МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 37 ЖИЛИЙН ОЙ:Одон орон судлах ОРГИЛ

2018-03-22 13:31


    Тэнгэрт түгсэн тэр их Оддын цаад харанхуйд юу байдаг бол? Хүмүүс орчлон ертөнц хязгааргүй л гэдэг. Хэрэв хязгаарлаж болох бол яг юу орчлон ертөнцыг хязгаарлах вэ? Ёстой мэдэх юм алга. Энэ талаар бодоход тархины түмэн атираа ундууцан, түнтэгнэдэг. Гэхдээ тархинд минь яг түмэн атираа байгаа юу? Ингээд бодох төдий тархины аксон, дендритүүд үймэлдэн эхэлж байна.Тэр тусмаа сансар огторгүй гэдэг дэндүү гүнзгий сэдэв. Судалъя гэж бодовч зүрх хүрэхгүй байна. Гэхдээ судлахгүй байж болох ч мэдэх хэрэгцээ байна. Сонирхол татаад байна. Цаг хугацаа яагаад бохь шиг сунаж агшдаг, орчлон ертөнц ямар агуу болоод би ямар өчүүхэн жижиг, давамгайлсан  хоёрхон химийн элементээс бүрдэх нар гээд мэдэхгүйн, үл итгэхийн зовлон их л дээ.  

 

 

    Эдгээр асуултууд танд  сонирхолтой санагддаг бол та Одон оронг сонирхохоос өөр ямар ч аргагүй. Энэ удаад би сарыг онцолмоор байна. Тэргэл сартай шөнө онцгой нэгний гараас нь атгаад сарны сайхныг хамтдаа ярилцан зогсох төдий түүний ач холбогдол хязгаарлагдахгүй. 

 

 

    Сар хэрхэн үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэсэн гэдэг. Сар дэлхийгээс чулуулгынхаа насжилтын хувьд хөгшин гэж яригддаг нь тус мөргөсөн гариг нь дэлхийгээс ах байж л дээ. Саран дээр хүмүүс анх 1969 онд “Апполо 11” хөлөгөөр газардсан бөгөөд "Энэ бол нэг хүний хувьд ганц алхам, хүн төрөлхтний хувьд том үсрэлт" хэмээн сарнаас радио дамжуулагчаар Нил Армстрон өгүүлсэн нь одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм. Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Товчоор бол сар байхгүй бол чи байхгүй л гэсэн үг л дээ. 

 

    Монгол дахь одон орон судлал, Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн

ТҮҮХЭН ЗАМНАЛААС

 

    Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрснөөр Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

    Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн энэхүү үйл явдалтай холбогдуулан Одон Орон Геофизикийн Хүрээлэнтэй хамтарч бэлтгэсэн мэдээг хүргэж байна.

 

     Манай ард түмэн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирэхдээ одот тэнгэрийг ажиглан шинжиж тэнгэрийн эрхсийн байрлал, хөдөлгөөнийг амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн баялаг уламжлалтай билээ. Тухайлбал, нар, сарны хиртэлтийг баримжаалан тооцоолох, цаг агаарын байдлыг урьдчилан таамаглах, цаг тооны бичиг зохиох зэргийг дурьдаж болно.
   

 

    XIII зууны үеэс монгол түмэн астроном, тооны ухааныг улам сонирхох болж түүнийг нь эзэнт гүрний зүгээс хөхүүлэн дэмжиж олон газар одон орны оргил байгуулж байв. Жишээлбэл, Хубилай хааны үед байгуулсан Бээжингийн одон орны оргил, мөн Чингисийн үе залгамжилсан хаан доголон Төмөрийн ач Улугбекийн Узбекистанд байгуулсан одон орны оргилыг дурдаж болно


   

 

    Монгол оронд орчин цагийн Одон орон судлах оргил байгуулахад 1957-1959 онд болсон Олон Улсын Геофизикийн Жил  их түлхэц өгсөн байна. Учир нь астроном, геофизикийн судалгаа хийх эрдэм шинжилгээний байгууллага байгуулж ОУГЖ-д оролцохгүй бол Азийн төв дунд орших Монгол орон цагаан толбо болон хоцрох байлаа. Нөгөө талаар 50-ад онд хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, хиймэл дагуул хөөргөх, сансарыг энхийн зорилгоор ашиглах ажил ид өрнөж сансар судлал, сансрын холбоо зэрэг шинжлэх ухааны шинэ салбарууд үүсэж манай улс ч энэ ажилд боломжийн хэрээр оролцох хэрэгтэй болсон. Ийм учраас тэр үеийн ЗХУ-ын ШУА-ийн нэрт эрдэмтэдийн (М.С.Зверев, А.Я.Орлов, Е.Ф.Федоров, Ю.Д.Буланже нарын) зөвлөгөө ёсоор Монгол улсад ООСО байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэр 1956 онд гарчээ.


   

 

    Монгол улсад ООСО байгуулахад тус оргилын анхны захирал, одон оронч С.Нинжбадгар гол үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний уйгагүй хөдөлмөр зүтгэлийн ачаар Улаанбаатарын ООСО 1957 онд астрономи, газар хөдлөл, соронзон судлал гэсэн 3 сектортэйгээр байгуулагдсан түүхтэй.


   

 

    Улаанбаатарын ООСО нь Богдхаан уулын зүүн-хойд үзүүрт Хүрэлтогоотын аманд, хойт өргөргийн 47°53′ , зүүн уртрагийн 107°03′ -ийн газарзүйн солбицол дээр далайн түвшнээс дээш 1620м өндөрт байрладаг. Манай ООСО – ын байрлал нь хойд талаараа Богд хаан уулын суурь чулуу боржингоос тогтсон том хадан (тал тогоо хэлбэртэй) цохиотой, баруун болон урдуураа навчит ба шилмүүст ойгоор хүрээлэгдсэн газар болно. Энэ байрлалыг Монголын одон оронч С.Нинжбадгар, Пулковын одон оронч А.Н.Дадаев, газар хөдлөлийн мэргэжилтэн Н.Б.Шебалин, Виноградов нар шинжин сонгож байжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.