Мориндоо ч хайргүй уяачдаас ХҮҮХДИЙГ ХАЙРЛА гэж шаардаад хэрэггүй 

2018-03-20 17:09
П.УНДРАА

энтертаймэнт, монгол ахуй, нийгэм

       
Арай урт нэртэй жүжиг болчихов уу?

 

        ...16 дахь жилдээ болж буй “Дүнжингарав 2018” уралдааны тухай  “жүжиг”-ийн нээлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шууд дамжуулав.  


        Хаврын тэргүүн сарын хөх барс сарын хөхөгчин хонь өдөр буюу гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өрнөнө. Гэхдээ Азийн кино наадмын хуудсанд Монгол Улсынхаа нэрийг тамгалсан залуу найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” кинонд гардаг шиг үйл явдал энд өрнөхгүй. Өөрөөр хэлбэл, монгол ахуй, малчин монголчууд, хүлэг сайн морьд гарах ч монгол хүний, монгол хүүгийн сайхан сэтгэл байхгүй. Харин эргэн тойронд нь болж өнгөрөх айхавтар гэм хоргүй ч сайн мууг дэнсэлж, сэтгэл хөвсөлзүүлсэн адал явдал дүүрэн байна. /”Шарга даага” бол хамгийн сүүлд гарсан унаач хүүхдийн тухай кино болов уу/

 

  • Гол дүрд: Монгол Улсын Манлай уяач М.Энхболд тэргүүтэй ММСУХ-ны тэргүүлэгчид. 
  • Дүрүүдэд: Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн  600-700 гаруй уяач, унаач хүүхдүүд, тэдний  уяа сойлгыг нь тааруулсан хурдан хүлгүүд. 
  • Туслах дүрд: Цагдаагийн байгууллагын 110 алба хаагч 23 автомашин, ОБЕГ-ын газрын 25 албан хаагч, ШШГЕЗ-ын харьяа  25 алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас төлөөлөгчид, 40 мянган үзэгч “тоглосон” аж.

 


ҮЙЛ ЯВДАЛ 


         ... Уяачдын хувьд тухайн жилийн өнгийг тольддог хэмээн бэлгэшээдэг “Дүнжингарав” уралдааныг явуулахгүй  байх талаар урьдын адил яриа өрнөнө. Хууль тогтоомжийг ч сөхөх  атлаа “Дүнжингарав” болдгоороо л болно.  


         Ирж байгаа цаг болохоор хавар наалинхай аашаа үзүүлж, Баянталд  хурсан олны сэтгэл цаанаа л тэнэгэр. Хэзээнээсээ наадмын амтыг мэдрэх нүүдэлчин монголчуудын анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээсэн. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан нь түүхийн хуудаснаа шарлан үлдсэнээс харахад бид наадам хийж сурсан улс. Тиймдээ ч гол дүрийн эзэд болох уяачид “Бид бол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үүрэг хүлээсэн улс” хэмээн аархдаг.  Үүнийг энд олон үгээр илэрхийлэхгүй бөгөөд  хамгийн үнэтэй хоргой дурдан бүхий дээл, амьтны үсэн хантааз, малгай, алганд үл багтах хөөргөөр мэнд мэдэх уяачдын дүр зургаар тод харуулна. 


         Харин энэ зураглалын ард морины хэмээн олондоо хүндлэгдсэн Ж.Нансалмаа гавьяатын “Сайхан Монгол морь”, Г.Батбаяр гавьяатын  “Чамдаа очно”, “Харанга”-ын Лхагваагийн “Толин хул”  гэхчилэн  морьтой холбоо бүхий хамгийн сайхан дуунуудыг эгшиглүүлнэ.  Үүний дараа тайзнаа уралдаан зохион байгуулагчид нээлтийн үгсийг хэлж, алга ташина. Ардхан талд нь уралдааны комиссын гэр байрлах агаад яндангаар нь хаа нэг утаа суунаглан, олны хөл амсхийх завдалгүй хаалгыг онгойлгоно. Гэрийн гадаа ч хүмүүс завсаргүй холхих бөгөөд ойр хавийн залуус томоо дээлээ хөөргөн бүслэж, малгайгаа далий тавьж, бас мориныхоо нуруун дээр хэлтгийдүүхэн сууж “аархана”. 

 

         Түрүүн дурьдсанчлан “аальгүй” хавраас болж нар ээх ч салхины үзүүрт тоос босох нь эгдүү төрүүлмээр. Өнөө тоос хурдан их насны уралдаанаар хүчийг авч,  үзэгдэх орчин бүүдийнэ. Ард  нь аядуу атлаа бас сэтгэл түгшээсэн ая эгшиглэнэ. Замд 244 их морь /2018 оны Дүнжингарав их өтгөн болжээ. Тодруулбал, энэ уралдаанд азарга 179, их морь 244, соёолон 300, эрлийз дээд нас 130 хүлэг мордсон/ гарсан байх агаад мөн тооны хүүхэд энд  “авьяас чадвараа” уралдуулах аж. Энэ үеэр нэг унаачийг онцлон камерт татаж харуулах бөгөөд түүний бодол нь хараар “хөвөрнө”. Бодолд, Тэр ядуухан амьдралтай аав, ээжийн хүү.  Гэртээ олуулаа бөгөөд 12 дөнгөж хүрч буй хүүгээ нөлөө бүхий уяачийнд ажиллуулахаар явуулсан нь энэ аж. Хааяа хүссэнээ хийж, дуртай амттанаа идэхгүйдээ гуниглана. Бас уралдаанд ороод амжилт гаргаж чадахгүй бол загнуулаад  хоолой зангирах ч буцах тухай бодож байсангүй. Өнгөрсөн удаад хотоос ирсэн уяачийн найзын хүү их амттай гамбир /пицца/ өгсөн.  Хармаалж аваад гэрээс зайдуухан идэхдээ хэн ч өгөхгүй юм шүү гэж хэчнээн яарлаа. Цалингаа авахаар ээж дүүгээ дагуулж яваад томоор нь авч иднэ ээ. Энэ уралдаанд дээгүүр л ордог юм шүү. Хүлэг минь гэж ярилцах “-ыг харуулна. Уралдаан ийнхүү ид үргэлжилж байхад гурван хүүг машин мөргөчихөв. Цэлийсэн их талд хамгаалалтад гарсан 120 цагдаа уралдаан дагасан 110 машиныг дийлсэнгүй. Өөрөөр хэлбэл, төрийн төмөр нүүрийг харуулж бардаггүй юм. Харин гэмтсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх ч нэг хүүг ГССҮТөв рүү шилжүүлнэ. Цааш үйл явдал эмнэлэгт өрнөх бөгөөд жижүүрийн эмч хүүд үзлэг хийж, шаардлагатай шинжилгээг  хийж, эмийн эмчилгээг үргэлжлүүлнэ. Хүү 11-тэй ч, 12 настай хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлж оруулсан учир нөхөн олговор олдохгүй болно.  /Уралдааны туршид 16 хүүхэд мориноос унаж, гурвыг нь эмнэлэгт хүргүүлсэн/


         Харин нөгөө хэсэгт уралдааны комиссын гэрийн гадаа уяачид бужигнаж, азарганаас болж цагийн хуваариа алдсанд бухимдацгаана. Азарганы уралдааны өмнө уралдааны комиссоос үүлдэрлэг байдал болоод нас үсийг нь шалгаад 30-аад адууг  эрлийз хэмээн ялгана. Харин уралдаан эхлэхэд  Баянталын Их уулын  орчмоос "живүүн, живүүн" хар машинтай хүмүүс гарч ирээд, адуугаа тавьчихлаа. Энэ бол ММСУХ-ны Ерөнхийлөгчийн хүү Монгол Улсын Алдарт уяач эр юм. Уяачид жудагтай л гэдэг. Гэхдээ энэ жудаг мөн болов уу, бүү мэд. Түүний дундаас нь тавьсан азарга аман хүзүүгээр хурдлан ирэх нь тэр. Нийтийн хэсэг /уяачид/  “Аавынхаа толгойлдог холбооны наадам дээр эрлийзийг  хасна гэсээр атал уралдуулчихлаа. Шударга бус  юм” хэмээн үгээ хэлэх ч тусыг эс олно. Эсрэг дүрийн  хувьд энэ бол  үнэлгээ өгөх сайн “жүжиглэлт” боллоо. Өөрөөр хэлбэл үзэгчийн шар үсийг босгоно гэдэг ур чадвар шаарддагийг хат суусан жүжигчид ярьдаг даа. 


         Энэ мэтээс болоод “манай талын” тэргүүлэгчид болон хүүхдийн байгууллагаас саналаа хүргүүлнэ.  “Соёолонгоо одоо уралдуулахаа больё. Нар жаргахад нэгхэн цаг дутуу байна. Бүртгүүлсэн 300 соёолонг үүлдэрлэг байдал болон шүдээр  нь тогтооход амжихгүй. Маргааш болъё“ хэмээн уяачдадаа уриалах тухай өөр хоорондоо ярилцана. Харин өнөө утаа суунаглуулсан гэрт өөр яриа өрнөж, 18:00 цаг өнгөрөхөд соёолон морджээ. Нэгэнтээ ММСУХ-ноос Монгол морийг Гиннесийн номд бүртгүүлэхээр түмэн морьтны жагсаал зохион байгуулж, 4000 гаруй хурдан морь нэгэн зэрэг уралдуулснаар Дэлхийн дээд амжилтыг эвдсэн удаатай. Лав үүний дараа бичигдэх уралдаан Дүнжингаравын соёолон болж мэднэ.  Гараанаас гарсан 300 соёолонгоос айргийн тавд зүс бүхий адуунууд орсон ч  “бүгдээрээ танихгүй” төөрч орхив.

 

         Үүнээс өмнө уралдааны бүртгэл гээд нэг уяачаас багадаа 100 төгрөг гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, таван морио 500 мянгаар бүртгүүлсэн хөдөөгийн эр соёолонгийн байгаа авч чадсангүй. Уралдаанаа цуцласан болохоор бүртгэлийн хураамжаа  халааслаад буцахыг хүссэн ч алга хоосон буцлаа. Шөнийн гүнд нөлөө бүхий нөхөд уусан алга болж, эрж хайгаад тусыг олохгүйг мэдсэн эрчүүд зөвхөн хүүхнүүдэд үнэлэгдэх гүндүүгүй зангаараа “гоёж” нулимсаа нуусаар буцна. Ингэхдээ “Гурав хоногт хийдэг уралдаан ч гэж юу байх вэ. Энэ холбооныхон чинь хүүхэд, мориндоо огт хайргүй хүмүүс юм. Наадаж ч чадахаа байжээ” гэж дэмий л бухимдана. Улсын наадмын сонин жил даадагчлан Дүнжингаравын сонин лав гурав дахь өдрөө үргэлжилж байна. Гэхдээ энэ “жүжигт” төгсгөл байхгүй. Учир нь “дэглэх” эзэнгүй болсон. Лав бичих ёстой эзэд нь “Дүнжингарав”-ын нэрэмжит дууны тэмцээнд ороод хоёр саяыг халааслаад “чөлөөндөө” гарчихсан гэнэ лээ. 

 

         Титр урсана. 


•    “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд амжилттай боллоо.
•    ”Дүнжингарав-2017”төвийн бүсийн уралдаан ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр Тав аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд өргөн дэлгэр наадаж байсан юм. 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.161.76/

2018-03-20 23:47

Энэ гарчигаа анхаараач ээ хаха. Мориндоо ч хайргүй юм чинь гэнэ үү. Сэтгүүлч нь өөрөө хүүхдийг морьноос нь дорд үзсэн утгаар бичсэн байна. Хүний толгой дээрх бухалыг хардаг нь зөв гэхдээ өөрийнхөө толгойг эхлээд нэг харж байгаач дээ.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.