Д.Баярмаа: Наймаандаа итгэлгүй байвал ЦАХИМААР ХУДАЛДАН АВАЛТ хийхгүй байхад л болно

2018-03-15 15:36

        Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас \ШӨХТГ\ Олон улсын хэрэглэгчийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан “Цахим орчны хэрэглэгч 2018” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.




        ESA— Цахим худалдаатай холбоотой эрх зүйн орчин манай улсын хэмжээнд бүрдээгүй байна. Энэ төрлийн худалдаанд ямар байгууллага хяналт шалгалт тавих, иргэдийн гомдол саналыг хэн барагдуулах зэрэг тодорхойгүй асуудлууд үүсээд байгаа. Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цахим худалдаа эрхлэгчийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн  орчинг бүрдүүлэхээр ШӨХТГ-т хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Ажлын хэсэг нь цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авч нэгтгэн шат, шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газарт өргөн барьж УИХ-аар батлуулах зорилтыг тавин ажиллаж байгаа юм.

 

Ц.Лхагвасүрэн: ЦАХИМ ХУДАЛДААНЫ ХОХИРОГЧИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ БОЛОМЖ АЛГА


Энэ тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Өрсөлдөөний газрын дарга Ц.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

 


 

      ESA — Цахим худалдааг хууль эрх зүйн орчинтой болгохоор ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатандаа үргэлжилж байна?


         — Өнөөдөр цахим худалдаа ямар ч эрх зүйн зохицуулалтгүй худалдааны нэг төрөл болчихлоо. Эзэнгүй зүйл эзэнгүй байдаг учраас үүнийг дагаад хэрэглэгчийн эрх зөрчигдөх, магадгүй их хэмжээний мөнгөний хохирол учрах эрсдэл хаалга тогшиж байна. Хэрэглэгчийг хамгаалах, нөгөө талдаа цахим орчинд худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг эрх зүйн орчноор хамгаалж, үүрэгжүүлэх шаардлага нийгэм шаардаж байгаа юм.


1994 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Тухайн үеийн худалдааны орчин, одоогийн худалдааны нөхцөл өөрчлөгдсөн учраас энэ хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Одоо ШӨХТГ-т хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Шинэ хуулиар “Цахим худалдаан дах хэрэглэгчийн эрх” гэсэн цоо шинэ бүлэг нэмж байна. Ер нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль шинэчэлснээр цахим орчинд худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлэх, тэднийг хариуцлагатай үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлэх болно. Мөн хэрэглэгчийн эрх, үүргийг ч нарийвчлан тусгах болно. “Үүнийг хэрхэн зохицуулах вэ?” гэдэг асуултад хариулт авахын тулд цахим худалдаа эрхлэгчдийн саналыг авахаар өнөөдөр зөвлөлдөж байна.


    ESA — Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар цахим орчинд худалдан авалт хийсэн иргэдийн хохирлыг барагдуулах боломж байна уу?


     — Манай иргэд энэ төрлийн худалдааны хохирогч болсон тухайгаа албан ёсны өрсөлдөөний байгууллага, хэрэглэгчийн газарт өгөхгүй байж цахим орчинд бухимдлаа илэрхийлдэг. Яахав, эрх зүйн зохицуулалт байхгүй учраас цахим худалдааны хохирогч болсон иргэдийн хохирлыг барагдуулах боломж байхгүй байгаа нь үнэн.


Гадаадын аж ахуйн нэгж байгууллагаас цахимаар худалдаа хийгээд хохирогч болох юм бол олон улсын хэрэглэгчийн байгууллагаар дамжуулан барагдуулах боломжтой. Гэхдээ хэрэглэгчийн худалдан авалт хийсэн улс нь олон улсын хэрэглэгчийн байгууллагад ямар статустай байна түүнтэйгээ адил статусыг Монгол улсаас шаардаж байгаа. Тиймээс цахим орчин дахь худалдааны эрх зүйн орчинг нэн даруй бий болгохгүй бол хэрэглэгч хохирсоор л байх болно.

 

       ESA — Тэгэхээр худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих боломжгүй гэсэн үг үү?


   — Боломж тун хомс.  Өнөөдөр бүх төрлийн сайтыг ажиллуулахын тулд Үндэсний дата төвөөс нэр, зөвшөөрлөө авдаг. Эрхзүйн хүрээнд худалдааны сайт гэлтгүй бүх төрлийн сайтад хяналт тавьж боломж байхгүй. Яахав, Сонгуулийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд сонгуулийн сурталчилгааны үед хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулбал танай сайтыг хааны шүү гэсэн ганцхан заалт байна. Түүнээс биш хэрэглэгчийг хохироосон бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа.


    ESA— Цахим худалдаа нь хэрэглэгчдэд худалдаа хийх тав тухтай нөхцөл, өмнө нь байгаагүй өргөн сонголтыг санал болгосон дэвшилтэт технологи юм . Энэхүү худалдаа нь олон улсад хэрхэн хөгжиж байгаа талаар АНУ болон БНХАУ-ын жишээн дээр тайлбарлаж болно. Энэ хоёр улс нь цахим худалдааны зах зээлд олон жил өрсөлдөж байгаа бөгөөд 2016 оны байдлаар БНХАУ-д 702 сая, харин АНУ-д 264 сая онлайн хэрэглэгч байдаг гэсэн тооцоо гарчээ.


“ДЭЛХИЙН ДАХИН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ХӨГЖЛӨӨРӨӨ БИДНИЙГ ХЭДИЙНЭ  АРДАА ОРХИСОН”


Тэгвэл “Өнөөдөр манай улсад цахим худалдан авагч хэр олон байна вэ?”,  “Иргэд цахим худалдаанд сэтгэл хангалуун байж чадаж байна уу?”. Эдгээр асуултад хариулт авахаар Судалгаа Хөгжил Технологийн Төвийн захирал Д.Баярмаатай ярилцлаа.

 


       ESA — Аль, аль талынхаа эрхийг хамгаалсан хууль, эрх зүйн орчин хэрэгтэй байна. Цахим орчинд худалдаа эрхэлж байгаа таньд ямар санал байгаа вэ. Төр ямар бодлогоор цахим худалдааг дэмжих хэрэгтэй юм бол?


       — Цахим худалдаа эрхлэгчид өөрсдийн чадлаар л үйл ажиллагааг явуулж байна. Төрөөс олон талт дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр дэмжлэг нь мөнгө санхүүгээр дэмжих бус үйл ажиллагаа явуулах орчинг бүрдүүлж өгөх юм. Тухайлбал, “Худалдаа эрхлэгчид өөрсдийн программ хангамжаа хакердуулвал яах вэ?”, “Хэрэглэгч захиалсан бараагаа авалгүй худалдаа эрхлэгчийг хохироовол яах вэ?” гэх мэтээр цахим худалдаатай холбоотой эрх зүйн орчинг маш нарийвчилж, зохицуулах шаардлагатай. Хэдийгээр цахим худалдаа нь манай улсад шинээр хөгжиж байгаа боловч иргэд аль хэдийнэ энэ төрлийн үйлчилгээнд дассан. Одоо хуулийн хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдгийг л ТӨР шийдээд өгчих хэрэгтэй.


    ESA — Иргэдийн цахимаар захиалсан бараандаа сэтгэл ханамжгүй байх тохиолдол цөөнгүй. Тэгэхээр иргэдийн сэтгэл ханамж, итгэлийг олж авахын тулд цахим худалдаа эрхлэгчид юунд анхаарч байна вэ?


        — Цахим худалдааны хамгийн чухал нь ИТГЭЛЦЭЛ. Иргэн манай байгууллагад итгэж байвал цахимаар захиалга өгөөд худалдан авалт хийж болно. Хэрэв өөрийн худалдан авалтдаа итгэлгүй, байгууллагад нь итгэхгүй байгаа бол цахим худалдаа хийхгүй байхад л болно. Аль, аль талдаа хохиролгүй байх юм. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд хууль, эрх зүйн орчинтой байх хэрэгтэй. Мөн хэрэглэгчийн цахим худалдааны мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай. Одоогийн цахим худалдаа эрхлэгчид ихэвчлэн мэдээлэл технологийн мэргэжилтэн байна. Гэтэл цахим худалдаанд маркетинг дутагдаж байгаа болохоор хэрэглэгчийн сэтгэл ханамж дутмаг, тэдний итгэлийг олж авч чадахгүй байгаа юм. Яахав, итгэлцлийг худалдаа эрхлэгчид өөрсдөө бий болгох боловч сайны хажуугаар саар гэгчээр хуурамч худалдаа эрхлэгч цөөнгүй цахим орчинд байгаа. Иймээс төр, хууль хяналтын байгууллагууд хууль бус, хуурамч, иргэдийг залилан мэхэлдэг цахим худалдааны төрлүүдийг маш сайн хянаж, шахах ёстой. Ингэж чадвал цахим худалдааг хөгжүүлэх нэг хөшүүрэг болж чадна.


      ESA — Онлайн худалдаа эрхлэгчид бусад аж ахуйн нэгжтэй адилаар бүртгэлд хамрагддаг уу. Аж ахуйн нэгжийн татвар төлдөг үү?


      — Одоо ихэнх худалдаа эрхлэгчид ашигтай ажиллаж чаддаггүй. Бараа бүтээгдэхүүн онлайнаар захиалж, зарж байгаа учраас тухайн барааг үйлдвэрлэдэг компаниас захиалгын хэмжээгээр бага хэмжээний ашиг авдаг. Гэтэл олж байгаа ашгаа үйл ажиллагааны зардалд зарцуулж байгаа болохоор тогтмол татвар төлж чаддаггүй. Тэгэхээр нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ үзүүлэхийн тулд цахим худалдаа гадаадын зах зээлд гарах хэрэгтэй байгаа. Ер нь цахим худалдааг хөгжүүлэхийн тулд төр хувийн хэвшилгүй хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Дэлхий даяар цахим худалдаа хөгжиж их хэмжээний ашиг орлого олж байгаа шүү дээ. Тиймээс энэ чиглэлийг дэмжсэн төрийн зохицуулалт хэрэгтэй байгааг онцолмоор байна.


Энд нэмэхэд, 2017 онд Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгт 6000 орчим өргөдөл гомдол иржээ. Гэвч эдгээр өргөдөл дунд цахим худалдаатай холбоотой нэг ч мэдээлэл байхгүй байгаа нь иргэд цахим худалдааны хохирогч болбол хаана хандахаа мэдэхгүй байгаатай холбоотой юм байна. Хэдийгээр Монгол Улсын нөхцөл ийм боловч цахим худалдаа дэлхий нийтээр хөгжиж байгаа учраас энэ чиглэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатайг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ярьж байсан юм.

 

 


 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.