөний чадамжгүй болсноос гадна саажилтын улмаас түүний уушгиний өвчин 1985 онд хүндэрч мөгөөрсөн хоолойдоо гуурс тавиулж ярих чадвараа ч бүрэн алдлаа.

 

    Биеийн байдлаас нь болж түүний дэргэд 24 цаг асрагч байх шаардлагатай болов. Түүний байнгын асрагч Элейн Мэйсон хожим нь хоёр дахь эхнэр нь болжээ. Харамсалтай нь тэдний гэрлэлт 2006 онд төгсөж Хокингийн ярих дургүй сэдвийн нэг болон үлдэх нь тэр. 

 

    Бүх бие нь саажиж, хөдөлгөөний ямар нэг чадамжгүй болсон хэдий ч хөдөлгөөн мэдэрдэг компьютерийн тусгай программын тусламжтайгаар бусадтай харилцдаг байв. 

 

    Хокинг  нүүрний хөдөлгөөнөөр харилцах арга олоод байсан ч шаардлага хангахгүй байлаа. Харин долоовор хурууны хөдөлгөөнийг мэдэрч дуу авиа гаргадаг “Эквалайзер” хэмээх төхөөрөмжийг найзууд нь бэлэглэснээр түүний хувьд тухайн үеийн хамгийн төгс харилцааны хэрэгсэл болсон юм. Төдөлгүй түүний хуруу ч хөдлөх боломжгүй болоход уг төхөөрөмжийн мэдрэгчийг хацарт нь наадаг хэлбэрт шилжүүлснээр түүнд дахин том боломж нээгдлээ.

 

    Одоогийнхтой харьцуулахад техник технологийн хөгжил доогуур байх үед энэ хэмжээнд хүрч чадсан Хокингийн амжилтыг физикийн төдийгүй бусад салбар шинжлэх ухааны эрдэмтэд хүндэтгэж үздэг. 

 

    Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй хүрээлэл шашныхан дунд л байсан гэхэд болно. 1981 онд тэрээр Ватиканд болсон сансар судлалын бага хуралд оролцох үеэрээ II Иоан Пауэлтэй уузаж ярилцсан юм. Шашны итгэл үнэмшлийн эсрэг Их тэсрэлтийн онолыг баримтлагч түүний ертөнцийн үүслийн талаарх үзэл бодлыг Пад лам буруушаасан гэдэг. 

 

Түүний намтрын онцгой баримтууд 

 


 

•    Тэрбээр Кэмбрижид докторын зэрэг хамгаалахаасаа өмнө 1959 онд Оксфордын Их сургуулийн байгалийн ухааны шагналыг хүртсэн.

•    Хокингийн 1974 онд баталсан хар нүхний ялгаруулдаг эрчим хүчний тухай онол “Хокингийн цацраг” гэх нэршилтэй болов.

•    Түүний алдарт “Цаг хугацааны түүх” ном 1988 онд хэвлэгдэн 10 сая гаруй хувь борлогджээ.

•    Стивен Хокингийн амьдралаас сэдэвлэсэн “Бүх зүйлийн тухай онол” /The Theory of everything/ кино 2014 онд гарч түүний дүрийг Оскарын шагналт Эдди Рэдмэйн бүтээсэн. Уг кинонд түүний амжилт болон анхны эхнэртэйгээ өнгөрүүлсэн амьдралын талаар гардаг.

•    Шашин шүтлэггүй ч тэрээр харь гаригийнханд итгэдэг байсан бөгөөд дэлхийн хөгжлөөс хол давуу түвшний харийнхан ирж эзлэн түрэмгийлэх вий гэхээс айдаг хүн байсан юм. 

•    Шинжлэх ухаан, тэр дундаа онолын физикийг хүмүүс ойлгодоггүй, энэ төрлийн лекц, бичлэгийг “нойрны эм” гэж үл тоомсорлодог байсан хандлагыг Стивен Хокинг бүрмөсөн өөрчилсөн гэж болно. Урьд өмнө нь онолын физикийн эрдэмтэн түүн шиг олон телевизийн шоу болон сурталчилгаанд тоглосон нь үгүй. Тэрээр “Симпсоныхон”, “Оддын зам”, “Их тэсрэлтийн онол” зэрэг олон шоунд оролцож байв. 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.