Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-4

2018-03-16 17:11
Хохирогчтой анх уулзахад, эсвэл хэдэн асуулт бөглөөд сэтгэлзүйн гэмтлийг нь тогтоох боломжгүй. Урт хугацаа шаардана.

 

 

    ESA—Бидний ярилцлага бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сэтгэл рүү хальтхан ч гэсэн “өнгийх” боломжийг олон хүнд олгоно гэдэгт найдна. Ийм төрлийн хохирогчдод сэтгэл заслын удаан хугацааны үйлчилгээ үзүүлдэг “Талита Ази” төвийн үүсгэн байгуулагч, төслийн удирдагч Б.Цэрэнчунттай ярилцсанаа хүргэе. 



 

 

 

"ХОНОГИЙН ХООЛОНДОО САНАА ЗОВЖ АМЬДАРЧ БАЙГАА БОЛ ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙ"

 

    ESA—Та эхлээд байгууллагаа танилцуулна уу. Ямар чиг үүрэгтэй, хэчнээн хүн ажилладаг газар вэ?


    —Манайх 2014 онд байгуулагдсан. Анх хүчингийн гэмт хэргийн хохирогч, бэлгийн мөлжлөгт өртөж, хүчээр биеэ үнэлүүлж байгаа охид, эмэгтэйчүүдэд нийгмийн сэтгэлзүйн үйлчилгээг удаан хугацаанд үзүүлэх зорилгоор байгуулсан, олон улсын байгууллага. Эхний 2-3 жилдээ бид энэ зорилтот бүлэгтээ чиглэж чадаагүй л дээ. Яагаад гэхээр, удаан хугацааны үйлчилгээ авах сонголтыг  зөвхөн хохирогч өөрөө л хийдэг. Одоо манайд нийтдээ таван хүн ажиллаж байна.

 

 

    ESA—2014 онд танай байгууллага анх хэчнээн хүн хүлээж авсан бэ. Өдийг хүртэлх хугацаанд сэтгэл заслын үйлчилгээ аваад явж буй хэчнээн хүн байна?


 
    —Анх ердөө хоёр хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байсан. Яагаад гэхээр, тухайн үед түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байлаа.  Бид удаан хугацааны сэтгэл заслын үйлчилгээний хажуугаар орчны сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг. Орчны сэтгэл засал гэдэг нь тухайн хүнд өөрт нь тохирсон амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. Тэгж байж сэтгэл заслын удаан хугацааны эмчилгээ маань үр дүнтэй болно. 


    Ингээд бид түрээсийн хоёр өрөө байрыг үйлчлүүлэгч нартаа нэг, нэг өрөөгөөр нь зориулж үйлчилгээ явуулсан. Тэгэхээр жилд ердөө хоёр хүнд л үйлчлэх боломжтой байсан гэсэн үг. Яахав, үүнийхээ хажуугаар өдөрт 1-2 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан. Үүнийгээ бид сэтгэл заслын эмчилгээ гэж нэрлэдэггүй л дээ. Сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээ гэсэн үг.  

 

 

    ESA—Хохирогчид амьдрах орчин буюу шинээр гэр орон бий болгож өгдөг юм байна. Энэ өөрөө дэлхийн стандарт уу?


    — Тийм. Бид эхлээд хохирогчид үйлчилгээгээ санал болгодог. Өөрөөр хэлбэл, хэнд ч “Чи хохирогч учраас заавал манай үйлчилгээг авах ёстой” гэж тулган шаарддаггүй. 


    Хохирогчид маань цагдаагийн байгууллага, дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, эсвэл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс манайд дамжиж ирдэг. Өөрөөр хэлбэл, хуулийн зөвлөгөө авчихсан, хохирогч мөн эсэхийг нь тогтоочихсон, анхан шатны тусламжаа авсан хүмүүс. Энэ тохиолдолд “Тэгээд одоо яах вэ?” гэдэг асуулт гарч ирдэг ч ямар нэгэн гарц шийдэл ихэнхдээ байдаггүй шүү дээ. 


    Тэднийг хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ойролцоогоор 1-3 сар хамгаалалтад амьдруулаад, цаашид байлгах боломжгүй. Ингээд эдийн засгийн хувьд боломжгүй, гараад шууд ажил хийх чадваргүй маш олон эмэгтэй буцаад л нөгөө хүчирхийллийн орчиндоо очихоос аргагүй байдалд эргэн ордог. 


    Энэ үед нь бид уулзаад “Манайд ийм, ийм боломжууд байна. Жишээлбэл, та 12 сарын хугацаанд сэтгэл заслын хувьд эмчилгээ авах боломжтой. Нийгмийн ийм үйлчилгээнүүд бэлэн байна, санхүүгийн хувьд айх зүйлгүй” гэх мэтээр хохирогчид үзүүлэх боломжтой үйлчилгээгээ санал болгодог. 


     Хүчирхийлэлд өртсөн ихэнх эмэгтэйчүүд “Одоо би яах вэ?”, “Хүүхдийнхээ хоол ундыг яах вэ?” гэхчлэн жижиг, сажиг асуудалд санаа зовнин, үүнийгээ шийдвэрлэхийн тулд өөрийгөө хаячихдаг. Өөрөөр хэлбэл, ийм зүйлд санаа зовж байгаа хохирогч хувь хүнийхээ хувьд хөгжих, сэтгэл зүйгээ эмчлэх боломжгүй. Ингээд хохирогчид зарим нь эргээд нөгөө хүчирхийлэгч рүүгээ очино, зарим нь аргагүйн эрхэнд биеэ үнэлэхэд хүрнэ. 


    Тэгэхээр бид хохирогчид сэтгэлзүйгээ өөрчлөх боломжийг нь олгож өгдөг. “Та хоол унд, хүүхдийн цэцэрлэгийн асуудалд санаа зовох зүйлгүй. 12 сарын хугацаанд бид энэ асуудлуудыг тань шийдэж өгье. Харин энэ 12 сарын хугацаанд та үнэхээр өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна уу?” гэх мэт. 


     Гол нь үйлчлүүлэгч өөрөө хүсэх ёстой. Ингэж байж удаан хугацааны үйлчилгээ маань үр дүнд хүрнэ. Ямар нэгэн гадны нөлөөлөлд авталгүй, өөрөө сонголтоо хийснээрээ тухайн хүн өөрийгөө өөрчлөх боломж нь нээгддэг гэсэн үг. 

 

 

    ESA— Та бүхнээс хамгийн анх үйлчилгээ авсан тэр хоёр эмэгтэй өнөөдөр ямар нөхцөлд амьдарч байгаа вэ. Тэдэнд сэтгэл зүйн ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?

 

    —  Нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хоёр хүүхэдтэй эмэгтэй байсан. Нөгөөх нь гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг,  хүчээр биеийг нь үнэлүүлэх гэсэн гурван гэмт хэргийн хохирогч эмэгтэй байсан. 


    Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй нь бэлгийн дарамтад давхар өртөж  байсан. Нөхөр нь 15 жилийн турш дарамталсан. Эмэгтэй өөрөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, бэлгийн дарамтад өртөөд байна гэдгээ мэддэггүй байсан. “Миний нөхөр л юм чинь, хоёр хүүхдийн маань аав нь л юм чинь согтуу ирэхээрээ намайг ингэх нь энгийн зүйл” гэж хүлээж авч байсан. Нэг удаа тэрээр  радио сонсож байгаад өөрийгөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч юм байна,  бэлгийн дарамтад өртдөг юм байна гэж ойлгосон байгаа юм. Ингээд анх тусламж хайж эхэлсэн. 


    Эхэндээ мэргэжлийн байгууллагад биш, гэр бүлийнхээ хүрээнд, хамаатнуудаасаа тусламж хүсэн очиж хонодог болсон. Гэсэн ч  нөхөр нь олоод авчихдаг учраас манайд хандаж байсан. Ингээд манайд арван сар болсны дараагаас биеэ дааж амьдарч эхэлсэн. 


     Амьдралаа шинээр эхэлсэн, одоо маш амжилттай яваа. Өөр хүнтэй гэрлэж, одоо таван хүүхэдтэй болсон. Бидэн рүү утсаар ярьдаг, байнга холбоотой байдаг. “Би өөрийнхөө амьдралыг өөрчилчихлөө. Одоо өөртэйгөө адилхан эмэгтэйчүүдэд тусалмаар байна, юу хийж болох вэ?” гэдэг. Тэр хэдийнэ, бусдын амьдралыг өөрчлөхөд гар, бие оролцоод явж байгаа.

 

 

    ESA—Сайхан мэдээ байна. Харин нөгөө эмэгтэй нь яасан бэ?

 

    —Тэр эмэгтэй манайд 21 настайдаа анх ирсэн. Гэр орон байхгүй, өөрийн ээж болон хойд эцэгтэйгээ хамт зочид буудалд амьдардаг байсан юм билээ. Ээж, хойд эцэг хоёр нь буудлынхаа мөнгийг төлөхийн тулд охиноо худалддаг байсан. Охин эсэргүүцэхээр зоддог. Тэр биднээс 15 сар үйлчилгээ авсны дараа  бид түүнийг улсын асрамжийн газарт хүлээлгэж өгсөн. Яагаад гэхээр, хөөрхий охины сэтгэл зүйн гүн хямрал аль хэдийнэ бие махбодид нь өвчин болоод илэрчихсэн байсан. 

        Эпилепси буюу унаж татдаг өвчтэй болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, биеэ даах чадваргүй хэрнээ ар гэрээс ямар ч анхаарал халамж байхгүй. 


    Бид түүнийг босгож авах гэж их хичээсэн. 4-5 удаа эмнэлэгт хэвтүүлж, сэтгэл заслын эмчилгээ хийсэн.  Эпилепси нь хүнд түвшиндээ оччихсон учраас нэмэр болоогүй. СХД-ийн эмнэлгээс бидэнд, “Та нар энэ хүнийг ингэж авч явсаар байгаад хүн амины хэрэгт оров. Наад хүн чинь нэг татаж унахдаа л тэр чигээрээ нас барах аюултай” гэж хэлсэн. Тиймээс нэгдүгээрт, бидэнд тийм өвчтэй хүнийг дур мэдэн эмчлүүлэх эрх байхгүй, хоёрдугаарт бид мэргэжлийн эмч нар биш учраас охиныг улсын асрамжийн газарт, өөрөөр хэлбэл 24 цагийн турш эмчтэй байдаг газарт хүлээлгэж өгсөн. 

 

 

"ШҮҮМЖЛЭХ ГЭЭГҮЙ ЮМ ШҮҮ, БИД ЖААХАН ӨӨРЧЛӨГДӨХ ЁСТОЙ"

 

    ESA— Сэтгэл зүйн шарх бие махбодид нөлөөлдөг байх нь?


     —Тийм. Охины ээж биеэ үнэлдэг байсан гэсэн. Тэр үед охин өвөөтэйгөө, ээжтэйгээ амьдардаг байж. Өөрийнх нь ярьж байснаар найман настайд нь түүнийг хажуу айлынх нь ах орж ирж хүчиндэж, тэрнээсээ болоод жирэмсэн болж, ээж нь хүчээр үр зулбуулсан гэж байгаа юм. 


     Удалгүй өвөө нь өнгөрч, охиныг ээжээс нь өөр харах хүнгүй болсон. Ээж нь охиноо нас бие хүрэхэд биеийг нь үнэлүүлдэг болсон. Магадгүй өөрөө хямдхан, охин нь илүү үнэд хүрдэг байсан байх. Гэхдээ охинд өвөөгийнх нь хүмүүжил их нөлөөлсөн байсан л даа. “Энэ бол буруу зүйл, чи ингэж амьдрах ёсгүй” гэдэг ч юм уу. Тийм учраас охин өөрийнх нь биеийг үнэлүүлэхийг маш их эсэргүүцдэг, хүлээн зөвшөөрдөггүй байсан. Зарим үед өөрөө зугатаж гардаг байсан. Тэр маш олон газраас тусламж гуйсан байдаг. Халамжийн газрынхан, хорооны ажилтнууд нь бүгд түүнийг мэддэг. Тэгсэн мөртлөө тусалж чадаагүй. Яагаад гэхээр, охиныг удаан хугацаанд байлгах газар байхгүй. Туслалцаа үзүүлэх систем нь байхгүй. 


    Дээр нь охин зан аашны хувьд маш их өөрчлөлттэй, хүнтэй  хамтарч амьдрах ойлголтын тал дээр “ноль”. Гэр бүлийн амьдрал гэдгийг мэдэхгүй. Яагаад гэхээр, дандаа бэлэн гоймон иддэг, кола уудаг, зочид буудлаар амьдарч ирсэн учраас. 


    Эмнэлэгт хэвтэж байхдаа шөнө татаж унана, татаж унахаараа орондоо шээнэ. Нөгөө талаас, сексийн хэт их дуршилтай болчихсон байсан. Яагаад гэхээр, байнгын бэлгийн харьцаанд ордог байсан хүүхэд түүнийгээ энгийн үзэгдэл гээд бодчихсон. 

 

     Бие махбодь нь цаанаасаа шаарддаг, түүнийг нь өөрөө хүсдэг гээд бодчихдог. Нэг давуу тал нь охин бэлгийн дур хүслээ “Би ингэмээр, тэгмээр байна” гээд бидэнд чөлөөтэй илэрхийлдэг байсан. Түүнийг нь бид “Чи ямар заваан юм бэ. Чи ингэж болохгүй” гэж хүлээж авдаггүй. “Илэрхийл, гарга” гэдэг байсан. Тэгээд илэрхийлж байгаа үед нь маш тайвнаар, тухайн үеийн өөрийнх нь сэтгэл зүйд тааруулан аргадаж, тайлбарлаж өгдөг. “Энэ бол хүн болгонд төрдөг мэдрэмж мөн. Чи үүнийгээ илэрхийлэх ёстой, гэхдээ зөвхөн бидний дэргэд. Гэхдээ энэ бол зөв зүйл биш, ийм үед сэтгэл хөдлөлөө ухаанаараа зохицуулах ёстой” гэх мэтээр сэтгэл заслын арга хэрэглэдэг. Хэрэв шууд хориглоод, түүнтэй эвгүй харилцвал өөр газар түүнийгээ илэрхийлнэ шүү дээ. 


    Тэр анх ирэхдээ маш их ууртай байсан. Уурлахаараа юу ч хамаагүй шиддэг, хэнийг ч хамаагүй зоддог, бас татаж унадаг. Энэ нь өөрийгөө илэрхийлж байгаа нэг хэлбэр. 


    Таталтыг нь эмч нар “Анх дүр эсгэж байгаад тэр нь жинхэнэ болсон юм байна” гэж тайлбарлаж байсан. Яагаад гэхээр, өөрийг нь хэн ч хайхардаггүй байсан. Тэгэнгүүт бусдын анхаарлыг татах гэсэн арга сурсан нь энэ. Өөрөөр хэлбэл, “Би хүнд биеэ өвдөж байгааг харуулахгүй бол хүн намайг тоодоггүй юм байна” гээд худлаа татдаг байсан. Тэгэнгүүт тэр нь жинхэнэ болчихсон юм уу даа, эмч бол ингэж тайлбарладаг байсан. 

 

 

    ESA—Тийм зүйл болох боломжтой юу?


    — Анагаахын шинжлэх ухаанд бол боломжтой гэж үздэг юм билээ. Харин бид буюу сэтгэл зүйч, сэтгэл засалч нар үүнийг яаж харсан бэ гэхээр, хохирогч охиныг бэлгийн хүчирхийлэлд өртсөн, биеийг нь үнэлүүлж байсан зодож байсныг нь хэнд ч илэрхийлж чадахгүй байсаар байгаад энэ нь унаж татдаг өвчин болчихсон гэж.


    Хүнтэй ярилцахаараа сандардаг, сандрахаараа шууд татчихдаг байсан. 


    Гэтэл биднийг анх түүнтэй уулзаад ярилцаж байгаад татаж унахад нь эмч дуудсан юм. Эмч “Хөөе боль, чи яагаад худлаа ингээд байгаа юм, сэр!” гээд загначихсан. Хэсэг байж байгаад ухаан оронгуут нь “Тэр хар даа, сэргэчихэж байгаа биз дээ?” гэх жишээний. 


    Хохирогчийг сэтгэл зүйн хувьд хямраад ийм байдалд хүрсэн байна гэдгийг манай нийгэм, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс ойлгож, хүлээж авах нь чухал юм байна гэж би тухайн үед харж байсан. 


    Би шүүмжлэх гээгүй юм шүү, зүгээр л бид нар жаахан өөрчлөгдөх ёстой юм байна гэдгийг хэлэхийг хүсч байна. 

 

 


    ESA—Түүнд Та бүхэн жаахан ч гэсэн тусалж чадсан уу, сэтгэл зүйд нь?

 

    —Охиныг улсын асрамжийн газар өгөх үед хохирогч гарчихсан байсан хамгийн эерэг үр дүн нь тэр өөрөө хоолоо хийж иддэг болчихсон байсан. Гудамжинд салхилаад сууж байхдаа хүнтэй зөв харилцаж сурсан. Тухайлбал, урьд нь эрэгтэй хүнтэй харилцахдаа аальгүйтдэг, биед нь хамаагүй хүрдэг байсан бол “Энэ хүн зүгээр л надтай харилцаж байгаа хүн. Энэ хүн бол эмч” гэх зэргээр тухайн хүний байрь суурийг хүлээн зөвшөөрч сурсан. Энийг маш том давуу тал гэж бид харж байгаа. 


    “Асрамжийн газрын даргатай би ийм л зүйл ярих ёстой”, “Эмчтэй ийм л зүйл ярих ёстой” гэх мэт. Урьд нь бол эмч байна уу, цагдаа байна уу хэн байхаас үл шалтгаалаад эрэгтэй хүнтэй бэлгийн дур хүслээр давамгайлж харилцаг байсан. 


    Түүнчлэн гэр бүлийн амьдралд суралцсан. Гэртээ хоолоо идээд, хүнтэй өөд өөдөөсөө харж ярилцаж суух нь миний хувь хүний эрх чөлөө юм байна гэдгийг ухамсарладаг болсон. Нөгөө талаасаа бид нарын хардаг маш том зүйл юу вэ гэхээр, хүнээс хайр авч сурсан. Урьд нь хэн нэгэн хүн өөртэй нь сайхан харилцахаар “Би энэ хүнд эмэгтэй хүнийхээ хувьд таалагдаж байгаа юм байна” гэдэг өнцгөөс харж, харилцдаг байсан бол манайхаас гарахдаа, “Би хүнээс хайр, хүндлэл авах эрхтэй хүн юм байна. Би өвдөж болох юм байна, өвдөж байгаагаа хэлж болох юм байна” гэх мэт.  Мэдээж, хүн бүрийн хөгжлийн түвшингээс нь шалтгаалаад гарах үр дүн өөр, өөр байдаг.  

 

 

 

    ESA—Сэтгэл зүйн гэмтлийн зэрэг гээд нэг ойлголт бий. Үүнийг хэрхэн тогтоодог юм бэ?


    — Сэтгэл зүйн гэмтлийг тогтоодог арга байхгүй. Дээр дурьдсанчлан хувь хүний хөгжил, сэтгэл зүйн байдал, бие махбодид нь илэрч байгаа гэмтлүүдээс нь хараад “Энэ хүний сэтгэл зүйн гэмтэл нь бие махбодид нь нөлөөлсөн байна”, “Сэтгэхүйд нь, хувь хүнийх нь хөгжилд нөлөөлсөн байна” гэдгийг тогтооно. Анхны уулзалтаар, эсвэл хэдэн асуулт бөглөөд “Тэдэн хувь байвал сэтгэцэд, тэдэн хувь байвал хувь хүний хөгжилд” гэх мэтээр тогтоох боломжгүй л дээ.  Тодорхой хугацаанд харилцаж, ярилцаж, өдөр тутмынх нь амьдралд оролцож байж тогтоодог. Асуулт бөглүүлж, сэтгэл зүйн гэмтлийг тодорхойлох гэж оролдох нь хувь хүний эрхэнд халдаж байгаа асуудал гэж бид үздэг. 

 

 

"12 НАСТАЙДАА ХҮЧИНДҮҮЛСЭН ОХИН ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ БОЛЧИХСОН"

 

 

      ESA—Сэтгэл зүйн хохирогч олон төрөл бий. Хүчингийн хэргийн хохирогчтой ажиллахад онцгой  ямар ур чадвар, арга барил шаарддаг вэ?


    — Өөрийнхөө туршлагаас харснаа хэлэхэд, энд сэтгэл л хэрэгтэй байдаг. Ажиллаж байгаа хүн маань ямар ч хүн байж болно. Би үйлчүүлэгчээ хохирогч гэдгийг нь бүрэн дүүрэн ухамсарлаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр, “Энэ чинь насанд хүрсэн хүн, хүчирхийлүүлсэн нь аль бага насанд нь болоод өнгөрсөн зүйл” гэх мэтчилэн хандаад байвал бид тухайн хүнийхээ сэтгэл зүйн гэмтлийг эмчилж чадахгүй. 


     Нийгмийн гаргадаг гол алдаа юу вэ гэхээр, хохирогч ийг нэг тийм доод түвшин рүү аваачиж хараад байдаг. Жишээ нь, “Хүчиндүүлсэн охин” гэж ярьдаг. Би ингэж хэлэх үнэхээр дургүй. Түвшин маш чухал. “Хүчиндүүлсэн охин байна шүү дээ” гэх зэрэг үг хэрэглэвэл хохирогч сэтгэл санааны доод түвшинд очино. Тэр доор байгаа хүнийг бид энгийн хүний түвшинд аваачин сэтгэл зүйн гэмтлийг тогтоож эмчилнэ гэдэг боломжгүй зүйл. 


    Бас нэг зүйл нэмээд хэлэхэд, сэтгэл засалчид маань жүжигчин болох шаардлагатай байнга тулгардаг. Үйлчлүүлэгчиддээ тохируулаад өдөрт хэд, хэдэн дүрд хувирдаг. Найман настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн 31 настай эмэгтэйтэй найман настай хүүхэд шиг харилцах ёстой. Одоо байгаа биш, өнгөрсөнд байгаа тэр сэтгэл зүйтэй нь харилцаж байж тэр хүний сэтгэл зүйн гэмтлийг тогтоож, эдгээнэ. 

 

 


    ESA—Хүчингийн хэргийн хохирогчийг “Насан туршийн даван туулагч” гэдэг. Хэдий бага насандаа хүчингийн хэргийн хохирогч болсон байна, тэр хэмжээгээрээ сэтгэл зүйд учирдаг гэмтэл нь илүү байдаг гэж сонсож байсан юм байна?


    —Анагаах ухаан ч үүнийг баталсан. Манай дээр ирж үйлчлүүлсэн хохирогчдын жишээгээр ч батлагдсан. Өнгөрсөн 2017 оны аравдугааар сараас хойш гэхэд манай байгууллагад хандсан өсвөр насны хоёр охин хоёулаа сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон. Нэг нь 14, нөгөө нь 15 настай, хоёулаа хөдөөнөөс ирсэн охид.  


    14 настай охин нь амиа хорлохыг маш олон удаа оролдож байсан. Хий зүйлтэй ярьдаг, шөнө унтдаггүй. Эсвэл унтаж байснаа гэнэт босоод суучихдаг. 


    Манайд үйлчлүүлэгч нар маань нэг өрөөнд хоёулаа байдаг юм. Заримдаа өрөөнийхөө охиныг унтаж байхад нурууг нь маажаад байж байх жишээтэй. Бас байнга хутга авч явдаг. Тэр нь өөрийгөө хамгаалах нэг хэрэгсэл гэж үздэг. Гэх мэтээр маш олон аюултай үйлдэл гарсан. Тиймээс бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хандахаас өөр аргагүй болсон. 

 

    СЭМҮТ-д хандсаныхаа дараа бид охины ээжтэй холбогдсон. Ээж нь охинтойгоо хэзээ ч ярилцаж байгаагүй юм билээ. Ажил ихтэй учраас гэртээ бараг байдаггүй, өглөө гараад л шөнө ирдэг. Өдрийн турш охинд нь юу тохиолдож байгааг мэддэг ч үгүй.

 

 

    ESA— Хэнээс хамгаалах шаардлагатай байсан юм?


    —Хойд эцгээсээ. Хойд эцэг нь хүчирхийлэгч байсан. Анх хамаатных нь ах, дараа нь хойд эцэг нь хүчирхийлсэн. Тэгэхэд охин 12 настай байсан. Тухайн үед хэрэг үүсгээд хүчирхийлэгч этгээдэд арга хэмжээ авчихсан боловч хохирогч охиныг тэр чигт нь хаячихсан. Ердөө хоёрхон жилийн дотор хүүхэд ийм болчихож байгаа юм. Дээр нь охинд анхаарал халамж тавьж байгаагүй нь ихээхэн нөлөөлсөн. 

 

 

    ESA—Хүүхэд нь ийм өөрчлөлтөд орчихсон байгааг ээж энэ хугацаанд анзаараагүй юм уу?

 

    —Мэдээгүй. Тэгээд сая энд ирсэн. “Охин чинь ийм байна” гэхээр эхэндээ биднийг худлаа зүйл яриад байгаа юм шиг хүлээж авч байсан. Тэгээд өөрөө нүдээрээ хараад итгэсэн. Одоо бид ээжид нь давхар зөвлөгөө өгдөг. 


    “Охиноо загнахгүйгээр, аргадаж тайлбарлах ёстой. Хий зүйлтэй яриад эхэлвэл хажууд нь очиж суугаад өөртэйгөө яриул” гэх мэт. Дээр өгүүлсэнчлэн,  хохирогч гэдгийг нь аль ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёстой. 


    Хүчингийн хэргийн хохирогчдод сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа зайлшгүй хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ ойлгох ёстой. Сургуулийн нийгмийн ажилтнууд ч үүнийг мэддэггүй. Аль нэг ангийн хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэдгийг мэдсэн ч, “Хэрэгтэн ялаа авсан л бол болоо, чи хичээлдээ сууж байна уу? Тэгвэл зүгээр юм байна” гээд л хаячихдаг. Дээрээс нь ар гэрийхний анхаарал, халамж бас маш их нөлөөтэй. 

 

 

"НЭГ ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙГ ЭМЧИЛСЭН БАЙЛАА Ч

ТЭР НЬ БИДЭНД МАШ ТОМ ЗҮЙЛ"

 

 

    ESA— “Цаг хугацаа бүхнийг эдгээдэг” гэж үг бий. Гэхдээ хүчингийн хэргийн хохирогчдын хувьд цаг хугацаа эдгээгч биш гэж харж байна. Яагаад гэхээр, тэр шархыг нь сэдрээх орчин маш их байдаг юм шиг. Олон улсад энэ хохирогчдоо тэрхүү хямралаас хэрхэн “татаж” гаргаж авдаг юм бэ? 


    —Манай байгууллагынх шиг, урт хугацааны сэтгэл заслын эмчилгээгээр. Жишээлбэл, миний бие яг энэ чиглэлээр Denmark-д суралцаж байгаа. Энд америк гэх мэт Европын орнуудаас надтай адилхан чиглэлээр суралцаж байна. Тэд бүр 10-20 жилийн ажлын туршлагатай. Тэгсэн хэрнээ л энэ төрлөөр тусгайлан,  дагнаж явахгүй бол болохгүй юм байна гэдгийг олж харсан хүмүүс.  Нэг сонирхолтой тоо хэлэхэд, тэнд би хамгийн залуу нь, бас нь би хамгийн бага хугацааны туршлагатай, улсаасаа ямар ч дэмжлэггүй нь.  


    Би өөрөө л “Энэ манайд хэрэгтэй, нэвтрүүлэх ёстой” гээд хувиараа сурч байгаа. Тэгтэл тэнд сурч байгаа хүмүүсийг бүгдийг улсаас нь 100 хувь, бүх талаас нь хангаж,  бодлогоор дэмжиж байдаг. 

 

 


    ESA— Олон улсын сайн жишгээс харахад эрх зүйн ямар зохицуулалт хийх хэрэгтэй байдаг вэ.  Монголд шууд хуулаад хэрэгжүүлэх боломжтой ямар зохицуулалт байна гэж Та хардаг вэ? 


    — Хохирогчдод үзүүлэх системтэй бодлого хэрэгжүүлэхийн тулд мэдээж, маш их мөнгөний асуудал гарч ирнэ.  Олон улсад үүнийг татварын мөнгөөр шийддэг. Үүнээс гадна гэмт хэрэгтнүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлж, хөдөлмөрийн хөлсийг нь тодорхой нэг санд төвлөрүүлэх замаар хохирогчдод туслалцаа үзүүлэх боломжтой. 


     Манайх мөнгөгүй гээд л яриад байдаг. Гэтэл миний бодлоор хангалттай боломж, нөөц манай улсад байна. Жишээлбэл, зарим орныг бодвол бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байр нь  төрийн байгууллагад ч, ТББ-д нь ч байна. Яахав, хөгжилтэй орнуудыг бодвол манайх юу ч биш л дээ. 


    Асуудлын гол нь энэ төрлийн хохирогчдод сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй гэдэг талаас нь ойлгож хүлээж авахгүй байгаад л байна. 


     Улс төрийн нөлөө бүхий хүмүүс, тэр тусмаа УИХ-ын эмэгтэй гишүүд энэ асуудлыг сөхөж тавих хэрэгтэй. Ганц, нэг тийм хүнтэй би уулзаж ярилцаж байсан л даа. Харамсалтай нь, тэд энэ асуудлаас маш хол, агаарт яваад байдаг юм билээ. 

 

 

    ESA— 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл та бүхэн нийтдээ хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлсэн бэ?


    — Манайх нийтдээ 41 хүнтэй шууд болон шууд бусаар харилцсан. Үүнээс 14 хүнд удаан хугацааны турш үйлчилгээ үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, бидний үйлчилгээний үр дүнг бүтэн үзсэн 14 хүн бий. Тэд хувь хүнийхээ хувьд өөрчлөгдөөд, амьдралаа шинээр эхэлсэн. Бидэнд тоо чухал биш шүү дээ. Нэг хүний сэтгэлзүйг эмчилсэн байсан ч тэр нь бидний хувьд их юм. Яагаад гэхээр, нэг хүний ард хэний хүний амьдрал байгаа билээ. 

 

     

     ESA— "Талита Ази" төвийн анхны үйлчлүүлэгч хоёр эмэгтэйн нэг нь энэхүү гоёмсог хатгамалыг өөрийн гараар урлаж, тэдэнд бэлэглэжээ. Тэр одоо амьдралаа хэвийн сэтгэлзүйгээр удирдаж яваа. Түүний хүсэл бол өөрийнх нь өмнөх амьдралыг туулж яваа эмэгтэйчүүдэд туслах... 

 

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-1

 

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-2

 

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-3

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.